Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 1741

 

2017 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2017/01741

 

 

 

Х.Энхзаяагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч А.Отгонцэцэг Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 183/ШШ2017/00970 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Х.Энхзаяагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч С.Дуламрагчаад холбогдох,

 

Бусдын хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн орон сууцыг чөлөөлүүлэх, хариуцагчийг албадан гаргуулах тухай иргэний хэргийг

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 1281 дугаартай шийдвэрээр С.Баасансүрэнгээс 80 250 000 төгрөг гаргаж нэхэмжлэгч Ж.Хойлогдоржид олгохоор шийдвэрлэж, барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дугаар хороолол, 44 дүгээр байрны 44 тоот, 3 өрөө орон сууцыг худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шййдвэрлэсэн.

Үүний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж тус байрыг 2 удаа албадан дуудлага худалдаанд оруулсан боловч зарагдаагүй бөгөөд 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Хан-Уул дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч Ц.Бямбасүрэн албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгож тус орон сууцыг өвлөх эрхийн гэрчилгээний дагуу Ж.Хойлогдоржийн охин Х.Энхзаяагийн өмчлөлд шилжүүлэхээр шийдвэрлэж 2016 оны 06 дугаар сарын 18-ны өдөр албадан чөлөөлөх ажиллагаа хийж тус байрыг чөлөөлсөн боловч С.Баасансүрэнгийн ах болох С.Дуламрагчаа нь 2016 оны 7 сард байрны цоожийг эвдэн дур мэдэн орж суусан байсныг 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр мэдсэн юм.

Иймд 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргасан боловч 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн прокурорын эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тухай 2355 дугаартай тогтоол гарсан. 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Х.Энхзаяагийн өмчлөлийн орон сууцанд халдан орсноос хойш өнөөдрийг хүртэл орон сууцыг чөлөөлж өгөхгүй байгаа бөгөөд бидний эрх ашгийг ноцтой зөрчиж байх тул хууль бус ззэмшлээс нь орон сууцыг чөлөөлж, С.Дуламрагчааг албадан нүүлгэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбартаа: Би Солонгос улсад ажиллаж олсон мөнгөөрөө уг орон сууцыг авсан. Гэтэл уг орон сууцыг манай дүү С.Баасансүрэн зээлийн барьцаанд тавьсан байдаг. Миний зөвшөөрөлгүйгээр орон сууцыг барьцаалж зээл авсан.

С.Баасансүрэн миний орон сууцыг барьцаанд тавьж зээл авсан болохоор тэр хүн хариуцах ёстой. Би дур мэдэн хүний орон сууцад ороогүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Энхзаяагийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Хан-Уул дүүргийн шүүхийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, Дунд голын гудамжны 44 дүгээр байрны 44 тоот сууцнаас хариуцагч С.Дуламрагчааг албадан нүүлгэж, орон сууцыг чөлөөлүүлж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч С.Дуламрагчаагаас 70 200 төгрөг гаргуулж Х.Энхаяад олгож, нэхэмжлэгчийн төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадсангүй. Учир нь Ү-2206013113 дугаарын улсын бүртгэлийн гэрчилгээтэй Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, Дунд голын гудамжны 44 дүгээр байрны 44 тоот орон сууцнаас албадан нүүлгэж, орон сууцыг чөлөөлүүлэхээр шийдвэр гаргасан нь үндэслэлгүй. С.Дуламрагчаа орон сууцыг өөрийн хөрөнгөөр худалдаж авсан талаараа хэлж нотолсон.

Дээрх орон сууцыг барьцаанд тавих эрхийг бусдад олгоогүй байхад улсын бүртгэлийн гэрчилгээг үндэслэж С.Дуламрагчааг албадан гаргаж орон сууцыг чөлөөлүүлэх шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Х.Энхзаяагийн талийгаач аав Ж.Хойлогдорж нь иргэн М.Оюунжаргалд мөнгө зээлүүлсэн байдаг бөгөөд М.Оюунжаргал өөрөө төлөхийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Түүний зээлийн төлбөрт С.Дуламрагчаагийн орон сууцыг авч байгаа нь шударга ёсонд нийцэхгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч Х.Энхзаяа нь хариуцагч С.Дуламрагчаад холбогдуулан өөрийн өмчлөлийн орон сууцыг чөлөөлүүлэх, хариуцагчийг албадан гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 1281 дүгээр шийдвэрээр хариуцагч С.Баасансүрэнгээс 80 250 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Хойлогдоржид олгохоор шийдвэрлэсэн ба үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд хариуцагч С.Баасансүрэнгийн барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, Дунд гол гудамжны 44 дүгээр байрны 44 тоот 74.92 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2206013113 дугаарт бүртгэлтэй, гурван өрөө орон сууцыг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн ба шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 362 тоот тогтоолоор дуусгавар болжээ.

 

            Шүүхийн шийдвэрт дурдсан дээрх орон сууцны өмчлөгч нь Х.Энхзаяа болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх бөгөөд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Х.Энхзаяа нь өмчлөлийн зүйлээ бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй юм.

 

            Хариуцагч С.Дуламрагчаа нь маргаж буй орон сууцыг өөрийн эзэмшилд байлгаж байгаа ба тэрээр өөрийн эзэмшлийг хууль ёсны гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байна.

 

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-д заасныг баримтлан ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 183/ШШ2017/00970 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Дуламрагчаагаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70 500 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                         

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД                                                      А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                       Э.ЗОЛЗАЯА