Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвийн Пагма |
Хэргийн индекс | 168/2022/0036/э |
Дугаар | 2022/ШЦТ/30 |
Огноо | 2022-01-19 |
Зүйл хэсэг | 11.4.1., |
Улсын яллагч | Б.Сарантуяа |
Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 2022/ШЦТ/30
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч Б.Сарантуяа
Шүүгдэгч Э.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ачит овогт ******* *******д холбогдох эрүүгийн 2221000000021 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “*******” ОНӨААТҮГ-ын ногоон байгууламжийн туслах ажилтан хийдэг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Нуурын 5-565 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Ачит овогт ******* ******* /РД: *******/.
Шүүгдэгч Э.******* нь 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Хэрлэн сумын 7 дугаар баг, Азуре ресторанд иргэн ******* үл ялих зүйлээр шалтаглан маргалдан зодож биед нь баруун талын сүүжний дэлбэнгийн хугарал, баруун шанааны зулгаралт, хамрын үзүүр, дээд уруулын няцарсан шарх бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй” гэв.
Хохирогч Н. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай байгууллагын шинэ жилийн баяр Хэрлэн сумын 7 дугаар баг, Азуре рестораны вип өрөөнд зохион байгуулагдсан. Тухайн шинэ жилийн баяр дээр би нэлээдгүй хэмжээгээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учраас нэг их сайн санахгүй байна. Ямар ч байсан шинэ жилийн баяр дуусах үеэр 00-ийн өрөөнд Батнасан, ******* нар маргалдаж байсан шиг санаж байна. Тэгээд би тэр хоёрыг салгатал ******* надтай маргалдаж эхэлсэн. 00-ийн өрөөнөөс гараад ******* намайг хана руу түлхсэн. Би арагшаа саваад унахдаа пааранд бөгсөн биеэрээ цохигдсон. Босож чадахгүй нэг л эвгүй болчихсон бөгөөд *******г тэнд байсан хүмүүс надаас салгасан. Гэтэл тэрээр эргэж ирээд миний нүүр рүү хэд хэдэн удаа өшиглөсөн. Улмаар миний санаж байгаагаар Ганболд, Батнасан хоёр намайг өргөөд гэрт минь хүргэж өгсөн...” гэжээ. /хх-ийн 12-14/
Гэрч Б.Борхүү мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Өчигдөр буюу 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр би өөрийн ажил дээрээ буюу Нарлаг худалдааны төв дээр байж байхад манай нөхөр нь ажлынхаа шинэ жилд явлаа гэж хэлээд орж ирээд гарсан. Энэ үед түүний биед ил харагдах ямар нэгэн шарх гэмтэл байгаагүй бөгөөд миний хувьд гэртээ 18-19 цагийн орчимд очсон. ...Тэгтэл 23 цагийн орчимд манай хашааны гадаа нэг машин ирээд зогсох шиг болсон. Тухайн машиныг манай нөхөртэй хамт ажилладаг Ганболд жолоодож байсан бөгөөд арын суудалд нь , Батнасан нар сууж байсан. Энэ үед явж чадахгүй зовуурьтай байсан. Юу болсон талаар Ганболдоос асуухад тэрээр надад хандаж Батнасан нь гэдэг ажлынхаа хүнтэй маргалдаж байхад салгах гэж оролдсон. Тэгтэл гэх залуу нуруу ташаа хэсэгт нь өшиглөсөн гэж хэлсэн. Мөн Батнасангаас юу болсон талаар асуухад тэрээр харьцангуй хэвийн согтолттой байсан бөгөөд би юу ч мэдэхгүй гээд зогсоод байсан...” гэжээ. /хх-ийн 16-17/
Гэрч А.Батнасан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Бид нар бүгдээрээ ууж наргисан бөгөөд шинэ жилийн баяр дуусч байх үеэр тухайн рестораны коридорт би хамт ажилладаг гэх дүүтэй юм ярьж байгаад л жаахан маргасан юм шиг байгаа юм. Энэ үед нь миний хажууд байсан эсэхийг би сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан Ганболдын яриагаар би тэй маргалдаж байхад Гантула голоор орж ирээд салгах үйлдэл хийсэн юм шиг байгаа юм. Энэ үед нь нуруу хэсэгт өшиглөсөн юм шиг байна лээ...” гэжээ. /хх-ийн 19-21/
Гэрч С.Батзориг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...22 цагийн орчимд би шинэ жилийн баяр зохион байгуулагдаж байсан вип өрөөнөөс гараад 00-ийн өрөөнд ороход манай компанийн хэсэг ажилчид юм ярьцгаагаад зогсож байсан бөгөөд , ******* нар хоорондоо хэрэлдээд муудалцаж байгаа харагдсан. Улмаар ******* нь Гантулгыг цохиод газарт унагаж байсан. Энэ үед нь хананд бөгсөн биеэрээ цохигдоод унаж байгаа харагдсан. Түүнээс хойш тэрээр босож чадахгүй болчихсон байсан. Тэнд байсан хүмүүс *******г ас холдуулж салгасан...” гэжээ. /хх-ийн 26-27/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 57 тоот дүгнэлтэд:
1. биед баруун талын сүүжний дэлбэнгийн хугарал, баруун шанааны зулгаралт, хамрын үзүүр, дээд уруулын няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл.
3. Баруун талын сүүжний дэлбэнгийн хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 29-30/
Э.******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Манай компанийн шинэ жилийн баяр 2021 оны 12 дугаар сарын 23-ны орой 17-23 цагийн хооронд Хэрлэн сумын 7 дугаар баг, Азуре ресторанд болсон юмаа. Миний санаж байгаагаар 22 цагийн орчимд би тухайн рестораны 2 давхарын 00-ийн өрөөнд Батнасантай юм яриад зогсож байсан. Гэтэл ах хажуунаас орж ирээд намайг элдэв бусаар доромжлоод байсан. Би ахтай маргалдаж эхэлсэн. Би тай маргалдаад тухайн 00-ийн өрөөнөөс гараад түүнийг түлхэхэд тэрээр тус өрөөний харалдаа хана дагуу байрласан халаалтын пааранд нуруу хэсгээрээ цохигдсон. ...би түүнийг унасан байхад нь дээрээс нь хэд хэдэн удаа өшиглөсөн...” гэжээ. /хх-ийн 41-42/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 6/
Мөрдөгчийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн “Эд мөрийн баримтаар тооцох тухай” тогтоол /хх-ийн 10/
Яаралтай тусламжийн хуудас, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 31-34/
Хохиролтой холбоотой баримтууд /хх-ийн 43-44/
Э.*******гийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 48/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52/
Дорнод аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 58/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч Ачит овогт ******* ******* нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Azure” ресторанд 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хохирогч ******* үл ялих зүйлээс маргалдан зодож, түүний биед баруун талын сүүжний дэлбэнгийн хугарал, баруун шанааны зулгаралт, хамрын үзүүр, дээд уруулын няцарсан шарх гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч Э.*******гийн “...би тай маргалдаад тухайн 00-ийн өрөөнөөс гараад түүнийг түлхэхэд тэрээр тус өрөөний харалдаа хана дагуу байрласан халаалтын пааранд нуруу хэсгээрээ цохигдсон. ...би түүнийг унасан байхад нь дээрээс нь хэд хэдэн удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг, түүний мэдүүлгийг нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч “...Батнасан, ******* нар маргалдаад байхаар нь би тэр хоёрыг салгатал ******* надтай маргалдаж эхэлсэн. 00-ийн өрөөнөөс гараад ******* намайг хана руу түлхсэн. Би арагшаа саваад унахдаа пааранд бөгсөн биеэрээ цохигдсон. Босож чадахгүй нэг л эвгүй болчихсон бөгөөд *******г тэнд байсан хүмүүс надаас салгасан. Гэтэл тэрээр эргэж ирээд миний нүүр рүү хэд хэдэн удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн гэрч Б.Борхүү, А.Батнасан, С.Батзориг нарын мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 57 тоот дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.******* хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Шүүгдэгч Э.*******гийн үйлдлийн улмаас хохирогч эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 57 тоот дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.
Шүүгдэгч ******* *******д холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* *******г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Э.******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч Э.*******гийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд хохирогчид 1,000,000 төгрөгийг төлсөн, цаашид 1,000,000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа зэргийг харгалзан прокурортой тохиролцсон саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Э.*******гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч эрүүл мэндэд баруун талын сүүжний дэлбэнгийн хугарал гэмтэл буюу хүндэвтэр хохирол учирч мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч нь хохирогчид эмчилгээний зардалд 2,000,000 төгрөгийг 2 сарын хугацаанд өгөхөөр харилцан тохиролцсон байх бөгөөд тохиролцсон ёсоор шүүгдэгч нь 2022 оны 1 дүгээр сард 1,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 1,000,000 төгрөгийг 2022 оны 02 дугаар сард нөхөн төлөхөө илэрхийлж байх тул шүүгдэгч Э.*******гээс эмчилгээний зардалд нөхөн төлөхөө илэрхийлсэн 1,000,000 төгрөгийг гаргуулж хохирогч Н.д олгохоор шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий СД 1 /нэг/ ширхгийг хэрэгт хавсарган хадгалж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Э.******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ачит овогт ******* *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******д 650 /зургаан зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Э.*******гээс эмчилгээний зардалд нөхөн төлөхөө илэрхийлсэн 1,000,000 /нэг сая/ төгрөгийг гаргуулж хохирогч Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Зангиатын 5-23 тоотод оршин суух, Ловон овогт Намсрайн /РД: ЖЯ 79121770/-д олгосугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий сиди 1 /нэг/ ширхгийг хэрэгт хавсарган хадгалж, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Э.******* нь цагдан хоригдоогүй, хохирогч Н.д эмчилгээний зардалд 1,000,000 төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Э.*******гийн ЖМ 94080618 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА