Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 151/ШШ2017/00665

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 151/ШШ2017/00665

Төв аймаг

 

 

 

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

-Нэхэмжлэгч: Төв аймгийн Баянчандмань сумын 2 дугаар баг, 4-р хороо, 10 цагааны 7 дугаар гудамжны 04 тоотод оршин суух Баянбулаг овогт Чойжамцын Доржсүрэнгийн

Хариуцагч: Төв аймгийн Баянчандмань сум, 2 дугаар баг, 2-р хороо, Илтийн 04 дүгээр гудамжны 9 тоотод оршин суух Боржигон овогт Суръяагийн Батсүрэнд холбогдох,

С.Батсүрэнд жижиг оврын тракторын төлбөрийн урьдчилгаанд малаар тооцон тохиролцож өгсөн 6 300 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.Доржсүрэн, түүний өмгөөлөгч Б.Сонинбайгаль, хариуцагч С.Батсүрэн, гэрч Э.Энхдагуул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Нямдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Доржсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “-…Ч.Доржсүрэн миний бие иргэн С.Батсүрэнтэй 2015 оны 05 сарын 10-ны өдрөөс 06 сарын 28-ны хооронд жижиг оврийн ногоон Пад тракторын наймаа хийсэн. Миний бие С.Батсүрэнд ногоон тракторын төлбөрт тохиролцсоны үндсэн дээр эр үхэрийг 1 800 000 төгрөг, эм үхэрийг 1 500 000 төгрөг, эр хонь 180 000 төгрөг, эр ямааг 120 000 төгрөгөөр тооцож, нийт 7 800 000 төгрөгийн үнээр тохирсон юм. Ингээд 2015 оны 05 сарын 16-ны өдөр тохиролцсоны дагуу иргэн С.Батсүрэн нь өөрийн нөхөр Ч.Наранбаатарын хамт гаднаа байсан 3 трактораасаа 1 тракторыг нь манай хашаанд авч ирж өгсөн.

2015 оны 06 сарын 26-ны өдөр С.Батсүрэн нь нөхрийн хамт манайд ирээд та авсан трактораа 7-10 хоногийн хугацаанд түр эргүүлээд бидэнд зээлдүүлж өгөөч, манайд одоо 10-15 ширхэг ийм ногоон трактор ирнэ, түүний 2 нь хадуур, тармууртай ирнэ, нэгийг нь танайх аваарай, би нэг холын хүнээс үнийг нь авчихсан маргааш ирж авна гээд байна. Хэрэв тэр хүн маргааш ирэхгүй бол би тракторыг чинь авахгүй гээд гуйгаад явсан. Маргааш нь нөхөр Наранбаатар нь 2 хүний хамт ирээд 1 том цагаан битүү машинд ачиж аваад явсан. 2016 оны 06 сарын 27-оос хойш 7-10 хоног түр зээлж авсан трактораа авчихсан, манай яам Хятадтай махны гэрээ хийж байгаа, би тэр комисст орсон 30 трактор ирнэ, түүнээс өгий, дараа нь та надад өргөдөл өгөөдөх, та трактораа авахаар яараад байгаа юм бол таны нэр дээр захиргаанаас бичигтэй бол хөдөөний хүнд 1 000 000 төгрөг тушаагаад ямар нэг явдалгүй нэг трактор авч өгий гэсэн. Тэгээд 1 000 000 төгрөгийг өөрөө тушаагаад Ч.Доржсүрэн миний нэр дээр бичиг баримт бүрдүүлээд дахин трактор аваад бусдад зарчихсан байсан юм. Нөгөө трактор ч байхгүй, хадуур тармуур ч байхгүй, тракторын төлбөрт 6 300 000 төгрөгийн үнэ бүхий малаа өгчихсөн, трактораа аваагүй өдий хүрсний улмаас эмгэнийхээ хамт тэтгэврийн зээл авч малын өвс, тэжээлээ бага хэмжээтэй бэлтгэсэн, цаг хугацаа алдаж, эд хөрөнгөөрөө бодитой хохиролд орсон тул хохирлыг барагдуулан шийдвэрлүүлж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Ч.Доржсүрэн шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл тайлбартаа: - “-2015 оны 04 дүгээр сард С.Батсүрэнтэй анх танилцсан. С.Батсүрэнгийнх дэлгүүртэй тул чихэр боов авчихдаг байсан. Тэгээд би трактор зардаг та трактор ав гэхээр нь авахаар болж ярьж тохирсон. Тэгээд удалгүй надад 1 трактор авч ирж өгсөн, тэгээд та малаар тооцуулж трактор авч болно гэсэн. Тэгээд 8 хонь, 1 эр үхэр аваад, 1 трактор өгөөд явсан. Тэгээд байж байтал хаашаа ч гэнэ үү нэг хүний трактор дутчихаад байна таны тракторыг тэр хүн рүү явуулчихаад таньд дахиад нэгийг авчраад өгье гээд удалгүй 3,4 залуу ирээд тракторыг минь ачаад аваад явсан. Би тэрнээс хойш удаа дараа шаардсан байдаг. ... Одоо бие муу арга ядаж байна. Би өмнө нь нэхэмжлэлийн шаардлагаа малын үнэнд С.Батсүрэнгээс 6,300,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байсан боловч одоо нэг эр үхрийн үнэ  1,695,000 төгрөг, 1 эр хонийг 229,050 төгрөгөөр тооцож 8 хонины үнэд 1,832,400 төгрөг нийт 3,527,450 төгрөгийг С.Батсүрэнгээс нэхэмжилж байна” гэв.

 

Хариуцагч С.Батсүрэн  нь шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Доржсүрэн гуайн тракторыг өгөөгүй байгаа нь үнэн, трактор ирэхгүй ийм юм болсон. Миний хувьд тракторын наймаа хийнэ гэж ярьсан нь үнэн. Тракторыг өгөхөд би өгөөгүй, малыг аваад явахад ч мөн байгаагүй. Тухайн үеийн малын ханш бага байсан. Бидний ярьж тохирсноор 2.500.000 төгрөгний урьдчилгаа малаар тооцуулж авсан байдаг. Наранбаатар та хоёрын хийсэн гэрээ байдаг юм билээ. Одоо нотлох баримтаар авч ирээгүй болохоор ярих нь буруу юм. Танд мөнгө нь хэрэгтэй бол таны зүгээс ч бас надад өгөх зүйл байгаа. Тиймээс  эр хонио 229,050 төгрөгөөр тооцоод, эр үхрээ 1,695,000 төгрөгөөр тооцоод танд 3,527,450 төгрөгийг өгөхийг зөвшөөрч байна. Та харин надтай тооцоогоо хийгээд авна биз” гэв.

Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтиуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Доржсүрэн нь тракторын үнэнд өгсөн малын үнэ 6,300,000 төгрөгийг хариуцагч С.Батсүрэнгээс гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэгч Ч.Доржсүрэн нь нэхэмжлэлийн шаардлагаа багасган 3,527,450 төгрөг болгон багасгаж нэхэмжилжээ.

Нэхэмжлэгч Ч.Доржсүрэн, хариуцагч С.Батсүрэн нарын хооронд трактор худалдах, худалдан авах талаар бичгээр гэрээ хэлцэл хийгдээгүй боловч зохигчдын тайлбараар трактор худалдах, худалдан авах талаар аман хэлцэл хийгдсэн болох нь нотлогдож байна.

Мөн нэхэмжлэгч нь худалдан авах тракторын төлбөрт 1 бүдүүн шар, 8 эр хонийг хариуцагч С.Батсүрэнд өгсөн болох нь нэхэмжлэгч, хариуцагч, гэрч Э.Энхдагуул нарын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбар мэдүүлгээр нотлогдсон ба малын тоо, ширхэгийн талаар талууд маргаагүй болно.

Хариуцагч С.Батсүрэн нь нэхэмжлэгч Ч.Батсүрэнтэй трактор худалдах худалдан авах талаар аман хэлцэл хийсэн, хэлцлийн дагуу 1 ширхэг тракторыг Ч.Доржсүрэнд өгсөн боловч түүнийгээ буцааж авч Зүүнхараа руу өөр хүнд өгсөн, Ч.Доржсүрэнд тракторыг нь буцааж өгнө гэсэн болвч одоог хүртэл өгөөгүй байгаа болох нь зохигчдын тайлбараар нотлогдлоо.

Иймд хариуцагч С.Батсүрэнгээс 3,527,450 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэгч Ч.Доржсүрэнгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах хууль зүйн үндэслэлтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Батсүрэнгээс 1 эр үхрийн үнэ 1,695,000 төгрөг, 8 эр хонины /1 эр хонь 229,050 төгрөг/ үнэ  1,832,400 төгрөг нийт 3,527,450 төгрөгийг  гаргуулж нэхэмжлэгч Ч.Доржсүрэнд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамид төлсөн 115750  төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж хариуцагч С.Батсүрэнгээс 71389 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Л.МӨНХЦЭЦЭГ