Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 00155

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 32 дугаар хороо, Баруун түрүү, товчооны замын 1-08 тоотод байрлах Агротрак ХХК /РД:5698715/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Булган аймгийн Тэшиг сумын Жаргалант 5 дугаар багийн 1-01 тоотод байрлах Шинэ амжилт ХХК-д холбогдох,

комбайны үлдэгдэл төлбөр 85 000 000 төгрөг, алданги 15 810 000 төгрөг нийт 100 810 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2017/00095/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч 1988 оны 06 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, Агротрак ХХК-д борлуулалтын менежер ажилтай, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 12 дугаар хороолол, 59 тоотод оршин суух Боржигон овогт Чимидийн Энхболд /РД:УХ88060691/, нарийн бичгийн дарга С.Гончигбал нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Агротрак ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "Агротрак" ХХК нь "Шинэ амжилт" ХХК-тай 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр ОХУ-ын Ростсельмаш үйлдвэрт үйлдвэрлэсэн, шинэ Нива Эффект үр тарианы комбайн 1 ширхэгийг нийлүүлэн ХАА-н техник худалдах, худалдан авах гэрээ хийсэн юм.

Худалдан авагч барааны төлбөрөөс урьдчилгаа болгон 17 000 000 төгрөгийг гэрээнд гарын үсэг зурснаас хойш ажлын 2 хоногийн дотор, барааны үлдэгдэл төлбөрөөс 68 000 000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө, 85 000 000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө тус тус худалдагчийн дансанд шилжүүлнэ гэж гэрээний 4.1, 4.2, 4,3 -т заасан байна.

"Шинэ амжилт" ХХК нь гэрээ байгуулсанаас хойш 2015 оны 10 дугаар сарын 10, 20 ны өдөр 10 000 000 төгрөгийг манай компаний дансанд хийсэн.

Худалдан авагч энэхүү гэрээний 4.1, 4.2, 4,3 заалтуудыг зөрчсөн хугацаа хэтэрсэн хоног тутамд үлдэгдэл төлбөрийн 0,3 хувьтай тэнцэх алданги худалдагчид төлөх ёстой.

Иймд гэрээний дагуу төлөх ёстой 85 000 000 төгрөг болон алданги болох 15 810 000 төгрөгийг төлүүлэх хүсэлтэй байна.

Бид төлбөрөө авах хүсэлтээ удаа дараа хүргүүлж, утсаар ярьж байсан боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй байгаа нь манай компанийг хохироосон хууль бус үйлдэл болж байгаа учир манайд учруулсан хохирлыг "Шинэ амжилт" ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани Шинэ амжилт ХХК-тай 170 000 000 төгрөгийн комбайн худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээнд талууд гарын үсэг зурснаас хойш 17 000 000 төгрөг төлөөд үлдэх төлбөрийг 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 68 000 000 төгрөг, 85 000 000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө төлж барагдуулахаар харилцан тохиролцсон байсан. Төлбөрийг 2 жилийн хугацаанд 2 хувааж төлөхөөр тохирсон байсан. Гэрээ байгуулснаас хойш Шинэ-Амжилт ХХК нь 10 000 000 төгрөгийг төлж үлдэгдэл 7 000 000 сая төгрөгийг төлөөгүй учир 75 000 000 төгрөгийг алдангийн хамт гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд эвлэрлийн гэрээ байгуулж шүүх эвлэрлийн гэрээг баталгаажуулж шийдвэрлэсэн. 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 85 000 000 төгрөгийг төлөх байсан боловч төлөөгүй тул 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хугацааны алданги 15 810 000 төгрөг тооцож бүгд 100 810 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Алдангийг гэрээнд зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0.3% -иар тооцохоор тохиролцсон байсан гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Агротрак ХХК нь Шинэ-Амжилт ХХК-иас комбайны үлдэгдэл төлбөр 85 000 000 төгрөг, алданги 15 810 000 төгрөг бүгд 100 810 000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Шинэ-Амжилт ХХК-ийн захирал П.Цэрэнбатад нэхэмжлэлийн хувийг 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр гардуулсан боловч тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биеүүлээгүй байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Агротрак ХХК нь Шинэ-Амжилт ХХК-тай 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр ОХУ-ын Ростсельмаш үйлдвэрт үйлдвэрлэсэн, 170 000 000 төгрөгийн үнэ бүхий шинэ Нива Эффект үр тарианы комбайн 1 ширхэгийг нийлүүлэн барааны үнийн төлбөрөөс урьдчилгаа 17 000 000 төгрөгийг гэрээнд гарын үсэг зурснаас хойш ажлын 2 хоногийн дотор, барааны үлдэгдэл төлбөрөөс 68000000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө, 85 000 000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө тус тус худалдагчийн дансанд шилжүүлэхээр тохиролцож талууд гэрээний нөхцлийг харилцан зөвшөөрч гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болсон, талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан гэрээ байгуулагдсан байна./хх-ийн 5-12/

Хариуцагч Шинэ-Ажилт ХХК нь гэрээгээр тохирсон урьдчилгаа төлбөрөөс 10 000 000 төгрөгийг төлж үлдэгдэл төлбөрийг гэрээнд заасан хугацаандаа төлөөгүй тул нэхэмжлэгч тал 2015 оны 12 дугаар сарын 1-ний дотор төлөх төлбөрийг алдангийн хамт нэхэмжилж шүүхээр шийдвэрлүүлсэн нь Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 534 дугаартай захирамжаар тогтоогдож байна. /хх-ийн 35/

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүрийг тус тус хүлээхээр заасан бөгөөд хариуцагч тал 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн дотор төлөх 85 000 000 төгрөгийг гэрээнд заасан хугацаандаа төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх тул гэрээний үүргийн гүйцэтгэл 85 000 000 төгрөг, гэрээний хариуцлага буюу алданги 15 810 000 төгрөгийг Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасны дагуу худалдан авагчаасшаардах эрхтэй байна.

Иймд худалдах худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн эд хөрөнгийн үнэ 85 000 000 төгрөг, талуудын хооронд байгуулагдсан гэрээний 7.2 т заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0.3% -иар тооцсон алданги 15 810 000 төгрөг бүгд 100 810 000 төгрөгийг гаргуулж Агротрак ХХК-д олгох нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, шүүх хурадааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232.6-д зааснаар Шинэ амжилт ХХК-иас 100 810 000 /нэг зуун сая найман зуун арван мянган/ төгрөгийг гаргуулж Агротрак ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 662000 /зургаан жаран хоёр мянган/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Шинэ амжилт ХХК-иас 662000 /зургаан жаран хоёр мянган/ төгрөгийг гаргуулж Агротрак ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН