Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/117

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

нарийн бичгийн дарга: Г.Хулан,

улсын яллагч: Т.Төмөртулга,

шүүгдэгч: ******* /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******-д холбогдох эрүүгийн ********* тоот хэргийг 2022 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

                                              

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, **** оны * дугаар сарын *-ны өдөр ******** аймгийн ****** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ........ажилтай, ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо, *******00 дүгээр гудамж, 0 тоотод оршин суух хаягтай, урьд:

 Сум дундын 5 дугаар шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

Х овогт Н-гийн Г /РД:......../,

 

Холбогдсон эрүүгийн хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

Шүүгдэгч ******* нь 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хороо, Хангайн 51 дүгээр гудамж 11 тоот хашаанд хохирогч Т.А-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас болж маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт түлээний модоор цохиж эрүүл мэндэд нь зүүн хөмсөгт шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Өмнө нь мэдүүлэг өгсөн тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Улсын яллагчийн ялын саналыг хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ их гэмшиж байна” гэв.

 

            Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

            -гэмт хэргийн талаарх гомдол, мэдүүлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/,

-хохирогч Т.А-гийн  мэдүүлэг /хх-ийн 8/,

-шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 12-13/,

-*******-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 22/,

-эрүүнгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38/,

-иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 30/,

-оршин суугаа газрын бүртгэлийн лавлагаа /хх-ийн 31/,

-үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 33/,

-шүүхийн шийтгэх тогтоол, захирамжууд /хх-ийн 40-64/,

-хохирогч, яллагдагч нарын хүсэлт/хх-ийн 69-70/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч *******-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч ******* нь 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хороо, Хангайн 51 дүгээр гудамж 11 тоот хашаанд хохирогч Т.А-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас болж маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт түлээний модоор цохиж, эрүүл мэндэд нь зүүн хөмсөгт шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Хохирогч Т.А-гийн  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хороо Хангайн 51 дүгээр гудамж 11 тоот хашаанд байрлах 5 ханатай монгол гэрт эхнэр, хүүхдийн хамт амьдардаг. Манай хүргэн ах ******* болохоор эхнэр, хоёр хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн Шарга суманд амьдардаг бөгөөд одоогоор Улаанбаатар хотод ганцаараа ажил хийж байгаад хавар буцахаар ирсэн.Түрдээ манай гэрийн урд талд байрлах байшинд ганцаараа амьдарч байгаа. 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 21 цагийн үед эхнэр, хоёр хүүхэд маань гэртээ ирээгүй байхгүй байхыг нь ашиглаад хүргэн ах ******* бид хоёр 0,5 литрийн хоёр шил Тайга гэх архийг хувааж уусан. Гэтэл хүргэн ах маань нэг жижиг шалтгаанаас болж надад агсраад гартаа түлээний мод бариад над руу шидчихсэн. Тэр мод нь миний зүүн нүдний хөмсөгний гадна хэсгийг онож шалбалаад цус гаргасан. Тэгэхээр нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн ”... гэх мэдүүлэг (хх-8),

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 713 дугаартай:

1. Т.А-гийн  биед зүүн хөмсөгт шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ирмэг бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт (хх-12-13),

Шүүгдэгч *******-ийн яллагдагчаар өгсөн: “...Миний бие 2021 оны 12 дугаар сарын 17-ны оройн 21 цагийн үед төрсөн дүү О, хүүхдийнхээ хамт гэртээ ирээгүй байхаар нь хүргэн дүү Т.А-тэй хамт гэрт нь хоёр шил 0,5 литрийн Тайга нэртэй архийг хамтдаа хувааж уусан. Тэгээд архиа ууж дуусгаад Т.А дургүй хүргээд байхаар нь бид хоёр хоорондоо муудалцаад би түлээний нэг ширхэг мод аваад Т.А рүү шидтэл зүүн нүднийх нь ойролцоо очоод оночихсон. Гэтэл нүд хэсгээс нь цус гараад эхэлсэн бөгөөд үүнийг харсан дүү цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Дараа нь харахад зүүн нүднийх нь хэсэгт том шалбархай үүссэн байсан” гэх мэдүүлэг (хх-22) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч ******* нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр халдаж, хохирогч Т.А-гийн  эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч ******* нь хохирогч Т.А-гийн  нүүрэн тус газарт модоор цохисон болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба шүүгдэгчид цохиулсны улмаас хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.

Тиймээс шүүгдэгч *******-ийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Т.А нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч *******-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 (дөрвөн зуун тавин мянган) төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргасан ба шүүгдэгч нь дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй, хүлээн зөвшөөрсөн болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

Харин шүүгдэгч ******* гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн гэх хувийн байдал болон тэрээр эрхэлсэн тодорхой ажилтай зэрэг нөхцөл байдлыг нь харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000 (дөрвөн зуун тавин мянган) төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч ******* нь торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

          1. Шүүгдэгч Х овогт Н-гийн Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х овогт Н-гийн Г-д 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 (дөрвөн зуун тавин мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсгүүдэд зааснаар *******-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 (гурав) сарын хугацаанд ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай. 

 

          4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

 

          5. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ц.УРАНГУА