Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
Хэргийн индекс | 187/2022/0015/Э |
Дугаар | 2022/ШЦТ/19 |
Огноо | 2021-12-28 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Б.Одонтуяа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 28 өдөр
Дугаар 2022/ШЦТ/19
2021 12 28 2022/ШЦТ/19
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Б.Одонтуяа, шүүгдэгч Т.О-, нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Э овогт Тын О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 2110000001110 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1983 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Төв аймгийн Баянчандмань суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, жүжигчин, найруулагч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Э овогт Тын О,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.О- нь 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа дугаар гудамж тоотод эхнэр Ө.Б-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар цохиж, эрүүл мэндэд нүүрний зөөлөн эдийн няцрал баруун нүдний дээд, доод зовхи духанд цус хуралт хүзүү, цээжинд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч Т.О-: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг гаргахгүй...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Хохирогч Ө.Б- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ : “...2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ...23 цаг 40 минутын үед миний утас дуугарахаар нь аваад ярихад манай ангийн Ганзориг танай нөхөр маргааш цонх хийх юм уу гэж асуугаад ярьж байтал манай нөхөр араас үснээс зулгаагаад хойш нь татаж, үүдний баганад миний толгойг цохисон. Тэгээд гарыг нь үснээсээ салгах гэхэд хүзүүнээс зуурч аваад намайг газар хүчтэй шидсэн. Тэгээд газар унасны дараа хүзүүнээс гараараа боогоод нэг гараараа миний үснээс зулгаагаад шаланд миний нүүрийг цохиод байсан...” /хх-ийн 10-11/ гэсэн,
Шүүгдэгч Т.О- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр би архи ууж бүх зүйлээ мартмаар санагдаад ...0,5 литрийн архи авч бүгдийг нь уугаад нэмж 0,33 литрийн архи авч балгачхаад гэртээ ороод ...эхнэрээсээ хэн нэгэнтэй харилцаа үүсгээд намайг хуураад байгаа юм уу гэж асуухад эхнэр тоохгүй яваад өгөхөөр нь уур хүрээд хойноос нь очиж баруун гараараа нүүр рүү нь цохисон, газар унахаар нь хүзүүнээс нь боосон. Тэгээд цааш юу болсныг санахгүй байна. Ухаан ороход гэрт хүмүүс ирчихсэн, цагдаа ирээд хэлтэс рүү авч явсан...” /хх-ийн 42/ гэсэн мэдүүлгүүд,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн №11247 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Ө.Б-ийн биед нүүрний зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд, доод зовхи, духанд цус хуралт, хүзүү, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна.
3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /хх-ийн 23-24/ гэсэн дүгнэлт,
- Дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 4/,
- Өргөдөл /хх-ийн 7/,
- Аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 20/,
- Илтгэх хуудас /хх-ийн 21/,
- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 27-28/,
- Шүүгдэгч Т.О-ийн хувийн байдалтай холбоотой гэрч Л.Оюуны мэдүүлэг /хх-ийн 16/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 33/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 34/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 35/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36/, зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Т.О-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Т.О- нь 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа дугаар гудамж, тоотод эхнэр Ө.Б-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар цохиж, эрүүл мэндэд нүүрний зөөлөн эдийн няцрал баруун нүдний дээд, доод зовхи духанд цус хуралт хүзүү, цээжинд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Ө.Б-ийн: “...2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ...23 цаг 40 минутын үед миний утас дуугарахаар нь аваад ярихад манай ангийн Ганзориг танай нөхөр маргааш цонх хийх юм уу гэж асуугаад ярьж байтал манай нөхөр араас үснээс зулгаагаад хойш нь татаж, үүдний баганад миний толгойг цохисон. Тэгээд гарыг нь үснээсээ салгах гэхэд хүзүүнээс зуурч аваад намайг газар хүчтэй шидсэн. Тэгээд газар унасны дараа хүзүүнээс гараараа боогоод нэг гараараа миний үснээс зулгаагаад шаланд миний нүүрийг цохиод байсан...” /хх-ийн 10-11/ гэсэн, шүүгдэгч Т.О-ийн: “...2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр би архи ууж бүх зүйлээ мартмаар санагдаад ...0,5 литрийн архи авч бүгдийг нь уугаад нэмж 0,33 литрийн архи авч балгачхаад гэртээ ороод ...эхнэрээсээ хэн нэгэнтэй харилцаа үүсгээд намайг хуураад байгаа юм уу гэж асуухад энхэр тоохгүй яваад өгөхөөр нь уур хүрээд хойноос нь очиж баруун гараараа нүүр рүү нь цохисон, газар унахаар нь хүзүүнээс нь боосон. Тэгээд цааш юу болсныг санахгүй байна. Ухаан ороход гэрт хүмүүс ирчихсэн, цагдаа ирээд хэлтэс рүү авч явсан...” /хх-ийн 42/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт Ө.Б-ийн биед нүүрний зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд, доод зовхи, духанд цус хуралт, хүзүү, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 23-24/ гэсэн дүгнэлт, аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 20/, илтгэх хуудас /хх-ийн 21/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 27-28/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч Ө.Б-ийн эрүүл мэндэд учирсан “...нүүрний зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд, доод зовхи, духанд цус хуралт, хүзүү, цээжинд зулгаралт...” бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Т.О-ийн түүнийг цохисон боосон зэрэг санаатай идэвхтэй үйлдлийн улмаас үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.
Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Т.О-ийн хохирогч Ө.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Т.О-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас хохирогч Ө.Б-ийн эрүүл мэндэд нүүрний зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд, доод зовхи, духанд цус хуралт, хүзүү, цээжинд зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой зардал нэхэмжлэхгүй, гомдолгүй гэсэн тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөргүй байна.
Шүүгдэгч Т.О- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.О- нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Эрүүгийн 2110000001110 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Т.О- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Ө.Б- нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э овогт Тын О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Тын О-ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Т.О-д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О- нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн 2110000001110 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Т.О- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Ө.Б- нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР