Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/96

 

 

                Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

нарийн бичгийн дарга: М.Солонго,

улсын яллагч: Н.Улсболд,

шүүгдэгч: ******* /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******-т холбогдох эрүүгийн *************** тоот хэргийг 2022 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ****оны ** дугаар сарын ***-ны өдөр **** аймгийн ********** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа 00000, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт 00000 дүүргийн 000 дүгээр хороо, ***** 00 дүгээр гудамж, 0 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

И т овогт Э-ын Б /рд:0000000/,

 

Холбогдсон эрүүгийн хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр):  

Шүүгчдэгч ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Сонгинохайохан дүүргийн 39 дүгээр хороо, Хангайн 59-12 тоотод хохирогч Б.С рүү “манай эхнэрийг авч явлаа” гэх шалтгаанаар аяга болон архины шил шидэж, эрүүл мэндэд нь дух, баруун сарвуунд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

- Гэмт хэргийн талаархи, гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-3/,

- Хохирогч Б.С-ийн мэдүүлэг /хх-9-11/,

- Гэрч Б.Б-гийн мэдүүлэг /хх-27-28/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Ц.Н-гийн 10920 дугаартай дүгнэлт /хх-37-38/,

- Шүүгдэгч *******-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-51-52, 55/,

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас хх-57,

- Оршин суух газрын тодорхойлолт /хх-59/,

- Иргэний үнэмлэхийн лавлагаа хх-60,

- Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-61-63/,

- Эд хөрөнгийн лавлагаа /хх-65/,

- Шүүгдэгчийн Хаан банкны дансны лавлагаа хх-66-73/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч *******-т холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

 

I. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Сонгинохайохан дүүргийн 39 дүгээр хороо, Хангайн 59-12 тоотод хохирогч Б.С рүү “манай эхнэрийг авч явлаа” гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харьцааны улмаас аяга архины шил шидэж, эрүүл мэндэд нь дух, баруун сарвуунд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Хохирогч Б.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр өөрийн танил эгч Б-гийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хороо Хангай 59 дүгээр гудамжинд очсон. Тухайн үед 19 цаг болж байсан ба түүний гэрт нөхөр нь болох ******* нь төрсөн өдөр гээд архи согтууруулах ундаа хэрэглээд сууж байсан. Тэгээд байж байтал эгчийн нөхөр надад шар айраг хийж өгсөн ба би тухайн үед тэр хоёртой хамт сууж байгаад 21 цагийн орчимд гарах гэтэл араас эхнэр нь гарч ирчихээд чи эгчтэйгээ түр байж байгаачээ, нөхөр архи уучихаад агсараад байх болов уу? гэж бодож байна” гээд байхаар нь би түүний гэрт ороод байж байтал түүний нөхөр болох ******* нь агсараад чи манай эхнэрийг авч явах гээд байна уу гээд над руу цайны шаазан аяга аваад шидсэн. Тэгэхэд тухайн аяга миний баруун хөмсөг хэсэгт оносон, түүний дараа толгойгоо бариад байж байтал нөгөө ******* ах мөн дахин 0.5 литрийн багтаамжтай архины шил аваад шидчихсэн. Тэгэхэд түүнийг баруун гараараа хаахад миний гарын долоовор хурууны тэнд язарчихсан. Тэгээд би гараад явчихсан” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10х/,

Гэрч Б.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... тухайн үед манай нөхөр ******* Б.С рүү аяга шидсэний улмаас учирсан гэмтэл юм. Би тухайн үед сандарсандаа нөхрөө өмөөрөөд тэгж мэдүүлэг өгсөн ба мөн би дээрээс нь эмэгтэй хүн болохоор цагдаа шүүх надад гайгүй хандах байх гэж бодсон ... гэх мэдүүлэг /хх-ийн 34-35х/

үүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 10920 дугаартай:

1. Б.С-ийн биед дух, баруун сарвуунд шарх тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтлүүд байна.

4. Дээрх гэмтлүүд тус тусдаа болон нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 37-38/,

Шүүгдэгч *******-ын яллагдагчаар өгсөн: “Миний бие 2021 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр өөрийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хороо, Хангай 59 дүгээр гудамжны 12 тоот гэртээ эхнэр Б, эхнэрийн хуурай дүү Б.С, мөн С-ийн найз гэх нэг эмэгтэй нарын хамтаар архи согтууруулах ундаа хэрэглэсэн. Тухайн үед миний бие ганцаараа архи уугаад, нөгөө эмэгтэйчүүд шар айраг уугаад байж байсан. Тухайн үед 19 цаг өнгөрөөд 20 цаг болж байсан байх. Одоогоор сайн санахгүй байна. Тэгээд бид нар архи согтууруулах ундаа хэрэглэж байгаад миний бие эхнэрийн хуурай дүү гэх иргэн Б.С-тэй эхнэр авч явах гэлээ гэх шалтгааны улмаас түүн рүү ширээн дээр байсан хөнгөн цагаан цай уудаг сэнжтэй аяга аваад шидчихсэн. Тэгтэл тухайн аяга түүний толгой тус газар оносон. Тэгээд түүний дух хэсгээс цус гарсан ба манай эхнэр Б нь тогтоох гээд хөвөн бинтээр дарахад цус нь тогтохгүй байсан. Тэгээд Б.С нь гэмтэл согог судлалын үндэсний хүрээлэн рүү явсан ба би тухайн үед гэртээ үлдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч ******* нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр, хохирогч Б.С-ийн эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.  

Өөрөөр хэлбэл шүүгдэгч ******* нь хохирогч Б.С-ийн биед аяга, архины шил шидсэн нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба түүний үйлдлийн улмаас хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.

Тиймээс шүүгдэгч *******-ыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.С нь 395 000 /гурван зуун ерин тав/ төгрөгийг төлж, хохирогч гомдол саналгүй гэсэн байх ба хохирогчид учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 (таван зуун мянган) төгрөгийг торгох ял оногдуулах дүгнэлт гаргасан ба шүүгдэгч нь дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” байгааг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

Иймд шүүгдэгч *******-ыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн гэх хувийн байдал болон тэрээр эрхэлсэн тодорхой ажилтай зэрэг нөхцөл байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч ******* нь торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.11, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч И т овогт Э-ын Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И т овогт Э-ын Б-ыг 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар *******-т оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай. 

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, ******* нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

 

5. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ц.УРАНГУА