Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 128/2016/0059/з |
Дугаар | 221/МА2016/0392 |
Огноо | 2016-06-17 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 221/МА2016/0392
Иргэн Б.*******ы нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Хонинхүү даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Мөнхбаатар нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 246 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, Иргэн Б.*******ы нэхэмжлэлтэй, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Болд овогтой ******* миний бие 2009 оны 07 дугаар 27-ны өдөр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 32 дугаар тушаалаар тус газрын Хууль, хяналтын хэлтэст мэргэжилтнээр томилогдсон юм. Улмаар байгууллагын бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбоотойгоор 2009 оны 10 дугаар 01-ний өдрийн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 54, 56 дугаар тушаалаар Хэрэглэгчийн эрхийг хамгаалах асуудал хариуцсан мэргэжилтэн, улсын байцаагчийн албан тушаалд томилогдсон.
Миний бие ... хөл хүнд болж эмчилгээ хийлгэх шаардлагатай болсны улмаас 2010 оны 01 дүгээр сард ажлаас чөлөө авах тухай хүсэлтийг гаргаснаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 05 дугаар тушаалаар 2010 оны 01 дүгээр сараас 2010 оны 5 дугаар сар хүртэлх хугацаанд чөлөө олгосон.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 05 дугаар тушаалаар олгосон чөлөөний хугацаа дууссаны дараагаас миний бие жирэмсний амралтаа авсан бөгөөд 2010 оны 7 сард төрж, улмаар амаржсаны амралт, хүүхэд асрах чөлөөгөө эдэлсэн. Ингээд хүүхдээ хоёр нас хүрсний дараа буюу 2012 оны 6 дугаар сард ажлаа хийхээр зохих журмын дагуу хандахад Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын хүний нөөцийн ажилтан түр хүлээж бай, таныг ажилд чинь томилсон шийдвэр гарахаар дуудна гэдэг хариуг надад өгсөн.
Ингээд миний бие ажлаас дуудах хүртэл хугацаанд хүүхдээ асарч байсан. Энэ нь нэг талаас байгууллага ажилдаа буцаж ор гэж дуудахыг хүлээх, нөгөө талаас миний хүүхэд уушгины архаг бронхит, астма-тай гэдэг оношийг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч нар тавьж уг өвчний хүндрэлтэй үеийг давж, хүүхдийг өвчнөө эсэргүүцэх буюу тэсвэрлэх чадвартай болтол нь цэцэрлэгт явуулахгүй асрах хүндэтгэн үзэх нөхцөл байдалтай холбоотой байсан болно.
Гэтэл Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар намайг ажилд маань эгүүлэн томилсон шийдвэрээ гаргалгүй маш удаан хүлээлгэсэн төдийгүй асууж лавлахаар дахин хүсэлт өгөх шаардлагагүй, хүлээж бай, таны асуудал дарга дээр байгаа хүлээж бай, дарга гадагшаа явсан ирээд шийдэх байх, таны өргөдөл олдохгүй байна хүлээж бай, өргөдөл чинь олдсон удахгүй шийдэгдэнэ хүлээж бай, дарга солигдох гэж байгаа, шинэ дарга ирээд шийдэх байх хүлээж бай, жаахан удах байх шүү, дарга руу оруулчихсан хүлээж байна шийдэгдэхээр нь таньд хэлье гэх мэт хариу өгсөөр өнөөдрийг хүртэл ямар нэгэн шийдвэр гаргаагүй юм.
Миний бие нэгдүгээрт Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас өгч байсан дээрх хариунуудад итгэсэн, хоёрдугаарт нэгэнт ажилдаа орохоос хойш ажлын газрынхаа удирдлага, хамт олонтой хэрүүл зарга хийх шаардлагагүй гэдэг үүднээс 2015 оны 6 дугаар сарыг хүртэл тэвчээртэй хүлээсэн боловч энэ байдал цаашид ч үргэлжлэх төлөвтэй болсон. Тиймээс миний бие Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаар тухайн үед ажиллаж байсан Т.Аюурсайханд хандан 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр бичгээр гомдол гаргасан юм. Гэтэл мөн л хариу өгөхгүй таны гомдолд бичгээр хариу өгнө хүлээж бай, ажлаас халсан юм шиг байна судалж байгаад тодорхой хариуг бичгээр өгнө хүлээж бай, судалж байна удахгүй хариу өгнө, дарга гадагшаа явчихсан байна хүлээж бай гэх мэтээр булзааруулж явсаар 2015 оны 10 дугаар сарын 20-ны үед таныг ажлаас халсан юм байна, ажлаас халсан тушаал байхгүй, бичгээр хариу өгөх боломжгүй гэсэн хариуг амаар өгсөн.
Төрийн жинхэнэ албан хаагчийг албан ёсны тушаал шийдвэргүйгээр ажлаас халсан юм байна гэдэг хариугаар ажлаас нь халж, бичгээр хариу өгөхөөс татгалзсан нь хууль зүйн хувьд үндэслэлгүйгээс гадна итгэхэд бэрх хариу байсан юм. Ингээд миний бие 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Төрийн албаны зөвлөлд хандан гомдол гаргасан. Гэтэл Төрийн албаны зөвлөлөөс 2015 оны 12 дугаар 10-ны өдөр 1624 дугаар Өргөдлийн хариуг надад ирүүлсэн бөгөөд тус хариунд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар таныг ажлаас халсан, чөлөөлсөн шийдвэрийг гаргаагүй байна гэсэн хариуг өгч намайг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах асуудал хариуцсан мэргэжилтэн, улсын байцаагчийн албан тушаалд ажиллах эрхтэй, төрийн жинхэнэ албан хаагч хэвээр байгаа гэдгийг нотлон тогтоож өгсөн.
Мөн Төрийн албаны зөвлөлөөс надад ирүүлсэн 2015 оны 12 дугаар 10-ны өдөр 1624 дугаар Өргөдлийн хариунд та албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөлт хийлгүүлэх тухай асуудлаар зохих шатны шүүхэд хандан шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн байгаагаас гадна ...та 2010 онд амаржсаны амралтаа авч 2015 оны 11 дүгээр сард Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан байгаа нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан хугацаанаас хэтэрсэн байх тул зөвлөл таны асуудлыг шийдвэрлэх боломжгүй байна гэсэн байгаа юм.
Миний бие Төрийн албаны зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1624 дугаартай Өргөдлийн хариунд дурдагдсан “...Хөдөлмөрийн тухай хуульд заасан хугацаанаас хэтэрсэн ... Зөвлөл таны асуудлыг шийдвэрлэх боломжгүй байна” гэсэн хэсгийг хууль зүйн хувьд үндэслэлгүй гэж үзэж байна.
Учир нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар намайг ажлаас халсан буюу чөлөөлсөн шийдвэрийг гаргаагүй гэдгийг төрийн албаны зөвлөл өөрөө шалгаж, 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1624 дугаар өргөдлийн хариугаараа тогтоож өгсөн бөгөөд намайг ажлаас халж чөлөөлсөн ямар нэгэн шийдвэр тухайн байгууллагаас гарч надад мэдэгдээгүй байхад хугацааны асуудал ярих боломжгүй юм.
Иймээс Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т заасны дагуу энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Ажил олгогч байгууллага нь Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу захиргааны чөлөөтэй байсан хугацаанд ажил, албан тушаалыг хэвээр хадгалах үүрэгтэй. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь хүүхэд асрах чөлөө дууссаны дараа намайг Хэрэглэгчийн эрхийг хамгаалах асуудал хариуцсан мэргэжилтэн, улсын байцаагчийн албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах үүргээ биелүүлэлгүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 106.2-т заасныг зөрчсөн.
Мөн Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д зааснаар төрийн жинхэнэ албан хаагч нь Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйл болон 26 дугаар зүйлийн 26.1.3-д зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх баталгаагаар хангагддаг.
Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасны дагуу гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг ажлаас халахыг хориглосон байдаг билээ. Иймд, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын ажилд үргэлжлүүлэн ажиллуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, ажилд эгүүлэн томилохыг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөлт хийлгэж өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Тэрбиш шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “…Б.******* нь агентлагийн даргын 2009 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 32 дугаартай тушаалаар Хууль, хяналт зохицуулалтын хэлтэст анх томилогдон, улмаар 2009 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 56 дугаар тушаалаар Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хэлтэст мэргэжилтнээр томилогдон ажилласан.
Гэхдээ тэрээр тухайн ажилд томилогдоод ердөө 4 сарын дараа 2010 оны 01 дүгээр сард чөлөө авах хүсэлт гаргасан, улмаар 2010 оны 5 дугаар тушаал гарч 2010 оны 5 дугаар сар хүртэлх хугацаанд түүний хүсэлтийг үндэслэн чөлөө олгосон. Гэвч тухайн шийдвэрийн дагуу олгосон чөлөөнийхөө хугацаанд ажилдаа эргэн ороогүй.
Мөн үргэлжлүүлэн жирэмсний болон амаржсаны амралтаа авсан байдаг бөгөөд үүнээс хойш манай байгууллагатай ямар нэг байдлаар харилцаагүй өдийг хүрсэн. Харин тус байгууллага хэсэг хугацаанд түүний нийгмийн даатгалын шимтгэлийг төлж байгаад зогсоосон байдаг. Б.******* нь үүнээс хойш тус байгууллагатай ямар ба нэг эрх зүйн харилцаа үүсгээгүй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 104.1-д Эхэд жирэмсний болон амаржсаны 120 хоногийн амралт олгоно, 106.1-д “Ажил олгогч нь амаржсаны болон ээлжийн амралтаа эдэлсэн, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх эцэг өөрөө хүсвэл түүнд хүүхэд чөлөө олгоно” гэж зааснаас үзвэл хүүхэд асрах чөлөөг хүсвэл олгох эрх зүйн зохицуулалттай байна.
Амаржсаны амралтаа дууссаны дараа буюу 2010 онд тэрээр хүүхэд харах чөлөө хүсээгүй, хүүхэд харах чөлөө олгоогүй ч байдаг. Өөрөөр хэлбэл Б.******* нь эрхэлж байсан ажил, үүргээ орхисон гэж үзэхээр байгаа юм. Б.******* нь 2010 онд жирэмсний амралтаа авч, 2015 оны 11 дүгээр сард тухайн асуудлаар хандаж байгаа нь дээрх Хөдөлмөрийн тухай хуульд заасан хугацаанаас хэтэрсэн байх тул шийдвэрлэх хууль зүйн боломжгүй байна.
Нийгмийн даатгалын шимтгэлийг үргэлжлүүлэн төлөхгүй болсон хугацаанаас Б.******* эрх ашиг нь хөндөгдсөн гэж хэрэв үзсэн бол хандах эрх нь бий болсон байна. Мөн үүнээс хойш 3 жил буюу багагүй хугацаа (Төрийн албаны тухай хуульд заасан 2 жил) өнгөрсөн байна.
Д.*******ы эрх ашгийг зөрчсөн акт байхгүй, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын ажилд эргүүлэн авахгүй байгаа эс үйлдэхүй тогтоогдохгүй буюу эрх ашгийг нь зөрчсөн маргаан бүхий захиргааны акт байхгүй байна. Өөрөөр хэлбэл 2010 оноос 5 жил буюу өнөөдрийг хүртэл Б.******* нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газартай хөдөлмөрийн харилцаанд ороогүй гэдгийг мэдэж байсан буюу мэдэх боломжтой байсан. Энэ нь уг асуудлыг өөрөө хүлээн зөвшөөрч байсныг илтгэж байгаагаас гадна гэнэт, одоо энэ асуудлыг ярьж байгаа нь хариуцлагагүй байгаа юм.
Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.8-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан шийдвэрлэж өгөх, эсхүл Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д захиргааны акт гэдэгт хамаарахгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 246 дугаар шийдвэрээр: “Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.1.4, 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг тус тус баримтлан Б.*******ыг ажилд нь үргэлжлүүлэн ажиллуулахгүй байгаа Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, өмнө эрхэлж байсан албан тушаалын зэрэглэлээс дордуулалгүй ижил төрлийн албан тушаалд томилон ажиллуулж, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 8 дугаар зүйлийн 8.2.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 3, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.*******д ажилгүй байсан хугацааны буюу 2012 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарсан 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргад даалгаж” шийдвэрлэжээ.
Хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Тэрбиш, Б.Наранцэцэг нар давж заалдах гомдолдоо: “1. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэл хэсэгт “Б.*******... 2010 оны 07 дугаар сарын 09-ний өдөр амаржсан ... үүнээс хойш хүүхдээ асарч байгаад ажилдаа эргэж орох тухай Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргад хандахад тус байгууллагаас хүсэлтийг нь өнөөг хүртэл шийдвэрлэж өгөөгүй, одоогоор тэрээр ажилдаа ороогүй байна” гэж дүгнэсэн байдаг.
Гэтэл шүүх хуралдааны явцад гол маргаан тухайн асуудалтай холбоотой хэлэлцэгдсэн болов ч тус агентлаг /итгэмжлэгдсэн төлөөлөгч/-ийн зүгээс хийсэн тайлбар, нотлох баримтыг шинжлэн судалж, харгалзан үзэлгүй дүгнэсэн нь өрөөсгөл болсон гэж үзэж байна. Тухайлбал, “Б.******* нь 2012 оны 5 сард хүүхдээ 2 нас хүрэх үед ажилдаа эргэн орох хүсэлтэй байсан” гэх боловч шүүх хуралдааны явцад болон нэхэмжлэлд ч тэр агентлагийн даргатай биеэр уулзсан, эсвэл ажилдаа эргэн орох талаар өргөдөл /хүсэлт/ гаргаагүй, энэ талаар маргаагүй бөгөөд тодорхой үйл баримт тогтоогдоогүй.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч “Б.******* 2012 онд хүний нөөцийн ажилтантай уулзахдаа чөлөө олгосон шийдвэр авахаар хөөцөлдсөн гэж мэдүүлсэн. Мөн маргаж байгаа цаг хугацаа болох 2012 он болон 2015 оны намар гэнэт ажилд орох хүсэлт гаргасан гэх хоёр цаг хугацааны ялгаа, заагийг авч үзэлгүй дүгнэсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, Б.******* хуульд заасан журмын дагуу чөлөө авч, энэ талаар шийдвэр гараагүй байхад албан үүргээ орхигдуулсан буруутай үйлдэл гаргасан, улмаар түүний ажиллаж байсан ажлын байрыг үндсэн ажлын байр гэж үзэхгүй байхад ажилд аваагүй эс үйлдэхүй байсан мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. Тодруулбал, Б.******* харьцангуй төлөвшөөгүй шинэхэн үйл ажиллагаа эрхэлж байсан тухайн үед тус байгууллагад ажиллах чин хүсэл, сонирхолтой байсан гэж үзэхээргүй байдаг ба агентлагийн даргын 2009 оны 56, 2010 оны 5 дугаар тушаалаас харахад тухайн ажилд ердөө 4 сар ажиллаад 5 сарын чөлөө авч, улмаар үргэлжлүүлэн жирэмсний, амаржсаны амралт авсан, мөн хүүхэд харах чөлөө аваагүй /анхан шатны шүүхийн шийдвэрт өөрийн хүсэл зоригийн илэрхийлэл байхад л хэрэглэж болохоор зохицуулалт/ гэж үзэхэд хүрвэл ажилд туршилтын хугацаагаар ажиллаж байсан, жинхлээгүй, үндсэн албан хаагч биш байхад тухайн ажлын байрыг хадгалах байсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.
2. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэл хэсэгтээ Ажлаас чөлөөлсөн тушаал шийдвэр байгаагүй тул Б.******* нь одоог хүртэл тус байгууллагын албан хаагч хэвээрээ байна хэмээн дүгнэх хууль зүйн үндэслэлтэй ... тангараг өргөсөн гэж дүгнэлээ гэж дүгнэсэн. Гэтэл Төрийн албаны тухай хуулийн 17.1, 17.2-т ... сул орон тоо гарсан тохиолдолд ... төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө гэж заасан. Мөн Б.******* нь дээр дурдсанаас үзэхэд жинхлээгүй, туршилтын хугацаагаар ажиллаж байсан албан хаагч байгаагаас гадна төрийн албаны шалгалт өгч, дүгнэлт гаргуулан хуульд заасан нөхцөл, болзлын дагуу томилогдоогүй ба тангараг өргөсөн эсэх нь тогтоогдохгүй байдаг. Өөрөөр хэлбэл Б.******* нь төрийн жинхэнэ албан хаагч биш юм.
3. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэл хэсэгтээ “Б.*******ыг үүрэгт ажлаа хаяж явсан гэж үзсэн бол энэ хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхгүй байх байсан”, мөн “2010 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 84 дүгээр Ажилд томилох тухай” тушаалаар “Ж.Эрдэнэцогтыг ... Б.*******ы хүүхэд харах чөлөөний хугацаа дуустал томилон ажиллуулсугай” гэснээс үзэхэд хүүхэд харах чөлөө олгожээ гэж дүгнэхээр байна” гэж дүгнэсэн байдаг.
Гэтэл Б.*******ы нийгмийн даатгалын дэвтрийг хүүхэд хоёр нас хүртэл буюу хууль ёсоор чөлөөтэй байх хугацаанд төлж ирсэн байдаг. Тодруулбал, тус байгууллагын үндсэн албан хаагч биш гэж үзэх үндэслэл бүрдсэн учраас нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх үндэслэлгүй байсан. Үүнтэй холбоотой 2012 оны үйл ажиллагаа явдал болон 2015 онд гэнэт ажилдаа орох хүсэлт илэрхийлсэн цаг хугацааны зааг ялгаа болон тухайн үйл явдлын агуулгыг ялгаатай, тодорхой нотлох баримтад тулгуурлан шинжлэн судлалгүй шийдвэр гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Агентлагийн даргын 2010 оны 84 дүгээр тушаалын хувьд зөвхөн Ж.Эрдэнэцогтыг ажилд томилсон шийдвэр байснаас Б.*******д чөлөө олгосон шийдвэр огт биш бөгөөд чөлөө олгосон зохицуулалт агуулсан шийдвэр гэж үзэхэд хүрвэл жирэмсний болон амаржсаны амралтын хугацаа дууссан 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс хойш 2015 онд ажилдаа эргэн орох хүсэлт гаргах хүртэл чөлөө олгосон гэж үзэх үндэслэл болохгүй гэж үзэж байна.
Үүнээс гадна Б.*******ыг 2012 оны 05 дугаар сард ажилдаа орох хүсэлт гаргасан, үүнээс хойш ажилд аваагүй нь эс үйлдэхүй болсон гэж анхан шатны шүүх дүгнэсэн бөгөөд үүнтэй холбоотой Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д заасны дагуу эс үйлдэхүй болсноос хойш 3 сарын дотор хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх хүсэлтийг үндэслэн сэргээн шийдвэрлэх хуулийн зохицуулалтыг зөрчсөн гэж үзэж байна.
Иймд, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 246 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Б.*******ы нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх Б.*******ы “ажилд үргэлжлүүлэн ажиллуулахыг даалгах нэхэмжлэлийг хангасан нь хууль зүйн үндэслэлтэй боловч “ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн байх тул зөвтгөн өөрчилж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангав.
Б.******* нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт Хэрэглэгчийн эрхийг хамгаалах асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад 2010 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүүхэд төрүүлсэн, хариуцагч нь 2012 оны 4 дүгээр сар хүртэл Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3-д заасны дагуу Б.*******ы чөлөө авч хүүхдээ асарсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлж байсан, мөн чөлөө олгож, тусламж үзүүлсэн, түүний ажиллаж байсан орон тоонд Болдыг томилохдоо “*******ыг ажилдаа ортол” гэж томилж байснаас үзвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 106 дугаар зүйлийн 106.1-д заасны дагуу Б.*******ыг хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд ажил, албан тушаалыг хэвээр хадгалж байсан болох нь тогтоогдож байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... туршилтын хугацаагаар ажиллаж байсан, үндсэн албан хаагч биш байхад албан тушаалыг хадгалах байсан гэж шүүх буруу дүгнэсэн” гэх гомдол үндэслэлгүй байна.
Хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга нь Б.*******ыг буруу халсан буюу буруу шилжүүлсэн асуудал байхгүйгээс гадна Б.******* нь 2012 оны 6 дугаар сард ажилдаа эгүүлэн орохоор хүсэлт гаргасан гэх боловч уг хүсэлтийг шийдвэрлээгүй хариуцагчийн эс үйлдэхүйн талаарх гомдол, нэхэмжлэлийг холбогдох байгууллагад хуульд заасан хугацаанд гаргаж, зөрчигдсөн эрхээ сэргээлгэлгүй, ажил үүрэг гүйцэтгэхгүйгээр 3 жилийн дараа 2015 оны 6 дугаар сарын 15-нд гомдлоо гаргасан нь нэхэмжлэгчээс өөрөөс нь хамааралтай байхад шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг буруу хэрэглэж ажилгүй байсан хугацааны олговрыг 2012 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн олгосон нь үндэслэлгүй байна.
Нэхэмжлэлд “... хүлээж бай, томилсон шийдвэр гарахаар дуудна гэсэн. ... дуудахыг хүлээх, нөгөө талаас хүүхэд өвчнөө эсэргүүцэх чадвартай болтол нь асрах хүндэтгэн үзэх нөхцөл байдалтай байсан ...” гэж дурдсанаас үзвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хүүхдээ 3 нас хүртэл асрах, асарсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч байгууллагаар төлүүлэх эрхтэй.
Хариуцагч нь Б.*******ыг 2012 оны 6 дугаар сард ажилдаа орох хүсэлтийн дагуу үргэлжлүүлэн ажиллуулаагүй атлаа дээрх хуульд зааснаар “чөлөө авах хүсэлт гаргаагүй” гэх үндэслэлээр нийгмийн даатгалын шимтгэлийг үргэлжлүүлэн төлөөгүй нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3-д заасныг зөрчсөн байх тул энэ хугацааны шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгах үндэслэлтэй байна.
Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 35.1.4-д жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа тохиолдолд ажил, албан тушаалыг хэвээр хадгалахаар, 106.1.2-д хүүхэд асрах чөлөө дууссан, дуусаагүй боловч эх эцэг хүсвэл үргэлжлүүлэн ажиллуулах нь ажил олгогчийн үүрэг байхаар тус тус заасан нь нэг талаас эмэгтэй хүний (хүүхэд төрүүлдэг) онцлогт тохирсон түүний эрхийг хамгаалсан зохицуулалт болохоос гадна нөгөө талаас хүүхдийн эрхийг хамгаалсан зохицуулалт тул хэдийгээр нэхэмжлэгч 2012 оны хүсэлтийг шийдвэрлээгүй хариуцагчийн эс үйлдэхүйн талаар гомдол гаргаагүй 3 жилийн хугацаа өнгөрсөн ч хариуцагчийн нэхэмжлэгчийг үргэлжлүүлэн ажиллуулах үүргийг дуусгавар болсон гэж үзэхгүй. Иймд хариуцагч нь Б.*******ыг ажлаас халсан ямар нэгэн шийдвэр гаргаагүй, түүнтэй хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгоогүй, 2012 оны 6 дугаар сард гаргасан хүсэлтийг нь хууль бусаар шийдвэрлээгүй байх тул 2015 оны 6 дугаар сард Б.*******ы дахин гаргасан хүсэлтийг хүлээн авч ажлын байранд нь үргэлжлүүлэн ажиллуулаагүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 106 дугаар зүйлийн 106.1.2-д заасныг зөрчсөн байна.
Нэхэмжлэгч Б.*******ыг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Б.*******ыг үргэлжлүүлэн ажиллуулахыг даалгасан анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.
Энэ үеэс ажилгүй байсан хугацааны цалин хөлсөөр хохирсон гэж үзэх үндэслэлтэй тул уг хохирлыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7 дахь хэсгийн а-д ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдах үеийн хохирлыг төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлохоор заасны дагуу хариуцагчаас 2015.06.15-2016.04.0.4 хүртэлх 9 сар 12 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговор (9 сар х 239476 төгрөг + 11404 төгрөг х 12 хоног = 2,292,132) гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шийдвэрт оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.3-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 246 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3-д зааснаар нэхэмжлэгч *******ы хүүхдээ 3 нас хүртэл асарсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг, Б.*******д 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх 2,292,132 төгрөгийг олгож, холбогдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт даалгаж, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Б.ХАЛИУНБАЯР
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ