Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/14

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр, шүүгдэгч Э.Г, түүний өмгөөлөгч Ө.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Х ургийн овогт Э-ийн Г-т холбогдох эрүүгийн 2235000000009 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Х ургийн овогт Э-ийн Г, 1981 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл гурав, эх, дүүгийн хамт Увс аймгийн Сагил сумын Өндөрмод багт оршин суудаг, урьд Увс аймгийн Сум дундын шүүхийн 2004 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 144 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоног хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар, мөн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 2 сар баривчлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг нь хүндэд нь багтааж нийт 5 жил 10 хоног хорих ял оногдуулсан, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 822 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан, регистрийн дугаар: ...............

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Г нь 2021 оны 12 дугаар сарын 06-ны шөнө Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багийн нутагт согтуурсан үедээ үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Б.Б-ыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн 2235000000009 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч: - Б.Б-аас хохирогчоор мэдүүлэг авсан “...2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр найз М.Д-ынх хүнсээ гаргаад найзууд болох С.Т, Б.О бид нарыг гэртээ дуудсан. ... н.С бид хоёр 0.5 литрийн Ерөөл гэх нэртэй архи хувааж уугаад сууж байтал гаднаас үл таних Хуягаа (Э.Г) гэх залуу орж ирээд сууж байсан. Би найз М.Д-тай тоглоод пизда гээд хэлчихсэн юм. Тэгтэл Хуягаа гэх залуу надтай маргалдаж байгаад сууж байсан сандлаа аваад шидчихсэн. Тухайн сандал миний духан дээр оносон. Дахин газар унасан сандлыг аваад намайг ямар нэгэн зүйл хэлээгүй байхад сандал шидээд толгой нь дээр оночихсон...” гэх тэмдэглэлийг (хавтаст хэргийн 5 дугаар хуудас),

- С.Т-гаас гэрчээр мэдүүлэг авсан “...бид тоглоод сууж байтал Б.Б нь М.Д-ыг пизда гээд хэлчихсэн юм. Тэгтэл Хуягаа (Э.Г)  М.Д-ыг өмөөрөөд “чи яахаараа эмэгтэй хүнийг пизда гэдэг юм” гэж хэлээд сууж байсан сандлаа аваад шидчихсэн юм. Тухайн сандал нь Б.Б-ын духан дээр оносон. Хуягаа газар унасан сандлыг дахин аваад “чи яахаараа эмэгтэй хүнийг пизда гэж хэлж байгаа юм” гээд дахин сандлыг шидээд толгойн дээр оносон...” гэх тэмдэглэлийг (хавтаст хэргийн 9 дүгээр хуудас),

- М.Д-аас гэрчээр мэдүүлэг авсан “...Харин Б.Б болон манай нөхөр н.С нар 0.5 литрийн Ерөөл гэх нэртэй архи хувааж уугаад сууж байтал Б.Б тоглож байгаад намайг пизда гээд хэлчихсэн юм. Тэгтэл Хуягаа (Э.Г) намайг өмөөрөөд “чи яахаараа эмэгтэй хүнийг пизда гэдэг юм” гээд тэр хоёр маргалдаад байхаар нь би гэрээс гараад 00 ороод хэсэг хугацааны дараа ороод ирэхэд Б.Б-ын толгойноос цус гарчихсан Хуягаа сандал шидчихлээ гээд зогсож байсан...” гэх тэмдэглэлийг (хавтаст хэргийн 13 дугаар хуудас),

- Б.О-аас гэрчээр мэдүүлэг авсан “...Хуягаа М.Д-ыг өмөөрөөд “чи яахаараа эмэгтэй хүнийг пизда гэдэг юм” гэж хэлээд сууж байсан сандлаа аваад шидчихсэн юм. Тухайн сандал нь Б.Б-ын духан дээр нь оносон, Хуягаа газар унасан сандлыг аваад “чи яахаараа эмэгтэй хүнийг пизда гэж хэлж байгаа юм” гээд дахин сандлыг шидээд толгойг нь оночихсон...” гэх тэмдэглэлийг (хавтаст хэргийн 15 дугаар хуудас),

- Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 06 дугаартай “Үзүүлэгч Б.Б-ын биед тархи доргилт, дух, зүүн зулайн хуйханд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...Тархи доргилт, дух, зүүн зулайн хуйханд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно” гэх дүгнэлтийг (хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас),

- Мэс заслын эмчийн онош (хавтаст хэргийн 21 дүгээр хуудас),

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 40 дүгээр хуудас),

- Хохирогч Б.Б-ын Увс аймгийн Прокурорын газарт гаргасан “Хохирогч Б.Б миний бие яллагдагч Э.Г-аас хохирол болох 500’000 төгрөг авсан үнэн болно. Цаашдаа Э.Г-аас нэхэмжлэх зүйл гомдол тэмцэлгүй болно” гэх тодорхойлолтыг (хавтаст хэргийн 88 дугаар хуудас),

Шүүгдэгчийн өмгөөлөгч: - Г.Ч-гээс гэрчээр мэдүүлэг авсан “...Э.Г нь доороо дөрвөн дүүтэй. ...2007 онд Улаанбаатар хот руу ганцаараа шилжиж хувиараа барилга дээр ажиллах болсон. Улмаар Э.Г нь Улаанбаатар хотод амьдарч байгаад 2021 оны 3 дугаар сард Увс аймагт амьдарч ажил хөдөлмөр хийхээр ээж дээрээ ирсэн. ...Э.Г зан байдлын талаар хар бор ажил төрөл хийгээд явж байдаг. Хөдөлмөрч хичээнгүй, тамхи татдаг, хааяа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, найз нөхөд гээд байх хүн байхгүй, их зожиг, ганцаараа л байх дуртай хүн байгаа юм” гэх тэмдэглэлийг (хавтаст хэргийн 17 дугаар хуудас),

- Э.Г-аас яллагдагчаар мэдүүлэг авсан “...Надад сонсгосон ялыг би хүлээн зөвшөөрч байна. ...Би Б.Б руу модон сандал хоёр удаа авч шидсэн. Миний шидсэн сандал Б.Б гэх залууг онож байсан. Би тэгээд гараад явчихсан. ...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх тэмдэглэлийг (хавтаст хэргийн 34-35 дугаар хуудас),

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа хаягийн лавлагаа, багийн Засаг даргын тодорхойлолтыг (хавтаст хэргийн 68, 73-74 дүгээр хуудас) тус тус шинжлэн судалсан.

Шүүгдэгч Э.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхөөс татгалзсан, мөн нотлох баримт шинжлэн судлаагүй болно.

Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Мөн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд хангагдсан байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан хохирогч Б.Б-ын “...Хуягаа (Э.Г) гэх залуу надтай маргалдаж байгаад сууж байсан сандлаа аваад шидчихсэн юм. Тухайн сандал миний духан дээр оносон. Дахин газар унасан сандлыг аваад намайг ямар нэгэн зүйл хэлээгүй байхад сандал шидээд толгой нь дээр оночихсон” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 5 дугаар хуудас), гэрч  С.Т-гийн “...Тухайн сандал нь Б.Б-ын духан дээр оночихсон. Хуягаа газар унасан сандлыг дахин аваад “чи яахаараа эмэгтэй хүнийг пизда гэж хэлж байгаа юм” гээд дахин сандлыг шидээд толгойн дээр оночихсон” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9 дүгээр хуудас), гэрч Б.О-ы “...Тухайн сандал нь Б.Б-ын духан дээр нь оночихсон, Хуягаа газар унасан сандлыг аваад “чи яахаараа эмэгтэй хүнийг пизда гэж хэлж байгаа юм” гээд дахин сандлыг шидээд толгой нь дээр оночихсон.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна гэж дүгнэлээ.

2021 оны 12 дугаар сарын 06-ны шөнө Увс аймгийн Улаангом сумын есдүгээр багийн нутагт шүүгдэгч Э.Г нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хохирогч Б.Б-ыг “гэрч М.Д-ыг пизда гэж хэллээ” гэж үл ялих зүйлээр шалтаглан хохирогч руу сандал шидэж толгой тус газарт нь хоёр цохисон үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч Б.Б-ын биед учирсан тархи доргилт, дух, зүүн зулайн хуйханд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь шинжээчийн 06 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна. Тодруулбал хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Э.Г нь хохирогчтой маргалдах явцдаа биед нь хоёр удаагийн үйлдлээр санаатай халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

Шүүгдэгч Э.Г-ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хохирогч Б.Б “...миний бие яллагдагч Э.Г-аас хохирол болох 500’000 төгрөг авсан үнэн болно. Цаашдаа Э.Гаас нэхэмжлэх зүйл гомдол тэмцэлгүй болно” (хавтаст хэргийн 88 дугаар хуудас) гэх тодорхойлолтыг Увс аймгийн Прокурорын газарт гаргасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг нөхөн төлөгдсөн гэж дүгнэв.

Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Э.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлох баримтаар нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмаар шүүгдэгч Э.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600’000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

 Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар гэрч Г.Ч-гийн “...Э.Г нь доороо дөрвөн дүүтэй. ...2007 онд Улаанбаатар хот руу ганцаараа шилжиж хувиараа барилга дээр ажиллах болсон. Улмаар Э.Г нь Улаанбаатар хотод амьдарч байгаад 2021 оны 3 дугаар сард Увс аймагт амьдарч ажил хөдөлмөр хийхээр ээж дээрээ ирсэн. ...Э.Г зан байдлын талаар хар бор ажил төрөл хийгээд явж байдаг. Хөдөлмөрч хичээнгүй, тамхи татдаг, хааяа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, найз нөхөд гээд байх хүн байхгүй, их зожиг, ганцаараа л байх дуртай хүн байгаа юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дугаар хуудас) Увс аймгийн Сум дундын шүүхийн 2004 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 144 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 43-44 дүгээр хуудас), Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 822 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 52-60 дугаар хуудас), Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 80 дугаартай шүүгчийн захирамж (хавтаст хэргийн 61-62 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлжээ.

Дээр дурдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Г нь эх, дүүгийн хамт амьдардаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, урьд Увс аймгийн Сум дундын шүүхийн 2004 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 144 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоног хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар, мөн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 2 сар баривчлах ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг нь хүндэд нь багтааж нийт 5 жил 10 хоног хорих ялаар, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 822 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан гэх хувийн байдал тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан улсын яллагч, шүүгдэгч нарын тохиролцсон эрүүгийн хариуцлагын хүрээнд шүүгдэгч Э.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600’000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Э.Г нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х ургийн овогт Э-ийн Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г-т 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600’000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Э.Г нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

4. Шүүгдэгч Э.Г нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 (ер) хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.МӨНХЗАЯА