Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 87

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж, шүүгч А.Цэрэнханд, шүүгч Х.Ганболд нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга П.Пүрэвсүрэн,

Улсын яллагч Т.Цэнд-Аюуш,

Иргэдийн төлөөлөгч Б.Жаргаланбат,

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Үүрцайх,

Гэрч И.Батцэцэг, Ш.Төмөрбаатар,

Шүүгдэгч У.Чинзориг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар

Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Долоод овогт Ухнаагийн Чинзориг холбогдох эрүүгийн 201610010091 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын харъяат, 1974 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Дорноговь аймгийн Өргөн суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдрах, Өргөн сум 2-р багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Долоод овогт Ухнаагийн Чинзориг /ЕЦ74122571/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч У.Чинзориг нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2016 оны 05 сарын 09-ны өдөр 20 цагийн үед Өргөн сум 2-р багийн нутаг “Сүүл толгой” гэх газарт нутаглах өөрийн гэртээ ямар ч шалтгаангүйгээр хамт архи уусан иргэн П.Эрдэнэ-Очирын цээжин тус газар хутгалж хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд авагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн  хэлэлцүүлэгт  дараахь  нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч У.Чинзориг мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “... Тухайн үед П.Эрдэнэ-Очир эрүүл саруул явж байсан бөгөөд гэртээ байсан ганц шил 0,5 литрийн Ерөөл архиа түүнд задлаад амьдрал ахуй, адуу малаа ярингаа хувааж уусан. Өдөр 14 цагийн үед нутгийн ах Ш.Төмөрбаатар утсаар залгаад “манай гэрт ирээд үрээ засаад өг” гэж хэлэхээр нь П.Эрдэнэ-Очирын хамт гэрт нь очиж үрээ засах гэтэл “за өнөөдөр үрээ засах хэрэггүй болчихлоо 18-ны өдөр засъя” гээд 1 шил 0,5 литрийн ерөөл архи гаргаж ирэхээр нь Ш.Төмөрбаатар ахын хамаатан Батбаярын хамт дөрвүүлээ хувааж уусан. Дахин архи авч уухаар П.Эрдэнэ-Очир бид 2 сумын төвийн дэлгүүрээс нэг шил 0,5 литрийн Ерөөл архи, 2 лааз пиво худалдаж аваад Ш.Төмөрбаатар ахын гэрт нь очиж хувааж уугаад П.Эрдэнэ-Очирын хамт манай гэр лүү явсан, Үүнээс хойш гэрт очоод болсон зүйлийн талаар сайн санахгүй байна. Учир нь 3-4 жилийн өмнө мотоцикольтой хөдөө явж байгаад онхолдож тархиндаа гэмтэл авч байсан, үүнээс болоод архи хэтрүүлэн хэрэглэхээрээ ухаан санаагүй болчихдог юм. Нэг мэдсэн хүү Чинбат надаас хутга булааж аваад хэсгийн төлөөлөгчид өгч байсан санагдаж байна хэсэг хугацаа өнгөрсний дараа П.Эрдэнэ-Очирыг хутгалсан талаар эхнэрээсээ сонссон. Тухайн үед эхнэр надад хэлэхдээ “хонинд яваад ирэхэд чи хурга, ишиг хөнгөлсөн хутга барьчихсан, би хүн алчихлаа” гээд орилоод байсан. Надад хэргийн талаар өөр санаx зүйл алга. Ш.Төмөрбаатар ахын гэрт архи ууж байхдаа П.Эрдэнэ-Очиртой маргалдсан зүйл байхгүй, П.Эрдэнэ-Очирын эхнэр нь манай эхнэрийн талын хамаатны хүн бөгөөд нутгийн найз нөхөд гэж явдаг байсан. Бид хоёрын дунд урьдын өс хонзон өр авлагын асуудал байгаагүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 87-88/,

- Шүүгдэгч У.Чинзориг шүүхийн хэлэлцүүлэгт: “... 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр манайх хурга ишгээ хөнгөлсөн. Эрдэнэ-Очир адуундаа явж байгаад манайд орж ирсэн. Би хурга ишгээ хөнгөлсөн байсан болохоор гэртээ байсан ганц шил 0,5 литрийн Ерөөл архиа түүнд задлаад амьдрал ахуй, адуу малаа ярингаа хувааж уусан. Өдөр 14 цагийн үед Ш.Төмөрбаатар ах үрээ засаад өгөөч гэхээр нь үрээ засах гээд П.Эрдэнэ-Очирыг морины хөлнөөс нь ч болтугай татаад өг гээд бид хоёр тэднийд очсон. Ш.Төмөрбаатар ах өнөөдөр үрээгээ засахаа болъё 18-нд засъя гэсэн тэгээд нэг шил архи гаргаж Төмөрбаатар ахын хамаатан Батбаярын хамт 4-үүлээ уусан. Тэгээд бид Ш.Төмөрбаатар ахаас 30,000 төгрөг зээлж аваад бид хоёр сумын төвийн дэлгүүр орж би 1 шил 0,75 литрийн архи, 1 шил 0,5 литрийн архи, 2 литрийн пиво авсан. П.Эрдэнэ-Очир 2 лааз пиво аваад бид хоёр замдаа Хонгор толгойт дээр архи пиво уусан тэгээд яаснаа мэдэхгүй байгаа юм. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна... гэсэн мэдүүлэг,  

- Хохирогч П.Эрдэнэ-Очирын мөрдөн байцаалтанд өгсөн: “... Би 2016 оны 05 сарын 09-ний өдөр “Булан” гэх газарт байх гэрээсээ 11 цагийн орчим гараад адуундаа явж байгаад “Сүүл толгой” гэх газарт байдаг нутгийн иргэн болох У.Чинзоригийн гэрт ороход У.Чинзоригийн эхнэр И.Батцэцэг хүүхдийн хамт байж байсан. Тэгээд юм ярьж сууж байгаад У.Чинзориг 1 шил 0,5 литрийн ерөөл архи гаргасан, тэр архийг нь У.Чинзориг бид 2 адуу мал, амьдрал ахуй ярингаа хувааж уусан. Тэр архийг ууж дуусгаад У.Чинзоригийн гэрээс бид 2 үдээс хойш 14 цагийн орчим гараад миний БНХАУ-д үйлдвэрлэсэн мотоцикль дээр сундалдаад У.Чинзоригийн гэрээс 2 км зайд ертөнцийн зүгээр баруун урд талд нь нутагладаг. Ш.Төмөрбаатар гэх айлын гэрт бид 2 очсон. Тэдний гэрт Ш.Төмөрбаатар, Батбаярын хамт эрүүл байсан. Тэгээд удалгүй Ш.Төмөрбаатар тал шил архи гаргасан. Ямар архи байсныг санахгүй байна. Ш.Төмөрбаатарын гаргасан тал шил архийг бид 4 хувааж уусан. Тэгээд У.Чинзориг Ш.Төмөрбаатараас 30,000 төгрөг зээлсэн, тэгээд бид 2 мотоциклио унаад Өргөн сум руу явсан. Тэгэхэд 15 цаг болж байсан. Өргөн сум дээр очоод дэлгүүрээс 2 шил 0,75 литрийн архи, 1 шил 0,5 литрийн архи, мөн 2,5 литрийн Боргио пиво авсан. Надад 10,000 төгрөг байсан би 0,5 литрийн лаазтай 2 ширхэг Нийслэл пиво авсан. Тэгээд Өргөн сумаас хөдлөөд “Хонгор толгойт” гэх газарт У.Чинзориг бид 2 миний авсан 2 лааз 0,5 литрийн пивыг хувааж уусан. Мөн 0,5 литрийн ерөөл архийг бид 2 хувааж уусан. Тэгээд Ш.Төмөрбаатарын гэрт очсон. Би сүүлдээ нилээд согтсон байсан. Тэгээд юу болсныг санахгүй байна. Миний биед учирсан хүнд зэргийн гэмтлийг У.Чинзориг учруулсан, харин ямар хутгаар хутгалсныг санахгүй байна. ... Миний санаж байгаагаар У.Чинзориг бид хоорондоо хэрэлдэж маргалдсан зүйл нэг ч байхгүй. Би У.Чинзориг ахыг нутгийн найз ax гэдгээр нь сайн мэднэ. Зовлон жаргалаа хуваалцаад явж байгаа болохоор энэ хэрэгт надад ямар нэг гомдол санал, нэхэмжлэx зүйл байхгүй...“ гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-22/,

- Гэрч Ш.Төмөрбаатарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт  өгсөн: “... 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 13-14 цагийн орчим П.Эрдэнэ-Очир, У.Чинзориг нар хурга ишгээ хөнгөлсөн гээд манай гэрт халамцуу орж ирсэн. Тухайн үед би мөн адил хурга ишгээ хөнгөлөөд дуусчихсан байсан болохоор гэрт байсан тал шил ерөөл архиа гаргаж ирээд хамаатны дүү Батбаярын хамт дөрвүүлээ хувааж уусан. Тэгээд бид хэд архиа ууж дуусаад ойр зуурын мал хуйгаа яриад сууж байтал У.Чинзориг надаас 30,000 төгрөг зээлээд сумын төвөөс архи нэмж авчирахаар П.Эрдэнэ-Очирын хамт мотоцикльтойгоо явсан. 2 цагийн дараа П.Эрдэнэ-Очир, У.Чинзориг нар нилээд согтсон байдалтай “Хонгор толгой” гэх овоон дээр архи уулаа гээд тал шил 0,75 литрийн архитай ирэхээр нь хувааж уусан. Тэгсэн У.Чинзориг манай гэрээр орох уу гээд байхаар нь энд тийм завтай хүн байхгүй гэж хэлээд очоогүй. Тэгээд П.Эрдэнэ-Очир, У.Чинзориг хоёр нар шингээгүй байхад гэр рүүгээ явлаа гээд явцгаасан. Нилээн согтуу байсан болохоор би архиа гаргаад явахгүй юм уу гэхэд зүгээр зүгээр гээд явсан. Манайд байхдаа хэрэлдэж маргалдаагүй, сум төв орж архиа аваад ирэхдээ бас хоорондоо хэрэлдэж маргалдаагүй зүгээр л байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26/,

- Гэрч И.Батцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “... 2016 оны 05 сарын 09-ний өдөр 12 цагийн орчим П.Эрдэнэ-Очир адуугаа авна гээд эрүүл саруул манай гэрт ганцаараа орж ирсэн. Тухайн үед манай гэрт нөхөр У.Чинзориг, хүү Б.Чинбат нар хурга ишиг хөнгөлөөд дуусчихсан байсан бөгөөд У.Чинзориг, П.Эрдэнэ-Очир хоёр 1 шил архи хувааж уугаад үдээс хойш 14 цагийн үед айлд очно гээд явсан. Би орой 20 цагт эм хонио хураагаад У.Чинбатын хамт гэртээ иртэл У.Чинзориг П.Эрдэнэ-Очирыг гэрийнхээ хурга, ишиг хөнгөлсөн хар өнгийн эвхэгддэг хутгаар зүрхэн тус газар нь 1 удаа хутгалж, ухаан алдуулсан байдалтай байсан, У.Чинзоригийн хувьд ухаангүй болтлоо архи уусан байсан ба хоорондоо муудалцаж зодолдсон шинжгүй, гэрийн эд хогшил бүгд эмх замбараатай байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30/,

- Гэрч Б.Чинбатын мөрдөн байцаалтад өгсөн: “... 2016 оны 05 сарын 09-ний өглөө хурга ишгээ хөнгөлж дуусгаад хонио услахаар 10 цагт худаг руу ганцаараа явсан. Тэгээд 12 цагийн үед хурга ишгээ услаж дуусаад гэртээ иртэл П.Эрдэнэ-Очир ах гэрт ирчихсэн аавтай хамт 1 шил архи хувааж уугаад дуусаж байсан. Өдөр 14 цагийн орчим П.Эрдэнэ-Очир ах аав хоёр айл руу явна гээд гэрээс гарсан. Тухайн үед би мотоциклоо янзлаад байсан учир хоорондоо юуны талаар ярьсныг огт тоогоогүй. Ингээд үдээс хойш сувай хониндоо яваад 20-21 цагийн орчим гэртээ иртэл ээж хонинд яваад дөнгөж ирчихсэн аавын хамт гэрт зогсож байсан ба аав нилээд согтсон байдалтай хурга ишиг хөнгөлсөн хар иштэй хутга гартаа бариад “би хүн алчихлаа” гээд зогсож байхаар нь булааж авсан. Тэгээд гэрээс гартал гэрийн баруун урд хэсэгт П.Эрдэнэ-Очир ахын цээжнээс цус гарчихсан ухаангүй байдалтай хэвтэж байхаар нь ээжид “эмнэлэг, цагдаа дуудаарай” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33/,   

- Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 05 сарын 16-ны өдрийн 224 дугаартай шинжээчийн дүгнэлтээр:

1. П.Эрдэнэ-Очирын биед цээжний зүүн талаар эгэмний дунд шугамаар 4-5-р хавирганы завсараар цээжний хөндийд нэвтэрч зүрхний зүүн тосгуурыг хутгалагдсан шарх, дотуур цус алдалт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүснэ.

3. Учирсан гэмтэл нь “Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Хүнд гэмтэл нь эрүүл мэндийг сарниулах хугацаа ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэл, төгсгөлийн байдлаас хамаарна гэсэн дүгнэлт /хх-ийн 47/,

- Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-5/,

- Илтгэх хуудас, хутга хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх7-9/,

- Хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-14/,

- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 92/,

- У.Чинзоригийн иргэний үнэмлэхний хуулбар, Өргөн сумын эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Өргөн сумын ерөнхий боловсролын сургуулийн тодорхойлолт, Өргөн сумын 2-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 93-96/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн төмрөн иштэй эвхэгддэг хутгыг үзүүлж таниулав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн болсон үйл баримтын талаар үзэхэд:  2016 оны 05 дүгээр сарын 09-ний өдөр хохирогч П.Эрдэнэ-Очир нь адуугаа хурааж яваад шүүгдэгч У.Чинзоригийнд ороход У.Чинзориг хурга ишгээ хөнгөлөөд дуусчихсан гэртээ сууж байсан. У.Чинзориг нь нэг шил архи задалж тэд уугаад сууж байтал Ш.Төмөрбаатар У.Чинзоригийг “үрээ засаад өг” гэж утасдаж, У.Чинзориг нь П.Эрдэнэ-Очирын хамт Ш.Төмөрбаатарынд очсон. Ш.Төмөрбаатар нь шинийн 5-нд үрээгээ засъя гээд тал шил архи гаргаж У.Чинзориг, П.Эрдэнэ-Очир, Батбаяр, Ш.Төмөрбаатар нар хувааж ууцгаасан. Дахиж архи уухаар У.Чинзориг нь Ш.Төмөрбаатараас 30,000 төгрөг зээлж П.Эрдэнэ-Очирын хамт Өргөн сумын төвийн дэлгүүр орж архи, пиво аваад Хонгор толгой гэх овоон дээр авч явсан пиво, архиа ууж байгаад Ш.Төмөрбаатарынд тал шил архитай очсон. Ш.Төмөрбаатарынд авчирсан архиа хувааж уучихаад У.Чинзориг нь П.Эрдэнэ-Очирын хамт гэртээ харьсан. У.Чинзоригийн эхнэр И.Батцэцэг хониндоо яваад гэртээ ороход хохирогч П.Эрдэнэ-Очир зөрөөд гарсан, У.Чинзориг нь хутга барьчихсан “хүн алчихлаа” гээд зогсож байсан удалгүй У.Чинзоригийн хүү Б.Чинбат хониндоо явчихаад ирэхэд П.Эрдэнэ-Очир гэрийн баруун урд талд хэвтэж байсан. Гэртээ ороход У.Чинзориг нь “би хүн алчихлаа” гээд гартаа хутга барьчихсан байхад нь Б.Чинбат нь хутгыг нь аваад гэрийн гадаа хэвтэж байсан П.Эрдэнэ-Очир дээр очиход цээжнээс нь цус гарсан байдалтай байсан ба хохирогч П.Эрдэнэ-Очирын биед цээжний хөндийд нэвтэрч зүрхний зүүн тосгуурыг хутгалсан шарх, дотуур цус алдалт бүхий хүнд зэргийн гэмтэл учирсан гэмт хэрэг гарсан үйл баримт нотлогдон тогтоогдож байна.

Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газраас шүүгдэгч У.Чинзоригийг 2016 оны 05 дүгээр сарын 09-ний орой 20 цагийн үед Өргөн сумын 2 дугаар багийн нутаг “Сүүл толгой” гэх газарт нутаглах өөрийн гэртээ хамт архи ууж байсан иргэн П.Эрдэнэ-Очирыг ямар ч шалтгаангүйгээр цээжин тус газар нь хутгалан танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шилжүүлжээ.

Улсын яллагч яллах дүгнэлтэндээ болон ялын шүүмж явуулахдаа “...Шүүгдэгч У.Чинзориг миний хүү Нарангэрэлийг хохирогч П.Эрдэнэ-Очир банзал гэж хэлж маргасан гэх боловч энэ бол үл ялихгүй зүйл юм. Үл ялихгүй зүйлээр шалтаглан ямар ч шалтгаангүйгээр П.Эрдэнэ-Очирыг хутгалж биед нь хүнд гэмтэл санаатай учруулсан учраас танхайн сэдэлтээр зүйлчилэх үндэслэлтэй. Шүүгдэгч хохирогч нарын хооронд ямар нэгэн хэрэлдэж маргалдсан зүйл болоогүй гэдгийг хохирогч П.Эрдэнэ-Очир, гэрч Ш.Төмөрбаатар, И.Батцэцэг, Б.Чинбат нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж байгаа боловч хохирогч П.Эрдэнэ-Очирын “... Би архи уугаад тасарчихсан ухаангүй болчихсон байсан болохоор санахгүй байна...” гэсэн /хх-20/, гэрч Ш.Төмөрбаатарын “... 2 цагийн дараа П.Эрдэнэ-Очир, У.Чинзориг хоёр нилээд согтсон байдалтай сүүл толгой гэх газар архи уулаа гээд... гэр рүүгээ явлаа гээд явцгаасан. Нилээн согтуу байсан болохоор би архиа гаргаад явахгүй юм уу гэхэд зүгээр зүгээр гээд явсан...” гэсэн /хх-26/, гэрч И.Батцэцэгийн “...Яагаад П.Эрдэнэ-Очирыг хутгалсан талаар мэдэх зүйл байхгүй... Би тухайн өдөр хурга ишгээ хураагаад 21 цагийн үед гэртээ ирэхэд ... У.Чинзоригийн хувьд ухаангүй болтлоо архи уусан байсан...” гэсэн “хх-29, 31”, гэрч Б.Чинбатын “... сувай хониндоо яваад орой 20-21 цагийн орчим гэртээ иртэл ээж хонинд яваад дөнгөж ирчихсэн аавын хамт зогсож байсан ба аав нилээн согтсон байдалтай ...” гэсэн /хх-33/ мэдүүлгээс дүгнэхэд шүүгдэгч У.Чинзориг, хохирогч П.Эрдэнэ-Очир нар нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэснээс юу болсон талаараа мэдэхгүй, санахгүй байгаа,  хэрэг учрал болох үед шүүгдэгч хохирогч хоёроос өөр хүн гэрт байхгүй байсан байна. Шүүгдэгч У.Чинзориг нь яг юунаас болж хохирогч П.Эрдэнэ-Очирыг хутгалсан нь тогтоогдоогүй, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдоогүй байна. Иймд Прокуророос шүүгдэгч У.Чинзоригийг Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.1-т зааснаар зүйлчилж ирүүлснийг мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 болгон өөрчилж хөнгөрүүлэн шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Чинзоригийн “...сумын төвийн дэлгүүр орж би 1 шил 0,75 литрийн архи, 1 шил 0,5 литрийн архи, 2 литрийн пиво авсан. П.Эрдэнэ-Очир 2 лааз пиво аваад бид хоёр замдаа Хонгор толгойт дээр архи пиво уусан тэгээд яаснаа мэдэхгүй байгаа... П.Эрдэнэ-Очирыг хутгалсан талаар эхнэрээсээ сонссон...” гэсэн, хохирогч П.Эрдэнэ-Очирын “Өргөн сумаас хөдлөөд “Хонгор толгойт” гэх газарт У.Чинзориг бид 2 миний авсан 2 лааз 0,5 литрийн пивыг хувааж уусан. Мөн 0,5 литрийн ерөөл архийг бид 2 хувааж уусан. Тэгээд Ш.Төмөрбаатарын гэрт очсон. Би сүүлдээ нилээд согтсон байсан. Тэгээд юу болсныг санахгүй байна...” гэсэн, гэрч Ш.Төмөрбаатарын “...П.Эрдэнэ-Очир, У.Чинзориг хоёр нар шингээгүй байхад гэр рүүгээ явлаа гээд явцгаасан. Нилээн согтуу байсан болохоор би архиа гаргаад явахгүй юм уу гэхэд зүгээр зүгээр гээд явсан...” гэсэн, гэрч И.Батцэцэгийн “...Би орой 20 цагт эм хонио хураагаад У.Чинбатын хамт гэртээ иртэл У.Чинзориг П.Эрдэнэ-Очирыг гэрийнхээ хурга, ишиг хөнгөлсөн хар өнгийн эвхэгддэг хутгаар зүрхэн тус газар нь 1 удаа хутгалж, ухаан алдуулсан байдалтай байсан, У.Чинзоригийн хувьд ухаангүй болтлоо архи уусан байсан...” гэрч Б.Чинбатын “сувай хониндоо яваад 20-21 цагийн орчим гэртээ иртэл ээж хонинд яваад дөнгөж ирчихсэн аавын хамт гэрт зогсож байсан ба аав нилээд согтсон байдалтай хурга ишиг хөнгөлсөн хар иштэй хутга гартаа бариад “би хүн алчихлаа” гээд зогсож байхаар нь булааж авсан. ..” гэсэн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний албаны 224 дугаартай шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар шүүгдэгч У.Чинзориг нь П.Эрдэнэ-Очирын бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байх тул түүнийг гэмт буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. 

Шүүгдэгч У.Чинзоригт ял шийтгэл оногдуулахдаа согтуугаар үйлдснийг хүндрүүлэх нөхцөлд, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн зэрэг байдлуудыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Мөн шүүгдэгч У.Чинзоригт нь анх удаагаа хүнд гэмт хэрэг үйлдсэн, уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан ял оногдуулж, мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар хорих ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлж жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Шүүгдэгч У.Чинзориг нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүйг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирсэн төмөр иштэй эвхдэг хутга 1 ширхэгийг устгахаар шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-299  дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Долоод овогт Ухнаагийн Чинзоригт Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-т зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 болгон өөрчилж зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч Долоод овогт Ухнаагийн Чинзоригийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар шүүгдэгч Ухнаагийн Чинзоригийг 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5, 52.10-т зааснаар  шүүгдэгч Ухнаагийн Чинзоригт оногдуулсан  3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

5. Шүүгдэгч У.Чинзориг нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн төмөр иштэй эвхдэг 20 см урттай 1 ширхэг хутгыг тогтоол хүчинтөгөлдөр болмогц утсгахыг эд мөрийн баримт утсгах комисст даалгасугай.

7. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч У.Чинзоригт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьсугай.

8. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.НАРМАНДАХ  

                ШҮҮГЧИД                         А.ЦЭРЭНХАНД

                                                      Х.ГАНБОЛД