Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/02

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дашням 

Улсын яллагч Э.Хосбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа

Шүүгдэгч Ө.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бодонгууд овогт ******* *******ад холбогдох эрүүгийн 2121000000454 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* оны 12 дугаар сарын 23-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Баян-Уул сумын 1 дүгээр багт оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Бодонгууд овогт ******* ******* /РД: ЖВ 74122313/.

Шүүгдэгч ******* ******* нь 2020 оны 07 дугаар сард Дорнод аймгийн Баяндун сумын 1 дүгээр баг, “Битүү” гэх газарт нутаглах иргэн *******ын итгэмжлэн хариуцуулж өгсөн үхэр сүргээс 4 тооны үхрийг завшиж, 2,450,000 /хоёр сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ө.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй” гэв. 

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2020 оны 07 дугаар сард эхнэр Алтанчимэгийн хамт Улаанбаатар хот руу бага охин Эрдэнэчимэгийг эргэх гэж явахдаа сумын төвд байрлах хүргэн *******ын гэрт очиж манай малыг харж байгаарай гэж захиж үлдээсэн. Ер нь би ойр зуур явахдаа хүргэн *******ад малаа захиж үлдээдэг. ...Явах болгондоо хүргэн *******ад малаа тоолж өгнө гэж байхгүй. Учир нь ******* манай хүргэн байгаа юм. Дээд тал нь 7 хоног яваад ирэхийн хооронд тоолж үлдээнэ гэж байхгүй. Тоолж үлдээж байгаагүй. Би хүргэндээ итгэсэн болохоор малаа харж байгаарай гэж хэлээд үлдээдэг. Төрсөн өдөр, үсний найр гэх мэтчилэн үед бол бяруу аваарай гэж хэлж байсан. Яг зүслээд зааж өгч байгаагүй. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх-ийн 10-19/

Гэрч Х.Ёндон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2020 оны 07 дугаар сарын үед хэдний өдөр байсныг нь сайн санахгүй байна. Манай нагац ах ******* над руу утсаар залгаад “нөгөө үхрийнхээ оронд авах үхрээ ирээд ав” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “за за тэгье” гэж хэлээд Дорнод аймгийн Баян-Уул сум руу өөрийнхөө цэнхэр өнгийн 30-13 ДОР улсын дугаартай Портер маркийн машинтай явсан. Баян-Уул сумын наана явж байхад ******* ах өөдөөс мотоциклтой ирсэн. Тэгээд намайг дагуулаад явсан. Сумын төвөөс зүүн хойш “Битүү” гэх газар руу явсан. ******* ахын гэрт нь очсон. ******* ах морио унаад үхрээ бөөгнүүлж үхрүүдээ хашаад 1 тооны улаан зүсмийн шүдлэн эр үхрээ барьж өгсөн. Тэр үхрийг нь Портер маркийн машин дээрээ ******* ах бид хоёр хамт ачсан. Дараагаар нь ******* ах надад хэлэхдээ “ахын дүү 3 бярууг зараад өгөөч, ахад нь мөнгөний хэрэг гараад байна” гэж хэлсэн. Тэгээд уг 3 бярууг нь Портер маркийн машин дээрээ ачсан. Гэртээ ирээд нөгөө өөрийн авсан 1 тооны шүдлэн үхрээ машины тэвшин дээрээс буулгаад ... 3 тооны бяруугаа Баяндун сумын төвд байх Баттөмөрийн Баяраа гэх хүнд зарсан. Мөнгийг нь би өөрийнхөө данс руу шилжүүлж аваад ******* ахын данс руу шилжүүлсэн. ...******* ах миний эзэмшлийн үхрүүд гэж надад хэлсэн...” гэжээ. /хх-ийн 24-25/

Гэрч Б.Батбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 07 дугаар сарын үед сумын Ёндон гэх залуу сумын төвд манай гэрт өөрийн Портер маркийн машинтайгаа 3 тооны бяруу ачаад ирсэн. Тэгээд уг 3 тооны бярууг “авах уу” гэхээр нь “авъя” гэж хэлсэн. Уг 3 тооны бярууг би хашаандаа буулгасан. ... мөнгийг нь Ёндонгийн эхнэрийнх нь данс руу шилжүүлсэн ба 3 бярууны мөнгө гэж 1,050,000 төгрөгийг шилжүүлсэн. Нэг бярууг 350,000 төгрөгөөр худалдаж авсан...” гэжээ. /хх-ийн 36-37/

Ө.******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2020 оны 07 дугаар сард /яг хэдний өдөр гэдийг санахгүй байна/ гэртээ байхад хадам аав Ганбат, хадам ээж Алтанчимэг нар манай гэрт ирээд “аав, ээж хоёр нь Улаанбаатар хот явлаа, манай хэдэн үхэр бэлчээртээ байгаа харж байгаарай” гэж хэлээд гэрийнхээ түлхүүрийг үлдээгээд явсан. Тэгэхээр нь би хөдөө аав ээжийн гэрт очоод байхдаа Ёндон руу залгаад ирээд нэг үхрээ ав гэж хэлсэн. Удалгүй Ёндон хадам аавын гэрт ирэхээр нь 1 тооны улаан шүдлэн үхэр, мөн хар бяруу, улаан халзан бяруу, улаан алаг бяруу гээд нийт 4 тооны малыг машинд нь ачиж өгөөд явуулсан...” гэжээ. /хх-ийн 60-62/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 5/

Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 38/

Ө.*******ын ХААН банкны депозит дансны хуулга /хх-ийн 51-54/

Ө.*******ын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 63/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 68/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч Бодонгууд овогт ******* ******* нь 2020 оны 07 дугаар сард Дорнод аймгийн Баяндун сумын 1 дүгээр баг, “Битүү” гэх газарт нутаглах хохирогч *******ын итгэмжлэн хариуцуулж үлдээсэн үхэр сүргээс 4 тооны үхрийг завшиж, 2,450,000 /хоёр сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...2020 оны 07 дугаар сард гэртээ байхад хадам аав Ганбат, ээж Алтанчимэг нар манай гэрт ирээд “Аав, ээж хоёр нь Улаанбаатар хот явлаа, манай хэдэн үхэр бэлчээртээ байгаа харж байгаарай” гэж хэлээд гэрийнхээ түлхүүрийг үлдээгээд явсан. Тэгэхээр нь би хөдөө аав ээжийн гэрт очоод байхдаа Ёндон руу залгаад ирж нэг үхрээ ав гэж хэлсэн. Удалгүй Ёндон хадам аавын гэрт ирэхээр нь 1 тооны улаан шүдлэн үхэр, мөн хар бяруу, улаан халзан бяруу, улаан алаг бяруу гээд нийт 4 тооны малыг машинд нь ачиж өгөөд явуулсан...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч *******ын “...Би 2020 оны 07 дугаар сард эхнэр Алтанчимэгийн хамт Улаанбаатар хот руу бага охин Эрдэнэчимэгийг эргэх гэж явахдаа сумын төвд байрлах хүргэн *******ын гэрт очиж манай малыг харж байгаарай гээд захиж үлдээсэн. Ер нь би ойр зуур явахдаа хүрэн *******ад малаа захиж үлдээдэг. Явах болгондоо хүргэн *******ад малаа тоолж өгнө гэж байхгүй. Би хүргэндээ итгэсэн болохоор малаа харж байгаарай гэж хэлээд үлдээдэг юм...” гэх мэдүүлэг, гэрч Х.Ёндон, Б.Батбаяр нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ, Ө.*******ын ХААН банкны депозит дансны хуулга болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.       

Шүүгдэгч Ө.******* нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд юмсыг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор хууль бусаар ашиглалтад оруулж өмчлөгчид нөхөн төлбөрийг өгөхгүйгээр өөрийн эзэмшил, өмчлөлд оруулсан байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.  

Шүүгдэгч ******* *******ад холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* *******ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ө.******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч Ө.*******ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын саналыг хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, хохирогчид учруулсан хохирлыг төлж барагдуулсан зэргийг харгалзан прокурортой тохиролцсон саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, уг ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.

Түүнчлэн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа нь шүүгдэгч Ө.*******ад 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэж оногдуулсан ялыг өршөөн хэлтрүүлэх тухай хүсэлтийг гаргаж байх боловч шүүх хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь шүүгдэгч Ө.******* нь урьд ял шийтгүүлж байгаагүй, түүний үйлдсэн гэмт хэрэг нь цаг хугацааны хувьд 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хөрөнгө завших гэмт хэрэг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих гэмт хэрэгт хамаарч байгаа учраас түүнд оногдуулсан ялыг өршөөн хэлтрүүлэх болон хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох боломжгүй юм. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хөрөнгө завших гэмт хэрэг нь торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих ялын аль алийг нь оногдуулах боломжтой гэмт хэрэг бөгөөд 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан ялыг дүйцүүлэн солих өршөөлийн хэлбэрт хамаарч байгаа учир шүүхээс шүүгдэгчид хорих ял оногдуулсан тохиолдолд уг ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж өршөөлд хамрагдах боломжтой. Гэтэл шүүгдэгч Ө.******* нь прокурорын шатанд эрүүгийн хариуцлагын саналаа тохирч 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хүлээн зөвшөөрч байгаа учраас шүүх түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлагын шийдвэрийг гаргасан болохыг дурдаж байна.    

Шүүгдэгч Ө.*******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч *******ад дөрвөн үхэр буюу 2,450,000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Ө.******* нь хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлж, хохирогч ******* нь шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Ө.******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бодонгууд овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******ад 500 /таван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.*******ад оногдуулсан 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ө.*******ад мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Ө.******* нь цагдан хоригдоогүй, хохирогч *******ад 2,450,000 төгрөгийг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч ******* нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ЖВ 74122313 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ө.*******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА