Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 758

 

 

 

 

 

 

          № 546                                  МА

 

зГАДЛАЛ

Б.Н-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Г.Ганхөлөг,

нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 1153 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Г.Ганхөлөгийн бичсэн 2018 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 27 дугаартай эсэргүүцлээр Б.Н-д холбогдох 201526021514 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

О овогт Б-ийн Н, 1977 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Төмөр замын техникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн ....... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ...... /;

Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан;

Б.Н нь Б.Д-тай бүлэглэн 2015 оны 3 дугаар сард Улаанбаатар төмөр замын зүтгүүрийн депогийн ажилтнуудад Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “........” ХХК-ийн барьж буй “Анир” хотхонд хөнгөлөлттэй үнээр орон сууц худалдана гэж зохиомол байдлыг зориуд бий болгон танилцуулаад "Орон сууц захиалан бариулах гэрээ"-гээр халхавч хийн 2015 оны 4 дүгээр сарын 7-ны өдрөөс 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд иргэн И.Х-ээс 4.000.000 төгрөг, Д.Г-ээс 4.000.000 төгрөг, П.А-аас 11.400.000 төгрөг, Б.О-аас 6.800.000 төгрөг, З.М-аас 6.000.000 төгрөг, Г.Д-оос 1.000.000 төгрөг, Ч.Г-гаас 4.000.000 төгрөг, Э.Т-оос 4.000.000 төгрөг залилан авч, нийт 41.200.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

          Баянгол дүүргийн прокурорын газар: Б.Н-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

         

          Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Н-д “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай" 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр 450 дугаартай прокурорын тогтоол гаргажээ. Энэ тогтоолын агуулга нь зөвхөн хэргийн товч утгыг бичээд, хууль буцаан хэрэглэсэн талаар дүгнэсэн бөгөөд Б.Н-г ямар хэрэгт, ямар нотлох баримтуудыг үндэслэж эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байгаа нь ойлгомжгүй болсон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт "Прокурорын тогтоолын тодорхойлох хэсэгт тухайн хүнийг гэмт хэрэг үйлдсэн болохыг нотлох баримтын жагсаалт, нотлох баримт тус бүрт тусгагдсан мэдээллийн хэр хэмжээг тогтоож тусгана" гэж заасан байхад дээрх заалтын дагуу үйлдэгдээгүй тул уг тогтоол нь хууль ёсны байх шаардлагад нийцэхгүй байна гэж үзэв.

Мөн прокурорын 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 107 дугаартай "Яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тухай" тогтоол нь мөн дээрхийн адил ямар ч нотлох баримтанд тусгагдсан мэдээлэл байхгүй, зөвхөн жагсаалт гаргасан нь хууль ёсны байх шаардлагад нийцээгүй байна.

Өмнөх тогтоолд Б.Н-г яллагдагчаар татахдаа "37.200.000 төгрөгийн хохирол учруулсан" гэсэн бөгөөд өөрчилсөн тогтоолд "41.200.000 төгрөгийн хохирол учруулсан" гэж өөрчилсөн нь хохирлын хэмжээ нэмэгдэж эрх зүйн байдал нь хүндэрсэн байхад энэ талаар байцаалт аваагүй байна.

Яллагдагчаар татагдсан этгээд нь түүнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолоос өөрийг нь ямар нотлох баримтад үндэслэж, ямар хэрэгт яллагдаж байгааг мэдэх эрх зүйн акт бөгөөд энэ нь хуульд заасан шаардлага хангаагүй бол хууль ёсны байх шаардлагад нийцсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

Б.Н-г яллагдагчаар татахдаа "Б овогтой Н нь Б.Д-тай бүлэглэн ... гэмт хэрэг үйлдсэн" гэжээ. Улмаар "Б.Д-ыг оршин суух хаяг дээрээ байхгүй, мөрдөн байцаалтаас оргон зайлсан, байгаа газар нь мэдэгдэхгүй" гэсэн үндэслэлээр түүнд холбогдох хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн тогтоолоор тусгаарласан байна. Ингэж тусгаарласан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар "Хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан хэлэлцэхэд саад болохгүй бол зарим яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлаж болно" гэсэн заалттай нийцэхгүй байна гэж дүгнэлээ.

Учир нь "Б.Н, Б.Д нар бүлэглэн ... 41.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн" гэх хэргээс зөвхөн Б.Н-д холбогдох хэргийг хянан хэлэлцэхэд "тэдгээрийн бүлэглэн оролцсон хэлбэр, гүйцэтгэсэн үүрэг, оролцсон оролцоо, тус бүрийн учруулсан хохирлын хэр хэмжээ" зэргийг бүрэн бодитой хянан хэлэлцэх боломжгүй юм.

Яллагдагч Б.Н-д холбогдох хэргээс "Б.Д-ыг оршин суух хаяг дээрээ байхгүй, мөрдөн байцаалтаас оргон зайлсан, байгаа газар нь мэдэгдэхгүй" гэсэн үндэслэлээр Б.Дд холбогдох хэргийг тусгаарласан нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.17 дахь заалтад заасан "эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол ... ойлгомжгүй", 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан "хэргийг буруу тусгаарласан" гэж үзэж, мөн хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан "мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн" үндэслэлээр хэргийг Баянгол дүүргийн прокурорт буцааж, Б.Н-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

            Прокурор Г.Ганхөлөг бичсэн эсэргүүцэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Эрүүгийн байцаан шийтгэх хуульд “... тухайн этгээд гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлох баримтаар нотлогдож байвал хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч уг этгээдийг яллагдагчаар татах тухай тогтоол үйлдэх бөгөөд яллагдагчаар татах тухай тогтоолд уг тогтоолыг хэзээ, хаана, хэн үйлдсэн, яллагдагчаар татагдаж байгаа этгээдийн овог, эцгийн нэр, нэр, уг этгээд Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэгт заасан хэрэгт яллагдаж байгаа, уг хэргийг хэзээ, хаана үйлдсэн болон ямар байдал тогтоогдсоныг бичнэ..." гэж заасны дагуу яллагдагч Б.Нд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар мөрдөн байцаагч ял сонсгон хянаад 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ." гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан.

Өөрөөр хэлбэл, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй "Бусдын эд хөрөнгийг залилах" хэрэгт "... эд хөрөнгийг хурааж, арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих..." ял шийтгэнэ, 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөн, шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "...Залилах..." гэмт хэрэг "... дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял ..." шийтгэхээр заасан нь яллагдагч Б.Н-гийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх хуулийг буцаан хэрэглэсэн буюу 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан болно. Иймд урьд яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгоогүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.17 дахь заалтад заасан "эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол ... ойлгомжгүй" буюу хууль ёсны байх шаардлагыг зөрчсөн гэж үзэхгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан болно.

2. Яллагдагч Б.Н-д холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэх үед яллагдагч нь бусадтай бүлэглэн "37.200.000 төгрөгийн хохирол учруулаагүй" харин "41.200.000 төгрөгийн хохирол учруулсан" болох нь хэрэгт авагдсан орон сууц захиалан бариулах гэрээний хуулбар, кассын орлогын баримтын хуулбар, гэрэл зургийн үзүүлэлт, Барилгын хөгжлийн төвөөс ирүүлсэн албан бичиг, хохирогч И.Х, Д.Г, Ч.Г, П.А, З.М, Г.Д. Б.О, Э.Т, иргэний нэхэмжлэгч Ж.Б, гэрч Ц.Б, Ө.Э, яллагдагч Б.Д, Б.Н нарын мэдүүлсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон учир яллагдагчаар татах тогтоолын "хохирлын хэмжээнд" өөрчлөлт оруулсан боловч яллагдагчийг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтад өөрчлөлт ороогүй юм.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "... Прокурор яллах дүгнэлт үйлдэх үед яллагдагчийг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг өөрчлөх, нэмэлт оруулах бол яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулж, яллагдагчаар татах тогтоолд оруулсан өөрчлөлтийг яллагдагчид танилцуулахыг мөрдөгчид даалгана ..." гэж зааснаас "...эрх зүйн байдал нь хүндэрсэн байхад энэ талаар байцаалт авна..." гэж хуульд заагаагүй байхад шүүгчийн захирамжинд "...хохирлын хэмжээ нэмэгдэж эрх зүйн байдал нь хүндэрсэн байхад энэ талаар байцаалт аваагүй нь хууль зүйн үндэслэлгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн..." гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт "Энэ хуульд зааснаас өөрөөр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэх хэм хэмжээ тогтоосон журам гаргахыг хориглоно ..." гэж заасныг зөрчсөн байна.

3. Хэрэгт Б.Д, Б.Н нар нь бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн хэр хэмжээ, тухайн хэрэгт оролцсон үйлдэл оролцоо болон яллагдагч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлага, хариуцах хохирлын хэмжээ нь "... Б.Д-ын "...2015 оны 1 дүгээр сард Н намайг дуудаад би компаниа байгуулчихлаа, чи менежерийн ажлыг хийж гүйцэтгэ, танилцуулга хийх хэрэгтэй байна гэж хэлсэн. Тухайн үед хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, мөн нийгмийн даатгал төлөөгүй, зүгээр л сарын тогтсон цалингүй хамтран ажиллаж байсан юм. 2015 оны 5 дугаар сараас судалгаа өгсөн иргэд рүү Н залгаад орон сууцны захиалга эхэллээ гэсэн утга бүхий мессеж бичсэн. Миний мэдэхээр 2015 оны 5 дугаар сараас 6 дугаар сарын хооронд 7 хүн ирээд нийт 30.000.000 гаруй төгрөгийн гэрээ хийгдсэн байсан. Уг гэрээ нь орон сууц захиалан бариулах гэрээ байсан бөгөөд Н бид хоёр уг гэрээг гардаж хийсэн. ...Тухайн үедээ Н хоёулаа хамтдаа гэрээгээ хийе гэж хэлэхээр нь зөвшөөрч хамтарч гэрээ хийсэн. Тэр үед Н хөрөнгө оруулалт орж ирнэ гэж хэлж байсан боловч уг хөрөнгө оруулалт ерөөсөө орж ирээгүй. Би Нд барилга бариагүй байж мөнгө авч болж байгаа юм уу, хэрэггүй юм биш үү гэж хэлж байсан, гэхдээ үүнийг болохгүй гэдгийг би ч өөрөө мэдэж байсан хэдий ч гэрээг хамтран байгуулсан...” гэх мэдүүлэг болон хохирогч И.Х, Д.Г, Ч.Г, П.А, З.М, Г.Д, Б.О, Э.Т нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар бүрэн тогтоогдсон учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан "Хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд саад болохгүй бол зарим яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлаж болно." гэж заасны дагуу хохирогч нарын хууль ёсны эрх ашгийг хамгаалан, гэм буруутай этгээдэд ял завших боломж олгохгүйгээр, гэмт хэрэг үйлдсэн гэм бурууд нь тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үүднээс мөрдөн байцаалтаас оргон зайлсан Б.Д-д холбогдох хэргийг тусгаарлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "... Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана ..." гэж заасны дагуу зөвхөн яллагдагч Б.Н-гийн гэм бурууг шүүхээр хэлэлцүүлэхээр шүүхэд шилжүүлсэн бөгөөд яллах дүгнэлтэд "...Б.Н нь Б.Д-тай бүлэглэн..." гэж дурдсан нь түүнийг гэмт хэрэг үйлдэхдээ "...бусадтай бүлэглэсэн..." хэлбэрийг тодорхойлсон ойлголт болохоос Б.Д-д эрүүгийн хариуцлага оногдуулахаар хэлэлцүүлэх гэсэн хэлбэр биш тул Эрүүгийн хэрэг хянан хэлэлцэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан "хэргийг буруу тусгаарласан" гэж үзэх үндэслэлгүй юм.

Мөн энэ хэрэгт Б.Д нь яллагдагчаар байцаалт өгсөн, бусад нотлох баримтуудаар бүлэглэн үйлдсэн нь тогтоогдсон ба хэргийг шийдвэрлэхэд саад болж болох үндэслэл байхгүй, шүүх саад болж буй гэх үндэслэлээ тодорхой тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан "шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна." гэсэн шаардлагыг хангаагүй байна.

4. Мөн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар Б.Д, Б.Н нарын гэмт хэрэгт бүлэглэн оролцсон хэлбэр, гүйцэтгэсэн үүрэг, оролцсон оролцоо нь хангалттай нотлогдсон учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "... Хэд хэдэн шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдвол энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зардлын хэмжээг хүн нэг бүрийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэр хэмжээг харгалзан шүүх хуваарилж тогтооно..." гэж заасны дагуу бусдад учруулсан хохирлыг хувь тэнцүүлэн яллагдагч Б.Н-гаас хохирлын тал хувийг гаргуулан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэж байна. 

Хэрэв шүүхээс "учруулсан хохирлын хэр хэмжээг" бүрэн бодитой хянан хэлэлцэх боломжгүй гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "...Хэрэг хэлэлцэх ажиллагааг хойшлуулахгүйгээр иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй тохиолдолд шүүх иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж, түүний хэмжээний тухай асуудлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлж болно ..." гэж заасны дагуу иргэний нэхэмжлэлийг хэлэлцэлгүй орхиж зөвхөн яллагдагч Б.Нгийн гэм бурууг шүүхээр хянан хэлэлцэж хэргийг шийдвэрлэх боломжтой байна.

Урьдчилсан хэлэлцүүлэгт прокурор болон бусад оролцогч нар хохирлыг хэрхэн шийдвэрлүүлэх талаар саналаа илэрхийлсэн болно.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон Б.Н-д холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 1153 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна ...” гэв.

 

ХЯНАВАЛ:

Прокурор Г.Ганхөлөгийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн Б.Н-д холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэхдээ эсэргүүцэлд бичсэн үндэслэлээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Прокуророос яллагдагч Б.Н-г Б.Д-тай бүлэглэн 2015 оны 3 дугаар сард Улаанбаатар төмөр замын зүтгүүрийн депогийн ажилтнуудад Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “С И К” ХХК-ийн барьж буй “А” хотхонд хөнгөлөлттэй үнээр орон сууц худалдана гэж зохиомол байдлыг зориуд бий болгон танилцуулаад "Орон сууц захиалан бариулах гэрээ"-ээр халхавч хийн 2015 оны 4 дүгээр сарын 7-ны өдрөөс 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд иргэн И.Х-ээс 4.000.000 төгрөг, Д.Г-ээс 4.000.000 төгрөг, П.А-аас 11.400.000 төгрөг, Б.О-аас 6.800.000 төгрөг, З.М-аас 6.000.000 төгрөг, Г.Д-оос 1.000.000 төгрөг, Ч.Г-гаас 4.000.000 төгрөг, Э.Т-оос 4.000.000 төгрөг залилан авч, нийт 41.200.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэж үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлснийг, шүүгч хүлээн авч яллагдагчийг шүүхэд шилжүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэхдээ “...мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн...” гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг  баримтлан хэргийг прокурорт буцаасан байна.

Хэргийн материалыг судлахад, Б.Н-д холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдож байх тул хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Прокурор “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай" тогтоолдоо зайлшгүй шаардлагатай нотлох баримтын агуулгыг дурдалгүйгээр зөвхөн хэргийн товч утгыг бичээд, хууль буцаан хэрэглэсэн талаар дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт "Прокурорын тогтоолын тодорхойлох хэсэгт тухайн хүнийг гэмт хэрэг үйлдсэн болохыг нотлох баримтын жагсаалт, нотлох баримт тус бүрт тусгагдсан мэдээллийн хэр хэмжээг тогтоож тусгана" гэж заасантай нийцэхгүй байна.

 

Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл, тухайн гэмт хэрэгт холбогдсон этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдэхдээ, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн болохыг нотлож буй баримтуудад тусгагдсан мэдээллийг  тусгах ба  уг байдал нь хэргийн үйл баримтыг тогтооход чухал ач холбогдолтой.

 

Түүнчлэн прокуророос “Б.Н, Б.Д нарыг бүлэглэн залилах гэмт хэрэг үйлдэн 41.200.000 төгрөгийн хохирол учруулсан" гэж яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд Б.Н-д холбогдох хэргээс “..Б.Д-ыг оршин суух хаяг дээрээ байхгүй, мөрдөн байцаалтаас оргон зайлсан, байгаа газар нь мэдэгдэхгүй" гэсэн үндэслэлээр түүнд холбогдох хэргийг тусгаарласан байна. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Б.Н нь 2015 оны 1 дүгээр сард Б.Д-д “...компаниа байгуулчихлаа, чи менежерийн ажлыг хийж гүйцэтгэ, танилцуулга хийх хэрэгтэй байна ...” гэж утсаар ярьж Б.Д нь менежерээр нь ажиллахаар болж, Б.Н нь 2015 оны 5 дугаар сараас судалгаа өгсөн иргэд рүү “...орон сууцны захиалга эхэллээ...” гэсэн утга бүхий мессеж бичиж, 2015 оны 5 дугаар сараас дээрх нэр бүхий иргэдтэй гэрээ байгуулан урьдчилгаа 41200000 төгрөг авсан байна. Уг гэрээнүүдийг Б.Н, Б.Д нар хамтран байгуулж, урьдчилгаа төлбөрүүдийг хэн аль нь авч байсан байна. Үүнээс үзвэл нэр бүхий 8 иргэнээс авсан 41200000 төгрөгнөөс Б.Д хэдийг нь авсан, одоо хэдийг нь төлөх ёстой, Б.Н хэдийг нь авч, одоо хэдийг нь төлөх ёстой нь тодорхойгүй байх тул Б.Д-д холбогдох хэргийг тусгаарласан нь Б.Н-д холбогдох хэргийг хянан хэлэлцэхэд "тэдгээрийн бүлэглэн оролцсон хэлбэр, гүйцэтгэсэн үүрэг, оролцсон оролцоо, тус бүрийн учруулсан хохирлын хэр хэмжээ" зэргийг бүрэн, бодитой тооцон гаргах боломжгүй нөхцөл байдлыг үүсгэж байна. 

Өөрөөр хэлбэл яллагдагч нараас гаргуулах хохирол, төлбөрийн асуудлыг хуваах, Б.Н, Б.Д нарын тус бүрийн үйлдэлд гэмт хэргийн шинж байгаа эсэхэд шүүх дүгнэлт хийх, зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болговол хохирлыг хэрхэн шийдвэрлэх зэрэг хэргийг нэгтгэж шийдвэрлэх шаардлага үүсч байгаа учраас шүүхээр тухайн хоёр хэргүүдийг нэгтгэж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан хэлэлцэхэд саад болохгүй бол зарим яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлаж болно" гэсэн зохицуулалт байгаа хэдий ч уг заалт нь Б.Д, Б.Н нарт холбогдох хэргийн нөхцөл байдалд нийцэхгүй байна.

 

Харин Прокурорын 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 107 дугаартай "Яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тухай" тогтоолыг яллагдагч Б.Нд танилцуулж, тэрээр “..хүлээн зөвшөөрч байна, мэдүүлэг өгөхгүй” гэж тайлбар бичиж өгсөн байгаа тул  шүүгчийн захирамжид дурдсан Б.Н-гаас яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулсантай нь холбогдуулан дахин байцаалт авах ажиллагааг хийх шаардлагагүй гэж үзлээ.

 

Шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлж, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шүүх хуралдаанаар хэлэлцэх хуульд заасан үндэслэл бүрдээгүй байх тул “...анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүхийн хэлэлцүүлэгт буцаалгах...”-аар бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 1153 дугаар захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Прокурор Г.Ганхөлөгийн бичсэн 2018 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 27 дугаартай эсэргүүцлийн 2 дахь үндэслэлийг хүлээн авч, 1, 3, 4 дэх үндэслэлийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 1153 дугаар захирамжийг хэвээр үлдээж, прокурор Г.Ганхөлөгийн бичсэн 2018 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 27 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР                                           

                                    ШҮҮГЧИД                                                       М.ПҮРЭВСҮРЭН

                                                            Л.ДАРЬСҮРЭН