Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гомбын Мөнхтулга |
Хэргийн индекс | 164/2022/0005/Э |
Дугаар | 2022/ШЦТ/09 |
Огноо | 2022-01-11 |
Зүйл хэсэг | 17.7.1., |
Улсын яллагч | Ц.Батзаяа |
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 2022/ШЦТ/09
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга би даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа
Улсын яллагч Ц.Батзаяа
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болормаа
Шүүгдэгч А.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батзаяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч А.М-д холбогдох 2116000960172 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, халх, А ургийн овогт А-н М.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.М нь 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Хөхморьт сумын Хүйсийн говь багийн нутагт оршин суух иргэн Б.Б-н гэрийн гаднаас Б.Б-н эзэмшлийн **** ГАЗ улсын дугаартай хүрэн өнгийн Даюун маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 960.000 (есөн зуун жаран мянга) төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлийг прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүгдэгч А.М-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2021 оны 05 дугаар сарын 20-ны үед Б над руу залгаад ахын дүү тус болоод ахынхаа морьдыг тэжээгээд өгөөч наадмаар уралдуулах гэсэн юм гэхээр нь ах минь мөнгө төгрөг дээрээ луу унжихгүй биз дээ гэтэл үгүй гэж хэлээд бид хоёр Ховд аймгаас 25 тооны адуу ачаад Хөхморьт сум руу явж байтал замд Ховд аймгийн Дарив сум өнгөрч яваад машинаа зогсоогоод буугаад адуугаа хартал 7-8 тооны адуу дарагдчихсан байсан чинь чи адуу харсангүй гээд над руу уурлахаар нь би явж байгаа машинаас яаж адууг чинь хардаг юм бэ? гэтэл чи миний өмнөөс үг хэллээ гээд бид хоёр муудалцсан юм. Ингээд дарагдсан адуунуудыг нь буулгаад хөлөөр нь туугаад явсан. Тэгээд Б түрүүлээд машинаараа үлдсэн адуугаа аваад явсан. Ингээд маргааш нь Б.Б-н мотоциклийг ачиж авч ирж өгөөд энүүгээр адуугаа туугаад яв гэж хэлсэн юм. Ингээд би адууг нь тууж явсаар байгаад Хөхморьт сумын говьд Б.Б-н хаяанд малыг нь аваачиж өгч усалчихаад мотоциклийг нь гэрийнх нь үүдэнд тавьчихаад гэрт нь ороход эхнэр, хүүхэд нь малдаа явчихсан Б аймаг руу явчихсан байсан. Тэгээд тэнд Б ирэхгүй байсан учир Б-тэй хэрэлдсэн уурандаа шууд Ховд руу буцъя гэж бодоод Хөх-морьт сумын төвөөс хувцас хунараа аваад явъя гэж бодоод Б.Б-н мотоциклийг зөвшөөрөлгүй унаад явчихсан юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 118 дүгээр тал/
Хохирогч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...манайх Хөхморьт сумын Хүйсийн говь багийн Харганы-Ус гэх газарт зусч байгаа бөгөөд би 2021 оны 05 дугаар сарын 20-ны үеэр Говь-Алтай аймгийн төвд ирсэн харин гэрт манай эхнэр, хүүхэд хоёрыг малынхаа хотон дотор байж байхад Ховд аймгаас Б гэх хүний адууг тууж ирсэн эрэгтэй хүн манай гадаа ирээд миний мотоциклийг унаад явсан гэж хэлсэн юм... би аймаг руу явахдаа мотоциклийнхоо түлхүүрийг толгой дээр нь үлдээгээд ирсэн байсан. Мөн би тухайн үед Говь-Алтай аймгийн төвд байсан...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 13-14 дүгээр талууд/
Хохирогч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн “ ... ... 2021 оны 05 дугаар сарын 20-ны үеэр А.М нь Б-н адууг тууж ирэхдээ гэрийн гадаа байсан миний Даюун-150 маркын мотоциклийг унаж аваад явчихсан байсан юм...ингээд би энэ талаар мэдээд Ховд аймгийн цагдаад гомдол гаргасан юм...надад А.М-с нэхэмжлэх мөнгө төгрөг байхгүй, гомдол санал байхгүй. Учир нь би мотоциклио буцаагаад авчихсан юм ...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 94 дүгээр тал, ар/
Гэрч Т.Г-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2021 оны 05 дугаар сарын 20-ны үеэр өдөр 14 цагийн үед хонинд явж байгаад 21 цагийн үед орой малнаасаа гэртээ иртэл манай гэрийн гадаа байсан мотоцикль алга болсон байсан. тэр мотоцикль алга болдог өдөр манайд Ховдоос З гэх залуу ирсэн байсан. Намайг хониндоо явахад айлч очно гээд явсан байсан юм. Орой мотоцикль алга байхаар нь тэрнээс өөр хүн байгаагүй болохоор З хулгайлаад аваад явлаа гэж бодож байсан...Манай нөхөр Б тухайн үед аймаг дээр байсан өөр хүн байгаагүй... 2021 оны 04 дүгээр сард манайд Ховдоос З гэх залуу ирж адуу хариулж байгаад буцсан байсан юм. Тэр З гэх хүн мотоцикль алга болох үеэр манайд хувцас хунараа үлдээсэн байсан тэрийгээ авах гэж ирсэн байсан. Тэгээд намайг хониноос ирэхэд мотоцикль байхгүй хувцас нь байхгүй байхаар нь тэрийг хулгай хийж аваад явсан байна гэж бодоод З-н утсанд залгаж чи хаана байна мотоцикль авч явсан уу гэсэн чинь З би Хөхморьт сумын төв дээр байна одоо очлоо гэсэн тэгээд дахиад утас нь холбогдохгүй алга болсон...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 44-45 дугаар талууд/
Гэрч Т.Г-н мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн “...Б нь өөрийн эзэмшлийн ачааны машин дээрээ 10 гаран тооны адуу ачаад манай гадаа ирсэн ба ачсан адуунуудаа буулгаад М-г очиж авч ирнэ гэж хэлээд манай нөхрийн мотоциклийг ачиж аваад явсан юм. Тухайн үед надад хэлж яриад авч явсан...ингээд би орой малаа хотлуулж байхад М нь манай гэрийн гадаа мотоцикльтой очиж байсан ба би хүүхдээ дагуулаад очтол манай мотоциклийг унаад явчихсан байсан юм. Б нь М-г явсны дараа машинтайгаа хүрч ирээд М-г асуухаар манай мотоциклийг унаад явчихсан байна гэж хэлсэн. Ингээд Б М-н утас руу залгатал сумын төвд ирчихсэн хувцсаа авч байна гэж ярьсан. Тэгээд Б манайд М-г хүлээж байгаад өглөө ирэхгүй болохоор нь Б яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 100 дугаар тал/,
Гэрч Х.М-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2021 оны 05 дугаар сарын 20-ны үед дахин тэр Болдоо гэдэг хүнтэй утсаар холбогдож байгаад Ховд аймгаас Говь-Алтай аймгийн Хөхморьт сум руу адуу ачаад явсан. Гэтэл замдаа адуу нь машинаас унахаар явган тууж байтал Б гэдэг хүн урдаас нь тосож мотоцикль авч ирж өгөхөөр нь тэр мотоциклиор нь адууг тусаар байгаад Хөхморьт сумд адууг нь хүргэж өгөөд сумын төвөөс Б-н хадам аавынхаас хэдэн хувцсаа аваад нөгөө мотоцилкио унаад Ховд аймгийн төвд хүрээд ирсэн...” гэх мэдүүлэг./хавтаст хэргийн 58-59 дүгээр талууд/
Гэрч З.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...тэгтэл 2021 оны 06 дугаар сард миний гар утас руу М нь өөрийнхөө эзэмшлийн 99999999 дугаараас залгаад ах сайн уу. хөдөө айлаас хувцас хунараа очиж авах гэсэн юм орхичихсон байна гэхээр нь чи тэгвэл Ховын Дарви дээрээс адуу туугаад явчих гэж хэлээд дагуулж авч явсан юм. Ингээд замдаа адуу туулгаж явуулчхаад би хөдөөгүүр айлаар орж ажил төрлөө амжуулчхаад Б.Б-нд яваад очтол эхнэр Г нь нөгөө мал маллаж байсан М чинь гэрийн гадаа байсан Б.Б-н мотоциклийг унаад явчихлаа гэж хэлсэн юм. Ингээд араас нь Мийн утас руу залгаж ярихад утас нь холбогдохгүй байсан юм ... М нь жаахан хэгжүүн, орон гаран яриатай хүн шиг санагдсан. Ажил төрөл уг нь сайн л хийдэг юм... Б байнга архи дарс уугаад М-н дургүйг их хүргэж байсан гэж дуулдаж байсан юм...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 61 дүгээр тал/
Гэрч З.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн “...би Б-г баривчилгаанд явахаас өмнө хөдөө гэрт нь Б-тэй малаа хариулж байгаад Б нь баривчилгаанд явах болоод би малын хариулж байсан. Тэгээд Б баривчилгаанд явахдаа надад миний мотоциклийг мал ахуйдаа унаж хэрэглээрэй гэж хэлж байсан юм. Тэгээд би Б.Б-н мотоциклыг мал ахуйгаа эргүүлж тойруулахдаа унаж хэрэглэж байсан юм...тухайн үед Б.Б-н мотоциклыг нь унаж мал ахуйгаа харж байсан учраас Б.Б-н эхнэрт хэлж Б.Б-н мотоциклийг авч явсан...Би А.М-г адуугаа туугаад Б.Б-нд очоод мотоциклийн гэрийнхэн гадаа тавьчхаад гэрт нь байж бай гэж хэлсэн....” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 104-106 дугаар талууд/
Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 19 дүгээр тал/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /хавтаст хэргийн 20-26 дугаар талууд/
Хохирогч Б.Б-д мотоциклийг үзлэг хийн хүлээлгэж өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 36-39 дүгээр талууд/,
Ашид билгүүн ХХК-ний 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн №ТХҮ-820/852 дугаартай хулгайд алдагдсан гэх мотоциклийн зах зээлийн үнэлгээг 960,000 (есөн зуун жаран мянга) төгрөгөөр тогтоосон үнэлгээний дүгнэлт /хавтаст хэргийн 65-67 дугаар талууд/ зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүгдэгч А.М нь 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Хөхморьт сумын Хүйсийн говь багийн нутагт оршин суух иргэн Б.Б-н эзэмшлийн **** ГАЗ улсын дугаартай хүрэн өнгийн Даюун загварын мотоциклийг унаж, Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багт очсон болох нь шүүгдэгч А.М-н мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “...Ингээд маргааш нь Б.Б-н мотоциклийг ачиж авч ирж өгөөд энүүгээр адуугаа туугаад яв гэж хэлсэн юм. Ингээд би адууг нь тууж явсаар байгаад Хөхморьт сумын говьд Б.Б-н хаяанд малыг нь аваачиж өгч усалчихаад мотоциклийг нь гэрийнх нь үүдэнд тавьчихаад гэрт нь ороход эхнэр, хүүхэд нь малдаа явчихсан Б аймаг руу явчихсан байсан. Тэгээд тэнд Б ирэхгүй байсан учир Б-тэй хэрэлдсэн уурандаа шууд Ховд руу буцъя гэж бодоод Хөх-морьт сумын төвөөс хувцас хунараа аваад явъя гэж бодоод Б.Б-н мотоциклийг зөвшөөрөлгүй унаад явчихсан юм...” гэсэн агуулгатай мэдүүлэг, Б.Б-н мотоциклийг зохих зөвшөөрөл авч, А.М-д адуугаа туулгахаар хүлээлгэн өгсөн талаараа мэдүүлсэн гэрч З.Б-н “...Б баривчилгаанд явахдаа надад миний мотоциклийг мал ахуйдаа унаж хэрэглээрэй гэж хэлж байсан юм. Тэгээд би Б.Б-н мотоциклыг мал ахуйгаа эргүүлж тойруулахдаа унаж хэрэглэж байсан юм...тухайн үед Б.Б-н мотоциклыг нь унаж мал ахуйгаа харж байсан учраас Б.Б-н эхнэрт хэлж Б.Б-н мотоциклийг авч явсан...” гэх мэдүүлэг, мотоциклио гэрийнхээ гадаа үлдээсэн байсныг З.Б-д авч явахыг зөвшөөрсөн талаар мэдүүлсэн хохирогч Б.Б-н “...2021 оны 05 дугаар сарын 20-ны үеэр Говь-Алтай аймгийн төвд ирсэн харин гэрт манай эхнэр, хүүхэд хоёрыг малынхаа хотон дотор байж байхад Ховд аймгаас Б гэх хүний адууг тууж ирсэн эрэгтэй хүн манай гадаа ирээд миний мотоциклийг унаад явсан гэж хэлсэн юм... би аймаг руу явахдаа мотоциклийнхоо түлхүүрийг толгой дээр нь үлдээгээд ирсэн байсан. Мөн би тухайн үед Говь-Алтай аймгийн төвд байсан...” гэх мэдүүлэг, гэрч Т.Г-н “...Б нь өөрийн эзэмшлийн ачааны машин дээрээ 10 гаран тооны адуу ачаад манай гадаа ирсэн ба ачсан адуунуудаа буулгаад М-г очиж авч ирнэ гэж хэлээд манай нөхрийн мотоциклийг ачиж аваад явсан юм. Тухайн үед надад хэлж яриад авч явсан...ингээд би орой малаа хотлуулж байхад М нь манай гэрийн гадаа мотоцикльтой очиж байсан ба би хүүхдээ дагуулаад очтол манай мотоциклийг унаад явчихсан байсан юм...” гэх мэдүүлэг, А.М З.Б-н авч ирж өгсөн мотоциклийг унаж Ховд аймагт ирсэн талаар мэдүүлсэн гэрч Х.М-н “...2021 оны 05 дугаар сарын 20-ны үед дахин тэр Болдоо гэдэг хүнтэй утсаар холбогдож байгаад Ховд аймгаас Говь-Алтай аймгийн Хөхморьт сум руу адуу ачаад явсан. Гэтэл замдаа адуу нь машинаас унахаар явган тууж байтал Б гэдэг хүн урдаас нь тосож мотоцикль авч ирж өгөхөөр нь тэр мотоциклиор нь адууг тусаар байгаад Хөхморьт сумд адууг нь хүргэж өгөөд сумын төвөөс Б-н хадам аавынхаас хэдэн хувцсаа аваад нөгөө мотоцилкио унаад Ховд аймгийн төвд хүрээд ирсэн...” гэх мэдүүлэг гэсэн хохирогч, гэрч, яллагдагч нарын зөрүүгүй мэдүүлгүүдээр хөдөлбөргүй тогтоогдлоо.
Дээрх тогтоогдсон үйл баримтаас дүгнэж үзэхэд шүүгдэгч А.М нь хохирогч Б.Б-н гэрийн гаднаас түүний эзэмшлийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл З.Б нь тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигчийн зохих ёсны зөвшөөрлөөр ашиглаж байсан болох нь түүний “...Б баривчилгаанд явахдаа надад миний мотоциклийг мал ахуйдаа унаж хэрэглээрэй гэж хэлж байсан юм... Б.Б-н мотоциклыг нь унаж мал ахуйгаа харж байсан учраас Б.Б-н эхнэрт хэлж Б.Б-н мотоциклийг авч явсан...” гэх, гэрч Т.Г-н “...ачсан адуунуудаа буулгаад М-г очиж авч ирнэ гэж хэлээд манай нөхрийн мотоциклийг ачиж аваад явсан юм. Тухайн үед надад хэлж яриад авч явсан...” гэх мэдүүлгүүдээр тогтоогдож байгаа бөгөөд тэрээр адуугаа туулгахаар А.М-д тухайн тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгсөн нь хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан мэдүүлгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Иймд шүүгдэгч А.М-н 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Хөхморьт сумын Хүйсийн говь багийн нутагт оршин суух иргэн Б.Б-н эзэмшлийн **** ГАЗ улсын дугаартай хүрэн өнгийн Даюун загварын мотоциклийг унаж, Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багт очсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авах үндсэн шинжийг хангахгүй байна. Харин Б.Б-н эзэмшлийн **** ГАЗ улсын дугаартай хүрэн өнгийн Даюун загварын мотоциклийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр Ховд аймаг руу унаж явснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч А.М-г уул гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох буюу прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн 2116000960172 дугаартай эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу үндэслэлгүйгээр хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг энэ хэрэгт хамаАтай, хууль ёсны ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлтийнхээ үндэслэл болголоо.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:
Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 100 дугаартай, 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 46 дугаартай, 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 2019/ШЦТ/123 дугаартай, 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/133 дугаартай шийтгэх тогтоолуудын хуулбар / 120-139 дүгээр талууд/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 89 дугаар тал/, хохирогч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...М надад А.М-с нэхэмжлэх мөнгө төгрөг байхгүй, гомдол санал байхгүй. Учир нь би мотоциклио буцаагаад авчихсан юм ...” гэх мэдүүлэг, Хохирогч Б.Б-д мотоциклийг үзлэг хийн хүлээлгэж өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүгдэгч А.М-н гэмт хэрэг давтан үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзлээ. Харин хохирогч Б.Б тээврийн хэрэгслээ биет байдлаар хүлээн авсан тул шүүгдэгч А.М-с хохирол нэхэмжлэхгүй гэснийг шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн гэж үзэхгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал шүүгдэгчийг хувьд тогтоогдоогүй болно.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзээд шүүгдэгч А.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч А.М-д шүүхээс оногдуулсан 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялыг өршөөн хэлтрүүлж шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч А.М-д холбогдох 2116000960172 дугаартай эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.
2. Шүүгдэгч А овогт А-н М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.М-д 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч А.М-д шүүхээс оногдуулсан 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.
5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА