Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/14

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дашням

Улсын яллагч Б.Сарантуяа

Шүүгдэгч Б.*******, Ц.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цагаангууд овогт ******* *******, Нохойрог хүгдүүд овогт ******* ******* нарт холбогдох эрүүгийн 2121000000428 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* оны 05 дугаар сарын 08-ны өдөр Дорнод аймгийн Баяндун суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Дорнод аймгийн Баяндун сумын 3 дугаар баг, “Голын цагаан” гэх газарт оршин суух, гавьяа шагналгүй, урьд Сум дундын 10 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 26 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын баривчлах ялаар,

мөн Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 166 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, Цагаангууд овогт ******* ******* /РД: ЖА 90050877/.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, оны 02 дугаар сарын 28-ны өдөр Дорнод аймгийн Дашбалбар суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн Дашбалбар сумын 2 дугаар баг, “Харзат” гэх газарт оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоогоор Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хан-Уулын 10-06 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Нохойрог хүгдүүд овогт ******* ******* /РД: ЖЕ 83022871/.

Шүүгдэгч Б.*******, Ц.******* нар нь бүлэглэн 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 29-ний орчимд Дорнод аймгийн Чулуунхороот сумын 3 дугаар баг “Хөх нуур” гэх газраас тээврийн хэрэгсэл ашиглан иргэн , нарын эзэмшлийн 7 тооны үхэр буюу олон тооны малыг хулгайлсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанд дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Нэмж мэдүүлэх зүйлгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

Шүүгдэгч Ц.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Нэмж мэдүүлэх зүйлгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манайх 2021 оны 05 дугаар сард Дорнод аймгийн Чойбалсан сумын 3 дугаар баг, “Хөх нуур” гэх газарт нутаглаж байхад манай үхэр Хөх нуурын ойр орчмоор бэлчдэг байсан. 2021 оны 05 дугаар сарын сүүлээр буюу 28-ны орчимд сумын мал үржлийн газраас үхэрт вакцин хийнэ гээд ирсэн байсан шиг санагдаж байна. Тухайн өдөр үхрээ вакцинд хамруулаад бэлчээрт гаргасан. Маргааш өглөө нь би үхрээ бүртгэхэд манай үхрээс 3 тооны бяруу алдагдсан байсан. Би байж болох ойр хавийн газраар хайхад манай үхэр байгаагүй. Тухайн үедээ цагдаагийн байгууллагад хандаж бүртгүүлсэн. ...Хурааж авсан 7 тооны бяруун дотор манай бяруунууд байна. Би бяруунуудаа өөрийн им болон зүсээр нь таньж байна. ...Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл гэвэл хол газар үхрээ авах гэж ирсэн бензиний зардал 153,808 төгрөгөө нэхэмжилнэ...” гэжээ. /хх-ийн 17-18/

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манайх 2021 оны 05 дугаар сард Дорнод аймгийн Чулуунхороот сумын 3 дугаар баг “Хөх нуур” гэх газарт нутаглаж байхад манай үхэр тэр хавиар өдөртөө бэлчээд оройдоо ирж хотолдог байсан. Миний санаж байгаагаар 2021 оны 05 дугаар сарын сүүлээр 29-ний өглөө үхрээ бүртгэхэд манай үхрээс 4 тооны бяруу алдагдсан байсан. Би байж болох ойр хавийн газраар хайхад манай үхэр байгаагүй. Манай үхэр барагтай бол ижил сүргээсээ тасраад явдаггүй. Би тухайн үедээ цагдаагийн байгууллагад хандаж бүртгүүлсэн. ...Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл гэвэл хол газар үхрээ авах гэж ирсэн бензиний зардлаа нэхэмжилнэ...” гэжээ. /хх-ийн 69-70/

Гэрч О.Түвшинбат мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би өмнө нь 2009-2011 хооронд Баяндун сумын 3 дугаар баг, “Их бага” уулын ард Ишням гэх баз ахындаа адуу малладаг байсан. Тухайн үед би *******тэй танилцаж найзууд болсон. Би *******д өөрийн эзэмшлийн адуунаас 1 даага аваарай гэж хэлсэн. 2021 оны 05 дугаар сарын сүүлээр ирэхдээ тухайн даагаа авах гээд Мөнхболд ахын хөх өнгийн /улсын дугаарыг нь сайн санахгүй байна/ Бонго-3 маркийн тээврийн хэрэгсэлтэй ******* ахын хамтаар ирсэн. Би *******д энэ жил даагаа өгөх боломж алга, дараа жил ирээд авчих гэж хэлсэн. ******* зөвшөөрч тухайн ирсэн өдрөө манай гэрт хоноод маргааш нь оройхон манайхаас харих гээд явсан. Хамгийн сүүлд ингэж уулзсан...” гэжээ. /хх-ийн 24, 79/

Гэрч Ц.Мөнхболд мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тухайн 7 тооны бярууг эхнэрийн үеэл дүү болох ******* нь 2021 оны 05 дугаар сарын сүүлээр /яг хэдний өдөр гэдгийг нь сайн санахгүй байна/ миний эзэмшлийн 97-89 ДОР улсын дугаартай цэнхэр өнгийн Бонго-3 маркийн тээврийн хэрэгслийг надаас “би найзаасаа бэлгийн даагаа аваад ирье” гэж гуйж авч явахдаа авчирсан. Би *******д машинаа өгөхийг зөвшөөрч ******* машин барьж чадахгүй учир миний төрсөн ах хамтаар явсан. Надад хаашаа явах талаараа хэлсэн зүйл байхгүй. Би *******, ******* ах хоёрыг явсны дараагаар Баяндун сумын нутгаар 2 хоног яваад гэртээ буцаж ирэхэд ******* ах ******* хоёр ирчихсэн байсан. Ирэхдээ 7 тооны бяруу ачиж ирээд миний өөрийн эзэмшлийн үхэрт нийлүүлсэн байсан. Би ямар учиртай үхэр болох талаар *******ээс асуухад “би хүнээс авлагандаа авсан юм” гэж надад хэлсэн. Би дотроо ийм олон бяруу хүнээс авмааргүй юм гэж бодоод тухайн үедээ тоогоогүй. Тэгтэл дараа нь хулгайн бяруу байсан талаар мэдсэн...” гэжээ. /хх-ийн 26-27, 81-82/

Ц.******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: ”...дүү Мөнхболдын эзэмшлийн 97-89 ДОР улсын дугаартай цэнхэр өнгийн Бонго-3 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож *******ий хамтаар Чойбалсан сум руу гарсан. ...Буцаж байх замд харуй бүрий болж байсан ба зам дээр үхрүүд тааралдахад ******* “энэ үхрээс би хэдэн бяруу ачаад гэртээ буулгая, дүү нь малтай болмоор байна” гэж хэлсэн. Би хариуд нь *******д хандаж “болохгүй юм биш үү дүү минь” гэхэд ******* надад хандаж “би хариуцлагыг нь даая ахаа, дүү нь малтай болмоор байна” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр тухайн үхрүүдийг төмөр замын гарамны хашаанд шахаж байгаад морь ачихдаа хүлэх гэж байсан татлагаар бугуйл хийж ******* бугуйлдаж бид хоёр машин дээр ачиж эхэлсэн. Тэгээд бид хоёр машиндаа 7 тооны бяруу ачаад Дашбалбар сумын 2 дугаар багт байх Мөнхболдын үхэрт аваачиж буулгасан...” гэжээ. /хх-ийн 46-47, 96-97, 129/

Б.******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: ”...Би ******* ахын хамтаар Мөнхболд ахын эзэмшлийн 97-89 ДОР улсын дугаартай цэнхэр өнгийн Бонго-3 маркийн тээврийн хэрэгслээр явсан. ...Бид хоёр Түвшинбатын гэрээс гараад явж байхад орой харуй бүрий болоод нар шингэх гэж байсан. Бид хоёрыг буцаж байх замд буюу 37-р точкагийн ойролцоо олон тооны үхэр байхаар нь би ******* ахад хандаж “ахаа би энэ үхэрнээс хэдийг аваад явчихъя” гэхэд ******* ах намайг “яах юм бэ хэрэггүй юм биш үү” гэж хэлсэн. Би тэгэхээр нь “арыг нь даана, санаа зоволтгүй” гэж хэлээд зөвшөөрүүлсэн юм. Тухайн үхрийг бид хоёр бөөгнүүлж байгаад төмөр замын хашаанд шахаж даага ачихдаа хэрэглэх гэж байсан олсоор бугуйл хийж байгаад би бугуйлдаж 7 тооны бярууг бид хоёр машин дээрээ ачаад Дашбалбар сумын 2 дугаар баг Мөнхболд ахын үхэрт очиж буулгасан...” гэжээ. /хх-ийн 51-52, 100-101, 131/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 11, 65/

Баримт бичиг хүлээн авсан тэмдэглэл, зардлын баримт  /хх-ийн 12-13/

Тээврийн хэрэгслийн мэдээлэл /хх-ийн 28/

Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 29-30, 83/

Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 31-32, 84-85/

Мал амьтанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 33-37, 86-88/

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 39, 89/

Дашбалбар сумын 2, 3-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 102, 105/

Ц. гэрлэсний болон эд хөрөнгийн бүртгэлгүй тухай улсын бүртгэлийн лавлагааны хуулбар /хх-ийн 103, 104/

Б.*******ий иргэний үнэмлэхийн болон эд хөрөнгийн бүртгэлгүй тухай лавлагааны хуулбар /хх-ийн 106, 107/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 108, 109/

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 166 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 111-121/ болон  тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Б.*******, Ц.******* нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалж хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний өмчлөх эрх зөрчигдөж бусдын эд хөрөнгөд хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

Шүүгдэгч Цагаангууд овогт ******* *******, Нохойрог хүгдүүд овогт ******* ******* нар нь 2021 оны 05 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Дорнод аймгийн Чулуунхороот сумын 3 дугаар баг “Хөх нуур” гэх газраас хохирогч , нарын 7 тооны үхэр буюу олон тооны малыг 97-89 ДОР улсын дугаартай Kia Bongo-3 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан бүлэглэж хулгайлсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч Б.*******ий “...бид хоёрыг буцаж байх замд буюу 37-р точкагийн ойролцоо олон тооны үхэр байхаар нь би ******* ахад хандаж “ахаа би энэ үхэрнээс хэдийг аваад явчихъя” гэхэд ******* ах намайг “яах юм бэ, хэрэггүй юм биш үү” гэж хэлсэн. Би тэгэхээр нь “арыг нь даана, санаа зоволтгүй” гэж хэлээд зөвшөөрүүлсэн юм. Тухайн үхрийг бид хоёр бөөгнүүлж байгаад төмөр замын хашаанд шахаж даага ачихдаа хэрэглэх гэж байсан олсоор бугуйл хийж байгаад би бугуйлдаж 7 тооны бярууг бид хоёр машин дээрээ ачаад Дашбалбар сумын 2 дугаар баг Мөнхболд ахын үхэрт очиж буулгасан...” гэх, шүүгдэгч Ц. “...зам дээр үхэр тааралдахад ******* “энэ үхрээс би хэдэн бяруу ачаад гэртээ буулгая, дүү нь малтай болмоор байна” гэж хэлсэн. Би хариуд нь *******д хандаж “болохгүй юм биш үү дүү минь” гэхэд ******* надад хандаж “би хариуцлагыг нь даая, ахаа дүү нь малтай болмоор байна” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр тухайн үхрүүдийг төмөр замын гарамны хашаанд шахаж байгаад морь ачихдаа хүлэх гэж байсан татлагаар бугуйл хийж ******* бугуйлдаж бид хоёр машин дээр ачиж эхэлсэн. Тэгээд бид хоёр машиндаа 7 тооны бяруу ачаад Дашбалбар сумын 2 дугаар багт Мөнхболдын үхэрт аваачиж буулгасан...” гэх, түүний мэдүүлгийг давхар нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч ын “...Маргааш өглөө нь би үхрээ бүртгэхэд манай үхрээс 3 тооны бяруу алдагдсан байсан. Би байж болох ойр хавийн газраар хайхад манай үхэр байгаагүй...” гэх, хохирогч ын “...2021 оны 05 дугаар сарын сүүлээр 29-ний өглөө үхрээ бүртгэхэд манай үхрээс 4 тооны бяруу алдагдсан байсан. Би байж болох ойр хавийн газраар хайхад манай үхэр байгаагүй. Манай үхэр барагтай бол ижил сүргээсээ тасраад явдаггүй...” гэх мэдүүлгүүд, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч О.Түвшинбат, Ц.Мөнхболд нарын мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ, эд зүйл хураан авсан тэмдэглэл, мал амьтанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Шүүгдэгч Б.*******, Ц.******* нар нь Kia Bongo-3 маркийн 97-89 ДОР улсын дугаартай машин механизм ашиглаж бусдын өмчлөлд байгаа 7 тооны үхэр буюу олон тооны малыг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүйгээр буюу хүч хэрэглэхгүйгээр, бусдын өмчлөлөөс нууц далд аргаар, хууль бусаар өөрийн эзэмшил, өмчлөлд авч өөрсдөдөө захиран зарцуулах эрхийг бий болгосон байх бөгөөд дээрх гэмт хэргийг бүлэглэж үйлдэхдээ өөрсдийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ. Түүнчлэн шүүгдэгч Б.*******, Ц.******* нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, тэр талаар маргаагүй болно.

Иймд шүүгдэгч Б.*******, Ц.******* нарт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* *******, ******* ******* нарыг бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.*******, Ц.******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

Шүүгдэгч Б.*******, Ц.******* нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Б.*******, Ц.******* нарт тус бүр 2 жилийн хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

Шүүгдэгч Ц.******* нь урьд ял шийтгүүлж байгаагүй, шүүгдэгч Б.******* нь урьд ял шийтгүүлж байсан боловч Өршөөлийн хуульд хамрагдаж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 108, 109/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 111-121/ зэрэг баримтуудаар тус тус тогтоогдож байхаас гадна шүүгдэгч Б.*******, Ц.******* нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэг нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасан 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Мал хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/,  ... гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино...” гэж, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг Өршөөл үзүүлэх тухай хуулиар, эсхүл уучлал үзүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гэмт хэрэг үйлдсэн хүний эдлэх ялыг бүрэн болон хэсэгчлэн чөлөөлөх, эсхүл хорихоос өөр төрлийн ялаар дүйцүүлэн сольж болно” гэж заасантай нийцэж байх тул шүүгдэгч Б.*******, Ц.******* нарт оногдуулсан 2 жилийн хорих ялыг 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ийг Дорнод аймгийн Баяндун сумын нутаг дэвсгэрээс, шүүгдэгч Ц.Мөнхтулгыг Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрээс гарахыг тус бүр 2 жилийн хугацаанд хориглож, Б.*******, Ц.******* нарт хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, зэвсгийн чанартай зүйл, тусгай зориулалтын техник хэрэгслийг хураан авч хадгалах, устгах, улсын орлого болгох, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулах талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан бөгөөд шүүгдэгч Б.*******, Ц.******* нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 7,000,000 төгрөгийн үнэлгээтэй, Kia Bongo-3 маркийн 97-89 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Ц.Мөнхболдын эзэмшлийнх болох нь түүний гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 26-27, 81-82/ болон тээврийн хэрэгслийн мэдээлэл /хх-ийн 28/ зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч Б.*******, Ц.******* нараас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 7,000,000 төгрөгийг хувь тэнцүүлэх гаргуулж, хохирогч т учруулсан гэм хорын хохирол 153,808 төгрөгийг нөхөн төлөхөд зарцуулж, илүү гарсныг нь улсын орлого  болгохоор шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.*******, Ц.******* нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч нь 3 тооны, хохирогч нь  4 тооны бяруугаа тус тус алдаж эд хөрөнгийн хохирол хүлээсэн байх боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч нар нь алдсан үхрээ тоо, зүсээр нь бүрэн буцаан авчээ. Харин хохирогч нь алдсан малыг буцааж авахад гарсан шатахууны зардалд 153,808 төгрөгийг баримтаар нэхэмжилсэн байх тул шүүгдэгч нараас гаргуулах тээврийн хэрэгслийн үнэ 7,000,000 төгрөгнөөс гэм хорын хохиролд 153,808 төгрөгийг хохирогч т нөхөн төлөх нь зүйтэй байна. Харин хохирогч нь шатахууны зардал нэхэмжилнэ гэж байх боловч энэ талаарх баримтыг гаргаж өгөөгүй байх тул өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд Б.*******, Ц.******* нараас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.

Шүүгдэгч Б.*******, Ц.******* нар нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгч нарыг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.*******, Ц.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлбэл зохино. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Цагаангууд овогт ******* *******, Нохойрог хүгдүүд овогт ******* ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч ******* *******, ******* ******* нарт тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******, Ц.******* нарт оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.*******, Ц.******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ийг Дорнод аймгийн Баяндун сумын нутаг дэвсгэрээс, шүүгдэгч Ц.Мөнхтулгыг Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрээс гарахыг тус бүр 2 жилийн хугацаанд хориглож, Б.*******, Ц.******* нарт хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.*******, Ц.******* нарт мэдэгдэж, шүүгдэгч нарт хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******, Ц.******* нараас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 7,000,000 төгрөгийг хувь тэнцүүлэн тус бүр 3,500,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Дорнод аймгийн Чулуунхороот сумын 3 дугаар багт оршин суух, Хэрээд овогт Төмөрбатын Хосбаяр /РД: ЖН 77052671/-т гэм хорын хохирол 153,808 /нэг зуун тавин гурван мянга найман зуун найм/ төгрөгийг нөхөн төлөхөд зарцуулж, илүү гарсныг нь улсын орлого болгосугай.

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Б.*******, Ц.******* нь цагдан хоригдоогүй, хохирогч нь өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд Б.*******, Ц.******* нараас нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.*******, Ц.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       П.ПАГМА