Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2016/0155

 

“С з к э” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.Э нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 874 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “С з к э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “С з к э” ХХК-ийн захирал Ц.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Тус компани нь Нийслэлийн Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 778 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах оношлогооны төвийн барилгын зориулалтаар 4800 м.кв талбай бүхий газрыг хуулийн дагуу 5 жилийн хугацаатай эзэмшиж байсан. Усны тухай хууль болон бусад хуульд нийцүүлэн тухайн газартаа сэргээн засах эмчилгээ болон сувилгаа бүхий рашаан шууд авч хэрэглэх цогцолбор барилга барихаар зураг төсөл нь гарч барилга баригдахад бэлэн болоод байсан. Гэтэл Нийслэлийн Засаг дарга 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн А/937 дугаар захирамжаар “С з к э” ХХК-д газар эзэмшүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 778 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд А/937 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Т шүүхэд гаргасан тайлбартаа: ...“О р с” ТӨХК нь Улаанбаатар оргил рашааны ордын ариун цэврийн бүсийг одоо ашиглаж буй БИС-1, БИС-2 цооногийн хамгаалалтын бүсэд олгогдсон иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийг хүчингүй болгуулахаар 2014 оны 130 дугаар албан бичгээр хандсан тул зохих хууль, журмын дагуу шийдвэрлэсэн. Газар эзэмших эрх олгож шийдвэрлэсэн захирамж нь Хот байгуулалтын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.2, Усны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, 22 дугаар зүйлийн 22.10, 22.10.1, 22.11.1 дэх заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзээд Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн А/937 дугаар захирамжаар “С з к э” ХХК-д газар эзэмших эрх олгосон Нийслэлийн Засаг даргын 2011 оны 778 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

Гуравдагч этгээд “О р с” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Т.Б шүүхэд гаргасан тайлбартаа: ...Орос Монголын хамтарсан судлаачид 1968-1969 онд хайгуул хийж, Оргил рашааны ордыг илрүүлж, Чита хотын мэргэжлийн байгууллага ашиглалтын 3 цооног өрөмдөж, тоноглон нөөцийг тогтоосон цагаас хойш рашааны 2 худгаас шууд авч эмчилгээ, сувилгаанд хэрэглэж ирсэн... “С з к э” ХХК-ийн эзэмшиж байсан газар нь эмчилгээ сувилгаанд шууд авч хэрэглэдэг рашааны ордын БИС-1, БИС-2 худгаас 25-30 метр, рашааны цамхгаас 60-70 метрийн зайд байрлаж байгаа нь Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.10.1, 22.10.2, 22.11.1, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-д заасныг тус тус зөрчсөн байх тул Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн А/937 дугаар захирамжаар ул “С з к э” ХХК-д газар эзэмших эрх олгосон Нийслэлийн Засаг даргын 2011 оны 778 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгож, хуульд нийцсэн гаргасан.  Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 874 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.11, 22.11.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “С з к э” ХХК-ийн “Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн А/937 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг хууль бус захиргааны актад тооцуулж, хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.З давж заалдах гомдолдоо: ...Нийслэлийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Эзэмшил газрын зориулалтыг өөрчилж, барилга барих зөвшөөрөл олгох тухай” 623 дугаар захирамжаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Оргил рашаан сувилалын хойд талд байршуулан 0.48 м.кв газрыг оношлогооны төвийн барилгын зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “Газар эзэмшүүлж, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” 778 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалтыг үндэслэн “С з к э” ХХК-д Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлалтай 4800 м.кв оношлогооны төвийн барилгын зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, газар эзэмших эрхийн 0232119 дугаар гэрчилгээг хуульд заасан үндэслэл журмын дагуу олгосон.

Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн А/937 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хот байгуулалтын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.2, Усны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, 22 дугаар зүйлийн 22.10.1, 22.11.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Оргил рашаан сувиллын хойд талд рашааны эрүүл ахуйн бүсэд газар эзэмшиж буй гэх үндэслэлээр Сэргээн засах клиник эмнэлэгт холбогдох газрыг олгосон өмнөх захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Дээрх Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн А/937 дугаар захирамж утга агуулгын илэрхий алдаатай, баримталсан хэм хэмжээ нь хоорондоо зөрүүтэй байх тул түүнийг хууль ёсны эрх зүйн акт гэж үзэх боломжгүй. Тухайлбал, Хот байгуулалтын тухай хуулийн 23.1.2. усны эх үүсвэр, усан сан бүхий газрын эрүүл ахуйн болон хамгаалалтын бүсэд хот байгуулалтын үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоох бөгөөд Усны тухай хуулийн 3.1.12. “усан сан” гэж усны нөөцийг хуримтлуулах, ашиглах зориулалтаар бий болгосон хиймэл нуур, хөв, цөөрмийг хэлнэ гэжээ.

Гэтэл Нийслэлийн Засаг дарга усны харилцааны талаар Усны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4. “усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн зааг, тэжээгдлийн мужийг тэмдэгжүүлж, бүсийн дэглэмийн хэрэгжилтийг хангах”-аар зохицуулсан байх тул тухайн рашааны эх үүсвэр нь мэдэгдэхгүй цооногийг Нийслэлийн Засаг дарга усан сан бүхий газар уу, усны сан бүхий газар уу гэдгийг тодорхойлоогүй, ойлгоогүйгээр шийдвэр гаргасан байхад шүүхээс энэ хууль бус захирамжийг зөвтгөх үндэсгүй юм.

Түүнчлэн Нийслэлийн Засаг даргаас дээрх газар эзэмших эрхийн гэрчилгээг, хүчингүй болгохдоо Газрын тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг баримтлаагүй байхаас гадна “С з к э” ХХК-ийн оношлогооны төвийн барилга барих зориулалтаар эзэмшүүлсэн газрыг БИС-1 худгаас 26 метр, БИС-2 худгаас 32 метр, Рашааны цамхагаас 66 метр зайд байрлаж байгаа гэсэн үндэслэлээр бусад давхацаагүй хэсгийг хүчингүй болгосон захирамжийг зөвтгөсөн нь буруу байна. Дээрх давхацсан газрыг Рашааны тухай хуулиар Рашааны ариун цэврийн бүсийг рашааны орд, эх булгийн эргэн тойронд 100 метрт тогтоосон бөгөөд рашаан авч ашиглахаас өөр зориулалтаар барилга байгууламж барих, тоног төхөөрөмж суурилуулахыг хориглоно гэж зааснаас үзвэл рашаан авч ашиглах зориулалтаар баригдах гэж буй Сэргээн засах клиник эмнэлгийн оношлогооны төвийн барилгыг барих зориулалтаар 4800 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл муутай болжээ. Өөрөөр хэлбэл, Сэргээн засах клиник эмнэлэг нь нөхөн сэргээх үйл ажиллагаа явуулдаг, рашаан шууд авч өвчтөнд өгдөг, энэ үйл ажиллагаагаа оношлогооны төвийн үйл ажиллагаатайгаа хавсран хэрэгжүүлдэг байгууллага бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэ талаар тодорхой тайлбарласаар байхад шүүх түүний мэдүүлгийг үнэлэхгүй байгаа нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй.

Мөн Улаанбаатар хотын Ардын Депататуудын хурлын 1998 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 131 дүгээр тогтоолоор “Оргил” рашаан сувилалын рашааны эх булгийн ариун цэврийн хамгаалалтын нэг, хоёрдугаар бүсийг тогтоосон байх бөгөөд уг тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байна гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь буруу болжээ. Дээрх тогтоол 1995 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Усны тухай хуульд үндэслэж гарсан бөгөөд дээрх хуулийг 2004 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон байх тул шүүх хүчин төгөлдөр бус тогтоолыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох үндэслэлгүй юм. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн гомдолд дурдсан үндэслэлээс гадна Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзэхэд шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргээ бүрэн хэрэгжүүлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

“С з к э” ХХК нь Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн А/937 дугаар захирамжийн “С з к э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нийслэлийн Засаг дарга нь маргаан бүхий акт болох 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн А/937 дугаар захирамжаараа нэхэмжлэгч “С з к э” ХХК-д газар эзэмшүүлсэн өмнөх Нийслэлийн Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 778 дугаар захирамжийг “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хот байгуулалтын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.2, Усны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, 22 дугаар зүйлийн 22.10.1, 22.11.1 дэх хэсэгт заасныг зөрчиж, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Оргил рашаан сувиллын хойд талд рашааны эрүүл ахуйн бүсэд газар эзэмшүүлсэн нь буруу” гэсэн үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ зөвхөн “...оношлогооны төвийн зориулалтаар эзэмшүүлсэн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлалтай нэгж талбарын 176006/0326 дугаар бүхий 4800 м.кв газар нь рашааны эрүүл ахуйн бүсэд /эмчилгээ сувилгаанд шууд авч хэрэглэдэг рашааны ордын БИС-1 худгаас 26 метр, БИС-2 худгаас 32 метр, Рашааны цамхагаас 66 метр зайд байрлаж байгаа/ хамаарагдаж байгаа болох нь хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбар, Улаанбаатар хотын Ардын Депататуудын Хурлын Гүйцэтгэх захиргааны 1998 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 131 дүгээр тогтоол, шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл, “О р с” ТӨХК-ийн эзэмшил газрын кадастрын зураг, “Оргил рашаан сувилал, Улаанбаатар рашааны орд” төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлан зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна” гэсэн дүгнэлтийг хийсэн нь учир дутагдалтай болсон бөгөөд шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасан нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй гэж үзлээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “О р с” ТӨХК-аас 2014 оны 130 дугаар албан бичгээр Улаанбаатар оргил рашааны ордын ариун цэврийн бүсийг одоо ашиглаж буй БИС-1, БИС-2 цооногийн хамгаалалтын бүсэд олгогдсон иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийг хүчингүй болгуулахаар хандсан бөгөөд үүний дагуу судалж үзээд Усны тухай хуулийг зөрчсөн байх тул хууль, журмын дагуу шийдвэрлэсэн” гэж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “...Нийслэлийн Засаг дарга нь усан сан бүхий газар уу, усны сан бүхий газар уу гэдгийг тодорхойлоогүй, ойлголгүйгээр шийдвэр гаргасан байхад анхан шатны шүүх “С з к э” ХХК-ийн оношлогооны төвийн барилга барих зориулалтаар эзэмшүүлсэн газрыг БИС-2 худгаас 32 метр, Рашааны цамхагаас 66 метр зайд байрлаж байгаа гэх үндэслэлээр давхацаагүй хэсгийг хүчингүй болгосон захирамжийг зөвтгөсөн нь буруу байна” гэж тус тус тайлбарлаж байна. 

Хэрэгт нотлох баримтаар авагдсан “О р с” ТӨХК-ийн эзэмшил газрын байршлын хэмжээг тогтоосон кадастрын зураг, нэгж талбарын 18642308993691 дугаартай “С з к э” ХХК-ийн эзэмшил газрын хэмжээг тогтоосон кадастрын зураг, маргаан бүхий газар дээр шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл, нэхэмжлэгч хариуцагч, гуравдагч этгээд нарын тайлбар болон бусад нотлох баримтуудаар маргаан бүхий 4800 м.кв газрын тодорхой хэсэг нь Рашааны худгийн хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсийн талбайн аль алинтай нь давхцаж байгаа болох нь тогтоогдож байна.

Гэхдээ “С з к э” ХХК-д эзэмшүүлэхээр олгосон 4800 м.кв газрын хэдэн м.кв газар нь хамгаалалтын болон эрүүл ахуйн бүстэй давхцаж байгааг тогтоолгүйгээр нэхэмжлэгчид эзэмшүүлэхээр олгосон газрын эрхийг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн захиргааны актыг зөв гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй юм.

Мөн Рашааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8-д “рашааны орд” гэж газрын гадарга, түүний хэвлийд бүрэлдэн тогтсон рашаан агуулж байгаа газрыг, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.10.1-д зааснаар “рашааны ордын БИС-1, БИС-2 худаг, Рашааны цамхаг” нь рашааны орд, эх булаг гэдэгт хамаарч байгаа болохыг тогтоосон, нотолсон баримтыг хэрэгт цуглуулаагүй атлаа шууд рашааны орд бүхий газарт оношлогооны төвийн барилга барих зориулалтаар нэхэмжлэгч “С з к э” ХХК-д 4800 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль бус гэж дүгнэсэн нь буруу байна.

Шүүх хэрэгт ач холбогдол бүхий дараах нөхцөл байдлыг тодруулж, холбогдох нотлох баримтыг цуглуулж, дүгнэлт өгч, хэргийг шийдвэрлэх шаардлагатай байна. Үүнд:

Нэхэмжлэгч  “С з к э” ХХК-д эзэмшүүлсэн 4800 м.кв газрын хэдий хэмжээний газар нь хамгаалалтын болон эрүүл ахуйн бүстэй давхацаж байгаа эсэхийг шинжээч томилон тодруулж, холбогдох баримтыг хэрэгт нотлох баримтаар цуглуулах, мөн “рашааны ордын БИС-1, БИС-2 худаг, Рашааны цамхаг” нь рашааны орд, эх булаг мөн эсэхийг мэргэжлийн байгууллагаар тодруулж, дүгнэлт гаргуулах нь нотолгооны ач холбогдолтой юм.

Учир нь, гуравдагч этгээд “О р с” ТӨХК-ийн захирал Т.Бгийн “Орос Монголын хамтарсан судлаачид 1968-1969 онд хайгуул хийж, Оргил рашааны ордыг илрүүлж, Чита хотын мэргэжлийн байгууллага ашиглалтын 3 цооног өрөмдөж, тоноглон нөөцийг тогтоосон цагаас хойш рашааны 2 худгаас шууд авч эмчилгээ, сувилгаанд хэрэглэж ирсэн” гэсэн тайлбараас үзэхэд уг рашааны ордын БИС-1, БИС-2 худаг, Рашааны цамхаг” нь Рашааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8-д “рашааны орд” гэж газрын гадарга, түүний хэвлийд бүрэлдэн тогтсон рашаан агуулж байгаа газрыг”, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.10.1-д “рашааны орд, эх булгийн эргэн тойронд 100 метрийн зайд эрүүл ахуйн бүсийг” гэж заасанд хамаарах эсэх нь эргэлзээтэй бөгөөд тусгай мэдлэг шаардсан тухайн үйл баримтыг шүүх тогтоох боломжгүй юм.

Харин нэхэмжлэгч хуулийн этгээд нь маргаан бүхий газрыг анх эзэмшснээс хойш уг газартаа ямар үйл ажиллагаа явуулж байсан, энэхүү маргаан бүхий захиргааны акт нь тэгш эрхийн зарчимд нийцсэн эсэхийг шүүх анхаарч энэ талаар дүгнэлт өгч холбогдох нотлох баримтуудыг цуглуулах шаардлагатай байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д зааснаар шүүх дээрх үйл ажиллагааг явуулснаар нэхэмжлэгчийн эрх хэрхэн сэргэх талаар дүгнэлт хийж, захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа байгаа эсэхийг шалгаж тодруулах нь зөв байна. Үүнээс гадна хэрэгт ач холбогдол бүхий бусад нотлох баримтуудыг бүрэн цуглуулж хэргийг шийдвэрлэх нь зөв гэж үзлээ .

Иймд, анхан шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.188 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 874 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах шатны журмаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, буцаан олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ                                                           О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                           Ц.ЦОГТ

ШҮҮГЧ                                                           Э.ХАЛИУНБАЯР