Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 001

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Янжиндулам би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: С.Д-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга, Ховд аймгийн Ховд сумын Нийгмийн даатгалын байцаагч А.Н  нарт холбогдуулан гаргасан,

Нэхэмжлэлийн шаардлага: “Жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгохгүй байгаа эс үйлдэл нь хууль бус болохыг тогтоолгох, жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгохыг хариуцагчид даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Д , хариуцагч А.Н , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б , Б.А , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун, гэрч Т.М , М.М , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ням-Адъяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нэхэмжлэгч С.Д  нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл Ховд аймгийн Ховд сумын цэцэрлэгт багшаар түр ажиллаж байсан. Энэ хугацаанд 7 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийг сайн дураараа төлж байсан. 2019 оны 11 сард нийгмийн даатгалын шимтгэлээ төлсөн. Жирэмсний амралтаа хугацаандаа авсан.

Жирэмсний хугацаандаа Ховд аймгийн Жаргалант сумын Бугат өрхийн эрүүл мэндийн төвд эмнэлгийн хяналтад байсан. 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хяналтад орох байсан. Жирэмсний амралт авах талаар Н  эмчээс тодруулахад дараагийн 7 хоногт ирж жирэмсэн болон амаржсаны эмнэлгийн хуудсаа бичүүлж ав гэсэн. Н-ын эмчийн хэлсэн хугацаанд буюу 11 дүгээр сарын 04-ний өдөр жирэмсэн болон амаржсаны эмнэлгийн хуудсаа бичүүлж авахаар очиход Н  эмч байхгүй байсан. Ингээд Бүсийн оношилгоо эмчилгээний төвд очиж жирэмсэн болон амаржсаны эмнэлгийн хуудсаа бичүүлж авсан. Үүнээс өмнө жирэмсний тэтгэмж авах эрх үүссэн эсэхийг тодруулахаар Нийгмийн даатгалын хэлтэст очиж шалгуулахад жирэмсэн тэтгэмж авах эрх чинь үүссэн байна гэсэн.

Жирэмсэн болон амаржсаны эмнэлгийн хуудсаа бичүүлж авсны дараа байгууллагын нягтлан бодогчоор цалингийн тодорхойлолтыг гаргуулж Ховд сумын Нийгмийн даатгалын байцаагч А.Н-д хянуулж 2019 оны 11 дүгээр сарын 07–ны өдөр Б.Б  эмчид бичиг баримтаа үзүүлэхэд танд жирэмсний тэтгэмж олгох боломжгүй гэсэн хариу өгсөн.

Хяналтын хөтөч дэвтрийг анх нээлгэхдээ 2019 оны 3 дугаар сарын 10-ны өдөр гэж тэмдэглэгдсэн хэсэгт бичиг нь танигдахгүй байсан. Б.Б  эмч надаас асуумжийн аргаар чиний сүүлийн биений юм хэзээ ирсэн бэ гэхэд би анх 8 сарын 12-ны өдөр эмчийн хяналтад орсон. 4-5 сарын зөрүүтэй учир анхны биений юм хэзээ ирснийг санахгүй эргэлзээтэй байна гээд 2019 оны 3 сарын 10-ны өдрөөс хойш сарын тэмдэг гэж хэлсэн.

2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Бугат өрхийн эмнэлэгт М  эмчтэй уулзаад “та миний жирэмсний хугацааг яаж тооцоолсон бэ үүнийг залруулж өгөөч” гэхэд “тэтгэмж олгогдох ёстой, би чиний эхоны бичлэгийг харж жирэмсний хугацааг тодорхойлсон” гээд жирэмсний карт, календарийг аваачиж үзүүл гээд намайг явуулсан. Анх хяналтын хөтөч дэвтэр нээхэд бичсэн хугацаа нь эход харуулаагүй учир буруу бичигдсэн байна гээд дээрээс нь өөрөө зассан. Хэрвээ засварлахгүйгээр өөр цаасан дээр бичиж өгсөн бол зөрүү гарахгүй байсан. Би 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр амаржсан.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Н.Б  шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 191.1-д зааснаар жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь уг шимтгэлийг тасралтгүй төлсөн даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй гэж заасан. Мөн хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2015 оны А/30 дугаар тушаалд эмнэлгийн хуудас олгох журмыг баталж өгсөн. Уг тушаалын 2.5-д жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудсыг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх үүссэн нөхцөлд жирэмсний 31-32 долоо хоногтойд хяналт тавьж буй эмнэлгийн байгууллага олгоно гэж заасан.

Нийгмийн даатгалын байгууллагын хувьд жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудас, хөдөлмөрийн чадвар алдсан эмнэлгийн хуудсыг магадлагч эмч хянадаг. Магадлагч эмчийн хянаж зөвшөөрснөөр лист бодогдож олгогддог. Сумын байцаагчийн яагаад хүлээн авч гарын үсэг зурсан бэ гэхээр Ховд аймгийн Ховд сумын нийгмийн даатгалын байцаагч эмч биш учир нэхэмжлэгчийн жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудас хугацаандаа бичигдсэн эсэхийг мэдэхгүй гарын үсэг зураад явуулсан. Аймгийн төвд бүх сумын эмч нарын бичсэн жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудсыг магадлагч эмч хянаж, шалгаад жирэмсний болон амаржсаны тэтгэж олгох эсэхийг нь шийдвэрлэдэг.  

Журамд 31-32 долоо хоног байхаар заасан нь 7 хоногийн хэлбэлзлийг зааж өгсөн. Хамгийн цаад талын хугацаа нь 32 долоо хоногтойд нэхэмжлэгч жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудсаа бичүүлж авах ёстой байсан. Нэхэмжлэгч С.Д-ийн хувьд 10 сард 32 долоо хоног нь болсон учир 10 сарын шимтгэл орохгүй. Хуульд жирэмсний өмнөх 6 сар гэж зааж өгсөн учир хуульд заасан болзлыг хангахгүй байгаа.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч А.Н шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч С.Д  нь 2018 оны 2 сараас 3 сарын дуустал сайн дураараа, 2018 оны 4 сарын 01-нээс 10 сарын 31-нийг дуустал цэцэрлэгийн багшаар, 11 сарын 1-нээс 12 сарыг дуустал сайн дураараа, 2019 оны 5 сарын 01-нээс 6 сарын 31-ний өдөр дуустал цэцэрлэгийн багшаар, 7 сарын 01-нээс 7 сарын 31-ний өдөр дуустал сайн дураараа, 8 сарын 01-нээс 10 сарын дуустал цэцэрлэгийн багшаар ажилласнаар нийгмийн даатгалын шимтгэл төлсөн.

С.Д  жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудсыг нягтлан бодогчоор бодуулж, ирүүлснийг хүлээн авч Б.Б-д хянуулах ёстой гээд явуулсан.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 191.1-д зааснаар жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь уг шимтгэлийг тасралтгүй төлсөн даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй байхад уг шаардлага хангаагүй гэдгийг Б.Б  эмч тогтоосон гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлтэй. Учир нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 191 дүгээр зүйлийн 191.1-д Жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг нийгмийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь уг шимтгэлийг тасралтгүй төлсөн даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй гэж заасан. Хэрэгт авагдсан баримт болох нийгмийн даатгалын дэвтэр болон нийгмийн даатгалын байгууллагаас гаргаж өгсөн лавлагаагаар жирэмсний тэтгэмж авахаасаа өмнө 5-10 дугаар сард нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан болзол журмыг хангасан байна. Нэхэмжлэгч жирэмсний эмнэлгийн хуудсыг авахдаа жирэмсний хөтөч карт дээр хугацааг буруу бичиж, засварлуулсан гэдэг үндэслэлээр хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаад байгаа.

Шинжлэх ухааны үүднээс жирэмсэн эмэгтэйн төрөх хугацааг нарийн тооцож, тогтоох боломжгүй. Тиймээс ч гэрчүүдийн мэдүүлгүүд нь эргэлзээтэй байна. Эмч болгон өөрийнхөө аргаар дүгнэсэн. Тухайлбал хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч магадлагч эмч асуумжийн аргаар дүгнэж дүгнэлтээ гаргасан. Гэрч М.М  эмч эход үндэслэж уг хугацааг засварласан. Ийм учраас төрөх хугацааг хуульчлаад журамласан зүйл байхгүй. Хүний биеийн онцлогоос болоод хугацаа тооцох заавар гэж байдаг. Гэрчүүдийн мэдүүлэг, жирэмсэн эмэгтэйн хөтөч карт болон мэргэжлийн эмч нарын мэдүүлгүүдийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь дүгнэлт хийнэ үү.

Нэхэмжлэгч хугацаагаа буруу бичүүлж ирсэн гээд жирэмсний тэтгэмжийг олгохоос татгалзах хууль зүйн үндэслэлгүй. Хуульд энэ талаар нарийвчлан зохицуулж өгөөгүй. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 27 дугаар зүйлд тэтгэмж олгохыг түр түдгэлзүүлэх үндэслэлийг зааж өгсөн. Үүнд хуурамч бичиг баримт бүрдүүлснээс тэтгэвэр, тэтгэмж авах эрх үүсээгүй байхад тэтгэвэр буюу тэтгэмж тогтоолгон авсан нь тогтоогдвол түүний олголтыг түдгэлзүүлэн зогсооно гэж заасан. Хуурамч бичиг баримт гэж тухайн жирэмсний болох амаржсаны эмнэлгийн хуудсыг хуурамчаар бүрдүүлэх, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримтыг хуурамчаар үйлдсэн нөхцөл байдлуудыг ойлгоно. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэрт тэтгэмжийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-д Хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг нийгмийн даатгалын дэвтэр, эмнэлгийн байгууллагаас олгосон эмнэлгийн хуудсыг үндэслэн олгоно гэж заасан.

Түүнээс жирэмсэн эмэгтэйн хөтөч картыг үндэслээд чи хугацаагаа буруу бичүүлсэн байна гэдэг үндэслэлээр тэтгэмжийг олгохгүй байгаа нь үндэслэлгүй. Нөгөөтэйгүүр жирэмсэн эмэгтэйн хөтөч карт дээр засвар хийгдсэн нь тэтгэмж олгохоос татгалзах үндэслэл болохгүй. Хэрэв хуурамч бичиг баримт үйлдсэн гэж үзсэн нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон байх ёстой. Гэтэл ийм зүйл байхгүй. Тэтгэмжийг олгох эрх зүйн баримтууд болох жирэмсний 0488910 дугаар, амаржсаны дараах 0486636 дугаар эмнэлгийн хуудаснууд өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа. Магадлагч эмч дүгнэлт гаргаснаар тэтгэмжийг олгох, олгохгүй байх хууль зүйн үндэслэл байхгүй. Хариуцагч нарын зүгээс 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэгч листээ бичүүлж авах ёстой гэдэг шаардлага тавьдаг. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/30 дугаар тушаалаар батлагдсан иргэн даатгуулагчид эмнэлгийн хуудас олгох журмын 3.2-д зааснаар тэтгэмж авах эрх үүссэн даатгуулагчид жирэмсний болон амаржсаны тэтгэмж тооцохдоо даатгуулсан хоногт ногдох цалинг оруулан тооцно гэсэн.

Энэ нь жирэмсний тэтгэмж авахаас өмнө заавал тухайн сарын хоногийг бүтэн тооцож олгохгүй гэдгийг журамлаж өгсөн. Маргаан үүссэн үеэс хойш жирэмсэн болон амаржсаны эмнэлгийн хуудас хүчинтэй байгаа. Эмнэлгийн хуудас дээр гарын үсэг зурах, тамга дарах, зөвшөөрөл олгох эрх бүхий албан тушаалтан нь эмчлэгч эмч эмнэлгийн хуудсыг олгоод ерөнхий эмч гарын үсэг зурж, тухайн иргэний харьяалах нийгмийн даатгалын байцаагч гарын үсэг зурж тамга дардаг. Хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэж үзвэл олгохоос татгалзсан үндэслэлээ батлах ёстой. Гэрч М.М, Т.М нар жирэмсэн эмэгтэйн хөтөч картыг засварласан гэж байгаа боловч үндэслэлгүйгээр засварлаагүй. Нэхэмжлэгчийн эхоны бичилт болон бусад холбогдох баримтыг үндэслэж засварласан гэдэг. Жирэмсний амралтын эмнэлгийн хуудсыг 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр бичүүлж авахад нийгмийн даатгалын байгууллагад нэхэмжлэгчийн цалин хөлсний шимтгэл нь орчихсон байсан. Листээ 7-10 хоногийн зөрүүтэй бичүүлсэн гээд жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгохгүй байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Хуульд заасны дагуу нэхэмжлэгчийн тэтгэмж авах эрх нь үүссэн.

Жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудас хүчингүй болоогүй тохиолдолд магадлагч эмчийн хугацааг буруу тооцоолсон байна гэдэг үндэслэлээр жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгохгүй татгалзаад байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/30 дугаар тушаалаар батлагдсан иргэн даатгуулагчид эмнэлгийн хуудас олгох журмын дагуу эмнэлгийн хуудас бичигдсэн. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 191 дүгээр зүйлийн 191.1-д зааснаар тэтгэмж авах эрх нь үүссэн учир нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Хуурамч баримт бүрдүүлсэн хариуцагч талаас тайлбарлаагүй. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 191 дүгээр зүйлийн 191.1-д Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь уг шимтгэлийг тасралтгүй төлсөн даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй гэж заасныг баримталж нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан.

Нэхэмжлэгч С.Д нь эмнэлгийн хуудсыг бичүүлэхдээ өөрчилсөн байдаг. Гэрч М.М нь Ховд аймгийн Жаргалант сумын Бугат өрхийн эрүүл мэндийн төвд нийгмийн ажилтнаар ажилладаг, тухайн эрүүл мэндийн төвийн эмч биш. Нийгмийн ажилтан нь жирэмсэн эмэгтэйд үзлэг хийж, хяналтын карт дээр өөрчлөлт, засварлах хийх эрхгүй этгээд. Нэхэмжлэгчийн жирэмсний амралтын хугацааг 7 хоногийн хэлбэлзлийг хариуцагч талаас хүлээн зөвшөөрч байгаа.

Сүүлийн сарын тэмдэг ирсэн хугацааг 7-10 хоногоор өөрчилсөн ч нэхэмжлэгч 10 дугаар сарын 20-27-ны өдрүүдэд жирэмсний амралтаа авах ёстой байсан. Ж.Н  эмчийн гэрчээр өгсөн мэдүүлэг болон эхоны бичлэгийн тохирсон хугацаанд нэхэмжлэгч амаржсан. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/30 дугаар тушаалын 1 хавсралтад иргэн даатгуулагчдад эмнэлгийн хуудас олгох журмын 2.5-д жирэмсэн болон амаржсаны эмнэлгийн хуудсыг 31-32 долоо хоногтойд хяналт тавьж буй эрүүл мэндийн байгууллага олгоно гэж заасан.

Гэтэл нэхэмжлэгч С.Д нь 33-34 долоо хоногтойд эмнэлгийн хуудас авсан нь эрх үүсэхгүй нөхцөл байдлыг нотолж байна. Иргэн даатгуулагчид эмнэлгийн хуудас олгох журмын 4.1.8-д журмын 2.5.1-д заасан хугацаанд  тэтгэмжийн эрх үүсээгүй шалтгаанаар жирэмсэн болон амаржсан эмнэлгийн хуудсыг хойшлуулж олгохыг хориглоно гэснийг Ховд аймгийн Жаргалант сумын Бугат өрхийн эмнэлгээс хэрэгжүүлээгүй. Магадлагч эмч эмнэлгийн хуудас дээр хяналт тавих эрхгүй байдлаар тайлбарлаад байна. Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн А/70 тоот тушаалд эмнэлэг хөдөлмөрийн магадлалын магадлагч эмчийн дүрмийн 3.5-д иргэн даатгуулагчид эмнэлгийн хуудас олгох журмын дагуу эмнэлгийн хуудас бичилт, олголтод хяналт тавина гэж заасан.

Үүний дагуу магадлагч эмч хяналтаа тавиад хугацаа хэтэрч ирсэн гэдэг саналыг гаргасан. 6 сарын шимтгэл тасралтгүй төлнө гэдэг нь нэхэмжлэгч 2019 оны 4-9 сард шимтгэл төлсөн байхыг шаардаж байгаа. Хэрэв 2019 оны 4 дүгээр сарын шимтгэлийг сайн дураар эсхүл байгууллагаар төлүүлсэн байсан бол тэтгэмж авах эрх нь үүсэж байгаа. Эрх үүсээгүй шалтгаанаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь татгалзаж нэхэмжлэгчид тэтгэмж олгоогүй. Жирэмсний тэтгэмж олгоогүй тохиолдолд амаржсаны тэтгэмж олгохгүй байх журамтай. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шийдвэр гаргаж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Д нь Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Н.Б , Ховд сумын Нийгмийн даатгалын байцаагч А.Н  нарт холбогдуулан С.Д-ийн жирэмсний тэтгэмж олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, жирэмсний тэтгэмж олгохыг хариуцагчид даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад амаржсаны тэтгэмж олгохыг хариуцагч даалгахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...миний бие 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр жирэмсний амралтаа авч эмнэлгийн хуудсыг өрхийн эмнэлгээс бичиж өгсөн. Жирэмсний амралтаа аваад Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс жирэмсний тэтгэмжээ  тооцуулж авах гэсэн боловч жирэмсний 31-32 долоо хоногийн хугацааг хэтэрч бичүүлсэн гэсэн үндэслэлээр олгох боломжгүй гэсэн хариу өгсөн. Миний хувьд энэ хугацааг хэтрүүлээгүй бичүүлсэн ...” гэж маргажээ.

Хариуцагч “...С.Д-ийн эмнэлгийн хуудас бичүүлэх 31-32 дахь долоо  хоног нь 2019 оны 10 дугаар сарын 16-25-ны хооронд байх бөгөөд хуульд заасан “...сүүлийн 6 сард нь уг шимтгэлийг тасралтгүй  төлсөн  даатгуулагч эх  жирэмсний болон амаржсаны  тэтгэмж авах эрхтэй” гэх шаардлагыг биелүүлэхийн тулд санаатайгаар  эрх үүсгэн эмнэлгийн хуудсаа хугацаа хойшлуулан 11 дүгээр сарын 04-нд бичүүлсэн нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль түүнийг дагалдан гарсан   холбогдох журмыг зөрчиж  байгаа тул жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг олгох боломжгүй...” гэж тайлбарлан маргаж байна.

Нэхэмжлэгч С.Д нь 2016 оны 09-11 сарын, 2017 оны 11 сарын, 2018 оны 02-12 сарын, 2019 оны 05-10 сарын  нийгмийн даатгалын шимтгэлийг  албан журмаар болон сайн дурын даатгалын хэлбэрээр төлсөн болох нь хэргийн оролцогчдын тайлбар, 01248671 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар,[1] нийгмийн даатгалын хэлтсээс ирүүлсэн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа[2] зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/30 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Иргэн /даатгуулагч/-д эмнэлгийн хуудас олгох журмын 2 дугаар зүйлийн 2.2.-д Эмнэлгийн хуудсыг нийгмийн даатгалын дэвтэр, өвчний түүх, амбулторын карт, ҮОМШӨ-ний акт, эмнэлгийн хяналтын комиссын шийдвэр, түр оршин суугчид баг хорооны Засаг даргын тодорхойлолт зэргийг үндэслэн олгохоор заасан.

Дээрх журамд заасны дагуу С.Д-ийн жирэмсний эмнэлгийн хуудсыг олгохдоо түүний “Жирэмсэн  эмэгтэйн хяналтын хөтөч” картад үндэслэн тооцох нь зүйтэй байна.   

С.Д нь анх 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр  Ховд аймгийн “Бугат” өрхийн эрүүл мэндийн төвд жирэмсний хяналтад орохдоо сүүлийн биений юм ирсэн хугацааг 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдөр гэж тэмдэглүүлсэн ба  “Бугат” өрхийн эрүүл мэндийн төвөөс анх хяналтанд орсон хугацааг 21-22 долоо хоногтой, урьдчилсан төрөх хугацааг  12 дугаар сарын 11-ний  өдөр гэж тогтоосон болох нь “Бугат” өрхийн эрүүл мэндийн төвийн жирэмсэн эмэгтэйчүүдийн бүртгэлд  үзлэг хийсэн шүүхийн үзлэгийн тэмдэглэл[3], гэрч Т.М-ын “...2019 оны 8 сарын 12-ны өдөр ирэхэд С.Д  нь 22 долоо хоногтой байсан, сүүлийн сарын тэмдэг ирсэн хугацаа нь 2019 оны 3 сарын 10-ны өдөр, төрөх хугацаа нь 12 сарын 15-ны үеэр төрөх байсан. Үүнийг манай өрхийн эмнэлгийн “Жирэмсэн эмэгтэйчүүдийн бүртгэл”-д бүртгэсэн...” гэх мэдүүлэг[4] зэргээр тогтоогдож байна.

Харин С.Д-ийн “Жирэмсэн эмэгтэйн хөтөч” картад  анх тэмдэглэгдсэн Сүүлийн биений юм ирсэн  хугацааг 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдрийг 3 дугаар сарын 20-ны өдөр болгон, урьдчилсан төрөх хугацааг   12 дугаар сарын 11-ний өдрийг 12 дугаар сарын 25-ны өдөр болгон нэхэмжлэгч С.Д нь өөрөө засуулсан болох нь гэрч  Т.М-ын /Бугат өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагч/ “...10 сарын сүүлээр С.Д ирээд надтай уулзаад нийгмийн даатгалын хэлтсээс энэ өдрийг засаад аваад ир тэгвэл тэтгэмж олдоно гэж хэлсэн. Гэтэл манай бага эмч М хяналтын картанд тэмдэглэсэн 2019 оны 8 сарын 12- өдрийн эхо тэмдэглэгээг тооцож сүүлийн биений юм ирсэн хугацааг 2019 оны 3 сарын 20-ны өдөр, төрөх хугацааг 12 сарын 25-ны өдөр болгож зассан” гэх мэдүүлэг[5], гэрч М.М-ын /Бугат өрхийн эрүүл мэндийн төвийн нийгмийн ажилтан/ “С.Д манай өрхийн эмнэлэг дээр ирээд нийгмийн даатгалын сангаас жирэмсний тэтгэмж авах гэсэн чинь хугацаа нь таарахгүй байна, би сүүлийн сарын юм ирсэн хугацааг буруу хэлснээс болоод зөрөөд байна, нийгмийн даатгалын хэлтсээс  энэ хугацааг засаад ирвэл тэтгэмж олдоно гэсэн та засаад өгөөч гэхээр хяналтын хөтөч дэвтэр дээрх сүүлийн биений юм ирсэн хугацааг 3 сарын 20-ны өдөр гэж, төрөх хугацааг 12 сарын 25-ны өдөр гэж зассан” гэх мэдүүлгүүдээр[6] болон “Бугат” өрхийн эрүүл мэндийн төвийн жирэмсэн эмэгтэйчүүдийн бүртгэлд  үзлэг нотлогдсон.

Иймд С.Д-ийн Сүүлийн биений юм ирсэн хугацааг 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөр, төрөх хугацааг 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөр “Жирэмсэн эмэгтэй хяналтын хөтөч” дэвтэрт тэмдэглэгдсэнээр тооцох нь үндэслэлтэй юм.  

Нэхэмжлэгч С.Д нь 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр буюу 40 долоо хоногтой төрсөн болох нь  Төрсөн тухай эмнэлгийн гэрчилгээгээр[7] тогтоогдож байна.

С.Д-ийн жирэмсний хугацааг дээрх журамд заасны дагуу “Жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч” картад тэмдэглэгдсэнээр  2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр төрөх хугацаагаар тооцвол 31-32 долоо хоногийн хугацаа 2019 оны 10 дугаар сарын 17-23-ны хооронд, мөн гэрч Н /жирэмсэн эмэгтэйчүүдийн хяналтын кабинетийн эмч/-ийн  /...2019 оны 8 сарын 12-ны өдөр С.Д ирж эход харуулсан, тэр үед С.Д 21 долоо хоног 3 хоногтой буюу 5 сартайн эход харуулсан байна.../ гэх мэдүүлгээр[8] 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр чанд авиан шинжилгээнд  хамрагдсан хугацаанаас  31-32 долоо хоногийн хугацааг тооцвол  10 дугаар сарын 20-27-ны хооронд, 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 40 долоо хоногтой төрсөн хугацаанаас 31-32 долоо хоногийн хугацааг  тооцвол 10 дугаар сарын 18-25-ны хооронд  байна.

Хүн ам хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/30 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт Иргэн /даатгуулагч/-д эмнэлгийн хуудас олгох журмын 2 дугаар зүйлийн 2.5-д “Жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудсыг дараах байдлаар олгоно. Үүнд: 2.5.1-д Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 191 дүгээр зүйлд заасан жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх үүссэн нөхцөлд жирэмсний 31-32 долоо хоногтойд хяналт тавьж буй эрүүл мэндийн байгууллага олгоно” гэж заасан  бөгөөд С.Д нь уг журамд заасны дагуу  жирэмсний чөлөөний хугацаа  буюу 31-32 долоо хоногийн хугацаа 2019 оны 10 дугаар сарын 17-25-ны өдрийн хооронд  жирэмсний эмнэлгийн хуудсыг  бичүүлэх ёстой.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 191 дүгээр зүйлийн 1-д “Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь уг шимтгэлийг тасралтгүй төлсөн даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй.” гэж заажээ.

Нэхэмжлэгч С.Д нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 191-ийн 1-д заасан “Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг  жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд төлсөн байх хуулийн шаардлагыг хангах боловч, “..., үүнээс сүүлийн 6 сард нь уг шимтгэлийг тасралтгүй төлсөн даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй” гэх хуулийн шаардлагыг хангахгүй байна.

Учир нь нэхэмжлэгчийн жирэмсний чөлөөний хугацаа  буюу 31-32 долоо хоногтой хугацаа  нь 2019 оны 10 дугаар  сарын 17-25-ны хооронд байх ба  уг  өдрөөс өмнөх сарын шимтгэлийг тооцвол нийтдээ 2019 оны 5, 6, 7, 8, 9 сарын  буюу нийт 5 сар тасралтгүй нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн байх ба энэ нь  Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 191 дүгээр зүйлийн 1-д “.... үүнээс сүүлийн 6 сард нь уг шимтгэлийг тасралтгүй төлсөн даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй” гэсэн хуульд заасан болзол шаардлагыг хангахгүй байх тул жирэмсний тэтгэмж олгохгүй байгаа хариуцагч нарыг буруутгах үндэслэлгүй юм.

Мөн нэгэнт нэхэмжлэгч С.Д-д жирэмсний тэтгэмж олгогдох  эрх үүсээгүй тул амаржсаны тэтгэмж олгох хууль зүйн үндэслэлгүй байна. 

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн жирэмсэн, амаржсаны  тэтгэмж авах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэг, 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 191 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн  шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.ЯНЖИНДУЛАМ

 

 


[1] Хэргийн 5-6-р хуудас

[2] Хэргийн 80-р хуудас

[3] Хэргийн 39-43-р хуудас

[4] Хэргийн 31-33-р хуудас

[5] Хэргийн 31-33-р хуудас

[6] Хэргийн 34-36-р хуудас

[7] Хэргийн 97-р хуудас

[8] Хэргийн 21-24-р хуудас