Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/95

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

нарийн бичгийн дарга: М.Солонго,

улсын яллагч: Г.Лхагвасүрэн /томилолтоор/,

шүүгдэгч: *******,

шүүгдэгчийн өмгөөлөгч А.О нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, *******-д холбогдох эрүүгийн 210800000000000 тоот хэргийг 2021 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, **** оны * дугаар сарын *-ны өдөр **** аймгийн ***** суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдүүдийн хамт ***********дүүргийн .... дүгээр хороо, ********уулын *********** .... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

А овогт Ц Н /РД:000000/,

                                                   

   Холбогдсон эрүүгийн хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр):

 Шүүгчдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 23 цагийн үед хохирогч Г.Б-ыг “цүнхэнд чинь юу байгаа юм” гэж түүнийг газарт түлхэн унагаан, түүний эзэмшлийн 25 000 төгрөгийн үнэ бүхий малгай, цүнх, гар утас, хоолны сав зэрэг эд зүйлийг нь хүч хэрэглэн довтолж, эрүүл мэндэд нь дух, баруун өвдөг, зүүн шилбэнд зулгаралт бүхий гэмтлийг учруулан хууль бусаар дээрэмдэн авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

Улсын яллагч:

- Хохирогч Г.Б-н мэдүүлэг /хх-7-8/,

- Гэрч Б.Т-ын мэдүүлэг /хх-13-14/,

-“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-26-27/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт хх-21-22/

Шүүгдэгчийн өмгөөлөгч:

- Гэрч Б.Т-ын мэдүүлэг /хх-13-14/,

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас хх-47,

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-49/,

- Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтын лавлагаа /хх-57/,

- Эд хөрөнгийн лавлагаа /хх-60/,

- Тээврийн хэрэгсэлийн лавлагаа /хх-63/,

- Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-66-69/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч *******-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

 

I. Гэм буруугийн талаар

         Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 23 цагийн үед хохирогч Г.Б-ыг “цүнхэнд чинь юу байгаа юм” гэж түүнийг газарт түлхэн унагаан, хүч хэрэглэн довтолж, эрүүл мэндэд нь дух, баруун өвдөг, зүүн шилбэнд зулгаралт бүхий гэмтлийг учруулан, түүний эзэмшлийн 25 000 төгрөгийн үнэ бүхий малгай, цүнх, гар утас, хоолны сав зэрэг эд зүйлийг нь бусаар дээрэмдэн авсан болох нь:

-Хохирогч Г.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Сүхбаатарын талбайн ойролцоо байх ажлаасаа 19 цагийн орчим тарж ирээд Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Баянгол 30 дутаар гудамжид байрлах найз Мягмарсүрэнгийнд очиж хоёулаа нэг шил 0,75 граммын Хараа нэртэй архи хувааж уусан. Би архи сайн даадаггүй хурдан согтдог учраас нэлээд муудаад ирсэн чинь манай найз намайг гэрийн ойролцоо байх Улаан худаг руу дөхүүлж өгөөд өөрөө гэр лүүгээ явсан. Би ганцаараа явж байгаад ухаан балартаад нэг ухаан ороход нэг залуу надаас цүнхэнд чинь юу байгаа юм бэ гэж асуухаар нь хоолны сав гар утас байгаа гэж хэлсэн санагдаж байна. Тэгтэл тэр залуу намайг түлхэж унагаагаад миний цүнх, малгай, гар утсыг булааж аваад яваад өгөхөөр нь би гэр лүүгээ ортол хүү Т маань байж байхаар нь хүнд дээрэмдүүлчлээ гэхэд хүү маань шууд гүйж гараад машинаа унаад хайж яваад удалгүй аваад ирсэн. Тэр залууг гэрт авчирхад миний малгайг өмсчихсөн, цүнхийг үүрчихсэн, гар утсыг маань халаасандаа хийсэн байсан тул цагдаагийн байгууллагад хандаад хүргэж өгсөн. Тухайн этгээдийг тэр өдөр эрүүлжүүлэх байранд хийсэн гэж байсныг бодоход согтуу байсан юм шиг байна лээ. Ийм л зүйл болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8х/,

- Гэрч Б.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Баянголын 35-12 тоотод гэр бүлийн хамт амьдардаг. Хашаанд зэргэлдээ хоёр байшин байдаг. Нэг байшинд нь аав ээж, нөгөө байшинд нь манай гэр бүл байдаг. Өнөөдөр буюу 2021.11.03-ны өдөр гэртээ байж байтал 10 цагийн орчим аав гаднаас зодуулчихлаа гээд духны хэсэгт болон уруул хэсэгт бага зэргийн цус болчихсон гэрт орж ирчихээд энэ хавьд байгаа гээд байхаар нь би шууд гэрээс машинаа асааж гараад ойр орчимд хайж байгаад гудамжаар гарч шинэ давхарын автобусны буудал орчим явж байтал 30 гаран настай туранхай, 168 см орчим өндөртэй, бор царайтай залуу аавын малгайг өмсчихсөн, хоол ундаа хийж авч явдаг цүнхийг нь үүрчихсэн явж байхаар нь машинд суулгаад гэрт очоод аавд царайг нь харуулсан чинь мөн гэсэн. Тэгтэл тэр хүн би танай аавыг яагаачгүй гээд халааснаасаа эд зүйлсээ гаргаж тавихад манай аавын хар өнгийн Нокиа маркийн гар утас гарч ирэхээр нь цагдаагийн байгууллагад хандаж дуудлага өгсөн. Аавын эд зүйлсийг буцаагаад бид нар авчихсан. Тэр залууг цагдаагийн ажилтангууд эрүүлжүүлэх байранд хийсэн байх гэж бодож байна. Ийм л зүйл болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14х/,

“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1601 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланд :

  1. Хар өнгийн даавуун цүнх үнэлэх боломжгүй,
  2. Жижиг хэмжээтэй ногоон өнгийн төмөр сав үнэлэх боломжгүй,
  3. Нокио маркийн гар утас 25 000 төгрөг,
  4. Саарал өнгийн саравчтай малгай үнэлэх боломжгүй нийт дүн 25 000 төгрөг” гэжээ /хх-26-27/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 10876 дугаартай:

1. Г.Б-ын биед дух, баруун өвдөг, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл  тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

4. Дээрх гэмтлүүд нь тус тусдаа болон нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 21-22/,

-Шүүгдэгч *******-ийн яллагдагчаар өгсөн: “Би 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгэнмэр хороо Дарь-Эхэд байрлах гэртээ байж байгаад өөрийн найз Лхагважаргалтай 22 цагт уулзаж Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 21 дүгээр хороололд пабад орж хүний 6 лааз пиво уугаад уг газраас гараад явсан юм. Тэгээд манай найз надаас салаад явахаар нь Би тус газрын хажуугийн дэлгүүрээс 0,75 грамын Соёрхол нэртэй архи худалдаж аваад Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 21 дүгээр хороололоос Баянхошуу тал руу ганцаараа явж байсан. Тэгээд ганцаараа явж байгаад нэг согтуу хүнтэй таарч авч явсан архийг хувааж уусан. Би тухайн хүнтэй хаана архи уусан талаараа санахгүй байна. Би тухайн үед архи их хэмжээгээр уусан учраас согтсон байсан. Тэгээд сэргэсэн чинь айлд хүний малгай өмсөөд сууж байсан. Харин тухайн залуу нь манай аавын малгай байна гээд надаас авсан. Тэгээд цагдаа нар ирээд намайг авч явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

         Шүүхэд шилжүүлэн ирүүлсэн прокурорын яллах дүгнэлтэд *******-ийн гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа 2021 оны 03 дугаар сарын 11-ны өдөр гэж тэмдэглэж, техникийн шинжтэй алдаа гаргасныг шүүхээс уг тогтоолд залруулан дүгнэсэн нь шүүгдэгчийн гэм буруу, эрүүгийн хариуцлагад нөлөөлөхгүй гэж үзсэн болно.

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч ******* нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хохирогч Г.Б-ын эрүүл мэндэд хүч хэрэглэн довтолж, эрүүл мэндэд нь дух, баруун өвдөг, зүүн шилбэнд зулгаралт бүхий гэмтлийг учруулан 25 000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг нь биеэс нь хууль бусаар дээрэмдэн авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн довтолж дээрэмдэх” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Тиймээс шүүгдэгч *******-ийн дээрх зүйл ангид заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч учирсан хохирол, гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс, шүүгдэгч *******-ийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэхийг хүссэн саналыг улсын яллагчаас үгүйгсгэж, мэтгэлцээгүй болно.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйл эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүй. 

Шүүгдэгч *******-ийн гэм буруутай болох нь тогтоогдсон гэмт хэрэг болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт 2-8 жилийн хорих ял оногдуулахаар заасан бөгөөд бусад өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгтэй харьцуулахад хүч хэрэглэх аргаар, илээр үйлдэгддэг шинж чанар нь нийгэмд илүү хохирол уршиг ихтэй, аюултай гэмт хэрэг тул хүнд гэмт хэрэгт тооцогддог.

Харин дээрх хөнгөрүүлэн авч үзэх хуулийн нөхцөл болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуурсан үедээ, хохирогчийн эрх, эрх чөлөөнд хүч хэрэглэн халдаж гэмтэл учруулсан, эд хөрөнгийн хохирол учруулсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогч “Гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /эрхэлсэн тодорхой ажилгүй, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, ар гэрийн байдал/-ыг тус тус харгалзан өмгөөлөгчийн саналыг хүлээн авсан болно.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч *******-ийг Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 “хорих ялын доод хэмжээг 2 жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл хэсэг заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын доод хэмжээ болох 2 жилийн хорих ялыг 1 жилийн хорих ял болгон хөнгөрүүлэн оногдуулахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгчид 1 жилийн хорих ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцэхийн зэрэгцээ гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод бүрэн нийцнэ хэмээн шүүх дүгнэсэн болно.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д оногдуулсан хорих ялыг, түүний анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн хувьд бусдад төлөх төлбөргүй, ам бүлийн байдал зэргийг нь харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

Шүүгдэгч *******-ийн 2022 оны 1 дүгээр сарын 3-ны өдрөөс 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 15 хоног, нийт 15 /арван тав/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, эдлэх ялаас хасах нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А овогт Ц Н-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж аван дээрэмдэх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь заалтад зааснаар А овогт Ц Н-д 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******-ийн цагдан хоригдсон 15 /арван тав/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хассугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн тоолсугай. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ц.УРАНГУА