Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2016/0171

 

Д.Б нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Дэлгэрмөрөн, нэхэмжлэгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Э, гуравдагч этгээд Л.М нарыг оролцуулан хийж, Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 01 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Д.Б нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны даргын 2011 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 1/151 тоот албан бичгээр миний хүсэлт болон түүний талаарх саналаа Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд уламжилсны дагуу Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны сайдын 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/381 тоот тушаалаар надад Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутагт орших Хөвсгөлийн байгалийн цогцолборт газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Жанхайн ам нэртэй газарт 1.0 га талбайг аялал жуулчлалын зориулалтаар ашиглуулахаар шийдвэрийг гаргасан.

Үүний дагуу Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах тухай 2014/95 тоот гэрчилгээг 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр олгож, уг газрыг ашиглах гурвалсан гэрээг байгуулсан. Гэтэл надад ашиглуулахаар олгосон дээрх газрыг Л.Мод хаваржааны зориулалтаар ашиглуулахаар Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/97 тоот захирамжийг гаргасан байна. Тус сумын Засаг даргын бүрэн эрхээ хэтрүүлэн гаргасан захирамжаас болж би уг газартаа үйл ажиллагаа явуулж болохгүй байдалд хүрээд байна. Иймд, уг захирамжийг хүчингүй болгож өгнө үү... гэжээ.

Нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө: ...Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын “Газар ашиглуулах тухай” 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/97 тоот захирамжийг илт хүчин төгөлдөр бус болохыг зөвшөөрсөн шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг дарга шүүхэд гаргасан тайлбартаа: Гомдол гаргагч Д.Б нь тус суманд огт мэдэгдэлгүй, Хөвсгөлийн тусгай хамгаалалтын захиргаанаас санал авч хууль бус шийдвэр гаргуулсан нь бусдын эзэмшиж буй газартай давхцаж байгаа тул бид санал өгөөгүй. Ер нь энэ мэт зөрчил ганц нэг биш олон байгаа нь сумын Засаг даргын бүрэн эрхэд халдсан гэж үзэж байна. Бусдын нутаг дэвсгэрт дур мэдэн давхцуулж газар олгосон Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглуулах тухай 2014/95 тоот гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Гомбодорж шүүхэд гаргасан тайлбартаа: ...Иргэн Д.Бд Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны А/381 дугаар тушаалаар 1 га газрыг 5 жилийн хугацаатай ашиглуулахаар олгосныг тухайн орон нутгийн саналыг аваагүй гэж үзэн хүлээн зөвшөөрөхгүй. Мөн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын захирамж А/97 дугаар захирамж нь хууль зөрчөөгүй. Гуравдагч этгээдийн газар ашиглах эрх нь нэхэмжлэгчээс өмнө үүссэн гэжээ.

Гуравдагч этгээд Л.М шүүхэд гаргасан тайлбартаа: ...Миний бие тухайн газарт 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/97 дугаар захирамж, газар ашиглах 0007051 дугаар гэрчилгээгээр хаваржааны зориулалтаар хууль ёсны ашиглах эрх олгогдож, газрын төлбөрийг цаг хугацаанд нь Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын тамгын газраар дамжуулан орон нутгийн төсөвт төвлөрүүлсээр ирсэн. Тухайн газарт 2013 оны 06 дугаар сард хашаа байшин барьж ашиглалтад оруулан, 3 жил гаруй хугацаанд одоог хүртэл ашиглаж байна... Нэхэмжлэгч Д.Б нь 2011 оны 08 дугаар сарын 10-ны өдөр “Жанхайн ам” нэртэй газар аялал жуулчлалын зориулалтаар ашиглах талаар холбогдох баримт бичгүүдийг бүрдүүлэн Хатгал тосгон дахь Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газрын захиргаагаар уламжлан Байгаль орчин, ногоон хөгжлийн яаманд хүсэлт гаргасан гэх боловч тухайн асуудлыг 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 2014/95 дугаар гэрчилгээ олгон шийдвэрлэсэн байгаа нь гуравдагч этгээд миний газар ашиглах эрх үүссэн өдрөөс хойш даруй 1 жил 11 сарын дараа болсон үйл ажиллагаа байна. Иймд Д.Б “Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргад холбогдуулан гаргасан Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/97 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хангахгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

            Гуравдагч этгээд Ч.Цэцгээ шүүхэд гаргасан тайлбартаа: ...Миний бие 2008 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн сумын Засаг даргын 94 дүгээр захирамжаар тус сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Жанхайн сайрын баруун эрэгт 1 га газрыг хаваржаа, зуслангийн зориулалтаар авсан бөгөөд 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн сумын Засаг даргын А/97 дугаар захирамжаар өмнөх газраа баталгаажуулсан. Д.Б яамнаас авсан гээд байгаа зөвшөөрөл нь өөрөө хууль бус, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1, 37 дугаар зүйлийн 1 дэх заалтыг тус тус зөрчсөн гэж үзэж, яамны зөвшөөрлийг хүчингүй болгож өгнө үү... гэжээ.

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 01 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.3, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1, 36 дугаар зүйлийн 1, Газрын тухай хуулийн 21.4.3, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-д заасныг баримтлан Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/97 дугаар захирамжийн хавсралтын Л.Мод 2 дугаар баг, Ардагийн аманд хаваржааны зориулалтаар 1 га газар, Ч.Цэцгээд 2 дугаар багЖанхайн сайрт хаваржааны зориулалтаар 1 га газрыг тус тус ашиглуулахаар шийдвэрлэсэн хэсгийг илт хүчин төгөлдөр бус болохыг нь хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/97 дугаар захирамжийн бусад хэсгийг илт хүчин төгөлдөр бус болохыг нь хүлээн зөвшөөрүүлэхийг хүссэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Отгонцэцэг давж заалдах гомдолдоо: ...1. Шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийг зөрчсөн байх ба тухайлбал, уг хуулийн 72 дугаар зүйляйн 72.2-т зааснаар “...Удиртгал хэсэгт захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг хэзээ, хаана, ямар шүүх гаргаж байгаа, ...шүүгч болон шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, захиргааны хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийг нэрлэн заана...” гэсэн байхад уг шийдвэрийн удиртгал хэсэгт “...шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бямбахүү, нэхэмжлэгчийн  өмгөөлөгч В.Э,            бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ч.Цэцэгээ, Л.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян нар оролцов...” гэсэн байх боловч өмгөөлөгч миний бие энэхүү шүүх хуралдаанд оролцсон нь шүүх хуралдааны тэмдэглэлээс харахад тодорхой байхад шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт тусгаагүй нь Захиргааны хэрэгхянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасныг зөрчиж байгаа тул энэхүү шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нийтлэг зарчим болох хууль ёсны зарчим тэгш байдлын зарчмуудыг тус тус зөрчиж байна.

2. Уг шийдвэрийн Үндэслэх хэсэгт “...шинжээч Х.Идэрийн 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн “Иргэн Д.Б газартай иргэн Л.Мын газар давхацсан бөгөөд 6327.3 м.кв газар давхцсан байна. 2015 оны байдлаар  Д.Б газартай иргэн Ч.Цэцэгээгийн газар 2723.5 м.кв давхцсан байна. Иргэн Ч.Цэцгээгийн газар нь Л.Мын газартай 679,4 м.кв хэмжээгээр давхацсан байна...” гэх дүгнэлтийг нотлох баримтад үнэлсэн байх боловч уг дүгнэлт нь нотлох баримтын шаардлага хангаагүй, шинжээч нь дүгнэлтэд тамга тэмдэг, дардас дараагүй байгаа баримтыг нотлох баримтад үнэлж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд, шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлд зааснаар хүчингүй болгож өгнө үү гэжээ.  

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрэн цуглуулж, үнэлэх үүргээ хэрэгжүүлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А-381 дүгээр тушаалаар иргэн Д.Бд Хөвсгөл аймгийн байгалийн цогцолбор газар болох Алаг-Эрдэнэ сумын “Жанхайн ам” гэх газарт аялал жуулчлалын зориулалтаар 1 га газрыг 5 жилийн хугацаагаар, мөн Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/97 дугаар захирамжаар иргэн Л.Мод Алаг-Эрдэнэ сумын 2 дугаар баг, “Ардагийн ам” гэх газарт хаваржааны зориулалтаар 1 га газар, иргэн Ч.Цэцэгээд Алаг-Эрдэнэ сумын сумын 2 дугаар баг, “Жанхайн сайр” гэх газарт хаваржааны зориулалтаар 1 га газрыг тус тус ашиглах эрхийг олгожээ.

Анхан шатны шүүх “маргаан бүхий акт нь илт хууль бус болох нь тогтоогдож байх тул “Хатгал тосгоны захирагч нь нэхэмжлэгч Д.Бтай Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ байгуулах эрхгүй, Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын саналыг аваагүй, маргаан бүхий газар нь Хатгал тосгоны эдэлбэр газарт хамаарахгүй гэх зэрэг хэргийн оролцогчдын маргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй бусад үндэслэлүүдийг дүгнэх шаардлагагүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. 

Нэхэмжлэгчээс “Алаг-Эрдэнэ сумын Засаг дарга өөрийн бүрэн эрхээ хэтрүүлэн Л.М, Ч.Цэцэгээ нарт хаваржааны зориулалтаар газар ашиглуулах захирамж гаргаснаас болж уг газартаа үйл ажиллагаа явуулж болохгүй байдалд хүрээд байна” гэж, хариуцагчаас “Тухайн маргаан бүхий газар нь аялал жуулчлалын бүс, Алаг-Эрдэнэ сумын 2 дугаар багт хамаардаг. Миний хувьд Хатгал тосгоны эдэлбэр газрыг тосгоны төвийн хэсэг гэж ойлгож байгаа. Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглахдаа хамгаалалтын захиргаа болон Засаг даргаас хоёулангаас нь зөвшөөрөл авах ёстой” гэж, гуравдагч этгээдээс “Уг газрыг ашиглах эрх нэхэмжлэгчээс өмнө үүссэн. Нэхэмжлэгч нь газар ашиглуулах шийдвэр гаргуулахдаа сумын Засаг даргын саналыг аваагүй” гэж тус тус тайлбар гарган маргаж байна.

Дээрх тайлбаруудад холбогдох нотлох баримтуудыг цуглуулж, дүгнэлт өгөхөөс гадна нэхэмжлэгч Д.Б нь 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын А/97 дугаар захирамжтай маргах эрхтэй эсэх, учир нь маргаан бүхий захиргааны актыг гаргах үед нэхэмжлэгч Д.Бд уг газрыг ашиглуулах, эзэмшүүлэх ямар нэгэн эрх зүйн акт гараагүй байсан бөгөөд шүүх үүнд дүгнэлт өгөх нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомж нь тус хуулиас гадна тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль, тогтоомжийн бусад актаас бүрдэнэ гэж заажээ.

Улсын Их Хурлын 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах болон улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн заагийг шинэчлэн тогтоох тухай” 18 дугаар тогтоолын 2-ийн 1/-д Хөвсгөлийн байгалийн цогцолборт газрын хилийн заагаас Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгон болон Ханх сумын төвийн эдэлбэр газрыг чөлөөлж, Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр, Цагаан-Үүр, Ханх сумын зарим хэсгийг хамруулан уг байгалийн цогцолбор газрын хилийн заагийг 1 дүгээр хавсралтаар шинэчлэн тогтоосон байна.

Хэдийгээр хэргийн оролцогчид маргаан бүхий газрыг байгалийн цогцолборт газар мөн биш гэж маргаагүй, гэрчээс тухайн “Ардагийн ам”, “Жанхайн сайр”, “Жанхайн ам” гэх газруудыг нэг газар гэж мэдүүлж байгаа боловч ашиглах эрх олгосон тухайн газрууд нь бүхэлдээ Хөвсгөл аймгийн тусгай хамгаалалтай, байгалийн цогцолбор газарт хамаарч байгаа, эсхүл дээрх тогтоолоор чөлөөлөгдсөн эсэх, нутаг дэвсгэрийн харьяаллын хувьд Алаг-Эрдэнэ сум болон Хатгал тосгоны алинд нь харьяалагдаж байгаа, газар усны нэрийг албан ёсоор тогтоосон тогтоол байгаа эсэхийг тодруулж, холбогдох баримтыг нотлох баримтаар цуглуулж, маргааны үйл баримтад дүгнэлт хийх шаардлагатай.

Ингэснээр Газрын тухай хууль, Тусгай хамгаалалтай, газар нутгийн тухай хууль зөрчсөн эсэх болон Засаг даргын эрх хэмжээний тухай асуудлаар дүгнэлт хийх боломжтой болно.

Түүнчлэн гуравдагч этгээд Л.М, Ч.Цэцэгээ нар нь тухайн газарт олон жил суурьшиж, мал маллаж амьдарсан эсэх, уг газрыг зориулалтын дагуу ашиглаж байгаа байдлыг шалгаж тодруулах нь зөв юм.  

Мөн Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Геодези, зураг зүйн мэргэжилтэн Х.Идэрийн 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр “Иргэн Д.Б, Л.М нарын 6327,3 м.кв газар давхацсан, Иргэн Д.Б, Ч.Цэцэгээ нарын газар нь 2723,5 м.кв хэмжээгээр давхацсан, Ч.Цэцэгээ, Л.Мын газар нь 679,4 м.кв хэмжээгээр давхацсан” гэжээ.

Нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарт эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр тус бүр олгогдсон 1 га газар нь дээрх хэмжээгээр давхцалтай байгаа бол давхцаагүй хэсэг нь нэхэмжлэгч Л.Батжаргалын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хэрхэн зөрчсөн эсэхийг тодруулах, мөн шаардлагатай гэж үзвэл шинжээчийн дүгнэлтийг дахин хийлгэх нь зүйтэй.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.188 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 01 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсгийг баримтлан гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс давж заалдах шатны журмаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, буцаан олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                           Э.ХАЛИУНБАЯР