Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 002

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунгэрэл би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: М.К-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Буянт сумын Засаг даргад холбогдуулан гаргасан,

Нэхэмжлэлийн шаардлага: “Ховд аймгийн Буянт сумын Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Б/08 дугаар “Сахилгын шийтгэл оногдуулах тухай” захирамжийг хүчингүй болгуулах” актыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.К, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б  нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, хариуцагчийн өмгөөлөгч Б.Мөнхбат, гэрч И.Б , Б.Ц , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ням-Адъяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч М.К шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 2013 оноос Ховд аймгийн Буянт сумын Цагаан эрэг багийн иргэдийн итгэлийг дааж багийн Засаг даргаас сонгогдсон. 2016 оноос Ховд аймгийн Буянт сумын Иргэдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгчээр сонгогдон ажиллаж байгаа.

2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Цагаан эрэг багийн Иргэдийн нийтийн хурал болсон. Уг хурлаар манай багийн иргэд Цагаан эрэг баг дээр хэрэгжиж байгаа орон нутгийн хөгжлийн сангийн төсөл хөтөлбөр нь чанаргүй, багийн иргэдийн сэтгэлд нийцэхгүй байгаа тухайгаа надад уламжилсан. 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр болсон Ховд аймгийн Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдаанд хуульд заасан төлөөлөгчийнхөө бүрэн эрхийн хүрээнд оролцож үзэл бодлоо илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл Буянт сумын Иргэдийн нийтийн хурлаар сумын Засаг даргын ажлын тайланг хэлэлцэхэд эсрэг гараа өргөсөн учир Ховд аймгийн Буянт сумын Засаг дарга М.П нь 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Б/08 дугаар тушаалаар надад сахилгын шийтгэл оногдуулсан. Тэр үед би 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс 8 дугаар сарын 05-ны хооронд улсын хэмжээнд зохион байгуулагдсан байшин, орон сууцны тооллогод тоологчоор ажилласан. Өөрөөр хэлбэл ажил үүргээ гүйцэтгэж байхад үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл ногдуулсан гэж үзэж хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Надад сахилгын шийтгэл оногдуулах үндэслэлээ тайлбарлахдаа “Үржилд ашиглаж байгаа бог малын хээлтүүлэгчийг ялган тэмдэглэх, малын үндсэн сангийн бүртгэлд хамрагдах ажлыг багийн нутаг дэвсгэрт зохион байгуулаагүй, хэрэгжүүлээгүй” гэжээ. Мөн дээд шатны байгууллага, албан тушаалтнаас ирүүлсэн үүрэг, багийн Засаг даргаас гаргах судалгаа, албан даалгаврыг хугацаанд биелүүлээгүй гэсэн байна. Би энэ талаар хийж гүйцэтгэсэн ажлаа хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. Сумын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн тоо бүртгэлээр өвөлжөө хаваржаандаа орон сууцтай малчин өрхийн судалгаа гаргасан. Ургац хураалт хадлангийн талаарх тайланг цаг хугацаанд сумын Засаг даргын Тамгын газарт хүргүүлсэн. Би дээд шатны байгууллага, албан тушаалтнаас ирүүлсэн мэдээ судалгааг цаг хугацаанд нь гүйцэтгэж ирсэн. 2019 оны жилийн эцсийн тайланг хэлэлцэх хурлаа 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр багийн төвд хийсэн. Иргэд 81,3 хувийн ирцтэй оролцсон. Уг хуралд 2019 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайлангаа тайлагнаж хангалттай гэсэн үнэлгээ авсан.

Хариуцагчаас надад сахилгын шийтгэл оногдуулахдаа Захиргааны Ерөнхий хуульд зааснаар сонсох ажиллагаа нь амаар болон бичгээр хийгээгүй нь миний эрхийг зөрчсөн.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: М.К нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хулуийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасан багийн Засаг даргын чиг үүргийг хэрэгжүүлээгүй, дараахь сахилгын зөрчил дутагдал гаргасан.

Үржилд ашиглаж буй бог малын хээлтүүлэгчийг ялган тэмдэглэх, малын нэгдсэн сангийн бүртгэлд хамруулах ажлыг багийн нутаг дэвсгэрт зохион байгуулаагүй, энэ талаар Ховд аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын албан бичгээр ирүүлсэн чиглэлийг зохих ёсоор хэрэгжүүлээгүй, сумын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн тоо бүртгэлээр бүртгэгдсэн малчин өрх, малчин, өвөлжөө хаваржаандаа орон сууцтай малчин өрхийн тоо судалгааг гаргаж ирүүлэх талаарх Хүнс хөдөө аж ахуйн газрын албан бичгээр ирүүлсэн чиглэлийг зохих ёсоор хэрэгжүүлээгүй, ургац хураалт, хадлан, хужир шүүний мэдээг цаг тухайд нь сумын Засаг даргын Тамгын газарт ирүүлээгүй, энэ талаарх сумын Засаг даргаас өгсөн чиглэлийг зохих ёсоор хэрэгжүүлээгүй, дээд шатны байгууллага албан тушаалтнаас ирүүлсэн үүрэг, чиглэлийг хугацаанд нь хэрэгжүүлдэггүй, багийн Засаг даргаас гаргах судалгаа, мэдээ тайлан албан даалгаврыг биелүүлдэггүй байсан гэх хариу тайлбарыг дэмжиж байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ховд аймгийн Буянт сумын Засаг даргын 2019 оны 8 сарын 01-ний өдрийн Б/08 дугаар сахилгын шийтгэл оногдуулах тухай захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-д “...төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой харилцааг энэ хуулиар зохицуулаагүй асуудлыг Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хуулиар зохицуулна...” гэж заасан.Хариуцагчаас нэхэмжлэгчид сахилгын шийтгэл оногдуулахдаа хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байдаг.

Маргаан бүхий захиргааны актад “...дээд шатны Засаг даргын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж ажиллаагүй...” гэх боловч ямар үүрэг даалгаврыг биелүүлж ажиллаагүй талаар захирамжлах хэсэгт тодорхой заагаагүй байдаг. Өөрөөр хэлбэл ажлын хариуцлага алдсан гэдгийг ямар баримтыг үндэслэн  тайлбарлаж байгааг ойлгохгүй байна. Үүрэг даалгавар болон шийдвэрийн биелэлтийг биелүүлж ажиллаагүй гэдэг нь ямар нэгэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон зүйл байхгүй.

Нэхэмжлэгчийн хувьд тухайн тайлангуудыг и-мэйлээр явуулж, үүргээ хэрэгжүүлж ажиллаж байсан талаар баримтаа хэрэгт нотлох баримтаар өгсөн байгаа.

Багийн засаг дарга нь жилийн ажлын төлөвлөгөөг улирал, хагас жил, бүтэн жилээр батлуулдаг. Тухайн жилийн хагас жилийн төлөвлөгөөг Буянт сумын Цагаан эрэг багийн Иргэдийн нийтийн хурлаар хангалттай гэж дүгнүүлсэн.

Маргаан бүхий захиргааны акт гаргахаа хариуцагч нь Захиргааны Ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар сонсох ажиллагааг явуулаагүй. Өөрөөр хэлбэл сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл буюу өгсөн үүрэг даалгавар, шийдвэрийг биелүүлж ажиллаагүй талаар сонсох ажиллагаа явуулах боломжтой байсан. Хэрэв сонсох ажиллагааг явуулсан бол хэрхэн ажилласан талаар хариу тайлбар гаргах боломжтой байсан.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Мөнхбат шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах нь Төрийн албаны тухай хуулиар, багийн Засаг даргад хариуцлага тооцох асуудал нь Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд байхгүй, харин Хөдөлмөрийн тухай хуульд зохицуулж өгсөн.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулиар сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2-д цалин бууруулах сахилгын шийтгэл ногдуулах заалт юм. Нэхэмжлэгчид сахилгын шийтгэл оногдуулсан сумын Засаг даргын захирамж нь хууль хэрэглээний хувьд зөв хуулийг хэрэглэж гаргасан захиргааны акт юм.

Дээд шатны Засаг даргаас өгсөн үүрэг чиглэл, шийдвэрийг биелүүлж ажиллаагүй, ажлын хариуцлага алдсан гэдэг дээр хариуцагч тал 4 үндэслэлээр шүүхэд тайлбарласан. Үржилд ашиглаж байгаа бог малын хээлтүүлэгчийг ялган тэмдэглэх, малын үндсэн сангийн бүртгэлд хамруулах ажлыг багийн нутаг дэвсгэрт зохион байгуулаагүй, Хүнс хөдөө аж ахуйн газраас ирүүлсэн албан бичгийг хийж хэрэгжүүлээгүй гэдэг. Ховд аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 91 дүгээр албан бичгээр дээрх ажлыг 4 дүгээр сарын 15-ны өдрийн дотор сумаар нэгтгэж гаргаж ирүүлэх судалгааны ажил байдаг. Энэ судалгааны ажил хийгдээгүй нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон.

Мал эмнэлгийн тухай хууль шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан уг судалгаа нь сумдын Засаг даргын Тамгын газарт байгаа мал эмнэлгийн үржлийн тасаг босоо чиглэлтэй хийгдэх ажил байсан. Энэ судалгаа нь багийн Засаг даргаас сумдын Тамгын газарт нэгтгэгдээд аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газарт, аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас Хүнс хөдөө аж ахуй яаманд нэгтгэгдэх шат дараалалтай хийгдэх ажил байсан. Энэ ажил хийгдээгүй нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Буянт сумын Засаг даргын Тамгын газрын Хөдөө аж ахуйн мэргэжилтэн И.Б-ийн мэдүүлэг болон судалгаа байгаа.Сумын хэмжээнд 2019 оны өвөлжөө хаваржаандаа орон сууцтай малчин өрхийн судалгааг гаргаж ирүүлээгүй. Энэ судалгааг ирүүлээгүй талаар И.Б , Буянт сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ш.Д-ын мэдүүлэг, шүүхийн үзлэгийн тогтоогдсон. Ургац хураалт, хадлан хужир шүүний мэдээллийг хугацаанд сумын Засаг даргын Тамгын газарт ирүүлээгүй гэдэг. Буянт сумын Засаг дарга болон Засаг даргын Тамгын газраас ургац хураалт болон хужир шүүний мэдээг 7 хоног болгоны 2 дахь өдөр аваад 3 дахь өдөр нь нэгтгээд аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газарт явуулдаг. Энэ мэдээллийг ирүүлдэггүй, араас нь дандаа утастаж авдаг талаар И.Б мэдүүлсэн байдаг. Зарим мэдээ судалгааг нэхэмжлэгч өгөхгүй байгаа тохиолдолд Төрийн сангийн мэдээнээс авч хийдэг талаар гэрч  мэдүүлдэг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал зарим судалгаа, мэдээллийг шүүхийн маргаан үүссэний дараа нөхөж хийгээд Буянт сумын Засаг даргын архивын эрхлэгчээр хуулбар үнэн даруулж хэрэгт нотлох баримтаар өгсөн. 

Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д дээд шатны байгууллагаас ирүүлсэн үүрэг даалгаврыг багийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлдэг, судалгаа мэдээлэл тодорхойлолт гаргах нь багийн Засаг даргын үндсэн ажил. Энэхүү ажлаа хугацаанд нь хийгээгүй учир сахилгын шийтгэл оногдуулсан.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.К нь Ховд аймгийн Буянт сумын Засаг даргад холбогдуулан Буянт сумын Засаг даргын 2019 оны 08 сарын 01-ний өдрийн Б/08 дугаар “Сахилгын шийтгэл оногдуулах тухай” захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж, шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцов.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс Буянт сумын Засаг даргын 2019 оны 10 сарын 23-ны өдрийн Б/11 дугаар “М.К-г Цагаан эрэг багийн Засаг даргаас огцруулах тухай” захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж, уг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг шүүхээс баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно. 

Шүүхээс нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, шүүхэд хуралдаанд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нарын гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг үнэлж дүгнээд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчээс үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл оногдуулсанд гомдолтой гэж, хариуцагчаас гаргасан зөрчилд нь сахилгын шийтгэл оногдуулсан гэж тайлбарлан маргана.

Нэхэмжлэгч М.К нь Буянт сумын Засаг даргын 2017 оны 02 сарын 01-ны өдрийн Б/09 дүгээр захирамжаар[1] тус сумын Цагаан эрэг багийн Засаг даргаар томилогдсон, 2016 оноос сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, 2019 оноос Хурлын  тэргүүлэгчээр ажиллаж байгаа улс төрийн албан хаагч байна.

Төрийн албаны тухай хуулийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөнө.” гэж, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн  4.4-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна.”гэжээ.

Төрийн улс төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг нь тодорхойлсон Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.8-т зааснаар Багийн Засаг дарга нь багийн Иргэдийн Нийтийн Хурал болон сумын Засаг даргын  өмнө ажлаа хариуцахаар байна.

Маргаан бүхий акт болох Буянт сумын Засаг даргын 2019 оны 08 сарын 01-ний өдрийн Б/08 дугаар “Сахилгын шийтгэл оногдуулах тухай” захирамжид нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг “... М.К  /Монгол Улсын иргэний үнэмлэхэд бичигдсэнээр М.К / нь дээд шатны Засаг даргаас өгсөн үүрэг даалгавар шийдвэрийг биелүүлж ажиллаагүй, ажлын хариуцлага алдсан...” гэж, хариуцагчаас шүүхэд гаргасан тайлбарт нэхэмжлэгчийг Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т заасан Багийн Засаг даргын чиг үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй гэж тодорхойлж дараах 4 зөрчил гаргасан гэж тайлбарлажээ. Үүнд:

Нэг. Үржилд ашиглаж буй бог малын хээлтүүлэгчийг ялган тэмдэглэх, малын нэгдсэн сангийн бүртгэлд хамруулах ажлыг багийн нутаг дэвсгэрт зохион байгуулаагүй, энэ талаар Ховд аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын албан бичгээр ирүүлсэн чиглэлийг зохих ёсоор хэрэгжүүлээгүй.

Ховд аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын 2019 оны 03 сарын 27-ны өдрийн 91 дүгээр албан бичигт[2] Аймгийн хэмжээнд үржилд ашиглаж буй бог малын хээлтүүлэгчийг ялган тэмдэглэх, малын нэгдсэн сангийн бүртгэлд хамруулах зорилгоор ялган тэмдэглэгээ хийгдэх бог малын хээлтүүлэгчийн захиалгыг 2019 оны 04 сарын 05-ны дотор ирүүлэхээр заажээ.

Буянт сумын Засаг даргын тамгын газрын Хүнс хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтэн И.Б-ийн мэдүүлэг[3],түүний гаргасан багийн Засаг дарга нарын мэдээ, судалгааны үзүүлэлт хэмээх баримтад нэхэмжлэгч М.К нь хуц, ухна ялгалтын мэдээ, захиалгыг ирүүлсэн харин малыг ээмэгжүүлэх ажил хийгдээгүй гэж тэмдэглэсэн байх ба судалгаа, захиалгыг хүргүүлсэн болох нь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын 2019 оны 12 сарын 03-ны өдрийн 342 дугаар албан бичгээр[4] тогтоогдож байна. Эндээс үзвэл албан бичигт бог малын хээлтүүлэгчийн судалгаа гаргах нь багийн Засаг даргад хамааралтай, харин захиалгын дагуу  ялган тэмдэглэгээ буюу ээмэгжүүлэх ажил  хийгдэх нь түүнээс шууд хамаарах асуудал биш байна.

Хоёр. Сумын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн тоо бүртгэлээр бүртгэгдсэн малчин өрх, малчин, өвөлжөө хаваржаандаа орон сууцтай малчин өрхийн тоо судалгааг гаргаж ирүүлэх талаарх Хүнс хөдөө аж ахуйн газрын албан бичгээр ирүүлсэн чиглэлийг зохих ёсоор хэрэгжүүлээгүй.

Ховд аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын 2019 оны 05 сарын 20-ны өдрийн 137 дугаар албан бичигт[5] 2019 оны жилийн эцсийн тоо бүртгэлээр бүртгэгдсэн малчин өрх, малчин, өвөлжөө, хаваржаандаа орон сууцтай малчин өрхийн тоо судалгааг 2019 оны 05 сарын 25-ны дотор ирүүлэхээр заажээ.  

Энэ судалгааг 2019 оны жилийн эцсээр гарч баталгаажсан судалгааг үндэслэн гаргахаар байх тул хүнс, хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтэн И.Б сумын мэдээллийн баазад байсан мэдээлэлд тулгуурлаж судалгааг хүргүүлсэн, нэхэмжлэгч болон бусад багийн Засаг дарга нараас судалгааг гаргуулаагүй болох нь тогтоогдож байх тул зөвхөн нэхэмжлэгчийг энэ судалгааг гаргаж өгөөгүй гэж буруутгах нь шударга ёсны зарчимд үл нийцнэ.

Гурав. Ургац хураалт, хадлан, хужир шүүний мэдээг цаг тухайд нь сумын Засаг даргын Тамгын газарт ирүүлээгүй, энэ талаарх сумын Засаг даргаас өгсөн чиглэлийг зохих ёсоор хэрэгжүүлээгүй.

 

Ховд аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын 2019 оны 08 сарын 23-ны өдрийн 278 дугаар албан бичигт[6] Сумын аюулгүй нөөцөд болон малчдын бэлтгэсэн хадлан, тэжээл, хужир шүүний мэдээг  7 хоног бүрийн 3 дахь өдөр ирүүлж байхаар заажээ.

Энэ албан бичиг хугацааны хувьд нэхэмжлэгчид сахилгын шийтгэл оногдуулсны дараа ирсэн байх бөгөөд хөдөө аж ахуйн мэргэжилтнээс 5 багийн Засаг даргын 2 нь мэдээгээ утсаар өгч байсан, 3 багийн Засаг даргатай өөрөө утсаар холбогдож мэдээллийг авч байсан гэж тэмдэглэжээ. 

Сумын багийн Засаг дарга нар нь хөдөө төвөөс алслагдсан газар суурин бус байдлаар ажлаа эрхэлдэг онцлог нөхцөл шаардлагыг харгалзаж үзвэл 7 хоног бүр гаргах мэдээг заавал бичгээр гаргах бус утсаар мэдээлэл авах нь илүү тохиромжтой байж болох бөгөөд төрийн ажил үйлчилгээний шуурхай байдал ч хангагдана. Мэдээг нэгтгэн хүргүүлэх үүрэг бүхий мэргэжилтэн нэхэмжлэгчийг мэдээ огт өгөөгүй гэж бус мэдээг өөрөө утасдаж авч байсан гэж тайлбарласан байхад хариуцагчаас  нэхэмжлэгчийг мэдээг өгч байгаагүй эсвэл хэдэн удаа гаргаж өгөөгүй эсэхийг тогтоохгүйгээр буруутгасан нь үндэслэлгүй байна.

Дөрөв. Дээд шатны байгууллага, албан тушаалтнаас ирүүлсэн үүрэг, чиглэлийг хугацаанд хэрэгжүүлдэггүй, багийн Засаг даргаас гарах судалгаа, мэдээ тайлан албан даалгаврыг биелүүлдэггүй.

Хариуцагчаас энэ үндэслэлээр тусгайлан тайлбар гаргаагүй дээр дурдсан 3 удаагийн судалгаа, мэдээг гаргаж өгөөгүй гэдэг тайлбараар хамтатган тайлбарласан болно.

Эндээс дүгнэвэл дээд шатны төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх 3 төрлийн мэдээ, судалгааг нэхэмжлэгч огт гаргаж өгөөгүй гэж буруутгах үндэслэл хангалтгүй, энэ нь маргаан бүхий актад дурдсан дээд шатны Засаг даргаас өгсөн үүрэг даалгавар, шийдвэрийг биелүүлж ажиллаагүй гэдэгт үндэслэлтэй шууд хамааралгүй байхад сахилгын шийтгэл ногдуулсан нь бодит байдалд нийцээгүй, шийдвэр нь үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 Зүй нь хариуцагч нэхэмжлэгч холбогдох судалгаа, мэдээг гаргаж өгөөгүй эсхүл хугацаа хожимдуулж өгсөн, түүнээс үүссэн үр дагавар байгаа эсэхийг тодорхойлж улмаар мэдээ, судалгааны үнэн зөв байдал, ажлын чиг үүрэг, хариуцлагатай холбоотойгоор сахилгын зөрчил гаргасан эсэхийг тогтоож, зөрчилд тохирох сахилгын шийтгэлийг ногдуулах байжээ.

Түүнчлэн судалгаа, мэдээ гаргах талаар дээд шатны байгууллагаас ирүүлсэн албан бичгийг Багийн Засаг дарга нарт хэрхэн мэдэгдэх, хүргүүлэх, мэдээ судалгааг хүлээн авах эргэх холбоо, албаны харилцааны зохицуулалт тодорхойгүй энэ талаар албажуулсан баримт байхгүй зөвхөн тухайн судалгааг хариуцаж нэгтгэн гаргах мэргэжилтнээс хамааралтай байгааг дурдах нь зүйтэй байна.

Иймд шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.”гэж заасныг баримтлан нотлох баримтыг чөлөөтэй үнэлэх зарчим болон тэнцвэрийн зарчмыг удирлага болгон маргааны үйл баримтын хувьд нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлгүй байсан гэж үзлээ.

Буянт сумын Засаг даргын 2019 оны 08 сарын 01-ний өдрийн Б/08 дугаар “Сахилгын шийтгэл оногдуулах тухай” захирамж нь нэхэмжлэгчийн хувьд сөрөг нөлөөлөл бүхий байх тул  хариуцагчаас түүнд урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах замаар захиргааны акт  гаргах бодит нөхцөл, үндэслэлийн хангуулах ёстой.

Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт,захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж болгоно.” гэж заасныг зөрчин хариуцагчаас сонсох ажиллагаа явуулахгүйгээр нэхэмжлэгч М.К-г Буянт суманд байшин орон сууцны тоологчоор ажиллаж байх хугацаанд сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль бус болжээ..   

Иймд Ховд аймгийн Буянт сумын Засаг даргын 2019 оны 08 сарын 01-ний өдрийн Б/08 дугаар “Сахилгын шийтгэл оногдуулах тухай” захирамжийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг , Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Буянт сумын Засаг даргын 2019 оны 08 сарын 01-ний өдрийн Б/08 дугаар “Сахилгын шийтгэл оногдуулах тухай” захирамжийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч /Ховд аймгийн Буянт Засаг даргын тамгын газар/-аас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан  авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн  давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.ОЮУНГЭРЭЛ

 

 

 


[1] хх 1-ийн 21-р хуудас

[2] ххI-ийн 37-р хуудас

[3] ххI-ийн 87-88-р хуудас

[4] ххI-211-р хуудас

[5] ххI-ийн 38-р хуудас

[6] ххI-ийн 36-р хуудас