Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/122

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

нарийн бичгийн дарга: М.Солонго,

улсын яллагч: Т.Төмөртулга,

шүүгдэгч: Т.А /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т.А-дхолбогдох эрүүгийн ************* тоот хэргийг 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

                                              

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, **** оны **дүгээр сарын ***-ний өдөр ******** аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, 00 дугаар байр, 00 тоотод оршин суух хаягтай, урьд

Говь-Алтай аймаг дахь сум дундын шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ний өдрийн 2018/ШЦТ/** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 15 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15 000 000 /арван таван сая/ төгрөгөөр торгох ялаар,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 2020/ШЦТ/**** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн,

И М овогт Т-ын А /РД:.........../,

 

Холбогдсон эрүүгийн хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

Шүүгдэгч Т.А нь 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 27 дугаар байрны автомашины зогсоол дээр хохирогч С.Б-ыг “эхнэртэйгээ хардсан” шалтгааны улмаас түүний нүүрэн газарт гараараа цохиж мөн зүүн гуя хэсэгт хутгалж, хүний эрүүл мэндэд хөмсөгт няцарсан шарх, зовхинд цус хуралт, гуянд хатгагдсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.                                   

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.А мэдүүлэхдээ: “Өмнө нь мэдүүлэг өгсөн тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Улсын яллагчийн ялын саналыг хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ их гэмшиж байна ” гэв.

 

            Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

            -гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-4/,

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-6/,

-хохирогч С.Б-ын мэдүүлэг /хх-14-16/,

-шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 10307 дугаартай дүгнэлт /хх-27-28/,

-шүүгдэгч Т.А-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг хх-39-41/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Т.А-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Т.А нь 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 27 дугаар байрны автомашины зогсоол дээр хохирогч С.Б-ыг “эхнэртэйгээ хардсан” шалтгааны улмаас түүний нүүрэн газарт гараараа цохиж, мөн зүүн гуя хэсэгт хутгалж хүний эрүүл мэндэд хөмсөгт няцарсан шарх, зовхинд цус хуралт, гуянд хатгагдсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Хохирогч С.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2021 оны 10 дугаар сарын 23-ны орой найз Т.А-ын эхнэр болох Б  түүний найз гэх залуугийн хамтаар Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мустанг нэртэй пабд орж суусан. Тэгээд тухайн газарт архи болон пиво уусан. Тэгээд шөнө 00 цаг болж байхад паб хаалгаа барих үед бид гурав миний эзэмшлийн тээврийн хэрэгсэлд орж суусан. Тэгээд өглөө сэрэхэд Т.А гэх Б гийн нөхөр нь ирчихсэн байсан. Тэгээд намайг эхнэртэй хамт архи уулаа гэж хардсан. Тэгтэл гэнэт машины хаалга онгойлгоод намайг нүүр хэсэг рүү гараараа хэд хэдэн удаа цохиод, халааснаасаа жижиг хутга гаргаж ирээд миний зүүн талын гуя хэсэг рүү нэг удаа хатгасан. Тэгээд яваад өгсөн. Тухайн үед Б  болон тухайн залуу байгаагүй. Миний машинаас хэзээ бууж явсан талаар би мэдэхгүй байна. Би тухайн үед архи согтууруулах ундаа нилээд хэрэглэсэн байсан. Тэгтэл цагдаа нар ирсэн”... гэх мэдүүлэг (хх-14-16),

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 10307 дугаартай:

1. С.Б-ын биед хөмсөгт няцарсан шарх, зовхинд цус хуралт, гуянд хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй болон мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна гэх дүгнэлт (хх-27-28),

Шүүгдэгч Т.А-ын яллагдагчаар өгсөн: “Би тухайн өдөр Баянхонгор аймгаас үүргийн 06 цагийн үед ирсэн. Тэгээд би 22 товчоон дээр ирээд эхнэр Б  руу утсаар ярихад архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай гэртээ байна гэж ярьсан. Тэгээд би Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 27 дугаар байрны 12 тоотод байрлах гэртээ ирээд гэрийн хаалгыг цохиход онгойлгоогүй. Тэгээд би эхнэр Б гийн утас руу залгахад гэрт ямар нэгэн чимээ гараагүй. Тэгтэл дахиж залгахад утсаа аваад гэртээ байна гээд байсан. Би тухайн үед гэрийн үүдэн дээр байна гэж хэлэхэд би ойрхон байна гэж хэлсэн. Тэгээд эхнэр утсаа салгачихлаа гэж бодсон бололтой эрэгтэй хүнтэй яриад байхаар нь би утсыг нь чимээгүй чагнаад байж байсан. Тэгтэл манай найз Б буюу Б-тай гэрлээ асаа миний цүнх хаана байна. Манай нөхөр ирчихсэн байна гэж хоорондоо ярьсан. Тэгээд би Б буюу Б-ын дууг арай үгүй байлгүй дээ гэж бодсон. Учир нь Б бид хоёр 20 гаран жил найзалж нөхөрлөж байгаа найзууд байгаа юм. Тэгээд удалгүй орцонд сууж байтал эхнэр архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай ороод ирсэн. Тэгээд хаалга онгойлгохоор нь би гэртээ ороод Б-гийн машин хаана байна гэж асуухад эхнэр мэдэхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би талхан дээр байсан жижиг масло түрхдэг хутгыг халаасандаа хийгээд Б-ыг хайтал 3 дугаар үйлчилгээний төвийн хойно машин дотроо том пиво уучихсан нүцгэн сууж байсан. Тэгэхээр нь би хаалгыг нь татаж онгойлгоод нүүр хэсэг рүү нь гараараа хэд хэдэн удаа цохиход би эхнэртэй чинь унтаагүй уулзаагүй гээд уурлаад байсан. Тэр үед би та хоёр ингэж ярьсан биз дээ гэж хэлэхэд дуугүй болчихсон. Тэгээд би уурандаа халаасандаа байсан хутгыг гаргаж ирээд зүүн талын гуя хэсэгт нь нэг удаа зүсээд яваад өгсөн...” гэх мэдүүлэг (хх-39-41) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч Т.А нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй буюу хардалтын сэдэлтээр хохирогчийн биед халдаж, хохирогч С.Б-ын эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Т.А нь хохирогч С.Б-ын биеийг гараараа цохиж, зүүн гуя хэсэгт хутгалсан болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.

Тиймээс шүүгдэгч Т.А-ыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.Б гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Т.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянган) төгрөгийг торгох ял оногдуулах дүгнэлт гаргасан ба шүүгдэгч нь дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй, хүлээн зөвшөөрсөн болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Т.А нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.  

Харин шүүгдэгч Т.А-ыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн гэх нөхцөл байдлыг нь харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Т.А нь торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.  

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

          1. Шүүгдэгч И М овогт Т-ын А-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И М овогт Т-ын А-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсгүүдэд зааснаар Т.А-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 (гурав) сарын хугацаанд ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай. 

 

          4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

 

          5. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ц.УРАНГУА