Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/24  

 

 

 

 

 

 

 

    2022         01          03                                       2022/ШЦТ/24

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч С.Ууганбаяр, шүүгдэгч Б.Г-, түүний өмгөөлөгч С.Чинбат, нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б овогт Б-ы Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 1910013961030 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1990 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, эрэгтэй, 31 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамтаар улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 2021/ШЦТ/155 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 06 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 106 дугаартай шүүгчийн захирамжаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6.2-т зааснаар шийтгэсэн 06 жилийн хугацаагаар хорих ялаас 02 жилийг өршөөн хасаж, биеэр 11 сар 27 хоногийн ял, шагналыг 01 сар 10 хоногийн ял, нийт 01 жил 01 сар 07 хоногийн хорих ял эдэлж, эдлээгүй үлдсэн 02 жил 10 сар 23 хоногийн хорих ялтай, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт Б-ы Г,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Г- нь 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Б.Б-аас Бүгд найрамдах Солонгос Улсын виз гаргаж өгнө гэж өөрийн Хаан банкны 5032ххх811 дугаартай дансаар 350,000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 500,000 төгрөг нийт 850,000 төгрөгийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогчийг төөрөгдөлд оруулан авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг: 

 

Шүүгдэгч Б.Г-: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг гаргахгүй. ...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.

 

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч Б.Б- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 5 дугаар сарын эхээр “А.Г Төмөр” гэх фейсбүүк хаягаас Б.Г- гэх хүн та виз гаргуулна гэсэн үү гэж бичсэн. ...Г-өөр виз гаргуулахаар болж Г- 2019 оны 5 дугаар сарын 07-ны ...ажил дээр ирж уулзаад надаас иргэний үнэмлэх, лавлагаа, гадаад паспорт, гэрлэлтийн лавлагаа зэрэг баримт бичиг аваад явсан, эхний ээлжид 850,000 төгрөг өгөхөөр болоод виз гарахаар 2,000,000 төгрөг өгөхөөр болж, ...2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 5032ххх650 дугаартай данснаас 350,000 төгрөг, ...2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 500,000 төгрөгийг Б.Г-ийн данс руу ...Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, АПУ ХК буюу ажил дээрээ байхдаа гар утаснаасаа шилжүүлсэн. Маргааш уулзахаар тохирсны дараа Г-ийн утас руу залгахад “Амжсангүй, маргааш уулзъя” гэсэн. Тэгээд маргааш нь утас нь холбогдохгүй болоод фейсбүүкээс намайг блок хийсэн. ...Б.Г- манай доод ангид сурдаг байсан, 2018 онд БНСУ-д 3 сарын хугацаатай явж байхдаа Б.Г-тэй тааралдаж ярилцахад “би Солонгос улсын байнгын визтэй, ээж солонгос хүнтэй суусан” гэж ярьсан. ...Миний материалыг Солонгосын элчин сайдын яаманд бүрдүүлж өгөөгүй, гадаад паспорт аваагүй...” /хавтас хэргийн 25, 27 дахь тал/ гэсэн мэдүүлэг,

 

- Өргөдөл /хавтас хэргийн 23 дахь тал/,

- Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 32-37 дахь тал/,

- Б.Г-ийн Хаан банкны 5032ххх650, 503ххх811 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хавтас хэргийн 42-53 дахь тал/,

- Хохирогч Б.Б-ын Хаан банкны 5032ххх650 дугаартай дансны хуулга /хавтас хэргийн 54-55/,

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтас хэргийн 56-57 дахь тал/,

- БНСУ-н элчин сайдын яамны 408/2021 тоот албан бичиг, орчуулгын хамт /хавтас хэргийн 96-97 дахь тал/,

- Хохирогчийн хүсэлт /хавтас хэргийн 107 дахь тал/,

- Хоригдол Б.Г-ийн ялын тооцоо бодсон тодорхойлолт /хавтас хэргийн 110, 116дахь тал/,

- Шүүгдэгч Б.Г-ийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 74 дэх тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 82 дахь тал/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хавтас хэргийн 83-87 дахь тал/, зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч Б.Г- нь Бүгд найрамдах Солонгос Улсын виз гаргаж өгнө гэж Б.Б-ыг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан хуурч, төөрөгдөлд оруулж 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 350,000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 500,000 төгрөг, нийт 850,000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5032ххх811 дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Б-ын “...2019 оны 5 дугаар сарын эхээр “А.Г Төмөр” гэх фейсбүүк хаягаас Б.Г- гэх хүн та виз гаргуулна гэсэн үү гэж бичсэн. ...Г-өөр виз гаргуулахаар болж Г- 2019 оны 5 дугаар сарын 07-ны ...ажил дээр ирж уулзаад надаас иргэний үнэмлэх, лавлагаа, гадаад паспорт, гэрлэлтийн лавлагаа зэрэг баримт бичиг аваад явсан, эхний ээлжид 850,000 төгрөг өгөхөөр болоод виз гарахаар 2,000,000 төгрөг өгөхөөр болж, ...2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 5032ххх650 дугаартай данснаас 350,000 төгрөг, ...2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 500,000 төгрөгийг Б.Г-ийн данс руу ...Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, АПУ ХК буюу ажил дээрээ байхдаа гар утаснаасаа шилжүүлсэн. Маргааш уулзахаар тохирсны дараа Г-ийн утас руу залгахад “Амжсангүй, маргааш уулзъя” гэсэн. Тэгээд маргааш нь утас нь холбогдохгүй болоод фейсбүүкээрээ намайг блок хийсэн. ...Б.Г- манай доод ангид сурдаг байсан, 2018 онд БНСУ-д 3 сарын хугацаатай явж байхдаа Б.Г-тэй тааралдаж ярилцахад “би Солонгос улсын байнгын визтэй, ээж солонгос хүнтэй суусан” гэж ярьсан. ...Миний материалыг Солонгосын элчин сайдын яаманд бүрдүүлж өгөөгүй...” /хавтас хэргийн 25, 27 дахь тал/ гэсэн мэдүүлэг, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хавтас хэргийн 32-37 дахь тал/, Б.Г-ийн Хаан банкны 5032ххх650, 503ххх811 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хавтас хэргийн 42-53 дахь тал/, хохирогч Б.Б-ын Хаан банкны 5032ххх650 дугаартай дансны хуулга /хавтас хэргийн 54-55/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтас хэргийн 56-57 дахь тал/, БНСУ-н элчин сайдын яамны 408/2021 тоот албан бичиг, орчуулгын хамт /хавтас хэргийн 96-97 дахь тал/ зэрэгт хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Залилах гэмт хэрэгт нь бусдын эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй байх гэсэн шунахайн сэдэлтээр хуурамч мэдээлэл, эд зүйл, бичиг баримт ашиглаж төөрөгдүүлэх, урьдын танил харилцааг ашиглах, итгэл эвдэх, худал амлах зэрэг аргаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлж, өмчлөгч өөрийн хөрөнгийг өөрөө өгөхөд хүргэж, хохирол учруулдаг бөгөөд шүүгдэгч Б.Г- нь хохирогч Б.Б-ыг урьд таньдаг байсан харилцаагаа ашиглаж Бүгд Найрамдах Солонгос улс руу виз гаргаж өгнө гэж хуурч, төөрөгдөлд оруулж 2021 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 350,000 төгрөг, 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 500,000 төгрөг, нийт 850,000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5032ххх811 дугаартай дансаар шилжүүлэн авсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул дээрх зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.

 

Шүүгдэгч Б.Г- нь хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

2. Шүүгдэгч Б.Г- нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирлын хэмжээ, хохирол төлөгдсөн, шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч маргаагүй зэрэг нөхцөлийг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэв.

 

Шүүгдэгч Б.Г- нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 2021/ШЦТ/155 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 06 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 106 дугаартай шүүгчийн захирамжаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6.2-т зааснаар шийтгэсэн 6 жилийн хорих ялаас 02 жилийг өршөөн хасаж, биеэр 11 сар 27 хоногийн ял, шагналыг 01 сар 10 хоногийн ял, нийт 01 жил 01 сар, 07 хоногийн хорих ял эдэлж, эдлээгүй үлдсэн 02 жил 10 сар 23 хоногийн хорих ялтай /хавтас хэргийн 83-87, 116 дахь тал/ байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж,

2 дахь хэсэгт “...Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно.” гэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “...торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг” гэж заасан байх тул шүүгдэгч Б.Г-т энэ тогтоолоор оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээг нэг хоногоор тооцож 30 хоногийн хорих ялаар тогтоож, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 2021/ШЦТ/155 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 02 жил 10 сар 23 хоногийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 02 жил 11 сар 23 хоногоор тогтоож, уг ялыг  нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ийн 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс өнөөдрийг /хавтас хэргийн116, 120 дахь тал/ хүртэл 23 /хорин гурав/ хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд оруулан тооцох хууль зүйн үндэслэлтэй.

 

3. Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б-ын эд хөрөнгөд 850,000 төгрөгийн хохирол учирсан, шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг төлж барагдуулсан, хохирогч Б.Б- гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй /хавтас хэргийн 107 дахь тал/ гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна.

 

Эрүүгийн 1910013961030 дугаартай хэрэгт нэг ширхэг сиди ирснийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.Г- бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Б-ы Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ы Г-т 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ы Г-т 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээг нэг хоногоор тооцож 30 /гуч/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, уг ялыг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 2021/ШЦТ/155 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 10 сар 23 хоногийн хорих ял дээр нэмж, нийт биечлэн эдлэх ялыг 02 жил 11 сар 23 хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-т шийтгэсэн 02 жил 11 сар 23 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ийн цагдан хоригдсон 23 /хорин гурав/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

6. Эрүүгийн 1910013961030 дугаартай хэрэгт нэг ширхэг сиди ирснийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.Г- бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Г-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.АЛТАНЖИГҮҮР