Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 00149

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Дарьсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдаанаар Ц.Батсүх нэхэмжлэлтэй, Хаан банкны Булган аймаг дахь салбарт холбогдох дансанд үндэслэлгүйгээр барилт хийсэн үйлдлийг зогсоож, захиран зарцуулах эрх сэргээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2017/00088/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч: 1952 онд төрсөн, 65 настай, эрэгтэй, бага боловсролтой, Булган аймгийн Гурванбулаг сумын 4 дүгээр багт оршин суух, Хан булаг овогт Цэнд-Очирын Батсүх /РД: ГГ52041011/,

хариуцагч байгууллагын төлөөлөгч: 1985 онд төрсөн, дээд боловсролтой, Хаан банкны Булган аймаг дахь салбарын захирал, Булган аймгийн Булган сумын 6 дугаар баг Дээд хэсгийн 4-5 тоотод оршин суух, Орхон овогт Батбаярын Болд-Эрдэнэ /РД:ТМ85071876/, нарийн бичгийн дарга С.Гончигбал нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Батсүх шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 5275004437 тоот данс эзэмшдэг. Гэтэл энэ дансанд барилт хийж, орсон мөнгийг гаргахгүй байгаагаас шалтгаалан би сургуульд өгсөн махныхаа үнэ 816102 төгрөгийг авч чадахгүй олон сараар хохирч байна. Дансанд барилт хийсэн тухай шүүх, прокурор, цагдаагийн байгууллагаас надад мэдэгдээгүй учир би шилжүүлсэн мөнгөө авч чадахгүй байна. Тус сумын банкинд ажиллаж байсан Л.Дүүрэнжаргалд 2016 онд сар, өдрийг нь сайн санахгүй байна, 1 жилийн хугацаатай 7000000 төгрөгийн зээл авч өгөөд 6431640 төгрөгийг өөрөө төлсөн, үлдэгдэл 1300000 төгрөгийг Л.Дүүрэнжаргал хотоос миний дансаар шилжүүлснийг зээлийн төлбөрт авсныг би мэдээгүй байсан. Хаан банк сахилга хариуцлагагүй Л.Дүүрэнжаргалтай хариуцлага тооцохын оронд дур мэдэн дансанд барилт хийснээрээ над шиг олон хүмүүсийг хохироож байна. 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Хаан банкинд өргөдөл гаргахад Л.Дүүрэнжаргалд холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэх хүртэл таны дансыг чөлөөлөх боломжгүй гэсэн хариу өгсөн. Би Дүүрэнжаргалын хамаатан садан биш, эрүүгийн хэрэгт хамааралтай эд мөрийн баримтаар хураалгасан зүйл байхгүй, тэр хүн хаанаас хохирлоо төлөх нь надад хамаагүй байхад миний дансанд хууль бусаар барилт хийж байгаад гомдолтой байна. Иймд Хаан банкны дансанд үндэслэлгүйгээр барилт хийсэн үйлдлийг зогсоож, захиран зарцуулах эрх сэргээж өгнө үү гэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.Болд-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Ц.Батсүх нь Хаан банкны Булган аймаг дахь салбарын Гурванбулаг сумын тооцооны төвийн эрхлэгчээр ажиллаж байсан Л.Дүүрэнжаргалд 7000000 төгрөгийн зээл авч өгсөн байдаг. Энэ зээлийн үлдэгдэл 1300000 төгрөгийг Дүүрэнжаргал банкны кассын мөнгөнөөс хаасан. Л.Дүүрэнжаргалд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн тул энэ хэргийг шийдвэрлэх хүртэл дансны барилтыг цуцлах боломжгүй гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаадҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Батсүх нь Хаан банкны Булган аймаг дахь салбарт холбогдуулан дансанд үндэслэлгүйгээр барилт хийсэн үйлдлийг зогсоож, захиран зарцуулах эрх сэргээлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч байгууллагын төлөөлөгч эс зөвшөөрч манай банкны Гурванбулаг сумын тооцооны төвийн эрхэгчээр ажиллаж байсан Л.Дүүрэнжаргал нь банкны кассын мөнгөнөөс иргэн Ц.Батсүхийн зээлийн үлдэгдэл 1300000 төгрөгийг төлсөн тул дансанд нь барилт хийсэн гэж маргажээ.

Хаан банкны Булган аймаг дахь салбар нь нэхэмжлэгч Ц.Батсүхийн 5275004437 тоот дансыг хааж уг дансанд байгаа мөнгийг зарлагдан авах эрхийг хязгаарласан үйл баримт тогтоогджээ. Энэ үйл баримтын талаар талууд маргахгүй байна.

Нэхэмжлэгч Ц.Батсүх нь Хаан банкинд 5275004437 дугаар харилцах данс эзэмшдэг болох нь зохигчдын тайлбар, Хаан банкны тодорхойлолт[1] зэргээр тогтоогдож байх тул түүнийг Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3-т зааснаар энэ дансны хууль ёсны эзэмшигч гэж үзэх бөгөөд Ц.Батсүх нь уг дансанд байгаа 814702 төгрөгийг захиран зарцуулах эрх бүхий этгээд байна. Өөрөөр хэлбэл Ц.Батсүхийг дээрх дансанд хадгалагдаж байгаа мөнгөний өмчлөгч гэж үзнэ. Иймд тэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах, шаардлага гаргасан ч эрх нь зөрчигдсөн хэвээр байвал шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулах эрхтэй байна.

Хариуцагчийн гаргасан тайлбараас үзвэл Ц.Батсүхийн дансанд барилт хийсэн үйлдлийг Иргэний хуулийн 12 дугаар зүйлд заасан өөртөө туслах зорилгоор хийсэн үйлдэл гэж тайлбарлаж байгаа хэдий ч дээрхи хуулийн зохицуулалт нь үүрэг гүйцэтгэгч буюу үүрэг гүйцэтгүүлэгчийн хооронд хийгдэх ажиллагаа гэж ойлгох агуулгатай бөгөөд Ц.Батсүх нь Хаан банкны өмнө ямар нэгэн гэрээ хэлцлийн улмаас үүрэг хүлээгээгүй тул дээрхи үйлдлийг эндүүрч хийсэн гэж үзэхээр байна.

Мөн Л.Дүүрэнжаргалд холбогдох эрүүгийн хэрэгт Ц.Батсүхийн дансыг битүүмжлээгүй байх тул уг маргаан нь Л.Дүүрэнжаргалын хэрэгт хамааралтай гэж үзэх боломжгүй байна.[2]

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-д зааснаар иргэн, хуулийн этгээд тогтоосон журмын дагуу банк, төлбөр тооцооны үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдэд данс нээлгэж, төлбөр тооцооны үүрэг гүйцэтгүүлэх эрхтэй байдаг.

Банк, төлбөр тооцооны үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь дараах тохиолдолд буюу харилцагч данс хаалгах хүсэлтээ бичгээр гаргасан, харилцагчтай байгуулсан гэрээнд заасан нөхцөл биелэгдсэн, хууль тогтоомжинд заасан бусад үндэслэлээр харилцагчийн дансыг хааж болохыг мөн хуулийн 12 дугаар зүйлийн 4-т заасан байна. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл эрх бүхий байгууллагаас шийдвэр гаргаагүй байхад Ц.Батсүхийн дансыг хаасан Хаан банкны Булган аймаг дахь салбарын үйл ажиллагаа хуулийн дээрх заалтанд нийцээгүй тул энэ үйлдлийг хууль бус гэж үзэх бөгөөд хууль ёсны эзэмшигч нь эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй байна.

Иймд нэхэмжлэгч Ц.Батсүхийн харилцах дансны гүйлгээг хуульд заасан журмаас гадуур хаасан үйлдийг зогсоож, захиран зарцуулах эрхийг сэргээлгэх нэхэмжлэлийг хангахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.2, 106.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Батсүхийн 5275004437 дугаарын дансанд барилт хийсэн үйлдлийг зогсоож, захиран зарцуулах эрхийг сэргээхийг Хаан банкны Булган аймаг дахь салбарт даалгасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид, тэдгээрийн төлөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН