Шүүх | Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
Хэргийн индекс | 177/2022/0003/э |
Дугаар | 2022/ШЦТ/05 |
Огноо | 2022-01-10 |
Зүйл хэсэг | 17.12.2.1., |
Улсын яллагч | Х.Энхтуул |
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 2022/ШЦТ/05
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул, шүүгдэгч Т.Б, түүний хууль ёсны төлөөлөгч Ц.О, тэдгээрийн өмгөөлөгч Б.Лхагважав нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш ургийн овогт Т-н Б-д холбогдох эрүүгийн 2135000000197 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ш ургийн овогт Т-н Б, 1969 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Увс аймгийн Сагил суманд төрсөн, эрэгтэй, 52 настай, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл долоо, эхнэр, хүүхдүүдийн хамт Увс аймгийн Сагил сумын дөрөвдүгээр багт оршин суудаг, урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2020/ШЦТ/165 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнссэн, регистрийн дугаар: .........
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Б нь 2020 оны 8 дугаар сард Увс аймгийн Сагил сумын дөрөвдүгээр багийн нутаг “Шугам” гэх газраас хохирогч Л.Г-ын нэг тооны гүү, нэг тооны унага буюу олон тооны бод малыг хулгайлж хохирогчид 1’100’000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн 2135000000197 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:
Улсын яллагч: - Увс аймаг дахь Цагдаагийн газрын хэсгийн цагдаа, ахлах ахлагч З.А-ийн “...Сагил сумын дөрөвдүгээр багийн малчин Л.Г-ын халтар зүсмийн унагатай гүү 8 дугаар сард хулгайд алдсан гэх мэдээлэлд биечлэн сурвалжилга хийхэд Сагил сумын дөрөвдүгээр багийн малчин Т-н Б (РД:..........) авсан болохыг илтгэх хуудсаар танилцуулав” гэх илтгэх хуудсыг (хавтаст хэргийн 02 дугаар хуудас),
- Эд мөрийн баримтаар тооцох тухай “...Т.Б-аас хураан авсан суран хазаар нэг ширхгийг эд мөрийн баримтаар тооцох үндэслэлтэй” гэх мөрдөгчийн тогтоолыг (хавтаст хэргийн 14 дүгээр хуудас),
- Л.Г-аас хохирогчоор мэдүүлэг авсан “Би өнгөрсөн жил буюу 2020 оны 8 дугаар сарын 09-ний үед Сагил сумын дөрөвдүгээр багийн нутаг Шугам гэх газраас хүрэн зүсмийн азаргатай дөч гаруй тооны ижилтэй адуунаасаа халтар зүсмийн 11 настай гүү, хээр зүсмийн эм унагатай нь алдсан юм. ...Намар нь буюу 2020 оны 11 дүгээр сарын дунд үед миний хүү Г.Б утсаар залгаад “таны алдсан халтар зүсмийн гүү Сагил сумын дөрөвдүгээр багт Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумаас ирж адуу худалдаж авч байсан Н (А.Нурбол) гэх казах хүний худалдаж авсан адуунд байна” гэж хэлсэн. Ны худалдаж авсан адуунууд манай багийн малчин С.Г гэх хүний хотонд байсныг нь манай хүү Г.Б таниад авч ирсэн. Сагил сумын дөрөвдүгээр багийн нутаг Хөх сай гэх газарт Н адуугаа туугаад Бөхмөрөн сумын чиглэлд явж байхаар нь би гүйцэж очоод “миний халтар зүсмийн гүүг ямар хүн чамд өгсөн бэ” гэж асуухад Н “танай залуу Г.Б авч явсан гүүг танай багийн малчин Т.Б гэх хэлгүй хүн 900’000 төгрөгөөр худалдсан. Надад халтар зүсмийн гүүг өгч байгаа үеийн зураг нь байна” гэж хэлээд гар утаснаасаа Т.Б-ы миний халтар зүсмийн гүүг өгч байгаа үеийн зураг үзүүлсэн.” гэх тэмдэглэлийг (хавтаст хэргийн 18-21, 24, 26 дугаар хуудас),
- Г.Б-ээс гэрчээр мэдүүлэг авсан “...би тухайн үед малын ченж нарт дөрвөн тооны адуу хүргэж өгсөн юм. Тухайн ченж нарын худалдаж авсан адуун дотор 2020 оны 8 дугаар сард алга болсон манай бор хээр зүсмийн гүү байсан. Би ченж нараас тухайн бор хээр зүсмийн гүүг хэн авч ирж өгсөн талаар асуухад Сагил сумын дөрөвдүгээр багийн иргэн хэлгүй Баяраа (Т.Б) гэдэг хүн зарсан гэж надад хэлсэн” гэх тэмдэглэлийг (хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас),
- С.Г-оос гэрчээр мэдүүлэг авсан “...2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 15-ны хооронд байх манайх одоо байгаа газарт буюу Сагил сумын дөрөвдүгээр багийн нутаг Гашуун гэх газарт байхад Ногооннуур сумын Н гэх хүн манайд ирж хонохдоо “малчдаас адуу худалдаж авахаар ирсэн” гэж хэлсэн. Н манайд ирэхдээ арав гаруй тооны адуу тууж ирээд манай гэрийн гадна чөдөрлөж хонуулсан. Маргааш нь Г.Б ирээд Ны худалдаж авсан адуунаас зун 8 дугаар сард хулгайд алдсан гэх халтар зүсмийн гүүгээ таниад Н-аас хэн өгсөн талаар асуухад “би уг халтар зүсмийн гүүг Сагил сумын малчин Т.Б гэх хүнээс худалдаж авсан” гэж хэлсэн” гэх тэмдэглэлийг (хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас),
- Б.Б-аас гэрчээр мэдүүлэг авсан “...Би 2020 оны 11 дүгээр сард Т.Бы хамт Л.Г ахын гэрт очиж түүнтэй уулзсан. Би хамт явах болсон шалтгаан нь Т.Бы эхнэр Ц.Оюунбилэг “миний нөхөр Т.Б Л.Г ахын нэг тооны гүүг аваад Баян-Өлгий аймгаас ирсэн малын ченжид худалдсан байна. Т.Б хэлгүй, дүлий болохоор Л.Гтай учир зүйгээ олж чадахгүй байх хамт яваад учир зүйг нь ололцоод ирээч” гэж гуйхаар нь явсан. ...Намайг Т.Б-тай Л.Г ахын гэрт очиход Л.Г ах Т.Б-д хандаж “миний халтар зүсмийн гүү хээр зүсмийн унагатай байсан унагыг нь авч ирж өг” гэхэд Т.Б халтар гүүний хээр унагыг төлж өгөхөөр тохиролцоод явсан” гэх тэмдэглэлийг (хавтаст хэргийн 34-36 дугаар хуудас),
- А.Н-оос гэрчээр мэдүүлэг авсан “...2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 13 цагийн үед н.Н-ынтай ойролцоо байсан н.У гэх айлд очиход тэдний гадна надад адуу зарахаар Сагил сумын дөрөвдүгээр багийн малчид болох Т.Ж, түүний төрсөн ах болох Т.Б нар ирсэн байсан. Т.Ж нь Т.Б-ы хэлмэрч хийж Т.Б надад долоон адуу зарахаар болж үнэ хөлсөө тохирсон. Би нас гүйцсэн гүүг нэг сая төгрөгөөр худалдаж авахаар тохироход н.Ууганбаярын хашаанд Т.Б адуугаа оруулж хашаад хар хээр зүсмийн баруун гуяндаа дан сар тамгатай морь, хээр зүсмийн дөрвөн настай баруун гуяндаа давхар сар тамгатай морь, халтар зүсмийн баруун гуяндаа давхар сар тамгатай гүү, хүрэн зүсмийн баруун гуяндаа давхар сар тамгатай гүү, сартай хоо зүсмийн баруун гуяндаа сар тамгатай морь, хул зүсмийн баруун гуяндаа сар тамгатай морь нийт долоон тооны адуу өгсөн.” гэх тэмдэглэлийг (хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас),
- Шинжээчийн 291 дугаартай “Увс аймгийн Сагил суманд 2020 оны 8 дугаар сарын байдлаар 11 настай гүү 800’000 (найман зуун мянга) төгрөг, унага 300’000 (гурван зуун мянга) төгрөг болохыг тус тус тодорхойлов” гэх дүгнэлтийг (хавтаст хэргийн 72 дугаар хуудас),
- Шүүх сэтгэц эмгэг судлалын 36 дугаартай “...Т.Б нь одоогоор мэдрэл, сэтгэцийн өвчин эмгэггүй байна. ...Т.Б хэрэг хариуцах чадвартай.” гэх дүгнэлтийг (хавтаст хэргийн 82-84 дүгээр хуудас),
- Шинжээчийн 337 дугаартай “2021 оны 12 дугаар сарын байдлаар Увс аймгийн Сагил суманд 4 настай морины зах зээлийн үнэ цэнийн баримжаа 800’000 (найман зуун мянга) төгрөг, нас гүйцсэн морь 1’300’000 (нэг сая гурван зуун мянга) төгрөг, хуучин эдэлж хэрэглэж байсан эмээл болон дагалдах хэрэгслийн үнэ цэнэ нийт 23’000 (хорин гурван мянга) төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлтийг (хавтаст хэргийн 91 дүгээр хуудас),
Шүүгдэгчийн өмгөөлөгч: - Шүүгдэгчийн хувийн байдлын талаар Ц.О-ээс гэрчээр мэдүүлэг авсан “...Т.Б нь зан байдлын хувьд төлөв даруухан, энгийн эелдэг боловсон харьцаатай, илүү дутуу зан аашгүй, уурладаггүй, гэрийн ажил, мал маллах ажилдаа сайн, ямар нэг муу зуршилгүй, ажилсаг, хүнд тусархуу, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, тамхи татдаг” гэх тэмдэглэлийг (хавтаст хэргийн 43-44 дүгээр хуудас),
- Б.Б-ээс гэрчээр мэдүүлэг авсан “...Төрсөн аав Т.Б нь боловсролгүй, мэргэжилгүй, ...монгол хэлээр уншиж, бичиж чаддаггүй, зан байдлын хувьд төлөв даруухан, өрөвч, эелдэг боловсон харьцаатай, уурладаггүй, гэрийн ажил, мал маллах ажилдаа сайн, ямар нэг муу зуршилгүй, ажилсаг, хөдөлмөрч, хүнд тусархаг зантай, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, тамхи татдаг, ...урьд хууль бусаар ан агнасан хэргээр шалгагдаж байсан” гэх тэмдэглэлийг (хавтаст хэргийн 46-47 дугаар хуудас),
- Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын тодорхойлолтыг (хавтаст хэргийн 119 дүгээр хуудас),
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсыг (хавтаст хэргийн 126 дугаар хуудас),
- Увс аймгийн Сагил сумын Үүрэг нуур багийн Засаг даргын тодорхойлолтыг (хавтаст хэргийн 139 дүгээр хуудас),
- Увс аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийн хуулбаруудыг (хавтаст хэргийн 146-147 дугаар хуудас),
- Шүүгдэгчийн авч байсан шагналын бичиг баримтуудыг (хавтаст хэргийн 153-157 дугаар хуудас) тус тус шинжлэн судалсан, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч нотлох баримт шинжлэн судлаагүй болно.
Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Ц.О шүүхийн хэлэлцүүлэгт “2020 оны 6 дугаар сард манай нөхөр мориноос унаж бэртээд хот руу эмчилгээнд яваад бид хоёр 2020 оны 8 дугаар сарын 15-нд хотоос ирсэн. Л.Гын адуу манай адуунд орсон талаар ярихад: би нөхөртэйгөө гэр бүл дотроо ахуйн өдөр тутмын асуудлаар ойлголцдог. Адуу малын талаар би оролцоод асуугаад байдаггүй. Нөхөр маань нуруугаа бэртээсэн байсан болохоор 10 дугаар сард мал дээр гарсан. Тэгээд 11 дүгээр сард хэдэн казак хүмүүс адуу авч байна, хоёулаа хэдэн адуу заръя гэсэн. Хоёр оюутантай учраас мөнгө төгрөг хэрэгтэй гэдгийг манай нөхрийн хувьд ойлгодог байсны хувьд морио зарчхаад ирье гээд явсан. Маргааш орой нь нөхрийн дүү Т.Ж над руу утсаар залгаад “Л.Г над руу ярилаа, түүн рүү залгаад нөхрийнхөө учир байдлыг хэлээч” гэхээр нь би Л.Г руу ярьж асуухад “танай адуунаас миний гүү гарч ирлээ, ямар учиртай вэ” гэж асуусан. Би тухайн үед учрыг нь мэдээгүй байсан. Би манай малчнаар ажилладаг Б.Б-д хэлээд манай нөхөртэй хамт яваад хэлмэрчийг нь хийгээд учир байдлыг олоод ир гээд явуулсан. Л.Г-ын гүүг зарсан байсан бөгөөд мөнгийг нь буцаагаад өгсөн нь үнэн. Манай нөхрийн хувьд ямар үйлдэл хийсэн, юунд холбогдсон гэдгээ мэдэхгүй учраас би өмнөөс нь хийсэн үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Нөхөртөө Цагдаагийн газраас дуудаж байна гэдгийг нь хар аргаар ойлгуулсан. Мөрдөгч Р.Лхагва-Очир нөхрийг дуудахад бид хоёр ирж мэдүүлэг өгсөн. Т.Б-ы хувьд хүний гүүг аваад зарсан нь үнэн. Үүнийгээ ойлгож мэдэж байгаа. Энэ үйлдэлдээ гэмшиж байгаа” гэх мэдүүлэг өгчээ.
Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Хохирогч Л.Г-ын “Би өнгөрсөн жил буюу 2020 оны 8 дугаар сарын 09-ний үед Сагил сумын дөрөвдүгээр багийн нутаг Шугам гэх газраас хүрэн зүсмийн азаргатай дөч гаруй тооны ижилтэй адуунаасаа халтар зүсмийн 11 настай гүү, хээр зүсмийн эм унагатай нь алдсан юм.” гэх мэдүүлгээр (хавтаст хэргийн 18-21 дүгээр хуудас), гэрч Г.Б-ийн “2020 оны 8 дугаар сарын 09-ний өдөр өөрийнхөө адуунд явсан. Тухайн үед манай адуу Сагил сумын дөрөвдүгээр багийн нутаг Шугам гэх газарт байсан бөгөөд манай адуунаас миний аав Л.Гын бор халтар зүсмийн 11 настай гүү, охин хээр унагатайгаа байхгүй байсан. ...Тухайн алга болсон бор халтар гүүг өөрийн нутгийн болон Түргэн сумын хүмүүсийн адуунд хайсан боловч олоогүй юм” гэх мэдүүлгээр (хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас) 2020 оны 8 дугаар сард хохирогч Л.Г-ын халтар зүсмийн 11 настай хээр унагатай гүү алга болсон нь тогтоогдож байна.
Хохирогч Л.Г-ын алдагдсан халтар зүсмийн 11 настай гүүг 2020 оны 11 дүгээр сард шүүгдэгч Т.Б гэрч А.Нурболд 900’000 төгрөгөөр зарсан болох нь гэрч А.Н-ын “...Т.Б Л.Гын халтар зүсмийн гүүг худалдахдаа дүү Т.Ж-оор дамжуулан өөрийнхөө унаган адуу гэж хэлж байсан. Мөн би Т.Баас долоон адуу өгсөн үнэн гэж бичиж өг гэхэд “Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын А.Н-д тийм зүс тамгатай долоон адуу өгсөн” гэж бичиж өгч байсан. Мөн би Т.Бы надад адуу худалдсан үеийн зургийг баримтжуулан авч байсан.” гэх мэдүүлгээр (хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас), хохирогч Л.Г-ын “...Т.Б надаас уучлалт гуйж “би таны халтар гүүг аваад өөрийнхөө адуунд байлгаж байгаад адуу худалдаж авахаар ирсэн Н-д худалдсан юм. Би танд мөнгийг нь өгье” гэж хэлээд 900’000 төгрөг гаргаж өгсөн” гэх мэдүүлгээр (хавтаст хэргийн 18-21 дүгээр хуудас) тус тус тогтоогдсон.
Гэрч Б.Б-ын “...Намайг Т.Бтай Л.Г ахын гэрт очиход Л.Г ах Т.Бд хандаж “миний халтар зүсмийн гүү хээр зүсмийн унагатай байсан унагыг нь авч ирж өг” гэхэд Т.Б халтар гүүний хээр унагыг төлж өгөхөөр тохиролцоод явсан. Энэ жил буюу 2021 оны 6 дугаар сард Сагил сумын ойролцоо Булгийн эх гэх газарт Л.Г ахынх хаваржиж байхад Т.Б халтар зүсмийн гүүний хээр унаганы оронд хээр зүсмийн даага өгч байна гэж сонссон. Т.Б даага хүргэж өгөхдөө эхнэр Ц.О, төрсөн дүү Т.Ж, түүний эхнэр н.Б нар Т.Б-ы УАЗ-469 автомашинаар хүргэж өгсөн байдаг” гэх мэдүүлгээр (хавтаст хэргийн 34-36 дугаар хуудас) шүүгдэгч Т.Б нь хохирогчийн халтар зүсмийн 11 настай гүүг хээр зүсмийн унагатайн хулгайлж авснаа хүлээн зөвшөөрч гүүний үнийг бэлнээр төлж, унаганы оронд даага өгсөн нь тогтоогдож байна.
Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Ц.О мөрдөн байцаалтын шатанд гэрчээр “...2020 оны 6 дугаар сард нөхөр Т.Б мориноос унаж эгэм, найман хавирга, дал хэсэгт яс хугарсан, энэ шалтгаанаар Улаанбаатар хот руу явж эмчилгээ хийлгээд 2020 оны 8 дугаар сарын 15-ны өдөр гэртээ ирсэн” гэж мэдүүлсэн (хавтаст хэргийн 43-44 дүгээр хуудас) байх боловч шүүхийн хэлэлцүүлгээр энэхүү үйл баримт тогтоогдохгүй байна. Мөн шүүгдэгч Т.Б Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт заасан “иргэн, аж ахуйн нэгж, байгууллага алдуул малын талаар нутгийн захиргааны байгууллагад мэдээлэх” хууль зүйн үүргээ болон малчдын дунд байдаг алдуул малын талаар зар түгээх зан заншлын хэм хэмжээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байна.
Тодруулбал мал хулгайлах гэмт хэрэг нь нууц, далд аргаар үйлдэгдэг, тухай бүр гэмт хэргийг илрүүлэх боломж хязгаарлагдмал байдаг онцлогтой. Алдуул мал завших гэмт хэргийг мал хулгайлах гэмт хэргээс дараах шинжүүдийг харгалзан ялган зүйлчлэн.
Алдуул мал гэдгийг гэм буруутай этгээдийн ямар нэг оролцоогүй, өмчлөгчийн хүсэл зоригоос шалтгаалахгүй ижил сүргээсээ тасран салж, бэлчээрээсээ холдож, өөр нутаг бэлчээрт буюу орон нутагт бэлчин байрлаж байгаа өмчлөгч, эзэмшигч нь мэдэгдэхгүй байгаа таван хошуу малыг ойлгоно.
Өмчлөгч, эзэмшигч нь мэдэгдэхгүй байгаа гэдэг нь тухайн малыг авч эзэмшилдээ байлгаж байгаа этгээд нь орон нутгийн захиргаанд тэмдэглүүлж, алдуул мал байгаа талаар тухайн орон нутгийн иргэдэд зар түгээсний дараа үүсэх ойлголт юм. Иймд шүүгдэгчийн үйлдэл алдуул мал завших гэмт хэргийн шинжгүй гэж үзнэ.
Шүүгдэгч Т.Б нь амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шунахайн сэдлээр 2020 оны 8 дугаар сард Увс аймгийн Сагил сумын дөрөвдүгээр багийн нутаг “Шугам” гэх газраас хохирогчийн халтар зүсмийн 11 настай гүүг хээр зүсмийн унагатайн буюу хоёр тооны адуу хулгайлж авсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Т.Б бусдын эд хөрөнгийг буюу адууг эзнийх нь зөвшөөрөлгүй, нууцаар авах нь хууль бус гэдгийг мэдсээр байж хохирогчийн хоёр тооны адууг хулгайлж 1’100’000 төгрөгийн хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт “энэ зүйлд заасан “олон тооны мал” гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно” гэж тодорхойлсон ба шүүгдэгч хохирогч Л.Г-ын халтар зүсмийн 11 настай гүүг хээр зүсмийн унагатайн буюу нийт хоёр тооны адуу хулгайлсан тул олон тооны мал хулгайлсан гэж үзнэ. Иймд шүүгдэгч Т.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэмт хэрэг үйлдэгдэх үед буюу Увс аймгийн Сагил суманд 2020 оны 8 дугаар сард хохирогчийн хулгайд алдсан 11 настай гүү 800’000 (найман зуун мянга) төгрөгийн, унага 300’000 (гурван зуун мянга) төгрөгийн үнэлгээтэй байсан болох нь шинжээчийн 291 дугаартай дүгнэлтээр (хавтаст хэргийн 72 дугаар хуудас) тогтоогдож байна. Тодруулбал гэмт хэргийн улмаас хохирогчид 1’100’000 төгрөгийн хохирол учирсан гэж үзнэ.
Хохирогч Л.Г “...Надад одоо нэхэмжлэх зүйл, гомдол, санал хүсэлт байхгүй, би хохирлоо нөхөн төлүүлсэн” гэж мэдүүлсэн (хавтаст хэргийн 26 дугаар хуудас) тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг нөхөн төлөгдсөн гэж дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Т.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагч “...Шүүгдэгч Т.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай байна. ... Шүүгдэгч Т.Б энэ гэмт хэргийг үйлдэж 900’000 төгрөгийн ашиг олсон гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс 900’000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох” гэх саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгч “...шүүгдэгчийн анх удаа энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгож байгаа, хэргийн нөхцөл байдал, хохирол төлбөрөө төлсөн, гэмшиж байгаа нөхцөл байдал зэргийг харгалзаж үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар улсын яллагчаас оруулж ирж байгаа 2 жил 6 сарын хорих ялыг багасгаж оногдуулаад 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар оногдуулах хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар гэрч Б.Б-ийн “...Төрсөн аав Т.Б нь боловсролгүй, мэргэжилгүй, ...монгол хэлээр уншиж, бичиж чаддаггүй, зан байдлын хувьд төлөв даруухан, өрөвч, эелдэг боловсон харьцаатай, уурладаггүй, гэрийн ажил, мал маллах ажилдаа сайн, ямар нэг муу зуршилгүй, ажилсаг, хөдөлмөрч, хүнд тусархаг зантай, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, тамхи татдаг, ...урьд хууль бусаар ан агнасан хэргээр шалгагдаж байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46-47 дугаар хуудас), Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын тодорхойлолт (хавтаст хэргийн 119 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 126 дугаар хуудас), Увс аймгийн Сагил сумын Үүрэг нуур багийн Засаг даргын тодорхойлолт (хавтаст хэргийн 139 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлжээ.
Дээр дурдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Б нь эхнэр хүүхдүүдийн хамт мал аж ахуй эрхэлж амьдардаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2020/ШЦТ/165 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнссэн гэх хувийн байдал тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, хүнд ангиллын гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Т.Бд 2 (хоёр) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж заасан бөгөөд энэхүү шүүхэд эрх олгосон (диспозитив) хэм хэмжээг хэрэглэх эсэхээ мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно. Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялын доод хэмжээнээс хөнгөрүүлж оногдуулах үндэслэлгүй гэж дүгнэв.
2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалтад “энэ хуулийн үйлчлэлд 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна” гэж,
мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан ...Мал хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/ ...гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Т.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийг 2020 оны 8 дугаар сард буюу 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдсэн байх тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байна.
Шүүгдэгч Т.Б нь Өршөөл үзүүлэх тухай 1991 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хууль, 1996 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн хууль, 2000 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн хууль, 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн хууль, 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хууль, 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдөж байгаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, шүүгдэгч Т.Б нь Увс аймгийн Сагил сумын дөрөвдүгээр багт байнга оршин суух хаягтай гэх Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, 4 дүгээр зүйлийн 4.2, 12 дугаар зүйлийн 12.14 дэх хэсэгт тус тус заасан шаардлагуудыг хангаж байна.
Өршөөл үзүүлэх тухай хуульд ял дүйцүүлэн солих аргачлалыг тодорхойлоогүй байх бөгөөд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт “...зорчих эрхийг хязгаарлах ялын нэг өдрийг хорих ялын нэг хоногоор тооцож ... дүйцүүлэн хасна” гэж ял дүйцүүлэн хасах аргачлалыг тодорхойлсон тул энэхүү аргачлалаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялын нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож дүйцүүлэн солих нь зүйтэй.
Иймд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Т.Б-д оногдуулсан 2 (хоёр) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялыг 2 (хоёр) жил 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих нь үндэслэлтэй.
Шүүгдэгч нь уламжлалт нүүдлийн мал аж ахуй эрхэлж амьдардаг ба байгалийн гамшиг, цаг уурын нөхцөл байдал, бэлчээрийн нөөцөөс шалтгаалан нүүдэллэх шаардлага гарч болзошгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэх хэлбэрээр зорчих эрхийг хязгаарлах ялыг тогтоох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг ...хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 3 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Т.Б нь хохирогчийн халтар зүсмийн 11 настай гүүг гэрч А.Нурболд зарж 900’000 төгрөгийн орлого олсон, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг нөхөн төлөгдсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгчээс 900’000 төгрөгийг албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Т.Б-ы хүрэн зүсмийн дөрвөн настай, хул зүсмийн нас гүйцсэн хоёр тооны морийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэж дүгнэж 2021 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн 45 дугаартай прокурорын тогтоолоор (хавтаст хэргийн 12 дугаар хуудас) битүүмжилжээ. Шүүхийн хэлэлцүүлгээр шүүгдэгч мал хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ морийг уналга болгож ашигласан үйл баримт тогтоогдоогүй тул шүүгдэгчийн хүрэн зүсмийн дөрвөн настай, хул зүсмийн нас гүйцсэн хоёр тооны морийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн суран хазаар нэг ширхгийг шүүгдэгчид буцаан олгох нь зүйтэй.
Шүүгдэгч Т.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш ургийн овогт Т-н Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Т.Б-ыг 2 (хоёр) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.Б-д оногдуулсан 2 (хоёр) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Т.Б-д оногдуулсан 2 (хоёр) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялыг 2 (хоёр) жил 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.
5. Шүүгдэгч Т.Б-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргээр тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 900’000 төгрөгийг шүүгдэгч Т.Б-аас албадан гаргуулж улсын төсөвт оруулсугай.
8. Шүүгдэгч Т.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
9. Шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
10. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Т.Б-ы эзэмшлийн хүрэн зүсмийн дөрвөн настай, хул зүсмийн нас гүйцсэн хоёр тооны морийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн суран хазаар нэг ширхгийг шүүгдэгчид буцаан олгосугай.
11. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА