Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/17

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дашням

Улсын яллагч Х.Насанжаргал

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат

Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шарайд овогт ******* *******д холбогдох эрүүгийн 2121000810457 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын 2 дугаар багийн нутаг “Бурхант” гэх газар оршин суух, гавьяа шагналгүй, урьд Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын *******-ны өдрийн 240 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Шарайд овогт ******* ******* /РД: ЖК 92111613/.

Шүүгдэгч ******* ******* нь Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын 2 дугаар багийн нутаг “Тосонгийн энгэр” гэх газраас 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр иргэн ******* 2 тооны адууг уналга ашиглан хулгайлж, 2,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанд дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Нэмж мэдүүлэх зүйлгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Түвшинжаргал над руу утсаар яриад 2 адуу дутуу юм шиг байна гэж хэлэхээр нь шууд Түвшинжаргалынд ирээд адуугаа үзэхэд зээрд халзан гүү, зэгэл гүү хоёр байхгүй байсан. Тэгээд ойр орчмоор хайсан боловч олдохгүй байсан ба Түвшинжаргал надад “Адуу алга болохын өмнө ******* гэх залуу Туул гэдэг айлд очих гээд орой морьтой сэжигтэй явж байсан” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би Туул гэдэг айлд очоод “******* өчигдөр ирсэн үү” гэж асуухад “ирээгүй” гэж хэлсэн. Туул надад “манай гэрээс баруун урагш орой машины гэрэл байнга гараад байсан, төөрсөн юм шиг байна лээ” гэж хэлэхээр нь би гайхаад Гантулгын гэрт нь очоод “Хоёр адуу яасан” гэж асуухад эхлээд би аваагүй гэж байснаа сүүлдээ Хараа /Ж.Энхболд/ гэх айлд өгчихсөн гэж хэлсэн. Би ******* дагуулаад Хараагийн /Ж.Энхболд/ гэрт очиход мал ажилласан байдалтай сэг зэм байхаар нь Хараад /Ж.Энхболд/ манай адууг амьд байвал өгчих гэж хэлэхэд эхлээд аваагүй гэж байснаа “би ажиллаад аймаг руу авч яваад зарчихсан” гэж хэлсэн. ...Надад учруулсан хохирол 2,000,000 төгрөгийг Энхболд, ******* нар нь төлж барагдуулж намайг хохиролгүй болгосон. ...гомдол санал байхгүй...” гэжээ. /хх-ийн 25-26, 27-28/

Гэрч М.Түвшинжаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хашсан морио адуундаа нийлүүлэх гээд явж байтал манай адууны захад нэг морьтой хүн явж байхаар нь очиж уулзтал Хөлөнбуйр сумын Өөдөө /Б.*******/ гэх залуу “Цагаан-Овоо сумын Туул ахынх руу явж байна” гээд явж байсан. Намайг гэртээ ирэхэд 18 цаг өнгөрч байсан. Маргааш өглөө нь би адуундаа яваад хул халзан азаргатай адууг хайж яваад Бурхантын араас олж авсан. Тэгээд маргааш нь буюу 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр тухайн азаргатай адуугаа бүртгэж үзэхэд зээрд халзан гүү, хонгор гүү хоёр байхгүй байсан. Гэртээ ирж Мэндбаяр ахад хэлээд Өөдөөг /Б.*******/ явж байсныг санаад Цагаан-Овоо сумын Туул ахынх руу очоод 02 сарын 04-ний орой Өөдөөг /Б.*******/ ирсэн үү гэж асуухад ирээгүй, тэр орой баруун урдуур шөнөжин гэрэл гараад байсан гэж хэлсэн. Бид хэд Өөдөөг /Б.*******/ авсан байна гэж сэжиглээд Мэндбаяр ах Өөдөө рүү /Б.*******/ очиж уулзчихаад Өөдөөг /Б.*******/ авч бид гурав Хөлөнбуйр сумын Хараа /Ж.Энхболд/ гэх залууг замаараа аваад Хөлөнбуйр сумын цагдаа дээр очсон...” гэжээ. /хх-ийн 41/

Б.******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: ”...Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Цагаан-Овоо сумын 2 дугаар баг, “Тосонгийн энгэр” гэх газрын ойролцоо нутагладаг Туул гэх айл руу очиж явах замд олон тооны адуу бэлчээрт эзэнгүй байхаар нь эндээс 2 адуу бариад Энхболд ахын өрийг өгье гэж бодоод Энхболд  ах руу утсаар яриад “Та орой Рашааны урд ирээд юмаа авах уу, ирэхдээ ногт авчраарай” гэж хэлсэн. Тэгээд нөгөө адуунуудыг Тосонгийн энгэрээс Рашаан руу хөөгөөд тэр хавьд байж байхад Энхболд ах Портер маркийн машинтай ирэхээр нь би мордоод тухайн адуунаас хүрэн гүү, халзан гүү гээд нийт 2 тооны адууг уургалж бариад Энхболд ахын авчирсан ногтоор ногтолж хамт өргөж машиных нь тэвшин дээр ачилцсан. Би гэр рүүгээ явсан. ...Би Энхболд ахаас мөнгө зээлэхдээ оронд нь мал өгнө гэж авсан учраас надаас мөнгөө нэхэхээр нь хулгай хийх бодол төрсөн. ...Миний нэр дээр адуу байхгүй ч би хүний адуу малладаг болохоор Энхболд ах намайг адуутай гэж бодсон байх. Би өөрийнхөө адуунаас өгч байна л гэж хэлсэн. ...Би тухайн үед хүрэн зүсмийн хөгшин адуунд унадаг морьтойгоо явж байсан бөгөөд уг морь маань миний өөрийн 10 орчим жил унасан морь байсан. Миний морь 2021 оны 04 сард хаврын хавсарганаар хөл нь бэртээд үхсэн...” гэжээ. /хх-ийн 50-51/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 21/

Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 75/

Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 06 тоот “Малын жишиг үнэлгээг шинэчлэн тогтоох тухай” тогтоол, түүний хавсралт /хх-иийн 77-78/

Иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 54/

Хөлөнбуйр сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 57/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 63, 67-73/

******* Дорнод аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан тодорхойлолт /хх-ийн 79/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Хэргийн оролцогчоос шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах талаар хүсэлт, гомдол гаргаагүй тул шүүхээс урьдчилсан хэлэлцүүлэг хийгээгүй бөгөөд шүүгдэгч Б.*******д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалж хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний өмчлөх эрх зөрчигдөж бусдын эд хөрөнгөд хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

Шүүгдэгч Шарайд овогт ******* ******* нь 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын 2 дугаар багийн нутаг “Тосонгийн энгэр” гэх газраас хохирогч ******* 2 тооны адууг уналга ашиглан хулгайлж, 2,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч Б.Гантулгын “...Тосонгийн энгэрийн ойролцоо нутагладаг Туул гэх айл руу очиж явах замд олон тооны адуу бэлчээрт эзэнгүй байхаар нь Энхболд ахын өрийг өгье гэж бодоод адуунуудыг Тосонгийн энгэрээс Рашаан руу хөөж очоод Энхболд ахыг машинтай ирэхээр нь би тухайн адуунаас хүрэн гүү, халзан гүү хоёрыг уургалж бариад Энхболд ахын машинд ачаад явуулсан...” гэх мэдүүлэг, түүний мэдүүлгийг давхар нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч ******* “...Туул надад “манай гэрээс баруун урагш орой машины гэрэл байнга гараад байсан, төөрсөн юм шиг байна лээ” гэж хэлэхээр нь би гайхаад Гантулгын гэрт нь очоод “Хоёр адуу яасан” гэж асуухад эхлээд би аваагүй гэж байснаа сүүлдээ Хараа /Ж.Энхболд/ гэх айлд өгчихсөн гэж хэлсэн...” гэх, гэрч М.Түвшинжаргалын “...2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр тухайн азаргатай адуугаа бүртгэж үзэхэд зээрд халзан гүү, хонгор гүү хоёр байхгүй байсан...” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Шүүгдэгч Б.******* нь хүрэн зүсмийн морийг уналга болгон ашиглаж бусдын өмчлөлд байгаа олон тооны малыг буюу 2 тооны адууг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүйгээр буюу хүч хэрэглэхгүйгээр, бусдын өмчлөлөөс нууц далд аргаар, хууль бусаар өөрийн эзэмшил, өмчлөлд авч өөртөө захиран зарцуулах эрхийг бий болгосон байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ. Түүнчлэн шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч Ч.Эрдэнэбат нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, тэр талаар маргаагүй болно.

Иймд шүүгдэгч Б.*******д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* ******* бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.******* нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

Шүүгдэгч Б.Гантулгын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 2,000,000 төгрөгийг төлж барагдуулсан нөхцөл байдал, ам бүл тавуулаа, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, бусдад төлөх төлбөргүй зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.*******д 1 жилийн хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

Түүнчлэн шүүгдэгч Б.******* нь урьд ял шийтгүүлж байсан боловч Өршөөлийн хуульд хамрагдаж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 63/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 67-73/ зэрэг баримтаар тогтоогдож байхаас гадна шүүгдэгч Б.Гантулгын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасан 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Мал хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/,  ... гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино...” гэж, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг Өршөөл үзүүлэх тухай хуулиар, эсхүл уучлал үзүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гэмт хэрэг үйлдсэн хүний эдлэх ялыг бүрэн болон хэсэгчлэн чөлөөлөх, эсхүл хорихоос өөр төрлийн ялаар дүйцүүлэн сольж болно” гэж заасантай нийцэж байх тул шүүгдэгч Б.*******д оногдуулсан 1 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* 1 жилийн хугацаанд Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, Б.*******д хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, зэвсгийн чанартай зүйл, тусгай зориулалтын техник хэрэгслийг хураан авч хадгалах, устгах, улсын орлого болгох, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулах талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан бөгөөд шүүгдэгч Б.Гантулгын гэмт хэрэг үйлдэхэд уналга болгон ашигласан өөрийнх нь өмчлөлийн морь үхэж үрэгдсэн болох нь түүний мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч Б.*******ас уналга болгон ашигласан морины үнийг Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын баталсан “Малын жишиг үнэлгээг шинэчлэн тогтоох тухай” тогтоолыг үндэслэн 1,200,000 төгрөгөөр тогтоон гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Гантулгын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч т 2 тооны адууны буюу 2,000,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан байх боловч шүүгдэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчид учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан болох нь хохирогч ******* Дорнод аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан тодорхойлолт /хх-ийн 79/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлбэл зохино. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Шарайд овогт ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч ******* *******д 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* 1 /нэг/ жилийн хугацаанд Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, Б.*******д хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.*******д мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ас гэмт хэрэг үйлдэхэд уналга болгон ашигласан морины үнэ 1,200,000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдоогүй, хохирогч т 2,000,000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Б.Гантулгын ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       П.ПАГМА