Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхтуяагийн Халиунбаяр |
Хэргийн индекс | 128/2015/0210/З |
Дугаар | 221/МА2016/0127 |
Огноо | 2016-02-18 |
Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн
2016 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 221/МА2016/0127
“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга П.Дэлгэр, нэхэмжлэгч Т.Ганбат, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Г, хариуцагч Ч.М, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 807 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч У.М, Ч.М нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 35/0001889 тоот акт гарсан талаар мэдэгдсэний дагуу 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр танилцаж, хүлээн авсан. Тус актын 1.1 болон 1.2 дахь заалтад манай компанийг “С-Ө” ХХК-аас 92.370.000 төгрөгийн бараа материал худалдан авсан байх ба худалдан авалт хийсэн баримтыг хуурамч НӨАТ-ын падаан ашигласан гэж үзэж 9.237.000 төгрөгийн нөхөн татвар, 2.771.100 төгрөгийн торгууль, 3.569.200 төгрөгийн алдангийг НӨАТ-аар, 6.675.000 төгрөгийн нөхөн татвар, 2.002.500 төгрөгийн торгууль, 2.579.200 төгрөгийн алдангийг аж ахуйн нэгжийн орлогын албан татвараар тус тус ногдуулсныг манай компани хүлээн зөвшөөрөхгүй. Иймд, уг заалтуудыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч У.М, Ч.М нар шүүхэд гаргасан тайлбартаа: ...“А” ХХК нь 2011 оны 11 дүгээр сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар “Омтех” ХХК-д 2011 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр олгосон 009291183 нэмэгдсэн өртгийн албан татварын падаан дээр “С-Ө” ХХК-аас 92370.0 мянган төгрөгийн худалдан авалт хийсэн хий бичилттэй падааныг ашиглан нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлангийн “нэмэгдсэн өртгийн албан татвартай худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ” хэсэгт тусгаж, төсөвт төлөх албан татварыг бууруулсан. Шалгалтын явцад 2011 онд татвар ногдуулах орлогоос хасагдсан 92370.0 мянган төгрөгийн зардлаас шалгалтад ирүүлсэн баримтаар нотлогдсон 25620.0 мянган төгрөгийг хасаж, үндсэн баримтаар нотлогдоогүй 66750.0 мянган төгрөгийн зардлыг татвар ногдох орлогоос хасаж тооцсон. Эдгээр зөрчилд акт тогтоосон. Энэ хугацаанд дээрх худалдан авалттай холбоотой анхан шатны баримт, төлбөр төлсөн баримт, худалдан авалтын гэрээ байвал авчрахыг сануулсан боловч энэ худалдан авалт хийсэн хүмүүсээ олж уулзаж чадаагүй, нэмж өгөх баримт байхгүй гэснээр хяналт шалгалтын ажлаа дуусгасан. Дээрх зөрчлийг танилцуулахад нягтлан бодогч Г.Б “Энэ худалдан авалт хийсэн хүмүүсээ олж уулзаж чадахгүй байгаа тул зөвшөөрье” гэсэн тайлбар өгсөн нь ярилцлагын тэмдэглэлд тусгагдсан байгаа гэжээ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 807 дугаар шийдвэрээр: Татвалын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.4, 74.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “А” ХХК-ийн “Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 35/0001889 тоот актын 1.1, 1.2 дахь заалтыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч “А” ХХК нь давж заалдах гомдолдоо: Манай компани 2007 оноос хойш барилгын сантехник угсралтын чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулсаар ирсэн. Чингэлтэй дүүргийн татварын улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 35/00001889 тоот акт гарсан талаар мэдэгдсэний дагуу 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр танилцаж хүлээн авсан. Тус актын 1.1 болон 1.2 дахь заалтад манай компанийг “С-Ө” ХХК-аас 92.370.000 төгрөгийн бараа материал худалдан авсан ба худалдан авалт хийсэн баримтыг хуурамч НӨАТ-ын падаан ашигласан гэж үзэж, 9.237.000 төгрөгийн нөхөн татвар, 2.771.100 төгрөгийн алдангийг НӨАТ-аар, 6.675.000 төгрөгийн нөхөн татвар, 2.002.500 төгрөгийн торгууль, 2.579.200 төгрөгийн алдангийг ААНОАТ-аар тус тус ногдуулсныг манай компани хүлээн зөвшөөрөхгүй. Тус компани нь хуулийн дагуу Нийслэлийн болон Татварын ерөнхий газруудын дэргэдэх маргаан таслах хурлуудаар орж, хурлаас гарсан тогтоолын дагуу Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр шүүх хурлаар орсон. Энэхүү шүүх хурлаас гарсан шийдвэр нь дараах байдлаар хууль бус байна.
Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “А” ХХК нь татварын байцаагчийн актаар НӨАТХ-ийн 14.3 дахь заалтаар буруутгасан байсныг хүчингүй болгох хүсэлт гаргасныг хэвээр үлдээсэн байна. Уг заалт нь “Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй” гэсэн байдаг. Шүүх хурал дээр энэ заалтын талаар дараах тайлбаруудыг хийсэн боловч нотлох баримт гэж үзээгүй. “С-Ө” ХХК-аас авсан НӨАТ-ын падаан нь Татварын албанаас баталсан үнэт цаас байсан. Үүнийг хараад манай компани нь хуурамч гэдгийг мэдэх ямар ч боломжгүй. Уг худалдан авалтыг хийсэн тухай НББ-ийн анхан шатны баримтууд байгаа Үүнд: кассын орлогын ордер, бараа материалын падаан. НӨАТ-ын падаан болон анхан шатны баримтуудад бүгдэд нь уг компанийн тамга тэмдэг дарагдсан байсан.
Мөн татварын улсын байцаагч нар НӨАТ төлөгч байгууллагуудыг олон нийтэд цахим сүлжээгээр мэдээлсэн гэдэг. Гэтэл манай компани нь татварьн албаны \/аt Еntrу 2.0 гэсэн НӨАТ падаан шивэх програмд уг падааныг шивсэн, энэхүү програмд падаан шивэх үед байгууллагын регистрийн дугаарыг шивээд еnter товчийг дарахад НӨАТ төлөгч компани мөн бол компанийн нэр, биш бол “Энэ компани НӨАТ төлөгч биш байна” гэсэн санамж гарч ирдэг. Гэтэл ямар ч санамж гарч ирэлгүйгээр энэхүү падаан нь шивэгдсэн. Энэ шивэгдсэн падаануудыг цахимаар татварын албанд илгээж НӨАТ-ын тайлангаа Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст очиж баталгаажуулж тамга тэмдэг даруулсан байхад дараа нь энэ компани НӨАТ төлөгч компани биш байсан гэдэг. Иймд, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу өршөөлд хамруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн боловч “Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай” хууль батлагдсантай холбогдуулан зөрчил гаргагчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх зарчмын дагуу шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч У.М,
Ч.М нар нь “А” ХХК-ийн 2008 - 2012 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, татварын улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 35/0001889 тоот актаар 174761.6 мянган төгрөгийн зөрчилд 15912.0 мянган төгрөгийн нөхөн татвар, 5847.5 мянган төгрөгийн торгууль, 6777.5 мянган төгрөгийн алданги, нийт 28537.0 мянган төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч “А” ХХК нь дээрх актын Тогтоох хэсгийн 1 дүгээр зүйлийн
1.3, 1.4, 1.5 дахь хэсэгт заасан 1073.9 мянган төгрөгийн торгууль, 629.1 мянган төгрөгийн алданги ногдуулсан төлбөрийн талаар маргаагүй.
Харин тухайн актын 1.1-д заасан “С-Ө” ХХК-аас 92370.0 мянган төгрөгийн худалдан авалт хийсэн хий бичилттэй падааныг ашиглан нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийн тайлангийн “нэмэгдсэн өртгийн албан татвартай худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ” хэсэгт тусган, төсөвт төлөх албан татварыг бууруулсан зөрчилд 9237.0 мянган төгрөгийн нөхөн татвар, 2771.1 мянган төгрөгийн торгууль, 3569.2 мянган төгрөгийн алданги, мөн 1.2-т заасан “2011 онд 66750.0 төгрөгийн үндсэн баримтаар нотлогдоогүй зардлыг татвар ногдох орлогоос хасч тооцсон зөрчилд 6675.0 мянган төгрөгийн нөхөн татвар, 2002.5 мянган төгрөгийн торгууль, 2579.2 мянган төгрөгийн алданги, нийт 26834.0 мянган төгрөг ногдуулсныг эс зөвшөөрч маргаж байна.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч “А” ХХК нь 009291183 тоот нэмэгдсэн өртгийн албан татварын падаан дээр “С-Ө” ХХК-аас 92370.0 мянган төгрөгийн худалдан авалт хийсэн, уг падаан нь 2011 онд “Омтех” ХХК-д 2011 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр олгосноос үзэхэд худалдан авалт бодитойгоор хийгдээгүй, хий бичилттэй баримтыг 2011 оны 11 дүгээр сарын нэмэгдсэн өртгийн албан татварын санхүүгийн тайландаа тусгасан нь 2001 оны Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “аж ахуйн нэгж байгууллагын санхүүгийн тайлан нь нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад нийцсэн байх”, 4.1.2-т “санхүүгийн тайлан нь үнэн, зөв баримт материал, бодит тоо, мэдээнд үндэслэх” гэж заасан нягтлан бодох бүртгэлийн зарчмыг зөрчсөн байна.
Иймээс татварын улсын байцаагчийн актын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын 1.1, 1.2 дахь хэсэг нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д “Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг татварыг хасч тооцохгүй”, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 15 дугаар зүйлийн 15.1.2-т “албан татвар төлөгчийн баримтаар нотлогдоогүй зардал”-ын албан татвар ногдох орлогоос хасч тооцохгүй гэж заасантай нийцжээ.
Түүнчлэн нэхэмжлэгч “А” ХХК нь Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.13-д заасан “татварын хяналт шалгалтад шаардлагатай санхүүгийн болон бусад баримт материалыг татварын алба, татварын улсын байцаагчийн шаардсаны дагуу гарган өгч татварын хяналт шалгалтад хамрагдах” үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй, тухайлбал худалдан авалт хийсэн, бараа материалын үнийг төлсөн болон худалдан авалтын гэрээ зэрэг санхүүгийн анхан шатны баримтуудыг татварын улсын байцаагчид шалгуулаагүй тул “С-Ө” ХХК-аас 92370.0 мянган төгрөгийн худалдан авалт хийсэн 009291183 тоот нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг “хий бичилттэй, хуурамч” гэж үзсэн татварын улсын байцаагчийг буруутгах боломжгүй.
Нэхэмжлэгч нь “С-Ө” ХХК-аас 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 101607.0 мянган төгрөгийн худалдан авалт хийсэн бэлэн мөнгөний орлогын баримт, зарлагын баримтыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгсөн хэдий ч уг бараа материалтай холбогдох баримтуудыг гаргаж өгөөгүй байна. Иймээс тухайн орлого, зарлагын баримтыг хүчин төгөлдөр баримт гэж үзэх, худалдан авалтыг бодитой хийгдсэн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийсэн байна.
Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ” гэж заасан бөгөөд уг хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комиссын 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаас татварын актын нөхөн татварыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлж, харин торгууль, алдангийг өршөөхөөр шийдвэрлэжээ.
Хэдийгээр нэхэмжлэгчээс маргаан бүхий актын Тогтоох хэсгийн 1 дүгээр зүйлийн 1.1-д заасан 9237.0 мянган төгрөгийн нөхөн татвар, 2771.1 мянган төгрөгийн торгууль, 3569.2 мянган төгрөгийн алданги, 1.2-т заасан 6675.0 мянган төгрөгийн нөхөн татвар, 2002.5 мянган төгрөгийн торгууль, 2579.2 мянган төгрөгийн алданги, нийт 26834.0 мянган төгрөгийн төлбөрийн талаар марган, нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч Өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу татварын улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 35/0001889 тоот актаар ногдуулсан нийт 5847.5 мянган төгрөгийн торгууль, 6777.5 мянган төгрөгийн алданги, бүгд 12625.0 мянган төгрөгийн төлбөрийг өршөөлд хамруулах нь зүйтэй гэж үзлээ.
Өршөөл үзүүлэх тухай хуулийн зорилго нь хууль тогтоомж зөрчиж шийтгэл хүлээсэн этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад чиглэгдсэн учраас татвар төлөгч “А” ХХК-д ногдуулсан захиргааны шийтгэл болох торгууль, алдангийг өршөөн хэлтрүүлж, харин учруулсан хохиролд тооцогдох нөхөн татвар 15912.0 мянган төгрөгийг нэхэмжлэгч төлөх үүрэгтэй болохыг дурдав.
Иймд, шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 807 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.4, 74.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.1.2, Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч “А” ХХК-д Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч У.М, Ч.М нарын 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 35/0001889 тоот актаар ногдуулсан 5847.5 мянган төгрөгийн торгууль, 6777.5 мянган төгрөгийн алданги, нийт 12625.0 мянган төгрөгийн төлбөрийг өршөөлд хамруулж, актаар ногдуулсан нийт 28537.0 мянган төгрөгийн төлбөрийн хэмжээг 15912.0 мянган төгрөг болгож багасгасугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах шатны журмаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР