Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 00157

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэн даргалж хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: 1967 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Булган аймгийн Тэшиг суманд төрсөн, 50 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 9 дүгээр баг Шанд, 38 дугаар гудамжны 9а тоотод оршин суух Өндөр овогт Даваасүрэнгийн Алтанцэцэг /РД:ГИ67040524/-ийн нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 132/2017/0159/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Алтанцэцэг, нарийн бичгийн дарга С.Гончигбал нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Алтанцэцэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Алтанцэцэг миний бие нь 1967 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Булган аймгийн Тэшиг суманд төрсөн. Миний бие нь Булган аймгийн Тэшиг сумын 8 жилийн сургуулийг 1982 оны 05 дугаар сард төгсөн, илгээлтээр гарч 6 дугаар сараас тус сумын 3 дугаар бригадад саальчин, малчнаар ажилласан. Үүнээс хойш нэгдэл тартал буюу 1990 оныг дуустал тасралтгүй малчин, саальчнаар ажиллаж байгаад нэгдэл тарснаас хойш хувиараа мал маллаж байгаад 2015 онд амьдралын шаардлагаар Орхон аймаг руу шилжин ирсэн. Тухайн үед хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтэр устаж үгүй болсон тул архив шүүж тухайн онуудад ажиллаж байсан хугацааны цалингийн зэс түүвэрлэсэн болно. Иймд Булган аймгийн Архивын тасгийн лавлагааг үндэслэн 1982 оны 06 дугаар сараас 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Булган аймгийн Тэшиг сумын Шинэ амьдрал нэгдэлд малчин, саальчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй ба тэрээр Булган аймгийн Тэшиг сумын Шинэ-Амьдрал нэгдэлд саальчин, малчнаар 1982 оны 06 дугаар сараас 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь цалингийн түүвэр бүхий Булган аймгийн Архивын тасгийн 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 03 дугаартай лавлагаа, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар зэргээр нотлогдон тогтоогдож байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтланӨндөр овогт Даваасүрэнгийн Алтанцэцэгийг Булган аймгийн Тэшиг сумын Шинэ-Амьдрал нэгдэлд 1982 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал саальчин малчнаар 8 /найман/ жил 7 /долоон/ сар ажиллаж байсныг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН