| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2022/0020/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/23 |
| Огноо | 2022-01-03 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Н.Пүрэвтогтох |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 2022/ШЦТ/23
2022 01 03 2022/ШЦТ/23
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Н.Пүрэвтогтох, шүүгдэгч Ч.У-, нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ч- овогт Ч-ын У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 2110000001211 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1987 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар баг 1406 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Ч- овогт Ч-ын У,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.У- нь 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, Зайсан апартмент хотхоны 000 дугаар байрны 00 тоотод таксины мөнгө авахаар гэрт нь орохдоо Г.Э-ийн “Айфоне 11 про макс” загварын гар утас, Ш.Э-ын “Айфоне экс эс” загварын гар утсыг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг:
Шүүгдэгч Ч.У-: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг гаргахгүй...” гэв.
Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогч Г.Э- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 12 дугаар сарын 01-ний өглөө 03 цаг 30 минутын орчим ...Э-, Бат-Оргил нарын хамт таксинд суугаад Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, Зайсан апартментын 103 дугаар байрны гадаа ирээд таксины төлбөр төлөх гэхэд утасны эрх хаагдчихсан байсан учраас жолоочийг гэрт хамт ороод бэлэн мөнгө авчих гээд жолоочийн хамт дөрвүүлээ Бат-Оргилын гэрт орсон. Тэгээд би жолоочийг дансны дугаараа үлдээчих өглөө шилжүүлчихье гэхэд худлаа байхаа гээд байхаар нь түр хүлээж бай гээд Э-ын хамт бие засах өрөө орчхоод гараад ирэхэд үүдний ширээ дээр тавьсан байсан хоёр ширхэг гар утас алга болсон байсан...” /хавтас хэргийн 20-22 дахь тал/ гэсэн,
Хохирогч Ш.Э- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ...такси бариад найз Бат-Оргилын гэрт очсон. Тэгээд таксины жолооч цуг орж ирчхээд угаалгын өрөө орсон хойгуур утсыг аваад гарсан байсан...” /хавтас хэргийн 67-68 дахь тал/ гэсэн,
Шүүгдэгч Ч.У- мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Э-, Э- гэх эмэгтэйчүүд таксины мөнгө өгөхгүй байхаар нь тэдний хамт таксны мөнгө авах зорилгоор гэрт нь ороод гарах үедээ гар утсыг нь аваад гарсан. ...Би утсыг нь авахдаа хэлээгүй, шууд ширээн дээрээс аваад гарсан...” /хавтас хэргийн 38-39, 86-87, 100-101 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд,
- Дуудлагын лавлагааны хуудас /хавтас хэргийн 1 дэх тал/,
- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл/ хавтас хэргийн 10-11 дэх тал/,
- Эд зүйл түр хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтас хэргийн 13, 14, 60, 61 дэх тал/,
- Хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтас хэргийн 31, 78 дахь тал/,
- Хохирогч нарын хүсэлт /хавтас хэргийн 102-103 дахь тал/,
- Шүүгдэгч Ч.У-ын хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 43 дахь тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хавтас хэргийн 44 дэх тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтас хэргийн 45/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хавтас хэргийн 46 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 48 дахь тал/ зэрэг болно.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
1. Шүүгдэгч Н.У- нь 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, Зайсан апартмент хотхоны 000 дугаар байрны 00 тоотод таксины мөнгө авахаар орохдоо “мөнгө өгөхгүй байна” гэх шалтгаанаар Г.Э-ийн “айфоне 11 про макс” загварын 2,950,000 төгрөгийн үнэ бүхий гар утас, Ш.Э-ын “айфоне экс эс” загварын 975,000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 3,925,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь хохирогч Г.Э-ийн “...2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ...Э-, Бат-Оргил нарын хамт таксинд суугаад Бат-Оргилын байрны гадаа ирээд таксины төлбөр төлөх гэхэд утасны эрх хаагдчихсан байсан учраас жолоочийг гэрээс ороод бэлэн мөнгө авчих гээд жолоочийн хамт дөрвүүлээ Бат-Оргилын гэрт орсон. Тэгээд би жолоочийг дансны дугаараа үлдээчих, өглөө шилжүүлчихье гэхэд худлаа байхаа гээд байхаар нь түр хүлээж бай гээд Э-ын хамт бие засах өрөө орчхоод гараад ирэхэд үүдний ширээн дээр тавьсан байсан хоёр ширхэг гар утас алга болсон байсан...” /хавтас хэргийн 20-22 дахь тал/ гэсэн, хохирогч Ш.Э-ын “...2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ...такси бариад найз Бат-Оргилын гэрт очсон. Тэгээд таксины жолооч цуг орж ирчхээд угаалгын өрөө орсон хойгуур утсыг аваад гарсан байсан...” /хавтас хэргийн 67-68 дахь тал/ гэсэн,
шүүгдэгч Ч.У-ын “...Э-, Э- гэх эмэгтэйчүүд таксины мөнгө өгөхгүй байхаар нь гэрт нь таксины мөнгө авах зорилгоор ороод гарах үедээ гар утсыг нь аваад гарсан. ...Би утсыг нь авахдаа хэлээгүй, шууд ширээн дээрээс аваад гарсан...” /хавтас хэргийн 38-39, 86-87, 100-101 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл/ хавтас хэргийн 10-11 дэх тал/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтас хэргийн 31, 78 дахь тал/ зэрэгт хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайлах гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрөө бусдын эд зүйлийг хулгайлж байгаа идэвхтэй үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй сэтгэхүйн харилцаагаар тодорхойлогдоно.
Шүүгдэгч Ч.У- нь таксины мөнгө өгсөнгүй гэх шалтгаанаар Г.Э-, Ш.Э- нарын айфоне 11 про макс, айфоне Экс Эс загварын гар утаснуудыг тэднийг ариун цэврийн өрөөнд орсон хойгуур ширээн дээрээс авсан үйлдэл нь түүний өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж мэдсэн боловч зориудаар хохирол учруулж буй гэм буруугийн санаатай хэлбэр нь утсыг нууцаар ширээн дээрээс авсан идэвхтэй үйлдлээр илэрч Г.Э-, Ш.Э- нарын өмчлөх эрхэд халдсаны улмаас 3,925,000 төгрөгийн хохирол буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул дээрх зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ч.У-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.
Шүүгдэгч Ч.У- нь хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
2. Шүүгдэгч Н.У- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирлын хэмжээ, хохирол төлөгдсөн, шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч маргаагүй зэрэг нөхцөлийг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар тэнссэн 01 /нэг/ жилийн хугацаанд шүүгдэгч Ч.У-т зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч Ч.У- тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийн биелүүлээгүй зөрчсөн мөн санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулав.
3. Гэмт хэргийн улмаас хохирогч нарын эд хөрөнгө өмчлөх эрх зөрчигдөж, Г.Э-ийн эд хөрөнгөд 2,950,000 төгрөгийн, Ш.Э-ын эд хөрөнгөд 950,000 төгрөгийн хохирол тус тус учирсан байх /хавтас хэргийн 31, 78 дахь тал/ бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нь эд хөрөнгийг хохирогч нар биет байдлаар буцааж хүлээлгэж /хавтас хэргийн 14, 64 дэх тал/ өгсөн, хохирогч Г.Э-, Ш.Э- нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна.
Эрүүгийн 2110000001211 дугаартай хэрэгт нэг ширхэг сиди ирснийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Ч.У- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ч- овогт Ч-ын У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч-ын У-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд шүүгдэгч Ч.У-т зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.У- нь зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргээ биелүүлээгүй болон санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн 2110000001211 дугаартай хэрэгт нэг ширхэг сиди ирснийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Ч.У- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ч.У-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.У-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР