Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхтуяагийн Халиунбаяр |
Хэргийн индекс | 126/2015/0037/З |
Дугаар | 221/МА2016/0171 |
Огноо | 2016-03-16 |
Маргааны төрөл | Газар, Тусгай зөвшөөрөл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 221/МА2016/0171
Д.Б нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Дэлгэрмөрөн, нэхэмжлэгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Э, гуравдагч этгээд Л.М нарыг оролцуулан хийж, Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 01 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Д.Б нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны даргын 2011 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 1/151 тоот албан бичгээр миний хүсэлт болон түүний талаарх саналаа Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд уламжилсны дагуу Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны сайдын 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/381 тоот тушаалаар надад Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутагт орших Хөвсгөлийн байгалийн цогцолборт газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Жанхайн ам нэртэй газарт 1.0 га талбайг аялал жуулчлалын зориулалтаар ашиглуулахаар шийдвэрийг гаргасан.
Үүний дагуу Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах тухай 2014/95 тоот гэрчилгээг 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр олгож, уг газрыг ашиглах гурвалсан гэрээг байгуулсан. Гэтэл надад ашиглуулахаар олгосон дээрх газрыг Л.Мод хаваржааны зориулалтаар ашиглуулахаар Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/97 тоот захирамжийг гаргасан байна. Тус сумын Засаг даргын бүрэн эрхээ хэтрүүлэн гаргасан захирамжаас болж би уг газартаа үйл ажиллагаа явуулж болохгүй байдалд хүрээд байна. Иймд, уг захирамжийг хүчингүй болгож өгнө үү... гэжээ.
Нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө: ...Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын “Газар ашиглуулах тухай” 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/97 тоот захирамжийг илт хүчин төгөлдөр бус болохыг зөвшөөрсөн шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг дарга шүүхэд гаргасан тайлбартаа: Гомдол гаргагч Д.Б нь тус суманд огт мэдэгдэлгүй, Хөвсгөлийн тусгай хамгаалалтын захиргаанаас санал авч хууль бус шийдвэр гаргуулсан нь бусдын эзэмшиж буй газартай давхцаж байгаа тул бид санал өгөөгүй. Ер нь энэ мэт зөрчил ганц нэг биш олон байгаа нь сумын Засаг даргын бүрэн эрхэд халдсан гэж үзэж байна. Бусдын нутаг дэвсгэрт дур мэдэн давхцуулж газар олгосон Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглуулах тухай 2014/95 тоот гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Гомбодорж шүүхэд гаргасан тайлбартаа: ...Иргэн Д.Бд Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны А/381 дугаар тушаалаар 1 га газрыг 5 жилийн хугацаатай ашиглуулахаар олгосныг тухайн орон нутгийн саналыг аваагүй гэж үзэн хүлээн зөвшөөрөхгүй. Мөн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын захирамж А/97 дугаар захирамж нь хууль зөрчөөгүй. Гуравдагч этгээдийн газар ашиглах эрх нь нэхэмжлэгчээс өмнө үүссэн гэжээ.
Гуравдагч этгээд Л.М шүүхэд гаргасан тайлбартаа: ...Миний бие тухайн газарт 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/97 дугаар захирамж, газар ашиглах 0007051 дугаар гэрчилгээгээр хаваржааны зориулалтаар хууль ёсны ашиглах эрх олгогдож, газрын төлбөрийг цаг хугацаанд нь Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын тамгын газраар дамжуулан орон нутгийн төсөвт төвлөрүүлсээр ирсэн. Тухайн газарт 2013 оны 06 дугаар сард хашаа байшин барьж ашиглалтад оруулан, 3 жил гаруй хугацаанд одоог хүртэл ашиглаж байна... Нэхэмжлэгч Д.Б нь 2011 оны 08 дугаар сарын 10-ны өдөр “Жанхайн ам” нэртэй газар аялал жуулчлалын зориулалтаар ашиглах талаар холбогдох баримт бичгүүдийг бүрдүүлэн Хатгал тосгон дахь Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газрын захиргаагаар уламжлан Байгаль орчин, ногоон хөгжлийн яаманд хүсэлт гаргасан гэх боловч тухайн асуудлыг 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 2014/95 дугаар гэрчилгээ олгон шийдвэрлэсэн байгаа нь гуравдагч этгээд миний газар ашиглах эрх үүссэн өдрөөс хойш даруй 1 жил 11 сарын дараа болсон үйл ажиллагаа байна. Иймд Д.Б “Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргад холбогдуулан гаргасан Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/97 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хангахгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд Ч.Цэцгээ шүүхэд гаргасан тайлбартаа: ...Миний бие 2008 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн сумын Засаг даргын 94 дүгээр захирамжаар тус сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Жанхайн сайрын баруун эрэгт 1 га газрыг хаваржаа, зуслангийн зориулалтаар авсан бөгөөд 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн сумын Засаг даргын А/97 дугаар захирамжаар өмнөх газраа баталгаажуулсан. Д.Б яамнаас авсан гээд байгаа зөвшөөрөл нь өөрөө хууль бус, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1, 37 дугаар зүйлийн 1 дэх заалтыг тус тус зөрчсөн гэж үзэж, яамны зөвшөөрлийг хүчингүй болгож өгнө үү... гэжээ.
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 01 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.3, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1, 36 дугаар зүйлийн 1, Газрын тухай хуулийн 21.4.3, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-д заасныг баримтлан Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/97 дугаар захирамжийн хавсралтын Л.Мод 2 дугаар баг, Ардагийн аманд хаваржааны зориулалтаар 1 га газар, Ч.Цэцгээд 2 дугаар баг, Жанхайн сайрт хаваржааны зориулалтаар 1 га газрыг тус тус ашиглуулахаар шийдвэрлэсэн хэсгийг илт хүчин төгөлдөр бус болохыг нь хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/97 дугаар захирамжийн бусад хэсгийг илт хүчин төгөлдөр бус болохыг нь хүлээн зөвшөөрүүлэхийг хүссэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Отгонцэцэг давж заалдах гомдолдоо: ...1. Шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийг зөрчсөн байх ба тухайлбал, уг хуулийн 72 дугаар зүйляйн 72.2-т зааснаар “...Удиртгал хэсэгт захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг хэзээ, хаана, ямар шүүх гаргаж байгаа, ...шүүгч болон шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, захиргааны хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийг нэрлэн заана...” гэсэн байхад уг шийдвэрийн удиртгал хэсэгт “...шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бямбахүү, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Э, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ч.Цэцэгээ, Л.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян нар оролцов...” гэсэн байх боловч өмгөөлөгч миний бие энэхүү шүүх хуралдаанд оролцсон нь шүүх хуралдааны тэмдэглэлээс харахад тодорхой байхад шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт тусгаагүй нь Захиргааны хэрэгхянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасныг зөрчиж байгаа тул энэхүү шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нийтлэг зарчим болох хууль ёсны зарчим тэгш байдлын зарчмуудыг тус тус зөрчиж байна.
|