| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 151/2017/00218/и |
| Дугаар | 151/ШШ2017/00705 |
| Огноо | 2017-07-05 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 151/ШШ2017/00705
| 2017 оны 07 сарын 05 өдөр | Дугаар 151/ШШ2017/00705 | Төв аймаг |
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 5-р хороо, Үндсэн хуулийн гудамж, өөрийн байранд байрлах “Монгол Даатгал” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төв аймгийн Борнуур сумын Нарт 4 дүгээр багт оршин суух Боржигон овогт Чулууны Цогтбаярт холбогдох,
Даатгуулагчид олгосон нөхөн төлбөр 38 359 273.27 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Золжаргал, хариуцагч Ч.Цогтбаяр, хариуцагчийн өмгөөлөгч С.Сувдмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “Монгол Даатгал” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “-Хариуцагч Ч.Цогтбаяр нь өөрийн эзэмшлийн 0227 ТӨВ улсын дугаартай “Киа Пронтер” маркийн тээврийн хэрэгсэлийг 2014 оны 08 сарын 07-ны өдөр Төв аймгийн нутаг дэвсгэрт жолоодон явахдаа Монгол улсын ЗХД-ийн 9-1.2 дахь заалтыг зөрчсөний улмаас “Монгол Даатгал” ХХК-ны даатгуулагч Б.Цэрэндорж нас барсан байна.
Даатгуулагч Б.Цэрэндорж нь 2013 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 23Р139848 тоот “Орон сууц, зээлдэгчийн амь насны даатгалын гэрээ”-г 1 жилийн хугацаатай “Монгол Даатгал” ХХК-тай байгуулсан.
“Монгол Даатгал” ХХК нь 2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн даатгуулагч болон “Худалдаа хөгжлийн банк”-ны хооронд байгуулсан ЗГ-ВСС2013091134-1 тоот “Орон сууцны гэрээ”, 2013 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 23Р139848 тоот “Орон сууц, зээлдэгчийн амь насны даатгалын гэрээ”, 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн “Худалдаа хөгжлийн банк”-ны “Даатгалын нөхөн төлбөр гаргуулах тухай” 416/0260 тоот албан бичиг, 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн даатгуулагч М.Цацралын “Даатгалын нөхөн төлбөр гаргуулах тухай” өргөдөл, 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Төв аймгийн Цагдаагийн газрын хошууч Р.Мөнхбаясгалангийн 79 дугаартай дүгнэлт зэрэг баримтыг үндэслэн 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 38 359 273.27 төгрөгийн нөхөн төлбөрийг даатгуулагчийн зээлийн дансанд төлж барагдуулсан болно.
Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт “Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ.”, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт “Даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэгч даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ.” гэж тус тус заасныг үндэслэн даатгуулагчийн гэм буруутай этгээдээс төлбөр нэхэмлэх эрх нь “Монгол Даатгал” ХХК-д бүрэн шилжсэн бөгөөд буруутай этгээд нь нөхөн төлбөрийг даатгагчид буцаан төлөх үүрэгтэй.
Иймд “Монгол Даатгал” ХХК-ийн даатгуулагчид олгосон нөхөн төлбөр болох 38 359 273.27 төгрөгийг хариуцагч Ч.Цогтбаяраас гаргуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Золжаргал шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“-2014 оны 8-р сарын 7-ны өдөр Ч.Цогтбаяр нь өөрийн эзэмшлийн машинтай явж байхдаа зам тээврийн осол гаргасан. Уг ослоос манай даатгуулагч Цэрэндорж нь нас барьсан. Монгол даатгал ХХК нь 2014 оны 12-р сард нөхөн төлбөрийг орон сууцны зээлийн дансанд нь шилжүүлсэн. Буруутай этгээд Ч.Цогтбаяр нь Монгол даатгалд төлбөрийг төлөх үүрэгтэй тул нэхэмжилсэн 38 359 273.27 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч С.Сувдмаа шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “-Иргэний хуулийн 431-д заасан гэрээ байсан. Энэ гэрээгээр Ч.Цогтбаяр үүрэг хүлээгээгүй, хөндлөнгийн хүн. Жолооч хүн болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн байна гээд ялыг багасгадаг, хохирогч цаашид нэхэмжлэх зүйлгүй гэсэн байгаа. Гэтэл хэрэг шийдэгдсэний дараа Монгол даатгал компани даатгалын төлбөр нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Банкны гэрээн дээр амь насны даатгалын талаар үг үсэг байхгүй. Хоёр хүний даатгалын гэрээ байхад нэг хүнийхийг 100% гаргасан байгаа. 2 хүн дээр бодогдох ёстой. Нөхөр нь нас барахад зээл төлөх эрх үүрэг дуусгавар болохгүй. Банкны өмнө жинэхэнэ зээлдэгч гэж үүрэг хүлээсэн бол үүргээс чөлөөлөгдөх ёсгүй. Зээлийн мөнгийг Ч.Цогтбаяраас гаргуулах үндэслэл байхгүй.
Банкны зээлээ хугацаа графикаараа төлөөд явах ёстой байсан, хугацаа нь дуусах болоогүй байсан, банк энэ зээлийг хаах ёсгүй. Хамтран зээлдэгч оногдох хэсгийнхээ хариуцлагийг хариуцдаг. Даатгалын компани бол ашгийн төлөө байгууллага, 10 хүн даатгууллаа гэхэд 10-лаа даатгалын мөнгө авдаггүй, сайн л бол 1 хүн авдаг, бусад нь даатгалын компанид ашиг болж үлддэг. Энэ компани хохироогүй. Нэхэмжлэгч гэнэтийн ослын даатгал гэж хэлээд байгаа. ТУЗ-ын тогтоол дээр ГЗ 2006 56 тоот тушаалаар гэнэтийн ослын даатгал гэж нотолж өгөөд байгаа ч гэнэтийн осолд санаатай болон санамсаргүй бүх төрлийн осол хамраана. Иймд Иргэний хуулийн 431-д зааснаар үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан учир бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “Монгол Даатгал” ХХК нь тус компанийн даатгуулагч Б.Цэрэндорж хариуцагч Ч.Цогтбаярын Монгол улсын ЗХД-ийн 9-1.2 дахь заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас нас барсан ба Б.Цэрэндорж нь 2013 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 23Р139848 тоот “Орон сууц, зээлдэгчийн амь насны даатгалын гэрээ”-г 1 жилийн хугацаатай “Монгол Даатгал” ХХК-тай байгуулсан тул Б.Цэрэндоржийн амь насны даатгалын төлбөрт олгосон нөхөн төлбөр болох 38 359 273.27 төгрөгийг хариуцагч Ч.Цогтбаяраас гаргуулж өгнө үү гэсэн шаардлага гаргасан ба хариуцагч Ч.Цогтбаяр, түүний өмгөөлөгч С.Сувдмаа нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, учир нь Ч.Цогтбаяр “Монгол даатал” ХХК хоёрын хооронд гэрээний харилцаа үүсээгүй, даатгал хийлгэсэн 10 хүнээс зөвхөн 1 нь л даатгалын нөхөн төлбөр авдаг, бусдынх нь даатгалын хураамж даатгалын компанид ашиг болж үлддэг тийм учраас Ч.Цогтбаяр даатгуулагч Б.Цэрэндоржийн нөхөн төлбөрт олгосон төлбөрийг “Монгол даатгал” ХХК-д төлөх үүрэг хүлээгээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Зохигчид “Монгол даатгал” ХХК болон Б.Цэрэндорж нарын хооронд Орон сууцны зээлдэгчийн амь насны даатгалын гэрээ хийгдсэн эсэх асуудлаар маргаагүй бөгөөд харин уг гэрээний үндсэн дээр “Монгол даатгал” ХХК-аас даатгуулагч буюу талийгаач Б.Цэрэндоржийн даатгалы нөхөн төлбөрт олгосон 38 359 273.27 төгрөгийн нөхөн төлбөрийг энэ хэргийн хариуцагч буюу Б.Цэрэндоржийн амь насыг хохироход хүргэсэн гэм буруутай этгээд болох Ч.Цогтбаяр төлөх үндэслэлтэй эсэх асуудлаар маргаж байна.
“Монгол Даатгал” ХХК, даатгуулагч Б.Цэрэндорж, М.Цацрал нарын хооронд 2013 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 23Р139848 тоот “Орон сууц, зээлдэгчийн амь насны даатгалын гэрээ”-г 1 жилийн хугацаатай байгуулжээ. Энэ нь хэрэгт авагдсан 23Р139848 дугаартай орон сууц зээлдэгчийн амь насны даатгалын гэрээ болон орон сууцны зээлдэгчийн амь насны даатгалын баталгаа зэргээр нотлогдож байна. /хх-н 86, 51/
Хариуцагч Ч.Цогтбаяр нь өөрийн эзэмшлийн 0227 ТӨВ улсын дугаартай “Киа Пронтер” маркийн тээврийн хэрэгсэлийг 2014 оны 08 сарын 07-ны өдөр Төв аймгийн нутаг дэвсгэрт жолоодон явахдаа Монгол улсын ЗХД-ийн 9-1.2 дахь заалтыг зөрчсөний улмаас “Монгол Даатгал” ХХК-ны даатгуулагч Б.Цэрэндорж нас барсан болох нь хэрэгт авагдсан шүүх эмнэлгийн 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн акт №62, Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоол зэргээр нотлогдон тогтоогджээ. /хх-н 24-32, 36-45/
“Монгол Даатгал” ХХК нь 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 38 359 273.27 төгрөгийн нөхөн төлбөрийг даатгуулагчийн зээлийн дансанд төлж барагдуулсан байна. Энэ нь “Монгол даатгал” ХХК-ийн захирлын 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2/1460 дугаартай Нөхөн төлбөр олгох тухай тушаалын хуулбар, нөхөн төлбөрийн 38,359,273.27 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 499003241 тоот дансруу шилжүүлсэн баримт ”Монгол даатгал” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2014 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 14/20 дугаартай тогтоол зэргээр нотлогдож байна. /хх-н 34, 35/
Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт “Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ.” гэжээ.
Талийгаач Б.Цэрэдоржийн эхнэр М.Цацрал нь “Монгол даатгал” ХХК-тай 2014 оны 8 дугар сарын 13-ны өдөр “нэхэмжлэх эрх шилжүүлэх хэлцэл” байгуулж талийгаач нөхөр Б.Цэрэдоржийнх нь даатгалын нөхөн төлбөрт “Монгол даатгал” ХХК-аас олгосон 38,359,273.27 төгрөгийг гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг шилжүүлсэн байна.. /хх-н 82/
Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт “Даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ.” гэж заасан байх ба харин “Монгол даатгал” ХХК, болон даатгуулагч М.Цацрал, Б.Цэрэндорж нарын хооронд 2013 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр байгуулагдсан 23Р139848 тоот “Орон сууц, зээлдэгчийн амь насны даатгалын гэрээ”-нд буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх даатгагч буюу “Монгол даатгал” ХХК-д шилжих талаар тусгагдаагүй байна.
Иймд “Монгол даатгал” ХХК-аас даатгуулагч Б.Цэрэндоржийн орон сууцны зээлдэгчийн амь насны даатгалын нөхөн төлбөрт олгосон 38,359,273.27 төгрөгийн төлбөрийг хариуцагч Ч.Цогтбаяраас гаргуулах хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх ийнхүү шийдэрлэхдээ тухайн харилцаа буюу даатгалын гэрээнээс үүссэн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хууль болох Даатгалын тухай хуулийг /8 дугаар зүйлийн 8.7/ хэрэглэх нь зүйтэй гэж үзсэн болно.
Нэхэмжлэгч “Монгол даатагл” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан нотлох баримтуудаас хэргийн 21 дүгээр хуудсанд байгаа худалдаа хөгжлийн банкны 416/0260 дугаартай он сар нь бүдгэрсэн “даатгалын нөхөн төлбөр авах тухай” албан бичгийн хуулбарыг нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч нотлох баримтаас хасаж шийдвэрлэсэн болно.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3. 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д зааснаар хариуцагч Ч.Цогтбаяраас 38,359,273.27 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Монгол Даатгал” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57,1-д зааснаар нэхэмжлэгч “Монгол Даатгал” ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 349,746 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.МӨНХЦЭЦЭГ