Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2016/0165

 


“Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, Л.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Сүхбаатар, Б.Пүрэвням, хариуцагч П.Номин-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.И нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны  01 дүгээр сарын 14-ний өдрийн 44 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, “Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар болон улсын байцаагчид холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Н” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Торгуулийн хэмжээг шинэчлэн тогтоох акт гарах энэхүү хугацаанд буюу 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 441 дүгээр шийдвэрээр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын 2012 оны 04 дүгээр “Давамгай байдалтай аж ахуй эрхлэгчдийг тогтоох тухай” тогтоолын “Н” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг хүлээн зөвшөөрсөн. Өөрөөр хэлбэл, “Н” ХХК-ийн давамгай байдал үгүйсгэгдэж анхнаасаа давамгай байдалтай байгаагүй нь тогтоогдсон тул 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 0000090 дугаар шийтгэврийг үйлдэх нөхцөл байдал бүрдээгүй буюу давамгай байдлаа хууль бусаар ашигласан гэх Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасан зөрчилд хамаарахгүй...

Торгуулийн хэмжээг шинэчлэн тогтооход шүүхийн шийдвэр, магадлалд зааснаас өөр онцгой нөхцөл байдал болох дээр дурдсан “Н” ХХК-ийн давамгай байдлыг үгүйсгэсэн шүүхийн шийдвэр 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс хуулийн хүчин төгөлдөр болсон. Энэ нь “Н” ХХК-ийн гаргасан гэх зөрчлийг Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д хамааруулах ямар ч хууль зүйн үндэслэлгүй,  харин зөрчил гаргасан гэж үзвэл уг хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-д заасан зөрчилд л хамааруулах юм... Иймд, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Ж.Оийн 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 0000008 дугаар шийтгэврийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Б.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.И нар шүүхэд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгчийн буруутгаад буй улсын байцаагчийн дээрх үйлдэл, тодруулвал Өрсөлдөөний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2 дахь хэсгийг баримтлан “Н” ХХК-д торгууль оногдуулсан үйлдэл нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2, 19 дүгээр зүйлийн 19.2-т заасан үүргээ биелүүлсэн үйлдэл юм... Улсын Дээд шүүх болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүдийг хүчин төгөлдөр бус гэж тооцох хууль зүйн үндэслэл тогтоохгүй байна. “Н” ХХК-ийг давамгай байгууллагаар тогтоосон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2012 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 4 дүгээр тогтоолыг хүчингүйд тооцсон анхан шатны шүүхийн шийдвэр нь нэгэнт хүчин төгөлдөр болсон Монгол Улсын Дээд шүүхийн тогтоолыг хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэл болохгүй. Иймд, улсын байцаагчийн дээрх үйлдлийг хууль бус гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 44 дүгээр шийдвэрээр: Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Н” ХХК-ийн “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Ж.Оийн 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 0000008 дугаар шийтгэврийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М, Б.С нар давж заалдах гомдолдоо: ...1. Анхан шатны шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй тухайд:

Талууд маргаан бүхий актын үндэслэл болсон үйл баримтын тухай, Улсын Дээд шүүхийн тогтоолын дагуу дахин шийтгэвэр гарах ёстой байсан эсэх тухай болон “Н” ХХК-ийг “Давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон” тогтоол илт хууль бус байсан эсэх тухайд маргаагүй бөгөөд эдгээр нь маргах боломжгүй буюу хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримт, факт юм.

Гагцхүү тухайн шүүхийн шийдвэрүүдийг хэрхэн уялдуулан хэрэгжүүлж биелүүлэх тухай асуудал нь маргааныг шийдвэрлэхэд онцгой ач холбогдолтой. Энэ талаар шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хүсэлтийг шийдвэрлэсэн Улсын Дээд шүүхийн 2015 оны 86 дугаар тогтоолд тодорхой заасан. Тодруулбал, “Н” ХХК-ийн давамгай байдлыг үгүйсгэсэн Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2015 оны 441 дүгээр шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 179 дүгээр зүйлийн 179.1.3-д заасан “шинээр илэрсэн нөхцөл”-д хамаарч байх боловч дахин хянах шаардлагагүй байна. Учир нь, түдгэлзүүлсэн шийтгэврийг дахин гаргахдаа энэхүү нөхцлийг харгалзан үзэх боломжтой бөгөөд түүнд нь нэхэмжлэгч маргах эрхтэй байна гэж дүгнэсэн байдаг.

Гэтэл анхан шатны шүүх “Маргаан бүхий акт нь Монгол Улсын Дээд шүүхийн 2013 оны 168 дугаар тогтоолыг биелүүлж гарсан байх тул “Н” ХХК-ийн давамгай байдал үгүйсгэгдэж, анхнаасаа давамгай байдалтай байгаагүй нь тогтоогдсон гэх тайлбар үндэслэлгүй” гэж дүгнэсэн нь илтэд хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй”, мөн зүйлийн 40.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж тус тус заасныг зөрчиж байна.

2. Шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд хамааралтай нөхцөл байдлын тухайд:

Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч Улсын Дээд шүүхийн тогтоолыг биелүүлсэн гэх тайлбар гаргасныг анхан шатны шүүх зөвтгөж шийдвэрлэхдээ дараах нөхцөл байдлыг орхигдуулсан. Үүнд: Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 153 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 208 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2013 оны 168 дугаар тогтоолын дагуу “Зөрчилд хамаарах бараа бүтээгдэхүүн болох АИ-92 автобензин, дизель түлшний борлуулалтын орлогыг зөв тодорхойлох, “Давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын тогтоолыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 441 дүгээр шийдвэр буюу “Зөрчил гаргасан аж ахуй эрхлэгчийн эрх зүйн байдал өөрчлөгдсөн эсэхийг тодруулах”, Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 441 дүгээр шийдвэр нь шинээр илэрсэн нөхцөл мөн эсэхийг тогтоосон Улсын Дээд шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 86 дугаар тогтоол буюу “Энэхүү хэрэг маргаанд тус шийдвэр шууд нөлөөлж байгаа бөгөөд улсын байцаагч дахин шинэ акт гаргахдаа харгалзан үзэх боломжтой” зэрэг нөхцөл байдлуудыг хамтатган шийдвэрлэх ёстой байсан.

Харин анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлын хоёрыг нь орхигдуулсан нь Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хувь хүн, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй”, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Захиргааны хэргийн шүүхийн хүчин төгөлдөр актыг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох бүх байгууллага, албан тушаалтан, иргэн заавал биелүүлнэ” гэж тус тус заасантай нийцэхгүй байна.

Түүнчлэн “улсын байцаагч заавал мэдэх боломжтой байсан гэж үзэх үндэслэлгүй” гэх дүгнэлт нь ойлгомжгүй байна. Өрсөлдөөний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч, орон нутагт улсын байцаагч ажиллана” гэж заасан. Өөрөөр хэлбэл, хариуцагч улсын байцаагч нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын чиг үүргийг хэрэгжүүлэгч бөгөөд тухайн байгууллагад холбогдох шүүхийн шийдвэрийг тусгайлан ажилтанд нь мэдэгдэх, мэдэх боломжийг түүнд олгох нь нэхэмжлэгчийн үүрэг биш юм. Нөгөө талаас улсын байцаагч нь уг нөхцөл байдлыг өөрөө тодруулах ёстой буюу энэ талаар дахин шинэ акт гаргахдаа хяналт, шалгалт явуулах үүрэг бүхий этгээд болно.

Мөн анхан шатны шүүх зөрчилд холбогдох бараа бүтээгдэхүүний нийт үнээс 1,2 хувиар тооцож оногдуулсан нь хуульд нийцсэн гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Гэтэл маргаан бүхий актыг Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн гаргасан тул торгууль ногдуулах орлогыг зөв тодорхойлсон эсэх нь уг актын хууль зүйн үндэслэлийг шалгахад ач холбогдолгүй бөгөөд зөв тодорхойлсон байсан ч тус актын алдааг зөвтгөх үндэслэл болохгүй. Иймд, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 44 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

“Н” ХХК нь “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Ж.Оийн 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 0000008 дугаар шийтгэврийг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл өмнө нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 0000090 тоот шийтгэвэр гаргаж “зах зээл дэх давамгай байдлаа хууль бусаар ашиглан А92 автобензин болон дизель түлшний борлуулалтыг хязгаарлаж, зохиомлоор хомсдол бий болгосон” гэсэн үндэслэлээр “Н” ХХК-ийг 4.965.063.006 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулж байжээ. Дээрх шийтгэвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрч нэхэмжлэл гаргасан бөгөөд Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 153 дугаар шийдвэрээр маргаан бүхий актыг хүчингүй болгосон, улмаар тухайн хэргийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 208 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 168 дугаар тогтоолоор хянаад “өрсөлдөөнийг хязгаарласан нь үндэстэй, тооцоолол буруу” гэсэн үндэслэлээр “хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулж, дахин шинэ акт гартал Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 0000090 тоот шийтгэврийг түдгэлзүүлж” шийдвэрлэсэн байна.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 208 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 168 дугаар тогтоолыг тус тус биелүүлж, 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 0000008 дугаар шийтгэврээр “зохиомлоор А92 автобензин, дизель түлшний хомсдол бий болгосон, борлуулалтыг зогсоож, хэмжээг хязгаарлан Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасан зөрчил гаргасан” гэж үзэж, Өрсөлдөөний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2 дахь заалтыг баримтлан, өөрөөр хэлбэл  “Н” ХХК-г зах зээлд давамгай байдалтай аж ахуйн нэгж гэж үзэж 2.866.145.220 төгрөгийн торгууль ногдуулжээ.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч дээрх шийтгэврийг гаргахдаа “Газрын тосны бүтээгдэхүүний импортын 90-ээс дээш болон 90-ээс доош октантай автобензинийн, түүнчлэн дизель түлшний зах дээлд тус тус давамгай байдалтай аж ахуй эрхлэгч болохыг тогтоосон Шударга, өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын 2012 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 04 дүгээр тогтоолын “Н” ХХК-д холбогдох хэсэг нь илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн” Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 441 дүгээр шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байгааг анхаараагүй нь буруу болжээ. Учир нь, шүүхийн шийдвэрээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2012 оны 04 дүгээр тогтоолыг шүүх илт хууль бус болохыг тогтоосноор, “Н” ХХК-ийг зах зээл дэх давамгай байдалтай аж ахуйн нэгж гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй болсон байна.

Түүнчлэн  441 дүгээр шийдвэрийг үндэслэн “Н” ХХК нь “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааны 2013 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 208 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 168 дугаар тогтоол зэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах тухай” хүсэлт гаргасныг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 86 дугаар тогтоолоор “Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны 2013 оны 168 дугаар тогтоолоор торгууль ногдуулсан захиргааны актын биелэлтийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гартал түдгэлзүүлжээ. Иймд дахин шинэ захиргааны акт гаргахад Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 441 дүгээр шийдвэрийг харгалзан үзэх боломжтойгоос гадна шинээр гаргасан захиргааны актын талаар талууд маргах гомдол, нэхэмжлэл гаргах эрх нээлттэй болно” гэж дүгнэж шийдвэрлэжээ.

Дээрх байдлуудаас үзэхэд хариуцагч нь шүүхийн магадлал, тогтоолыг биелүүлж, 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 0000008 тоот шийтгэврийг гаргахдаа /“Н” ХХК-ийг зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгч болохыг тогтоосон Шударга, өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын 2012 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 04 дүгээр тогтоолыг илт хүчин төгөлдөр болохыг хүлээн зөвшөөрсөн/ хуулийн хүчин төгөлдөр анхан шатны шүүхийн 441 дүгээр шийдвэрийг харгалзан үзэлгүй, дахин шинэ акт гаргасан нь Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 27 дугаар зүйлийн 27.1.2 дахь заалтыг зөрчсөн байна.

Тодруулбал, хариуцагч нь “Н” ХХК-ийг А92 автобензин болон дизель түлшний борлуулалтыг хязгаарлаж, зохиомлоор хомсдолыг бий болгосон, уг үйлдэл нь тогтоогдсон тохиолдолд Өрсөлдөөний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3-д заасан хариуцлагыг хүлээлгэх ёстой байжээ. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ эдгээр үндэслэлүүдийг харгалзан үзэлгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, маргаан бүхий актыг Өрсөлдөөний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2-т заасантай нийцсэн гэж үзсэн нь буруу байна.

Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.    Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 44 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 27 дугаар зүйлийн 27.1.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Ж.Оийн 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 0000008 дугаар шийтгэврийг хүчингүй болгосугай.

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах шатны журмаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж, буцаан олгосугай. 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                         Б.МӨНХТУЯА

              ШҮҮГЧ                                                                     Э.ЗОРИГТБААТАР

              ШҮҮГЧ                                                                     Э.ХАЛИУНБАЯР