Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 00160

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг би, Булган аймгийн Булган сумын 5 дугаар баг, Гурилын үйлдвэрийн байр 302 тоотод оршин суух Б.Сарангэрэлийн нэхэмжлэлтэй Булган аймгийн Булган сумын 1 дүгээр баг, Ачуут шинэ хороо 15-3 тоотод оршин суух Д.Гансүхэд холбогдох 500000 төгрөг гаргуулах тухай 132/2017/00105/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Сарангэрэл нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Булган аймгийн Булган сумын 1 дүгээр баг, Ачуут шинэ хороо 15-3 тоотод оршин суух Д.Гансүх нь Б.Сарангэрэл миний 14 айлын орон сууц Булган аймгийн Булган сумын 5 дугаар баг Гурилын үйлдвэрийн хашаанд байрладаг байрны 105 тоотод байх 1 өрөө байрыг сарын төлбөор 150000 төгрөг болон ус, тог хэрэглэсэн зардлаа хариуцан төлөнө хэмээн 2015 оны 01 дүгээр сараас эхлэн өөрийн аав болох Д.Пүрэвбаатар гэж хүнтэй хамт амьдарч байсан. Д.Пүрэвбаатар нь “Хөдөө аж ахуйн газар” дотор байрлах “Цөм сүрэг” гэсэн газар мэргэжилтэнгээр ажилладаг. Гэтэл 2016 оны 09 дүгээр сараас хойш байрны түрээсийн төлбөрөө огт өгөөгүй. Би уг байраа хариуцан ажиллуулж байсан. Ц.Агиймаа гэх ажилтнаа П.Гансүхтэй уулзуулж төлбөр тооцоогоо бодож дуусгаад цаашид байлгах боломжгүй гэсэн шийдвэр гаргаснаа 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хэлсэн. П.Гансүх 2017 оны 01 дүгээр сарыг дуустал байрандаа байж нийт төлбөр 700000 төгрөгийг төлнө гэж хэлсэн. 2017 оны 01 дүгээр сард П.Гансүх надад 200000 төгрөг өгсөн. Одоо үлдсэн 500000 төгрөгөө П.Гансүхээс нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч П.Гансүх нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие П.Гансүх нь Б.Сарангэрэлийн нэхэмжилж байгаа 500000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:

Б.Сарангэрэл нь  П.Гансүхэд холбогдуулан 500000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 500000 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаарБ.Сарангэрэлийн нэхэмжлэлтэй П.Гансүхэд холбогдох 500000 /таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15650 /арван таван мянга зургаан зуун тавин/ төгрөгөөс 7825 /долоон мянга найман зуун хорин тав/ төгрөгийг Төрийн санд үлдээж, Төрийн сангаас 7825 /долоон мянга найман зуун хорин тав/ төгрөг, хариуцагчаас 7825 /долоон мянга найман зуун хорин тав/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ШҮҮГЧ                       О.ОДОНЧИМЭГ