Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвийн Пагма |
Хэргийн индекс | 168/2022/0031/э |
Дугаар | 2022/ШЦТ/23 |
Огноо | 2022-01-13 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Ч.Мөнхзул |
Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 2022/ШЦТ/23
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дашням
Улсын яллагч Ч.Мөнхзул
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор /онлайн/
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Туг овогт ******* холбогдох эрүүгийн 2121003550014 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Дорнод аймгийн Булган суманд төрсөн, 35 настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, ******* тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Туг овогт Пүрэвсэмбрэмийн ******* /РД: *******/.
Шүүгдэгч Пүрэвсэмбрэмийн ******* нь согтуугаар 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 08-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, ******* тоотод буюу гэртээ төрсөн дүү ******* маргалдан улмаар нүүр рүү нь өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй” гэв.
Хохирогч Д.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Намайг 2021 оны 12 дугаар сарын 07-ны орой 18 цагийн орчим эгч *******гийн гэрт байж байхад найз нь болох Оогий эгч гаднаас 2 шил архитай орж ирээд бид 3 хувааж уусан. Би уусан архиндаа нэлээн согтоод эгчийн гэрт байсан авдрыг өшиглөсөн чинь ******* эгч уурлаад зурагт унагаалаа гэж хэлээд миний үснээс зулгаахаар нь би зөрүүлээд үснээс нь зулгааж ноцолдож байгаад бид хоёр газарт унасан. Тэгтэл ******* эгч миний хамар руу хөлөөрөө өшиглөхөд хамраас маань цус гарсан ба би цагдаагийн байгууллагад хандсан. ...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх-ийн 11, 14-15/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 23 тоот дүгнэлтэд:
1. ******* биед баруун, зүүн нүд, хамрын нуруу, баруун чамархай, хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 23-24/
******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 15 цагийн орчим найз Оогий нэг шил архитай манайд ирсэн. Тэр үед манай гэрт миний төрсөн дүү *******, дүүгийн найз Монхой гэх залуу бид гурав байсан. Бид хэд дахин нэг шил архи аваад ууцгаагаад 21 цагийн орчим дуусахаар нь Оогий болон Монхой хоёр манайхаас явсан. Гэрт манай дүү ******* бид хоёр үлдсэн бөгөөд тэд нарыг явснаас хойш /30-40 минут орчим болсон байх/ ******* манай гэрийн авдар дээр байсан зурагтыг өшиглөхөд би уурлаж гэрийн эд зүйл эвдэх гэлээ гэж загнахад ******* миний үснээс зулгаахаар нь бид хоёр зууралдаж байгаад гэрийн авдрын урд ойчиход ******* миний дээр гараад үснээс зулгаагаад тавихгүй байхаар нь би хөлөөрөө нүүр рүү нь жийж өшиглөсөн...” гэжээ. /хх-ийн 32/
Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 7/
Гэрч П.Алтанзаяагийн мэдүүлэг /хх-ийн 21/
*******гийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 33/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч Туг овогт Пүрэвсэмбрэмийн ******* нь согтуугаар 2021 оны 12 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, ******* тоотод байх гэртээ төрсөн дүү ******* маргалдан улмаар нүүр рүү нь өшиглөж түүний биед баруун, зүүн нүд, хамрын нуруу, баруун чамархай, хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч *******гийн “...******* манай гэрийн авдар дээр байсан зурагтыг өшиглөхөд би уурлаж гэрийн эд зүйл эвдэх гэлээ гэж загнахад ******* миний үснээс зулгаахаар нь бид хоёр зууралдаж байгаад гэрийн авдрын урд ойчиход ******* миний дээр гараад үснээс зулгаагаад тавихгүй байхаар нь би хөлөөрөө нүүр рүү нь жийж өшиглөсөн...” гэх мэдүүлэг, түүний мэдүүлгийг нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч ******* “...Би уусан архиндаа нэлээн согтоод эгчийн гэрт байсан авдрыг өшиглөсөн чинь ******* эгч уурлаад зурагт унагаалаа гэж хэлээд миний үснээс зулгаахаар нь би зөрүүлээд үснээс нь зулгааж ноцолдож байгаад бид хоёр газарт унасан. Тэгтэл ******* эгч миний хамар руу хөлөөрөө өшиглөхөд хамраас маань цус гарсан ба би цагдаагийн байгууллагад хандсан. ...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 23 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Шүүгдэгч *******гийн үйлдлийн улмаас хохирогч ******* эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 23 тоот дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.
Шүүгдэгч ******* холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Пүрэвсэмбрэмийн *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч *******гийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан прокурортой тохиролцсон саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч ******* эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч нь шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Туг овогт Пүрэвсэмбрэмийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч П.******* нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч *******гийн ЖГ87032565 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА