Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 00147

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: 1980 оны 12 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, 37 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хөгжмийн багш мэргэжилтэй, “Эрдмийн-Өргөө” цогцолбор сургуульд дуу, хөгжмийн багш ажилтай, Булган аймгийн Булган сумын 3 дугаар багийн 3в-6-7 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Булган аймгийн Булган сум 1 дүгээр баг 14-4 тоотод түр оршин суух, Шарчин овогт Хишигнямын Золзаяа /РД:МЗ80120665/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1978  оны 12 дугаар сарын 28-ны өдөр  төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны Гал унтраах 50 дугаар ангид жолооч ажилтай,  Булган сумын 3 дугаар багийн 3в-6-7 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Хангал сумыын Хялганат тосгон Голын үах гэх газар түр оршин суух, Халх овогт  Гомбын Батбаяр /РД:ГЭ78122813/-т холбогдох,

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгө хуваалгах нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2017/00102/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.Золзаяа, түүний өмгөөлөгч М.Даваасүрэн, хариуцагч Г.Батбаяр, нарийн бичгийн дарга С.Гончигбал нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.Золзаяа нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Золзаяа миний бие нь 2006 оны 4 дүгээр сард нөхөр Г.Батбаяртай гэр бүл болж гэрлэлтээ бүртгүүлэн 2012 оны 7 дугаар сар хүртэл нэг дор нэг гэрт сайн сайхан амьдарч байсан. 2007 оны 08 дугаар сарын 21-ний өдөр охин Б.Номин-Эрдэнэ төрсөн. Ер нь Г.Батбаяр архи уухаараа их агсан зантай байсан. 2012 оны 7дугаар сараас архи уух нь улам бүр нэмэгдэх болж охин бид 2-т агсам согтуу тавьж улмаар удаа дараа эрх чөлөөнд халдах зэргээр авирлах нь нэмэгдэх болсон тул цаашид хамт амьдрах нөхцөлгүй болгосон.Өөрөөр хэлбэл Батбаяр бид 2 таарамжгүй, бие биедээ итгэх сэтгэлгүйгээс бидний хоорондын харьцаа эрс муудаж 4 жил гаруй тусдаа амьдарч байна. Иймд гэрлэптээ цуцлуулж охин Номин-Эрдэнийг өөрийн асрамжинд авч эцэг Батбаяраас тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Хамтран амьдарч байх хугацаандаа бид хоёр 8х5 харьцаатай хашаа байшин худалдан авсан түүнд одоо Батбаяр амьдарч байгаа. Мөн суудлийн автомашин 5800000 төгрөгөөр худалдаж авсан, үүнийг 2016 онд худалдан борлуулж хамт байхдаа авсан банкны зээлээ төлөх гэтэл Батбаяр зөвшөөрөөгүйн улмаас худалдан авсан хүнд шилжүүлж чадаагүй би 1500000 төгрөгний өртэй болсон. Банкны зээлэнд хийсэн. Иймд дээрх хөрөнгөөс охин бид 2 оногдох хувиа авах хүсэлтэй байна. Бид хамт амьдарч байх хугацаандаа 2011 онд автомашин худалдан авах, амьдралаа дээшлүүлэх зорилгоор 8000000 төгрөгний зээл авсныг хамт амьдарч байх хугацаанд 1 жил төлөлцөөд тусдаа амьдрах болсноос хойш нэг ч удаа төлөөгүй. Энэ зээл зээлийн хүүд миний бие нийт 6 сая гаруй төгрөг төлсөн боловч 6 сая төгрөгний үлдэгдэлтэй байхад миний цалин хүрэхгүйн улмаас хугацаа хэтрэлтэнд орж банк шүүхэд хандахад Батбаяр үлдсэн 6 сая төгрөгийн тал хувь болох 3 сая төгрөгийг төлөхөөр болсон боловч төлөхгүй байгаа тул гаргуулахаар тус тус нэхэмжлэл гаргасан. Бид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн асуудлаа харилцан тохиролцож Батбаяр нь банкны зээлийн төлбөрийн тавин хувь болох 3000000 төгрөг, машин зарж чадаагүйгээс үүссэн өр 1500000 төгрөг, нийт 4500000 төгрөгийг төлөх, 18-09 БУА улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг Золзаяагийн нэр дээр шилжүүлэхээр, Булган аймгийн Булган сумын 3 дугаар баг В хэсгийн 6-9-02 тоотод байрлалтай, 000121461 тоот улсын бүртгэлийн гэрчилгээ бүхий хашаа, байшинг Батбаярын өмчлөлд үлдээхээр болж эвлэрлийн гэрээ байгуулсан тул нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хангаж өгнө үү гэв.

Хариуцагч Г.Батбаяр нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Бид 2006 оны 4 дүгээр сард гэр бүл болж гэрлэлтээ бүртгүүлэн 2012 оны 7 дугаар сар хүртэл нэг дор нэг гэрт сайн сайхан амьдарч байсан. 2007 оны 08 дугаар сарын 21-ний өдөр охин Б.Номин-Эрдэнэ төрсөн. Миний бие архи уудаг байсан нь үнэн. Х.Золзаяа өөр хүнтэй явалдаад байхаар нь би зодох, агсам тавих болсон. Тэгээд ч дийлээгүй Х.Золзаяа сүүлдээ нөгөө хүнтэйгээ хамт амьдрах болсон. 2012 онд тэр залуу нь манай гадаа ирж намайг дуудаад байхаар нь гарад очтол намайг модоор цохиж алах шахсан. Би барьж аваад дарж байгаад цагдаа дуудаж өгч байсан удаа байгаа. Х.Золзаяа одоо нөгөө залуутайгаа хамтран амьдарч байгаа тул бид эвлэрэх боломжгүй юм. Иймд гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүх хуралдааны явцад зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Хариуцагч Г.Батбаяр нь банкны зээлийн төлбөрийн тавин хувь болох 3000000 төгрөг, машин зарж чадаагүйгээс үүссэн өр 1500000 төгрөг, нийт 4500000 төгрөгийг төлөх, 18-09 БУА улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг Г.Золзаяагийн нэр дээр шилжүүлэхээр, нэхэмжлэгч Г.Золзаяа нь Булган аймгийн Булган сумын 3 дугаар баг В хэсгийн 6-9-02 тоотод байрлалтай, 000121461 тоот улсын бүртгэлийн гэрчилгээ бүхий хашаа, байшинг Г.Батбаярын өмчлөлд үлдээхийг хүлээн зөвшөөрч харилцан тохиролцов гээд талууд гарын үсгээ зуржээ.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.Золзаяа нь хариуцагч Г.Батбаяраас гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгө хуваалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх хуралдааны шатанд зохигчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгө хуваалгах шаардлагадаа хариуцагч Г.Батбаяр нь банкны зээлийн төлбөрийн тавин хувь болох 3000000 төгрөг, машин зарж чадаагүйгээс үүссэн өр 1500000 төгрөг, нийт 4500000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх, 18-09 БУА улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг Х.Золзаяагийн нэр дээр шилжүүлэхээр, нэхэмжлэгч Х.Золзаяа нь Булган аймгийн Булган сумын 3 дугаар баг В хэсгийн 6-9-02 тоотод байрлалтай, 000121461 тоот улсын бүртгэлийн гэрчилгээ бүхий хашаа, байшинг Г.Батбаярын өмчлөлд үлдээхээр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хамтран өмчлөх дундын эд хөрөнгө хуваалгах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Х.Золзаяа, хариуцагч Г.Батбаяр нар нь 2006 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр гэр бүл болсныг Булган аймгийн Булган сумын  иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд  2006 оны 8 дугаар сарын 21-ний өдөр бүртгэж 277 дугаартай гэрчилгээ олгосон байна.

2017 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулж, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг амжилтгүй болсон үндэслэлээр дуусгавар болгосон байна.

Гэрлэгчид нь хамт амьдарч байх хугацаандаа таарч тохирохгүйгээс 2012 оны 7 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа, цаашид харилцан бие биеэ хайрлан хүндэтгэж хамт амьдрах боломжгүй, гэр бүлийн гишүүдийн хооронд итгэлцэл үгүй болсон зэргийг харгалзан эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр шүүх гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Зохигчдын дундаас 2007 оны 08 дугаар сарын 21-ний өдөр охин Б.Номин-Эрдэнэ төрсөн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэлийн хүрээнд хүүхдийн асрамжийг шийдвэрлэхэд хүүхдийн эрхэд хохирол учруулах шалтгаангүй тул  охин Б.Номин-Эрдэнийг эхийнх нь асрамжинд үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Хүүхдийг хэний асрамжид үлдээснээс үл хамааран эцэг, эхийн хэн аль нь нөгөөгөө Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан үүргээ хэрэгжүүлэхэд нэгэн адил хязгаар тавихгүй байхыг анхаарвал зохино.

Тус шүүхийн шүүгчийн 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 331 дугаартай захирамжаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж төлөх хугацааг хойшлуулсан, зохигчид шүүх хуралдааны шатанд хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс 12500000 төгрөг гаргуулах шаардлагадаа харилцан тохиролцож эвлэрсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч, хариуцагчид хувааж хариуцуулахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан Х.Золзаяагийн нэхэмжлэлтэй, Г.Батбаярт холбогдох хамтран өмчлөх дундын эд хөрөнгө хуваалгах хэрэгт хариуцагч Г.Батбаяр нь банкны зээлийн төлбөрийн тавин хувь болох 3000000 /гурван сая/төгрөг, машин зарж чадаагүйгээс үүссэн өр 1500000  /нэг сая таван зуун мянга/ төгрөг, нийт 4500000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгийг нэхэмжлэгчид төлөх, 18-09 БУА улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг Х.Золзаяагийн нэр дээр шилжүүлэхээр, нэхэмжлэгч Х.Золзаяа нь Булган аймгийн Булган сумын 3 дугаар баг В хэсгийн 6-9-02 тоотод байрлалтай, 000121461 тоот улсын бүртгэлийн гэрчилгээ бүхий хашаа, байшинг Г.Батбаярын өмчлөлд үлдээхээр харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 
  2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Шарчин овогт Хишигнямын Золзаяа, Халх овогт Гомбын Батбаяр нарын гэрлэлтийг цуцалсугай.
  3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан  2007 оны 08 дугаар сарын 21-ний өдөр охин Б.Номин-Эрдэнийг эх Х.Золзаяагийн  асрамжинд үлдээсүгэй.
  4.  Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.5, 40-р зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2007 оны 08 дугаар сарын 21-ний өдөр охин Б.Номин-Эрдэнийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг Г.Батбаяраар тэжээн тэтгүүлж, тэтгэлэгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Х.Золзаяад даалгасугай.
  5. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурьдаж, амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.
  6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 107475 /нэг зуун долоон мянга дөрвөн зуун далан тав/ төгрөг гаргуулж Төрийн санд, хариуцагчаас 206301 /хоёр зуун зургаан мянга гурван зуун нэг/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид 70200 /Далан мянга хоёр зуу/ төгрөг, Төрийн санд 136101 /нэг зуун гучин зургаан мянга нэг зуун нэг/ төгрөгийг тус тус олгосугай.
  7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар хариуцагч  Г.Батбаяр нь хүүхдээ эрүүл чийрэг өсөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, тэдгээрт суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалах үүргээ биелүүлэхэд нь саад болохгүй байхыг эх Х.Золзаяад даалгасугай.
  8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Батцэцэгт даалгасугай.
  9.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхэд ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
  10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            О.ОДОНЧИМЭГ