Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2019/00773

 

Д.Ц-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Д.Ц-, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 182/ШШ2018/02340 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 143 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Д.Ц-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Ж.Э-д холбогдох,

Хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг

Хариуцагч Ж.Э-ын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... Д.Ц- миний бие нь иргэн Ж.Э-ын өмчлөлд бүртгэлтэй байсан Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 6 хороолол 43 дугаар байр 22 тоотын 18 мкв талбай бүхий 1 өрөө орон сууцыг 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр худалдах-худалдан авах гэрээг үйлдэж, төлбөрийг 100 хувь төлж, улмаар өөрийн нэр дээр ГД-000463629 дугаартай Улсын бүртгэлийн гэрчилгээг 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр гаргуулан авсан.

Гэтэл Ж.Э- нь тухайн үед очих газар байхгүй, байр хөлслөх гэхээр мөнгө төгрөгийн боломж муутай, эхнэр хавдартай болсон учраас түр суулгаж байгаач гэж янз янзын шалтгаан хэлж гуйсан учраас аргагүй эрхэнд зөвшөөрч тодорхой хугацаа өгч суулгасан.

Бидний хооронд тохиролцсон хугацаа дуусангуут очиж байраа суллахыг удаа дараа шаардахад мөн л дээрх шалтгаануудыг хэлж одоогоор байрыг чинь суллаж өгөх ямар ч боломж алга гээд өнөөдрийг хүртэл түрээсийн төлбөр төлөхгүй сууж байна.

Иймд миний гаргасан нэхэмжлэлийн дагуу Ж.Э-ыг миний өмчлөлийн байрнаас албадан гаргаж, байрыг чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

Миний том хүү Э.Ихбаяр нь 2014-2016 оны хооронд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт жижиг баар, ресторан сарын 4 000 000 төгрөгөөр түрээсэлж, ажиллуулж байгаад их хэмжээний өрөнд орж Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр хэрэг үүсгэн шалгаж, 50 орчим сая төгрөгийн асуудал гарч ирсэн. Мөн найзынхаа эгч н.Ариунцэцэгээс 2-3 удаагийн нийт 40 гаруй сая төгрөг зээлсэн байсан ба Д.Ц-гийн найз нь юм. Ингээд мөнгө зээлдэгч н.Ариунцэцэг нь Д.Ц-гийн хамт ирэн манай эхнэр 2 хүү бид хамт уулзаад байрны ордерийг Д.Ц-гийн нэр дээр шилжүүлээд надад байр хэрэггүй, мөнгөтэй болвол үүнийгээ буцааж аваарай гэж хэлээд явсан. Үүнээс хойш 1 жил гаруй болсон ч асуудлыг шийдэж чадаагүй.

...Мөнгө зээлдэгч н.Ариунцэцэг нь хэд хэдэн удаа утсаар ярьж, шахаж шаардаж байсан. Бидэнд их удаан боломж өгсөн нь үнэн. ...Өнгөрсөн 10 сарын эхээр гэр бүлийн хүн маань сэтгэл санаа хүнд, хэвтэж байхад гэрт орж ирээд "одоо юм аа аваад гар" гэж шаардсан учраас "өвлийн улирал  эхэлж байна, өвчтэй хүн байтал гарч чадахгүй, гаргаж ч чадахгүй" гэж хэлээд гаргасан нь үнэн. Эцэст нь гэр бүлийн хүний бие муу, удаан амьдрахгүй нь тодорхой байгаа. Шинээр олгогдох байрыг Д.Ц-д шилжүүлж өгч асуудлаас гарч, энэ байрандаа амьдрах хүсэлтэй байна гэжээ. 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 182/ШШ2018/02340 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.4 дэх хэсэгт заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийн Ү-2202001402 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хороолол 43 дугаар байрны 22 тоот хаягт байрлах 18 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг Ж.Э-ын хууль бус эзэмшлээс чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 143 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 182/ШШ2018/02340 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ж.Э-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж.Э-аас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

... Эхнэрийн минь эрүүл мэндийн асуудлаас болж аргагүй шахалт төөрөгдөлд орж байрны өмчлөлийг нэхэмжлэгч Д.Ц-д шилжүүлсэн ба энэ явдал нь буруу байсан гэдгийг ойлгож мэдээд байна.

Анхан шатны шүүхэд энэ асуудлынхаа талаар ярьж байсан ба нарийн тодруулсан бол би өнөөдөр ийм байдалд орохгүй байсан болов уу хэмээн үзэж байна. Хэдийгээр би хуулийн мэдлэг байхгүй боловч Д.Ц- руу байр шилжсэн асуудал нь хууль ёсны байсан эсэх тал дээр асуудал яригдаагүй нь хууль зөрчсөн асуудал болсон гэж үзэж байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүх рүү дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Д.Ц- нь хариуцагч Ж.Э-ын хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн орон сууцыг чөлөөлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Хариуцагч Ж.Э- нь ар гэрийн гачигдалтай байдлаас шалтгаалан шаардлагыг зөвшөөрөх боломжгүй гэж нэхэмжлэлийг татгалзжээ.

Нэхэмжлэгч Д.Ц- нь хариуцагч Ж.Э-аас Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, 43 дугаар байрны 22 тоот 1 өрөө орон сууцыг 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээгээр 30 000 000 төгрөгөөр худалдан авч, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдсэн байна.

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1.-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болдог.

Нэхэмжлэгч Д.Ц-гийн өмчлөх эрх 2016 онд үүссэн боловч тэрээр хуучин өмчлөгчийг түүний хүсэлтээр орон сууцанд 2 жил амьдруулсан байна.

Өмчлөгч өөрийн өмчлөлийн орон сууцанд хариуцагчийг гэр бүлийн хамт амьдрахыг зөвшөөрсөн тохиолдолд хариуцагчийн эзэмшлийг хууль бус гэж үзэхгүй. Харин өмчлөгч орон сууцыг чөлөөлөх шаардлага гаргасан үеэс түүний эзэмшил хууль бус болно.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д зааснаар өмчлөгч нь өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй байна.

Хариуцагч Ж.Э- нь өөрийн эзэмшлийн хууль зүйн үндэслэлийг баримтаар нотолж, тайлбарлаагүй учир шүүх нэхэмжлэгч Д.Ц-гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь хууль зөчөөгүй гэж үзнэ.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийн зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 182/ШШ2018/02340 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 143 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.     

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.УНДРАХ

           ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН