Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/42

 

 

 

 

 

 

 

    2022         01          11                                       2022/ШЦТ/42

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Ц.Отгонсүрэн, хохирогч Б.Э-, шүүгдэгч Б.И-, түүний өмгөөлөгч Д.Амаржаргал, нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б овогт Б-ийн И-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1  дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2110021101187 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 2002 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хүмүүнлэгийн ухааны их сургуульд оюутан, ам бүл 4, эмээ, эх, ахын хамт улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт Б-ийн И,  

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.И- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, КН апартмент хотхоны 6б байрны 122 тоотод 2021 оны 11 дүгээр сарын 11-ээс 12-нд шилжих шөнө иргэн Б.Э-г ээжийг минь янхан гэлээ гэж нүүрэнд нь цохиж биед эрүү ясны хоёрлосон хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг: 

 

Хохирогч Б.Э-: “...2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ажлынхаа хоёр найзтайгаа хамт шоудахаар болсон, тэгээд гэртээ очих ажилтай байсан учир гэртээ оччихоод эргээд хоёр найзынхаа байгаа газарт очсон, тэр үед манай найзууд эдгээр залуучуудтай танилцчихсан байсан. Тэгээд тухайн баар хаахаар болсон, надад хувийн ажил байсан учир би хувийнхаа ажлыг амжуулахаар түрүүлээд явсан, тэгсэн манай найз охин над руу утас руу зурвас бичээд намайг хүрээд ир гэсэн. Тэгэхээр нь би найзууд дээрээ очихоор тухайн айлд очсон. Тэгэхэд тэнд миний танихгүй хоёр охин байсан, тэр хоёр охины нэгийг нь И-ий найз оролдсон байсан, тэгээд тэр хоёр танихгүй охин харанхуй шөнө явна гэсэн чинь энэ залуучууд гаргаад явуулчихсан. Тэгэхээр нь би энэ охид ямар нэгэн юм болбол яах вэ, хэн хариуцах вэ, та нар яагаад явуулчхаж байгаа юм бэ гээд маргаан эхэлсэн, бүгдээрээ муудалцсан. Маргаан эхлэх үед И- байгаагүй, маргалдаад байж байхад И- та нар яагаад муудалцаад байгаа юм гээд цаанаас гарч ирсэн, учрыг нь хэлээд байж байхад шууд нэг гар гарч ирээд намайг цохих шиг болсон, миний эрүү зуурсан, цус гарсан, юм ярьж болохгүй болсон. Манай найз охин цагдаа дуудна гэхэд эдгээр залуучууд битгий дууд, тохиръё гээд байсан, тэгсэн манай найз цагдаа дуудаад ирсэн. Эмчилгээний зардалд 4 сая төгрөг гарсан, энэ мөнгөө нэхэмжилж байна, эмчилгээний зардалтай холбоотой баримт цуглуулдаг гэж мэдээгүй учир миний зарим нь баримтгүй байгаа. Эмнэлэгт хэвтсэн ор хоногийн мөнгөний баримтгүй, энэ зардал ороогүй байгаа. Эрүүний хагалгаанд орсон, тэрний дараа тархины эмчилгээ бас хийлгэсэн, эрүүнийхээ ясыг голд, хажуудаа хадуулсан, арын шүдийг авсан, урд талын шүдийг авна гэхээр нь эмчээсээ гуйж байгаад авхуулаагүй. Жилийн дараа эрүүний хадаасаа авхуулна, одоо шүднүүд зай гарсан байгаа, энийг одоо эмчлэх боломжгүй, цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ...” гэв.

 

          Шүүгдэгч Б.И-: “...Тухайн маргаан болох үед би унтаж байсан, нэг сэрэхэд бөөн хэрүүл болоод байсан, тэгээд би сэрсэн, юу болоод байгаа юм бэ гэхэд намайг хэн нь мэдэхгүй нэг хүн 4-5 удаа алгадсан, тийм зүйл болсны дараа Э-гээс болон найзуудаас нь бид нар бүгдээрээ эмэгтэй хүнээс төрсөн гээд уучлал гуйсан чинь Э- миний ээжийг доромжилсон үг хэлэхээр нь эрүү рүү нь нэг удаа алгадсан. Архи хэрэглээд унтаад босоод ирсэн байсан. Эмчилгээний зардалд одоогоор 1 сая төгрөг төлсөн байгаа, цаашид гарах болон гарсан зардлыг төлж барагдуулна, хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.

 

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч Б.Э- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 11 дүгээр сарын 11-ний шөнө ...нөгөө залуучууд хэрүүл маргаан үүсгээд байхаар нь би цааш нь түлхсэн. Тэгээд хэрүүл болоод байж байхад И- гэх залуу хажуу талаас орж ирээд та нар одоо яагаад байгаа юм бэ, чи юу яриад байгаа юм гэж над руу орилсон. Тэгэхээр нь би тайлбарлаж хэлж байхдаа чи эмэгтэй хүнээс төрөөгүй юу гэхэд чи миний ээжийг ямар байсныг мэдэх юм уу гэж орилоод байхаар нь чиний ээжийг ямар байсныг би яаж мэддэг юм гэж хэлэхэд чи миний ээжийг янхан гэж хэллээ гээд шууд миний зүүн шанаанд гараа савж цохисон тэгтэл шууд эрүү зуураад амнаас цус гараад уйлсан...” /хавтас хэргийн 10-11 дэх тал/ гэсэн,

Гэрч Б.Мягмаржав мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...И- дундуур орж ирээд Э-тэй маргалдаж ээжийгээ яриад байсан. Тэр үед Э- чиний ээжийг юу туулсныг би яаж мэддэг юм бэ гэхэд гараа далайж ирээд маш хүчтэй нэг удаа алгадахад Э-ий амнаас цус гараад эхэлсэн...” /хавтас хэргийн 18-19 дэх тал/ гэсэн,

Шинжээч Б.Даваасүрэн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Б.Э-д учирсан эрүү ясны хугарал гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба уг гэмтлийг авсан тохиолдолд хугарсан хэсэгт нь төмөр ялтас тавьж хадаж эмчилнэ. Хадаагүй тохиолдолд эрүү яс зөрж эдгэх, үрэвсэх гэх мэт хүндрэл учирна. Шүдний ёзоор дайрсан хугаралтай үед уг шүдийг авах магадлалтай...”/ хавтас хэргийн 45-46 дахь тал/ гэсэн,

Шүүгдэгч Б.И- мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би уучлал гуйгаад бид нар ч гэсэн эмэгтэй хүнээс төрсөн манай найзуудыг уучлаарай гэж хэлээд би ээждээ ч ингэж олон алгадуулж үзээгүй гэж хэлэхэд манай ээжийг элдэв янзаар хэлж доромжилсон тэгэхээр нь би чи манай ээжийг яаж мэддэг юм гэж хэлэхэд танай ээж ариухан биш гэж хэлсэн тэр үед миний уур хүрч нэг удаа алгадсан...” /хавтас хэргийн 70 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 11175 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Б.Э-ий биед эрүү ясны хоёрлосон хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн гэмтэл байна.  

4. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /хавтас хэргийн 40-41 дэх тал/ гэсэн дүгнэлт,

 

- Дуудлагын лавлагааны хуудас /хавтас хэргийн 4 дэх тал/,

- Хохирогч Б.Э-ий биед үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 49-50/,

- Хохирлын баримтууд /хавтас хэргийн 52-58/,

- Шүүгдэгч Б.И-ий хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 80 дахь тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хавтас хэргийн 81 дэх тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 85 дахь тал/ зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч Б.И- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, КН апартмент хотхоны 6б байрны 122 тоотод 2021 оны 11 дүгээр сарын 11-ээс 12-нд шилжих шөнө иргэн Б.Э- ээжийг минь янхан гэлээ гэж нүүрэнд нь цохиж биед эрүү ясны хоёрлосон хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Б.Э-ий “...2021 оны 11 дүгээр сарын 11-ний шөнө ...И- гэх залуу хажуу талаас орж ирээд та нар одоо яагаад байгаа юм бэ, чи юу яриад байгаа юм гэж над руу орилсон. Тэгэхээр нь би тайлбарлаад хэлж байхдаа чи эмэгтэй хүнээс төрөөгүй юу гэхэд чи миний ээжийг ямар байсныг мэдэх юм уу гэж орилоод байхаар нь чиний ээжийг ямар байсныг би яаж мэддэг юм гэж хэлэхэд чи миний ээжийг янхан гэж хэллээ гээд шууд миний зүүн шанаанд гараа савж цохисон, тэгтэл шууд эрүү зуураад амнаас цус гараад би уйлсан...” /хавтас хэргийн 10-11 дэх тал/ гэсэн,

Гэрч Б.Мягмаржавын “...И- дундуур орж ирээд Э-тэй маргалдаж ээжийгээ яриад байсан. Тэр үед Э- чиний ээжийн юу туулсныг би яаж мэддэг юм бэ гэхэд гараа далайж ирээд маш хүчтэй нэг удаа алгадахад Э-ий амнаас цус гараад эхэлсэн...” /хавтас хэргийн 18-19 дэх тал/ гэсэн,

Шинжээч Б.Даваасүрэнгийн “...Б.Э-д учирсан эрүү ясны хугарал гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба уг гэмтлийг авсан тохиолдолд хугарсан хэсэгт нь төмөр ялтас тавьж хадаж эмчилнэ. Хадаагүй тохиолдолд эрүү яс зөрж эдгэх, үрэвсэх гэх мэт хүндрэл учирна. Шүдний ёзоор дайрсан хугаралтай үед уг шүдийг авах магадлалтай...” / хавтас хэргийн 45-46 дахь тал/ гэсэн,

Шүүгдэгч Б.И-ий “...Би уучлал гуйгаад бид нар ч гэсэн эмэгтэй хүнээс төрсөн, манай найзуудыг уучлаарай гэж хэлээд би ээждээ ч ингэж олон алгадуулж үзээгүй гэж хэлэхэд манай ээжийг элдэв янзаар хэлж доромжилсон, тэгэхээр нь би чи манай ээжийг яаж мэддэг юм гэж хэлэхэд танай ээж ариухан биш гэж хэлсэн, тэр үед миний уур хүрч нэг удаа алгадсан...” /хавтас хэргийн 70 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11175 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: Б.Э-ий биед эрүү ясны хоёрлосон хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн гэмтэл байна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” /хавтас хэргийн 40-41 дэх тал/ гэсэн дүгнэлт, хохирогч Б.Э-ий биед үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 49-50/ зэрэгт хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Хохирогч Б.Э-ий эрүүл мэндэд учирсан “...эрүү ясны хоёрлосон хугарал гэмтэл...” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Б.И-ий түүнийг цохисон санаатай идэвхтэй үйлдлийн улмаас үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.И-ий хохирогч Б.Э-ий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.И-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.

 

Шүүгдэгч Б.И- нь хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

2. Шүүгдэгч Б.И- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын зарим хэсгийг төлсөн, цаашид төлөхөө илэрхийлж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, учруулсан хохирол, хор уршиг,  хохирол төлөгдөөгүй зэрэг нөхцөлийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.

 

3. Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Э-ий эрүүл мэндэд эрүү ясны хоёрлосон хугарал бүхий хүндэвтэр хохирол учирсан, хохирогч Б.Э- гэмтэлтэй холбоотой эмчилгээний зардалд баримтаар эрүүний яс хадуулах хагалгаа, эмийн сангаас өвчин намдаах эм авсан, шүдний эмнэлгээс үйлчилгээ авсан төлбөр, толгойны компьютер томограф авхуулсан төлбөр, эмнэлэг явахад зарцуулсан шатахууны төлбөр, зогсоолын төлбөр зэрэг баримтаар нийтдээ 3,499,340 төгрөгийн хохирол нэхэмжилсэн, эдгээр баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан ба шүүгдэгч Б.И- нь шүүхийн шатанд хохирогч Б.Э-д 1,000,000 төгрөгийн хохирол төлсөн (шүүхэд шинээр гаргаж өгсөн Хаан банкны дансны хуулга бүхий баримт) байх тул хасаж тооцон үлдэх 2,499,340 төгрөгийг шүүгдэгч Б.И-ээс гаргуулж, хохирогч Б.Э-д олгох нь зүйтэй байна.

Хохирогч Б.Э- ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилсэн боловч хэрэгт авагдсан баримтын хүрээнд дээрх нэхэмжлэлийг шийдэх боломжгүй, цалин хөлс авдаг байсантай холбоотой баримтууд дутуу, цалингийн тодорхойлолтоос өөр баримтгүй тул шүүх хэлэлцэхгүй орхиж, хохирогч ажилгүй байсан хугацааны цалин хөлс, цаашид гарах эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Эрүүгийн 2110021101187 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.И- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Амаржаргал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.И-ийг ялаас чөлөөлж өгнө үү, мөн 18 насанд хүрсэн боловч 21 насанд хүрээгүй тул Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу ял оногдуулж өгнө үү гэснийг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзэв.

Учир нь шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогч Б.Э-ий эрүүл мэндэд эрүү ясны хоёрлосон хугарал бүхий хүндэвтэр хохирол учирсан, уг хохирлын улмаас хохирогч хагалгаанд орсон, шүдээ авхуулсан, цаашид дахин эмчилгээ хийлгэж буй буюу гэмт хэргийн хор уршиг бүрэн арилаагүй, хохирол бүрэн төлөгдөөгүй байх тул түүнийг ялаас чөлөөлөх боломжгүй гэж шүүх дүгнэв. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “...Шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно.” гэх зохицуулалт нь арван найманд насанд хүрсэн боловч эрүүл мэнд, бие бялдар, сэтгэхүйн хөгжлийн хувьд насанд хүрсэн гэж үзэх боломжгүй хүнийг хамруулах бөгөөд шүүгдэгч Б.И-ий хувьд дээрх нөхцөл тогтоогдоогүй тул Эрүүгийн хуулийн Наймдугаар бүлэгт зааснаар ял оногдуулах хууль зүйн үндэслэлгүй.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Б-ийн И-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ийн И-ийг 500 /таван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Б.И-д оногдуулсан 500 /таван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.И-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдсүгэй

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.И-с 2,499,340 (хоёр сая дөрвөн зуун ерэн ес мянга, гурван зуун дөч) төгрөг гаргуулж, хохирогч Б.Э-д олгож, хохирогч Б.Э- ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон цаашид гарах эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.

 

6. Эрүүгийн 2110021101187 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.И- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.И-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.И-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                        Д.АЛТАНЖИГҮҮР