Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/07

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дашням 

Улсын яллагч Д.Ганчимэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Солонго

Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт ******* *******д холбогдох эрүүгийн 19*******007710455 дугаартай хэргийг 20******* оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* оны 05 дугаар сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, ******* настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар багт оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоогоор ам бүл 6, хадам эцэг, эх, нөхөр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот Баянгол дүүрэг 22 дугаар хороо Зүүн нарангийн ******* тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигин овогт ******* ******* /РД: МЗ 00252907/.

Шүүгдэгч Б.******* нь Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 5 дугаар багийн “Шар толгой” гэх газарт 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 14 цагийн үед цогтой үнсийг ил задгай асгаж гал, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас 4312 га талбайд хээрийн түймэр гарч, байгаль экологид 79,452,922 /далан есөн сая дөрвөн зуун тавин хоёр мянга есөн зуун хорин хоёр/ төгрөгийн шууд хохирол, гал түймрийг унтраахад 495,000 /дөрвөн зуун ерэн таван мянга/ төгрөгийн хохирол буюу нийт 79,947,922 /далан есөн сая есөн зуун дөчин долоо мянга есөн зуун хорин хоёр/ төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...тэр өдөр хоолоо хийсний дараа үнс дүүрэхээр нь гэрт байсан цаасан хайрцгийг норгоод дотор нь хийсэн. Тэгээд хог асгах цэг дээр үнсээ асгахад цаасан хайрцаг шатаад цогшсон байхаар нь унтраагаад хогийн саванд хийгээд гэрт орсон. Гэнэт л Базар ах гал гарлаа гээд гэрээс гарахаар нь би араас нь гарсан...” гэв.

Иргэний нэхэмжлэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний санаж байгаагаар 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн үдээс хойш Цагаан-Овоо сумын 5 дугаар багийн “Шар толгой” гэх газарт хээрийн түймэр гарсан. Тухайн түймэрт уг газарт ажиллаж байсан хадлангийн салааны ажилчид болон сумын иргэд ажиллаж түймрийг тэр өдөрт нь унтраасан. ...“Нуман-Алтай” ХХК-ийн дүгнэлттэй санал нийлж байна. Шатахуунд 495,000 төгрөг зарцуулсан бөгөөд тухайн мөнгийг холбогдогч тал төлсөн. ...Хохирлын 79,452,922 төгрөгийг нэхэмжилж байна...” гэжээ. /хх-ийн 32-33/

Гэрч Д.Бямбадаваа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 10 дугаар сарын 30-ны 13 цагийн орчимд гэрээсээ баруун хойш 4 км зайд хадланч нартаа хоол хүргэж өгөөд хамт байхад манай хадлангийн гэрийн орчимд цагаан утаа олгойдож байхаар нь тухайн хадлан дээр байсан 3 залуутай хамт гэр рүүгээ ирэхэд манай гэрийн зүүн урд түймэр асаж байхаар нь унтраахаар очоод дийлэхгүй урагшаа асаад явсан. Тэгэхээр нь ардаас нь унтрааж явсаар байгаад сумын болон ойр орчмын хүмүүс, аймгаас Онцгой байдлын фургонтай хүмүүс ирээд унтраасан...” гэжээ. /хх-ийн 36-37/

Гэрч Г.Базарбат мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр трактороо асааж байхад өдрийн хоол болоод Бямбадаваа гэх залуугаар хадланчид руугаа хоолыг нь өгч явуулаад өөрөө автомашиндаа утсаар яриад сууж байхад манай тогооч үнсээ асгахаар явж байхаар нь “салхитай байна даа” гэж хараад байж байхад поошиг руу үнсээ хийгээд гэр рүүгээ орсон. Утсаар ярьж дуусаад гэрт орж цай уух гэж байхдаа тогооч *******тай юм яриад сууж байхад нүдний үзүүрт утаа гарах шиг болохоор нь “түймэр гарчихлаа” гээд гараад түймэр унтраахаар явахад ******* араас гарч ирэхээр нь би зүүн талаар нь явахад ******* баруун талаар нь гүйгээд түймэр унтраах гэсэн боловч салхи ихтэй байсан болохоор унтрааж чадалгүй цааш нь алдсан. Түймэр унтраахаар манай хадланчид болон ойр орчмын хүмүүс ирсэн боловч унтрааж чадалгүй яваар байгаад орой 17 цагийн орчимд түймрээ унтраасан. ...Тухайн түймэр үнснээс болж гарсан. ******* надад дараа нь ярихдаа “гадаа салхитай байсан болохоор гэрт байсан хогны цаасан хайрцагт хийж гараад үнсээ поошигт хийгээд цаасан хайрцгаа харахад жоохон цогшсон байхаар нь унтраагаад орсон” гэж ярьж байсан...” гэжээ. /хх-ийн 38-39/

Байгаль орчны зөвлөх “Нуман-Алтай” ХХК-ийн шинжээчийн 20******* оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 1/46 тоот дүгнэлтэд:

1. Тус нутгийн 4312 га хэмжээ бүхий талбайд хээрийн түймэр гарсны улмаас байгаль орчинд 79,452,922 төгрөгийн хохирол учирсан байна.

2. Цагаан-Овоо сумын хохирлын акт тогтоох ажлын хэсгээс гаргасан 03 дугаартай актын байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ, шатсан талбайн хэмжээг тогтоосон хэсэг нь үндэслэлгүй байна. Учир нь түймэрт бүрэн автсан талбайн хэмжээ нь 10109,1 га биш 4312 га хэмжээтэй байна. Нотлох зургуудыг тайлбартай нь хавсаргав. Түймэр унтраахад гарсан зардлыг тооцсон хэсэг нь үндэслэлтэй байх боломжтой байна. Өөрөөр хэлбэл түймэр унтраахад гарсан зардлын хэмжээг манай зүгээс нарийвчлан дахин тооцох боломжгүй байна.

3. Түймэр унтраахад гарсан шууд болон шууд бус зардлын хэмжээг тогтоох боломжгүй байна.

4. Шинжилгээний явцад хэрэгт ач холбогдол бүхий шинэ нөхцөл байдал илрээгүй болно гэжээ. /хх-ийн 60/

 

Бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахмад Д.Эрхэмбаатарын 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 045/01/03 тоот дүгнэлтэд:

Хариулт-1. Дээрх гал түймэр нь үнс нурмаа асгадаг байсан төмөр торхны ертөнцийн зүгээр зүүн урд талаас эхэлсэн байна.

Хариулт-2. Галын аюулгүй байдлын тухай хуулийн 16.2.1 дэх заалт иргэн ахуйн галын аюулгүй байдлыг бүрэн хангаж, холбогдох хууль тогтоомж, галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичгийн шаардлагыг сахин биелүүлэх гэсэн заалтыг биелүүлээгүйн улмаас хээрийн түймэр гарсан шалтгаан нөхцөл бүрдсэн байна гэжээ. /хх-ийн 64/

Б.******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Миний санаж байгаагаар 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр би тухайн газарт байрлах хадлангийн гэрт хоол хийж байгаад гадагш гарч 13-14 цагийн орчимд гэрийн урд талын хэсэгт байрлах үнс болон хог асгах цэг дээр цогтой үнс асгаад эргэж гэрт орсон. Тухайн үед миний хажууд хадлангийн эзэн Базарбат байсан бөгөөд бусад нь хадлангийн ажилдаа гарсан байсан. Тэгтэл үүний дараа 15 цагийн орчимд миний асгасан үнснээс гал гарч хээрийн түймэр гарсан...” гэжээ. /хх-ийн 73-74/

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 22/

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /хх-ийн 23-25/

Гэрч Б.Батхүүгийн мэдүүлэг /хх-ийн 34-35/

Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн А/131 тоот “Ой, хээрийн түймрээс учирсан хохирол тогтоох ажлын хэсэг томилох тухай” захирамжийн хуулбар /хх-ийн 42/

Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Батхүүгийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн илтгэх хуудас, холбогдох баримтууд /хх-ийн 43-52/

Ой, хээрийн түймрээс учирсан хохирлын акт, схем зураг /хх-ийн 53-55/

“Нуман Алтай” ХХК-ийн шинжээчийн ажлын хөлс 1,000,000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэх /хх-ийн 83/

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянсудал 3 дугаар багийн Засаг даргын 20******* оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1/203 тоот тодорхойлолт /хх-ийн 75/

Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд /хх-ийн 76-77/

Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын “Б.*******гийн өмчлөлд үл хөдлөх хөрөнгө бүртгэгдээгүй тухай” албан бичиг /хх-ийн 79/

Б.*******гийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 80/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 84/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Б.*******д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүрээлэн байгаа орчинд хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

Шүүгдэгч Боржигин овогт ******* ******* нь 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 14 цагийн үед Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 5 дугаар багийн нутаг “Шар толгой” гэх газарт цогтой үнсийг ил задгай асгаж гал, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас 4312 га талбайд хээрийн түймэр гарч байгаль орчинд 79,452,922 /далан есөн сая дөрвөн зуун тавин хоёр мянга есөн зуун хорин хоёр/ төгрөгийн буюу их хэмжээний хохирол учирсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч Б.*******гийн “...би тухайн газарт байрлах хадлангийн гэрт хоол хийж байгаад гадагш гарч 13-14 цагийн орчимд гэрийн урд талын хэсэгт байрлах үнс болон хог асгах цэг дээр цогтой үнс асгаад эргэж гэрт орсон. ...15 цагийн орчимд миний асгасан үнснээс гал гарч хээрийн түймэр гарсан...” гэх мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлгийг давхар нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн иргэний нэхэмжлэгч *******, гэрч Д.Бямбадаваа, Г.Базарбат, Б.Батхүү нарын мэдүүлгүүд, Байгаль орчны зөвлөх “Нуман-Алтай” ХХК-ийн шинжээчийн 20******* оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 1/46 тоот дүгнэлт, Бүсийн төв-Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 045/01/03 тоот дүгнэлт, гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн А/131 тоот “Ой, хээрийн түймрээс учирсан хохирол тогтоох ажлын хэсэг томилох тухай” захирамжийн хуулбар, Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Батхүүгийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн илтгэх хуудас, холбогдох баримтууд, ой, хээрийн түймрээс учирсан хохирлын акт, схем зураг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.******* нь хүрээлэн байгаа орчны эсрэг хээрийн түймэр тавих гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус болохыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас байгаль орчинд 79,452,922 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учирсан нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байхаас гадна шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч Б.Солонго нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, тэр талаар маргаагүй болно.

Түүнчлэн шүүгдэгч Б.******* нь хуурайшилт, салхины хурд ихтэй үед үнс нурмын цогийг бүрэн унтраалгүй ил задгай асгаж, гал болон шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас 4312 га талбайд хээрийн түймэр гарч байгаль орчинд 79,452,922 төгрөгийн хохирол, гал түймрийг унтраахад 495,000 төгрөгийн хохирол буюу нийт 79,947,922 төгрөгийн их хэмжээний хохирол учирсан болох нь Бүсийн төв-Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 045/01/03 тоот дүгнэлт, Байгаль орчны зөвлөх “Нуман-Алтай” ХХК-ийн шинжээчийн 20******* оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 1/46 тоот дүгнэлт, ой, хээрийн түймрээс учирсан хохирлын акт зэргээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлтүүд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.

Иймд шүүгдэгч Б.*******д холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гал, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас хээрийн түймэр гарч 79,452,922 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Б.******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.  

Шүүгдэгч Б.*******гийн хувийн байдлын тухайд тэрээр ******* настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй бөгөөд нөхөр, 0-1 насны хоёр хүүхэдтэйгээ хамт амьдардаг, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй болно.

 

Шүүгдэгч Б.******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэв.

Түүнээс гадна шүүгдэгч Б.******* нь урьд ял шийтгүүлж байгаагүй, түүний үйлдсэн гэмт хэрэг нь цаг хугацааны хувьд 20******* оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байхаас гадна шүүхээс түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн нь 20******* оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Энэ хуулийн 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн ...7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг Өршөөл үзүүлэх тухай хуулиар, эсхүл уучлал үзүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гэмт хэрэг үйлдсэн хүний эдлэх ялыг бүрэн болон хэсэгчлэн чөлөөлөх, эсхүл хорихоос өөр төрлийн ялаар дүйцүүлэн сольж болно” гэж заасантай тус тус нийцэж байх тул шүүгдэгч Б.*******д хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 жилийн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Энэ гэмт хэргийн улмаас байгаль орчинд 79,452,922 төгрөгийн хохирол, Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Засаг даргын Тамгын газраас гал түймрийг унтраахад 495,000 төгрөгийн хохирол тус тус учирсан байх бөгөөд шүүгдэгч Б.******* нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд гал түймрийг унтраахад гарсан зардлыг Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Засаг даргын Тамгын газарт бүрэн төлж барагдуулан байгаль орчинд учирсан хохиролд “Нуман-Алтай” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон 79,452,922 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн. Гэвч шүүх гэм хорын хохирлыг гаргуулахдаа Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.2-т зааснаар гэм хор учруулагчийн эд хөрөнгийн байдлыг харгалзан үзэж багасгаж болох ба шүүгдэгч Б.*******гийн тодорхой эрхэлсэн ажилгүй, нэн ядуу амьдралтай, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой, хүнсний эрхийн бичигт хамрагддаг, түүний өмчлөлд ямар нэгэн газар, бусад үл хөдлөх эд хөрөнгөгүй, 0-1 насны хоёр хүүхэдтэй болох нь хавтаст хэрэгт авагдсан түүний иргэний үнэмлэхийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 76-77, 80/, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянсудал 3 дугаар багийн Засаг даргын 20******* оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1/203 тоот тодорхойлолт /хх-ийн 75/, Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын албан бичиг /хх-ийн 79/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Иймд Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 514 дүгээр зүйлийн 514.2-т тус тус зааснаар шүүгдэгч Б.*******гийн эд хөрөнгийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, шалтгаан нөхцөл зэргийг харгалзан байгаль орчинд учирсан хохирлын 79,452,922 төгрөгийг багасган 10 хувь болох 7,945,292 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлого болгохоор шийдвэрлэлээ.

 

Мөн Дорнод аймгийн Цагдаагийн газрын Цагаан-Овоо суман дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Ч.Зоригийн тогтоолоор Байгаль орчны зөвлөх “Нуман-Алтай” ХХК-ийн шинжээч 20******* оны 06 дугаар сарын 07-ны өдөр 1/46 тоот дүгнэлтийг гаргасны ажлын хөлсөнд 1,000,000 төгрөгийг нэхэмжилсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал ...шинжээчид төлөх ... зардлаас бүрдэнэ” гэж, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоовол түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулна” гэж заасныг үндэслэн шүүгдэгч Б.*******гаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 1,000,000 төгрөгийг гаргуулж “Нуман Алтай” ХХК-д олгохоор тогтоов.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлбэл зохино.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигин овогт ******* *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гал, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас хээрийн түймэр гарч, 79,452,922 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 20******* оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасныг баримтлан шүүгдэгч Б.*******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнссэн 1 жилийн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

4. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 514 дүгээр зүйлийн 514.2-т тус тус зааснаар шүүгдэгч Б.*******гаас гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан хохиролд 7,945,292 /долоон сая есөн зуун дөчин таван мянга хоёр зуун ерэн хоёр/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлого болгосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******гаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 1,000,000 /нэг сая/ төгрөгийг гаргуулж Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Энхтайвны өргөн чөлөөний 59Б-д байрлах “Нуман Алтай” ХХК /ХТА5611 5417422/-д олгохоор тогтоосугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдоогүй, түймэр унтраахад гарсан зардал 495,000 төгрөгийг Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Засаг даргын Тамгын газарт төлсөн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн МЗ 00252907 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА