Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 434

 

“Гравелстоун” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэрэнням, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Энхтайван нарыг оролцуулан, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 436 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 637 дугаар магадлалтай, “Гравелстоун” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын /хуучнаар/ Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:     

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 436 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 34 дүгээр зүйлийн 34.2, 34.4, 35 дугаар зүйлийн 35.12, 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 507 дугаар шийдвэрийн “Гравелстоун” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, 13401А дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээлгэх шаардлага бүхий “Гравелстоун” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлоор хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хянан хэлэлцээд 637 дугаар магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 436 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 56 дугаар зүйлийн 56.2, 56.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Гравелстоун” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 507 дугаар шийдвэрийн “Гравелстоун” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, давж заалдах гомдлыг хангажээ.

Хариуцагч Ашигт малтмалын газрын /хуучнаар/ Кадастрын хэлтсийн дарга Д.Мөнхтамир хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор хэргийг хянахдаа Ашигт малтмалын тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт заасны дагуу “Гравелстоун” ХХК нь 13401А тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийг тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө буюу 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс өмнө ирүүлэхээр хуульчилсан байна. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдсэн талаарх мэдэгдлийг 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 6-6279 тоотоор хүргүүлсэн ба шүүхийн магадлалд “тайлбар, нотлох баримт гаргуулах эрхийг хэрэгжүүлэх боломжийг олгоогүй байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд харин дээрх хугацаанд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь эзэмших эрхээ хадгалж төлбөр төлсөн тухайгаа нотлох баримтыг төрийн захиргааны байгууллагад ирүүлээгүй байна.

Иймээс “Гравелстоун” ХХК нь хуульд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан “хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлөөгүй” гэсэн үндэслэлээр Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 507 дугаар шийдвэрээр цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэй байна. Цуцалсан тухай мэдэгдлийг Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 6-6577 дүгээр тоотоор хүргүүлж мэдэгдсэн байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор хэргийг хянахдаа хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэлгүй, хэт нэг талыг барьж дүгнэлт хийсэн байна. Улсын Дээд шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 09 дүгээр тогтоолд “тус хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.4-т заасан “мэдэгдэнэ” гэдэгт төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэр эсхүл түүнийг утгыг агуулсан албан бичгийг өргөдөл гаргагчид болон тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд гардуулах буюу хүргүүлж, түүнийгээ баримтжуулсан байхыг ойлгоно” гэж заасныг шүүхийн магадлалд “...мэдэгдэл хүргүүлэх үүргийг хариуцагч хүлээхээр байна” гэсэн нь Кадастрын хэлтэс нь Кадастрын бүртгэлийн системд бүртгэлтэй буюу 2010 онд бүртгүүлсэн хаягаар хүргүүлж, баримтжуулсан болох нь хэрэгт авагдсан Ашигт малтмалын газрын бичиг хэргийн бүртгэлийн дэвтрийн хуулбараар нотлогдож байгаа юм. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 637 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 436 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Хянавал:

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 507 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг үндэслэн “Ашигт малтмалын тухай хуулийн 34.2 дахь хэсэгт заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг урьдчилан төлөөгүй, 31.1 дэх заалтыг зөрчсөн” гэж “Гравелстоун” ХХК-ийн ашигт малтмал ашиглалтын MY-013401 дугаар тусгай зөвшөөрлийг цуцалжээ.

Нэхэмжлэгч “Гравелстоун” ХХК нь дээрх шийдвэрийн тус компанид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаж, “13401А дугаар тусгай зөвшөөрлийн талбай нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн үйлчлэлд хамаарч цуцлагдсан гэх ойлголттой байсан, энэ тухай мэдээллийг хүсэхэд гаргаж өгөөгүй, ээлжит жилийн төлбөр төлөөгүй гэж цуцалсныг Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 1/3739 дугаартай албан бичгээр хариу өгснөөр мэдсэн, тусгай зөвшөөрлийн төлбөрийг 2013 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс өмнө төлсөн учир цуцлах эрх үүсэхгүй, цуцлах үндэслэл бүрдсэн, цуцалсан талаарх мэдэгдлийг өгөөгүй” гэж маргасан байна.

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2008 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 364 дүгээр шийдвэрээр 12920А дугаар тусгай зөвшөөрлийн Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг “Татам” нэртэй талбайгаас “Гравелстоун” компанид 25 гектар талбайг шилжүүлж, тухайн талбайн ашиглалтын 13401А дугаар тусгай зөвшөөрлийг 2007 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөр тооцож тус компанид олгожээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн дагуу жил бүр төлнө”, 34 дүгээр зүйлийн 34.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” гэж заасны дагуу “Гравелстоун” ХХК нь тусгай зөвшөөрлийн 7 дахь жилийн төлбөрийг 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн дотор төлөх үүрэгтэй юм.

Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг хуулийн хугацаанд бүрэн төлөх нь тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг хадгалах нөхцөл бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “...төлбөр төлсөн өдрийг банкны гүйлгээ хийсэн өдрөөр тооцох бөгөөд холбогдох баримтыг төрийн захиргааны байгууллагад ирүүлснээр тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсөнд тооцно” гэж заажээ.

Эндээс үзвэл, тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн дараа жилийн төлбөрийг олгосон өдрөөс эхлэн тооцон жил бүр урьдчилан төлж, баримтаа төрийн захиргааны байгууллагад ирүүлснээр тусгай зөвшөөрлийг эзэмших эрх нь хадгалагдах учиртай.

Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “...тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 5 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана” /2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулахаас өмнөх зохицуулалт/, 56.3-т “энэ хуулийн 56.2-т заасан мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ”, 56.4-т “төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 56.3-т заасан баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох ба үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж эдгээр шийдвэрийг эзэмшигчид нь мэдэгдэнэ” гэж тус тус заажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд, нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийн 7 дахь жилийн төлбөрөө 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдөр төлсөн, хариуцагчаас “...хуульд заасан хугацаанд төлбөр төлөөгүйгээс тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдсэн тухай” 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 6-6279 дугаартай мэдэгдлийг тусгай  зөвшөөрөл эзэмшигчийн хуучин хаягт хүргүүлсний улмаас уг мэдэгдэл очоогүй, тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хаяг, утасны дугаар, гүйцэтгэх захирал өөрчлөгдсөн талаарх мэдээллийг 2013 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн албан бичгээр хариуцагчид хүргүүлсэн зэрэг үйл баримт тогтоогдсон, үүнтэй хариуцагч маргаагүй байна.

Гэвч нэхэмжлэгч “тусгай зөвшөөрөл нь цуцлагдах болсон үндэслэл”-ийн талаарх мэдэгдлийг хүлээж аваагүй нь нотлогдсон боловч мэдэгдэлд заасан үндэслэлийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогоогүй, “мэдэгдэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй” төрийн захиргааны байгууллагын буруутай байдал нь хуулийн хугацаанд төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй нэхэмжлэгчийг зөвтгөх учир шалтгаан болохгүй.

Харин нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, маргааны үйл баримт, тогтоогдсон нөхцөл байдалд холбогдуулан дүгнэвэл нэхэмжлэгч уг мэдэгдлийг хүлээж аваагүйгээс эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигджээ.

Учир нь ашигт малтмал ашиглалтын 13401А дугаар тусгай зөвшөөрлөөр нэхэмжлэгчид олгогдсон Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг “Татам-3” нэртэй 25 гектар уурхайн талбай нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно”, 4.3-т “энэ хуулийн 4.1-д заасан газрын хилийн заагийг Засгийн газар тогтооно”, Засгийн газрын 2012 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн “Хилийн заагийг тогтоох тухай” 194 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд бүхэлдээ хамаарсан, нэхэмжлэгч тухайн талбайд тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон, уг үйл баримттай хариуцагч маргаагүй байна.

Үүний зэрэгцээ 13401А дугаар тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан 4 үндэслэлээр цуцалсан болохыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн мэдээллийн санд бүртгэжээ.

Иймээс, тусгай зөвшөөрөл эзэмшигчид 13401А дугаар тусгай зөвшөөрлөөр олгогдсон тухайн талбайд ашигт малтмал ашиглахыг хуулиар хориглосон, үүнтэй холбоотойгоор нөхөх олговрын асуудлаар маргаантай байсан /хуулийг хэрэгжүүлэх явцад хүлээлт үүссэн/, хариуцагчаас ямар нэгэн мэдээлэл өгөөгүй зэргээс үзвэл, “цуцлах үндэслэлийг” зөвшөөрөхгүй үндэслэлээ нотлох боломж нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т заасан эрх тул энэ талаар хийсэн  давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Анхан шатны шүүх тусгай зөвшөөрлийн төлбөрийг хуулийн хугацаанд төлөөгүй үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо уг маргаантай харилцаанд хэрэглэх ёсгүй Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан зохицуулалтыг /2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн хэсэг/ хэрэглэсэн, уг заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчөөгүй, маргаантай харилцааг зохицуулсан Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.   

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 637 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ           

ШҮҮГЧ                                                               Ч.ТУНГАЛАГ