Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 030

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Сонинболор даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: О ХХК-нийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х аймгийн ... сумын Засаг даргад холбогдуулан гаргасан,

Нэхэмжлэлийн шаардлага: О  ХХК-нийн эзэмшлийн XV-018983 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн 2019 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан татгалзлыг хууль бус болохыг тогтоолгох, О  ХХК-нийн эзэмшлийн XV-018983 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн 2019 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг хариуцагчид даалгахыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н , хариуцагч, Х аймгийн ... сумын Засаг дарга С.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ням-Адъяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч О  ХХК-нийн захирал Х.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О ХХК нь Х аймгийн ... сумын нутаг дэвсгэрт орших Ч худаг нэртэй газарт 1149.79 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг. Уг зөвшөөрлийг 2016 оны 6 дугар сарын 06-ны өдөр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс 3 жилийн хугацаатай олгосон. Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа 2019 оны 6 сарын 06-ны өдөр дуусч байгаа тул Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.-д заасны дагуу Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, 2019 оны 5 сарын 02-ны өдөр буюу хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө .... сумын Засаг даргатай уулзаж төлөвлөгөөг батлуулах гэсэн боловч батлахаас татгалзсан. Дараа нь 2019 оны 5 сарын 16-ны өдөр дахин төлөвлөгөөг батлуулахаар уулзсан боловч төлөвлөгөөг батлахаас татгалзсан.

Манай компани XV-018983 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлөө 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэст гаргасан боловч Кадастрын хэлтсээс байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулсан баримт бүрдүүлж ирүүлэх шаардлага тавьж, тусгай зөвшөөрлийн өргөдлийг сунгуулах өргөдлийг шийдвэрлээгүй байна. Энэ нь ... сумын Засаг даргаас манай компанийн менежментийн төлөвлөгөөг батлахаас үндэслэлгүйгээр татгалзсантай холбоотой.

Хуульд заасан хугацаанд шинэчлэн боловсруулж, батлуулахаар хүргүүлсэн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас үндэслэлгүйгээр татгалзаж, хуулиар хүлээсэн үүргээ зөрчиж байгаа ... сумын Засаг даргын хууль бус татгалзлын улмаас хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулж чадахгүй, эрх хууль ёсны ашиг сонирхол ноцтой зөрчигдөж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н шүүх хуралдаанд тайлбарлахдаа: О  ХХК нь Х аймгийн ... сумын ... худаг гэх нэртэй газарт 1149.79 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Дээрх тусгай зөвшөөрлийг 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр олгосон ба тусгай зөвшөөрлийн хугацаа 2019 оны 6 сарын 06-ны дуусч байгаа тул Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасны дагуу Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, 2019 оны 5 сарын 02-ны өдөр буюу хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө ... сумын Засаг даргаар төлөвлөгөөг батлуулахаар уулзсан боловч Х аймгийн ... сумын Засаг дарга С.Л нь тодорхойгүй шалтгаанаар байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан.

Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг ямар шалтгаанаар татгалзаж буцаасан талаар компанийн зүгээс 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 19/002/017 албан бичгээр тайлбар ирүүлэхийг хүссэн. Х аймгийн .... сумын Засаг даргаас 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 01/148 дугаар албан бичгээр байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянаж батлахтай холбоогүй тайлбарыг ирүүлсэн. Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хуульд заасан ямар үндэслэлээр батлахаас татгалзсан талаар бус нутгийн иргэдийн иргэд дэмжихгүй байна гэсэн шалтгааныг дурдсан байсан.

Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д энэ хуулийн 40.1-д заасан төлөвлөгөөг мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-д заасны дагуу батална. 38 дугаар зүйлийн 38.2-д сумын Засаг дарга байгаль орчны менежментийн төлөвлөгөө түүний өөрчлөлтийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор хянан баталж, тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ гэж заасан. Гэтэл хуульд заасан хугацаанд байгаль орчныг төлөвлөгөөг батлахаас татгалзахаас гадна ямар ч хуульд заасан үндэслэлгүйгээр батлахаас татгалзсан хууль бус юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Х аймгийн ... сумын Засаг дарга С.Л  шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ашигт малтмалын газраас “О ” ХХК-нд 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Х аймгийн ... сумын нутаг, Ч худаг гэх нэртэй газарт ашигт малтмалтын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон байдаг. Миний бие 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Б/08 дугаар захирамжаар Ховд аймгийн ... сумын Засаг даргаар томилогдсон.

Ажлаа аваад .... сумын 5 багийн жишиг хуралдаан хийхэд ард иргэдээс ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй компаниудын лицензийг нь хүчингүй болгуулах арга хэмжээ авч ажиллахыг хүссэн. Тийм учраас Х аймгийн ... сумын Засаг даргын 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 01/78 дугаар албан бичгээр тус суманд хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй компаниудын байгаль орчны төлөвлөгөөг батлахгүй гэдгээ Ашигт малтмалын газарт хүргүүлсэн.

О  ХХК-нийн төлөөлөл нь 2019 оны 5 сарын дундуур манай сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчтай уулзаж, байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөгөө үзүүлсэн байдаг ба уг төлөвлөгөө нь алдаатай байсан тул буцааж явуулсан гэдэг. Надтай уулзсан зүйл байхгүй. Харин 2019 оны 5 дугаар сарын сүүлээр “О ” ХХК-иас байгаль орчны төлөвлөгөөг батлахгүй байгаа талаар хариу ирүүлнэ үү гэхээр Х аймгийн ... сумын Засаг даргын 2019 оны 6 сарын 03-ны өдрийн 01/148 дугаар албан бичгээр хариу өгсөн.

Багийн жишиг хуралдаанаар Алтан хөхийн уулсын тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг нэмэгдүүлэх тухай багийн Иргэдийн нийтийн хурлын шийдвэр гарч, сумын болон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Байгаль орчин аялал жуучлалын газарт хүргүүлсэн байдаг. О  ХХК-нийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий Ч худаг нэртэй газар нь ... сумын Гахайт, Цагаанбулан, Баянхошуу багийн нутаг дэвсгэрийг хамаардаг ба тус багийн иргэдийн өвөлжөө, хаваржааны газар байдаг тул хайгуулын тусгай зөвшөөрөлтэй компаниудын үйл ажиллагааг багийн иргэд эрс эсэргүүцэж байгаа юм. Ганцхан О  ХХК гэлтгүй бусад ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын лицензтэй 17 компанийн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахгүй байгаа явдал нь ард иргэдийнхээ санаа бодолд тулгуурлан төрийн үйлчилгээг иргэн төвтэй болгох төрийн бодлоготой нийцэж байгаа болно.

Түүнээс бус хувийн ямар нэгэн ашиг сонирхол, улс төрийн санаа санаархал байхгүй болно.

ҮНДЭСЛЭХ нь:

   Нэхэмжлэгч “О ” ХХК нь тус шүүхэд “О ” ХХК-нийн эзэмшлийн XV-018983 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн 2019 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан татгалзлыг хууль бус болохыг тогтоолгох, О  ХХК-нийн эзэмшлийн XV-018983 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн 2019 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг хариуцагчид даалгахыг хүссэн  нэхэмжлэлийн  шаардлагыг гаргажээ.

Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар болон хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад хэргийн оролцогчдын төлөөлөгчийн гаргасан нэмэлт тайлбар зэрэгт үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр “О ” ХХК-нийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт зааснаар ... сумын Засаг дарга нь манай компанийн байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг хуульд заасан хугацаанд хянан баталж ирүүлэх үүрэгтэй боловч үндэслэлгүйгээр баталж ирүүлэхгүй байгаа нь Ашигт малтмалын тухай хуулийн 22.1.3 дахь хэсэгт зааснаар ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахад ноцтой саад учруулж байна...” гэж,

Хариуцагчаас  “О ” ХХК-нийн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахгүй байгаа үндэслэлээ “...2019 оны 4 сарын 03-ны өдөр болсон багуудын иргэдийн нийтийн хурлын жишиг хуралдаанаар ... сумын нутаг дэвсгэрт уул уурхайн лицензтэй 17 компанийн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахгүй байх санал гаргасан, “О ” ХХК-нийн Ч худаг нэртэй ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбай нь Алтан хөхий уулсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаардаг ба Цагаанбулан, Гахайт, Баянхошуу багуудын нутаг дэвсгэрийг дамжин оршдог бөгөөд малчдын өвөлжөө, хаваржааны гол бүс нутагт байдаг тул дээрх багуудын малчин иргэд хайгуулын тусгай зөвшөөрөлтэй компаниудын үйл ажиллагааг эрс эсэргүүцэж байгаа...” гэж тайлбарлан маргажээ.

“О ” ХХК нь 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст Х аймгийн ... сумын Ч худаг нэртэй талбайд ашигт малтмалын хайгуул хийх зөвшөөрөл авахаар өргөдөл гаргажээ.

 Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-д зааснаар Ашигт малтмалын газрын 2015 оны 8 сарын 20-ны өдрийн 6/6555 дугаар мэдэгдлээр Х аймгийн ... сумын Ч худаг нэртэй 1149.79 гектар талбайд ашигт малтмалын хайгуул хийх тухай мэдэгдлийг Х аймгийн Засаг даргад хүргүүлж, Х аймгийн Засаг даргын 2015 оны 9 сарын 17-ны өдрийн 01 дүгээр “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар гаргасан өргөдөлд өгөх санал”-аар Ч худаг нэртэй 1149.79 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжижээ.

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 367 дугаар шийдвэрээр “О ” ХХК-нд 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр дуустал Х аймгийн ... сумын Ч худаг нэртэй 1149.79 гектар талбайд ашигт малтмалын хайгуул хийх XV-018983 дугаартай тусгай зөвшөөрөл олгосон байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.3 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн 38.1.1-д заасан төлөвлөгөөг тухайн хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргад хүргүүлж, батлуулахаар, 38.2-д зааснаар сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлэхээр заасны дагуу нэхэмжлэгч “О ” ХХК-иас ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаагаа сунгуулахын тулд Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3-д заасан байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө батлуулахаар хариуцагч Х аймгийн ... сумын Засаг даргад байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлуулахаар хүргүүлжээ.

Гэтэл хариуцагч Х аймгийн ... сумын Засаг дарга нь О  ХХК-нийн байгаль орчны төлөвлөгөөг батлахаас татгалзсан тухайгаа илэрхийлж 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 01/148 дугаартай албан бичгээр хүргүүлжээ.

Хариуцагчийн Х аймгийн ... сумын Засаг даргын “О ” ХХК-нийн 2019 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахаас татгалзсан үндэслэл болох “...“О ” ХХК-нийн Ч худаг нэртэй ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбай нь Алтан хөхий уулсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаардаг...” гэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

Учир нь Х аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2019 оны 11 сарын 15-ны өдрийн 1023 дугаартай “... О  ХХК-нийн XV-018983 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий Х аймгийн ... сумын Ч худаг нэртэй газарт орших 1149.79 га хайгуулын талбай нь улсын тусгай хамгаалалттай газар, орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газартай давхцалгүй байна...” гэх албан бичиг,

Ашигт малтмал газрын тосны газрын 2019 оны 11 сарын 19-ний өдрийн 7/7662 дугаартай “...О  ХХК-нийн ашигт малтмалын хайгуулын XV-018983 дугаартай Х аймгийн ... сумын Ч худаг гэх нэртэй газарт орших 1149.79 га талбай нь 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар Кадастрын хэлтсийн бүртгэлийн санд улсын тусгай болон орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутагтай давхцалгүй байна...” гэх албан бичиг болон

Гэрч Ө.Х , Ц.Ц  нарын “... О  ХХК-нийн хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий ... сумын Ч худаг гэх нэртэй 1149 га талбай нь орон нутгийн болон улсын тусгай хамгаалалттай, тусгай хэрэгцээний газартай давхцахгүй байгаа...” гэх мэдүүлгүүдээр нэхэмжлэгч “О ” ХХК-нийн ашигт малтмалын хайгуулын XV-018983 дугаартай, Х аймгийн ... сумын Ч худаг гэх нэртэй газарт орших 1149.79 га талбай нь улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээ, тусгай хамгаалалтанд авсан газартай давхцалгүй болох нь тогтоогдож байхад хариуцагч Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т зааснаар байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлэхгүйгээр үндэслэлгүйгээр татгалзсан нь буруутай байна.

Мөн хариуцагч ... сумын Засаг дарга нь О  ХХК-нийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн 2019 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахгүй байгаа үндэслэлээ “...Цагаанбулан, Гахайт, Баянхошуу багийн иргэдийн нийтийн хурлаас сумын нутаг дэвсгэрт ашигт малтмалын хайгуулын ямар ч үйл ажиллагаа явуулахгүй гэсэн шийдвэр гарсан...” гэх боловч дээрх татгалзал нь хууль зүйн үндэслэлгүй болох нь гэрч Ц.Б , Ц.Б , Ж.Т , Д.Г , Т.А , Б.М   нарын “... О ХХК-нийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талаар сонсож байгаагүй. Манай багийн иргэдийн нийтийн хурлаас О ХХК-нийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайтай давхцуулан тодорхой газрын орон нутгийн тусгай хэрэгцээ болон тусгай хамгаалалтанд авахаар ямар нэгэн шийдвэр гаргаж байгаагүй...” гэх мэдүүлэг,

Гэрч Д.Н-ын “... Би 27 дахь жилдээ сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байна.Намайг ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдох хугацаанд О  ХХК-нийн хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий газартай давхцуулан улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээ, тусгай хамгаалалтанд авахаар ИТХ-аас шийдвэр гарч байгаагүй...” гэх мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Нэхэмжлэгч “О ” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ХV-018983 тусгай зөвшөөрөл бүхий “Ч худаг” нэртэй 1149.79 гектар талбайтай тус сумын иргэн З.Б-ийн эзэмшлийн ... сумын Цагаанбулан багийн Шар толгойн өвөлжөөний газартай давхцалтай гэх боловч “О ” ХХК-нийн дээрх ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсоны дараа буюу ... сумын Засаг даргын 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн А/16 дугаар захирамжаар тус өвөлжөөний газрын эзэмшдэг болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгч “О ” ХХК нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий ... сумын Ч худаг нэртэй газрын 1149.79 га талбайн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Мянгад сумын Засаг даргад хүргүүлсэн боловч хариуцагч ... сумын Засаг дарга нь дээрх хуульд заасан байгаль орчны менежментийн төлөвлөгөөг нь батлахаас үндэслэлгүйгээр татгалзсан байх тул уг төлөвлөгөөг батлахыг ... сумын Засаг дарга даалгах нь зүйтэй байна.

Өөрөөр хэлбэл хариуцагчийн дээрх татгалзал нь хуульд нийцээгүй ба байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг бодитойгоор хянан үзэлгүйгээр сумын ард иргэд зөвшөөрөхгүй байгаа тул батлах боломжгүй байсан гэх үндэслэлээр дээрх төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэхүй хэрэгт авагдсан нотлох баримтуудаар  хууль бус болох нь тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт заасныг  тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.3, 38.2 дахь хэсэг, 40  дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “О ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж,“О” ХХК-ийн XV-018983 тоот хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайн 2019 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан Х аймгийн... сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тус компанийн хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайн 2019 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Х аймгийн ... сумын Засаг даргад даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар  дүгээр зүйлийн 48.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас /Х аймгийн ... сумын Засаг даргын тамгын газраас/ 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.СОНИНБОЛОР