| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2022/0012/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/16 |
| Огноо | 2021-12-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Отгонсүрэн |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 28 өдөр
Дугаар 2022/ШЦТ/16
2021 12 28 2022/ШЦТ/16
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Ц.Отгонсүрэн, шүүгдэгч Б.М-, нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б- овогт Б-ын М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 2110021301204 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 2000 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Төв аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй ам бүл 5, эцэг, эх, ахын хамт улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б- овогт Б-ын М,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.М- нь 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 23 цагийн үед Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ХААИС-ын оюутны 2 дугаар байрны 000тоотод Б.Ө-ын найз охиныг уруу татаж пиво уулаа гэж ус буцалгагчаар гар руу нь цохиж биед нь зүүн шуу, сарвуу, алга, чигчий хуруунд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан,
мөн Б.Ө-ыг хамгаалсан хохирогч Х.А-г ус буцалгагчаар цохиж биед зүүн шуунд шарх, зүүн гарын долоовор хуруу, баруун сарвуунд зулгаралт гэмтэл хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан “хоёр, түүнээс олон хүнийг” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч Б.М-: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Хохирогч Х.А- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ...манай өрөөний Гэрэлсүрэн, 3 давхарт байдаг Гэрэлсүрэн, Ө- бид 4 гаднаас 2 лааз пиво авчирч өрөөндөө угаад байж байхад ...Гэрэлсүрэнгийн найз залуу М- гаднаас орой 21 цагийн үед орж ирээд ...найз охиноо пиво уулаа гэж уурлаад ...манай дүү Ө-ыг зодох гэж дайраад гартаа тааралдсан ус буцалгагчийг барьж аваад түүгээрээ Ө-ыг цохих гэхээр нь би урдуур нь орж хамгаалах гэхэд миний зүүн гарын шуу, бугуйны хэсэгт цохигдож цус гарсан. Намайг гараа барих хооронд Ө-ыг мөн цохиж нөгөөх нь гараараа хааж байхдаа гарын хуруу, сарвуу нь өртөж шалбарсан....” /хх-ийн 17-19/ гэсэн,
Хохирогч Б.Ө- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...А- эгч, түүний өрөөний охин Гэрэлээ, бас нэг Гэрэлээ гэх охинтой дөрвүүлээ өрөөнд нь сууцгааж байсан. Би утсаараа тоглоод нөгөө 3 жимстэй пиво уугаад сууж байсан. ...Гаднаас ...Гэрэлээгийн найз залуу орж ирээд уугаад байгаа юм уу гээд ...над руу хараад өөр байгаа юм уу гээд байхаар нь надаас асууж байна гэж ойлгоогүй тул дуугараагүй. Тэгтэл ухаж байснаа пиво гаргаж ирээд байгаа юм биш үү гээд над руу пиво шидсэн. ...Хөргөгч дээрээс хоосон ус буцалгагч аваад түүгээрээ намайг зүүн гарын шуу хэсэгт хэд хэдэн удаа цохисон. Би гараараа хаагаад байсан, А- бас намайг хамгаалсан, тэр үедээ өөрөө цохиулсан...” /хх-ийн 27-28/ гэсэн,
Шүүгдэгч Б.М- мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 11 дүгээр сарын 02-ны орой ...найз охин Гэрэлсүрэнгийн өрөөнд ороход Гэрэлсүрэн, А-, миний үеэл Гэрэлсүрэн, Ө- 4 пиво ууцгааж байсан. Тэгэхээр нь би хаанаас пиво авчирсан юм бэ, Ө-ыг чи авчирсан уу, дахиад байгаа юу гэхэд байхгүй гэсэн. Тэгэхээр нь би орны цаана байсан цүнхийг нээж үзэхэд дахиад том савтай хоёр пиво гарч ирэхээр нь худлаа хэлсэн байна гэж уур хүрээд хөргөгч дээр байсан хоосон ус буцалгагчийг аваад түүний гар руу цохисон. Тэгж байхад А- Ө-ыг суу гээд суулгах үед ус буцалгагчид түүний гар оногдож гэмтсэн...” /хх-ийн 55-56, 78-79/ гэсэн мэдүүлгүүд,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн №10823 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Х.А-гийн биед зүүн шуунд шарх, зүүн гарын долоовор хуруу, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь ирмэгтэй зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна.
4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” /хх-ийн 40-41/ гэсэн,
- Мөн хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн №10822 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Б.Ө-ын биед зүүн шуу, сарвуу, алга, чигчий хуруунд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь ирмэгтэй зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна.
4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” /хх-ийн 45-46/ гэсэн дүгнэлтүүд,
- Дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 8/,
- Хохирогчийн хүсэлт /хх-ийн 60/,
- Шүүгдэгч Б.М-ын хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 65/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 46/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 67/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогчийг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж Б.М-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч Б.М- нь 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 23 цагийн үед Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ХААИС-ын оюутны 2 дугаар байрны 000 тоотод Б.Ө-ын “найз охиныг уруу татаж пиво уулаа” гэж ус буцалгагчаар гар руу нь цохиж биед нь зүүн шуу, сарвуу, алга, чигчий хуруунд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан,
мөн Б.Ө-ыг хамгаалсан хохирогч Х.А-г ус буцалгагчаар цохиж биед зүүн шуунд шарх, зүүн гарын долоовор хуруу, баруун сарвуунд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Х.А-гийн “...2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ...Гэрэлсүрэнгийн найз залуу М- гаднаас орой 21 цагийн үед орж ирээд ...найз охиноо пиво уулаа гэж уурлаад ...манай дүү Ө-ыг зодох гэж дайраад гартаа тааралдсан ус буцалгагчийг барьж аваад түүгээрээ Ө-ыг цохих гэхээр нь би урдуур нь орж хамгаалах гэхэд миний зүүн гарын шуу, бугуйны хэсэгт цохигдож цус гарсан. Намайг гараа барих хооронд Ө-ыг мөн цохиж нөгөөх нь гараараа хааж байхдаа гарын хуруу сарвуу нь өртөж шалбарсан....” /хх-ийн 17-19/ гэсэн, хохирогч Б.Ө-ын “...Гаднаас ...Гэрэлээгийн найз залуу орж ирээд уугаад байгаа юм уу гээд ...над руу хараад өөр байгаа юм уу гээд байхаар нь надаас асууж байна гэж ойлгоогүй тул дуугараагүй. Тэгтэл ухаж байснаа пиво гаргаж ирээд байгаа юм биш үү гээд над руу пиво шидсэн. ...Хөргөгч дээрээс хоосон ус буцалгагч аваад түүгээрээ намайг зүүн гарын шуу хэсэгт хэд хэдэн удаа цохисон. Би гараараа хагаад байсан, А- бас намайг хамгаалсан, тэр үедээ өөрөө цохиулсан...” /хх-ийн 27-28/ гэсэн, шүүгдэгч Б.М-ын “...2021 оны 11 дүгээр сарын 02-ны орой ...найз охин Гэрэлсүрэнгийн өрөөнд ороход Гэрэлсүрэн, А-, миний үеэл Гэрэлсүрэн, Ө- 4 пиво ууцгааж байсан. Тэгэхээр нь би хаанаас пиво авчирсан юм бэ, Ө-ыг чи авчирсан уу, дахиад байгаа юу гэхэд байхгүй гэсэн. Тэгэхээр нь би орны цаана байсан цүнхийг нээж үзэхэд дахиад 2 том савтай пиво гарч ирэхээр нь худлаа хэлсэн байна гэж уур хүрээд хөргөгч дээр байсан хоосон ус буцалгагчийг аваад түүний гар руу цохисон. Тэгж байхад А- Ө-ыг суу гээд суулгах үед ус буцалгагчид түүний гар оногдож гэмтсэн...” /хх-ийн 55-56, 78-79/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны №10823 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: Х.А-гийн биед зүүн шуунд шарх, зүүн гарын долоовор хуруу, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь ирмэгтэй зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 40-41/ гэсэн,
Мөн хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны №10822 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: Б.Ө-ын биед зүүн шуу, сарвуу, алга, чигчий хуруунд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь ирмэгтэй зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 45-46/ гэсэн дүгнэлтүүд зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч Х.А-гийн эрүүл мэндэд учирсан “...зүүн шуунд шарх, зүүн гарын долоовор хуруу, баруун сарвуунд зулгаралт...” бүхий хөнгөн гэмтэл,
Хохирогч Б.Ө-ын эрүүл мэндэд учирсан “...зүүн шуу, сарвуу, алга, чигчий хуруунд шарх, зөөлөн эдийн няцрал...” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Б.М-ын тэднийг ус буцалгагчаар цохисон идэвхтэй, санаатай үйлдлийн улмаас үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.
Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.М-ын хохирогч Х.А-, Б.Ө- нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж хүндрүүлэх бүрэлдэхүүнийг заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д “хоёр, түүнээс олон хүнийг” гэж заасан байх бөгөөд шүүгдэгч Б.М-ын Х.А-, Б.Ө- нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.М-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас Хохирогч Х.А-гийн эрүүл мэндэд учирсан “...зүүн шуунд шарх, зүүн гарын долоовор хуруу, баруун сарвуунд зулгаралт...” бүхий хөнгөн хохирол, хохирогч Б.Ө-ын эрүүл мэндэд учирсан “...зүүн шуу, сарвуу, алга, чигчий хуруунд шарх, зөөлөн эдийн няцрал...” бүхий хөнгөн хохирол тус тус учирсан хохирогч нар гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой зардал нэхэмжлэхгүй, гомдолгүй гэсэн /хх-ийн 60, 70/ тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөргүй байна.
Шүүгдэгч Б.М- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэлт, орлогыг харгалзан торгох ялыг 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож шийдвэрлэв.
Эрүүгийн 2110021301204 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.М- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Х.А-, Б.Ө- нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б- овогт Б-ын М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ын М-ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Б.М-д оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М- нь торгох ялыг 04 /дөрвөн сар/ хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн 2110021301204 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.М- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Х.А-, Б.Ө- нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР