Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/103

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анударь,

улсын яллагч Т.Мижиддорж (томилолтоор),

шүүгдэгч Э.Ө, түүний өмгөөлөгч А.Обадрал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Э-ын Ө-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108025871587 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1996 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, авто засварын газар ажилладаг, ам бүл 3, эхнэр, хүүгийн хамт амьдардаг гэх, Архангай аймгийн ... баг, ... дугаар гудамж ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн ... дүгээр хороо ... тоотод түр оршин суух, урьд

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дүгээр сарын 09-ний өдрийн 300 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 433 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 2 жил 6 сарын хугацаагаар тогтоож, уг ялыг эдэлж дуусган 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр суллагдсан, Б овогт Э-ын Ө (РД:...);

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Э.Ө нь үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Б” дэлгүүрээр үйлчлүүлж байсан Л.Ч-ын эзэмшлийн Хуавэй пи-40 лайт загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 800,000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 15 цагийн үед Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “А” зочид буудлын орчимд иргэн Н.Б-ы халааснаас “Huawei P40 Life” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 800,000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 16 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 21-ийн автобусны буудлын орчимд Б.А-н эзэмшлийн Самсунг эс 10 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 600,000 төгрөгийн хохирол, бусдад нийт 2,200,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

      ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.Ө шүүхийн хэлэлцүүлэгт: “...мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хохирогч Н.Б-ы мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 182-185 дахь тал), хохирогчоор таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 201-204 дэх тал), Кости Эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (1 дэх хавтаст хэргийн 174-176 дахь тал), хохирогч Л.Ч-ын мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 244-245 дахь тал), Кости Эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (1 дэх хавтаст хэргийн 234-236 дахь тал), хохирогчийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл (2 дахь хавтаст хэргийн 18-21 дэх тал), хохирогч Б.А-ын мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 15-21 дэх тал), гэрч Б.Э-ын мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 24-25 дахь тал), гэрч Д.З-гийн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 28-29 дэх тал), таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 5-9 дэх тал), Тэнцвэр Эстимейт ХХК-ийн үнэлгээний тайлан (1 дэх хавтаст хэргийн 35-36 дахь тал), шүүгдэгч Э.Ө-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дэх хавтаст хэргийн 99 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар (1 дэх хавтаст хэргийн 103 дахь тал) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Нэг: Гэм буруугийн талаар:

1. Шүүгдэгч Э.Ө нь 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Б” дэлгүүрээр үйлчлүүлж байсан Л.Ч-ын эзэмшлийн Хуавэй пи-40 лайт загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 800,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Л.Ч-ын: “...2021 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 16 цаг өнгөрч байхад охин У-гийн хамт Баянгол дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Б дэлгүүрээс хувцас авахаар орсон бөгөөд 2 давхар луу гардаг урсдаг шатаар өгсөж байх үедээ халааснаасаа гар утсаа алдсан. Би хамгийн сүүлд дэлгүүр лүү орох үедээ гар утсаа шалгаад охиныхоо өмсөж явсан куртикний баруун талын халаасанд нь хийсэн байсан. Тэгээд шууд 2 давхрын урсдаг шатаар өгссөн бөгөөд 2 давхарт гарчхаад утсаа үзтэл алга болчихсон байсан. Би 2021 оны 02 дугаар сарын эхээр Мобикомоос Huawei P40 Lite маркийн гар утсыг 989,000 төгрөгөөр лизингээр худалдан авч байсан. Миний гар утсанд ямар нэгэн эвдрэл, гэмтэл, сэв зураас гэх зүйл байгаагүй. Тухайн Б дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт хулгай хийж байгаа этгээдийн дүрс бичигдсэн байсан. Би тухайн бичлэгийг эх хувиар нь болон гар утсаараа хуулаад авсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 244-245 дахь тал),

Кости Эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний: “...Huawei P40 Lite гар утас (хуучин)-800,000 төгрөг” гэх тайлан (1 дэх хавтаст хэргийн 234-236 дахь тал),

Хохирогчийн таньж олуулах ажиллагаа явуулсан: “...хохирогч Л.Ч нь гэмт хэрэг үйлдсэн этгээд дунд зэргийн биетэй, 20-25 орчим насны эрэгтэй байсан бөгөөд царайны төрхөөр нь тухай этгээдийг харвал танина гэсэн тул 6 ширхэг зургийг а-4 хэмжээтэй цаасан дээр 1-6 хүртэл дугаарлан Э.Ө-ын зургийг 1 дугаарт дугаарлан байрлуулж, зургуудыг үзүүлэхэд 6 хүний зурган дундаас 1 дугаарын этгээд мөн байна. Энэ этгээдийг би царайны төрх, биеийн хэлбэр, хэмжээ зэргээр нь хараад таньж байна. Тухайн этгээд нь миний гар утсыг хулгайлсан байх гэж сэжиглэж байна гэв...” гэх тэмдэглэл (2 дахь хавтаст хэргийн 18-21 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар,

2. Шүүгдэгч Э.Ө нь 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 15 цагийн үед Баянгол дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “А” зочид буудлын орчимд иргэн Н.Б-ы халааснаас “Huawei P40 Life” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 800,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Н.Б-ы: “...2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 15 цагийн үед өөрийн найз М-ийн хамт Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах А зочид буудлын замын эсрэг талд явж байхдаа халааснаасаа хуйвэй пи 40 лиат маркийн гар утсаа алдсан. Хамгийн сүүлд би О супермаркет дотор үйлчлүүлж байх үед ашигласан. А зочид буудлын ойролцоо явж байх үед үл таних хоёр залуу байран дундаас гарч ирээд бид хоёрын хойно алхаж байсан. Миний халаас хөдлөх шиг болоод гар утсаа шалгатал миний гар утас байхгүй байсан. Тэгээд би тэр хойно явж байсан хоёр залууг дуудаж миний гар утсыг авсан эсэхийг асуухад үгүй би аваагүй гээд уурлаад яваад өгсөн. 2021 оны 02 дугаар сарын сүүлээр Эрдэнэтийн Мобикомоос нөхөр Б.Ц-ын нэр дээр лизингээр авч байсан хувэй пи 40 лиат маркийн гар утас, 997000 төгрөгөөр авч байсан. Хар ногоон өнгөтэй 128гб багтаамжтай гар утас байсан. Хулгайд алдах үедээ өнгөгүй кейстэй байсан. Ямар нэг эвдрэл гэмтэл үүсээгүй байсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 182-185 дахь тал),

Хохирогчоор таньж олуулах ажиллагаа явуулсан: “...хохирогч Н.Б нь уг этгээдийн царай төрхийг араас нь татаж эргүүлж харахдаа харсан учир танина гэсэн тул 6 ширхэг зургийг 1-6 хүртэл дугаарлан Э.Ө-ын зургийг 1 дугаарт дугаарлан байрлуулж, зургуудыг үзүүлэхэд тухайн этгээд нь надад үзүүлсэн 6 хүний зурган дундаас 1 дугаарын этгээд мөн байна. Энэ этгээдийг би царайны төрх, биеийн хэлбэр, хэмжээ зэргээр нь хараад таньж байна” гэх тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 201-204 дэх тал),

Кости Эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний: “...Huawei P40 Lite гар утас (хуучин)-800,000 төгрөг” гэх тайлан (1 дэх хавтаст хэргийн 174-176 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар,

3. 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 16 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 21-ийн автобусны буудлын орчимд Б.А-ы эзэмшлийн Самсунг эс 10 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 600,000 төгрөгийн хохирол учруулсан нийт бусдад 2,200,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч Б.А-ын: “...Би хичээлээ тараад 16 цаг 40 минутын үед Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт ...-ийн автобусны буудал руу чиглээд алхаж явж байтал миний өмсөж явсан хар өнгийн өдөн куртикний баруун талын халаас руу хүн гараа хийх шиг болсон, уг халаасанд миний гар утас байсан юм. Би юу болоод байна гээд эргээд харахад хоёр залуу зогсож байсан. Би халаасанд байгаа утсаа шалгатал байхгүй байсан ба нөгөө хоёр залууг сэжиглээд сая миний утсыг та хоёр авчихлаа, гаргаад өг гэсэн чинь бид хоёр аваагүй гэсэн. Тэгээд гайхаад тэр хоёр залуугийн халаасыг шалгахад үнэхээр миний гар утсыг аваагүй байсан. Тэгтэл араас манай сургуулийн нэг охин ирээд чиний гар утсыг сая нэг залуу авчихлаа, би чамд хэлэхийн завдалгүй зугтчихлаа гэсэн. Миний гар утас нь Сансунг маркийн эс 10 загварын цэнхэр өнгөтэй гар утас байсан. ...Би гар утсыг хүлээн авсан. Энэ утас миний алдсан гар утас мөн байна. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй..” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 15-21 дэх тал),

Гэрч Б.Э-ын: “...хичээлээ тараад гэртээ харихаар 21 дүгээр хорооллын автобусны буудал руу алхаж байтал урд явж байсан манай сургуулийн охины куртикний халаасыг нэг залуу ухаад гар утсыг хулгайлаад миний өөдөөс алхаад ирсэн. Тэгэхээр нь би та хүний утсыг өгөөч гээд куртикнээс нь зуураад автал тэр ах юу яриад байгаа юм бэ би аваагүй гэсэн. Тэгтэл тэр утсаа алдсан охин урд жоохон зайтай бас нэг залууг сэжиглээд зогсож байсан. Би тэр охин дээр Ооод хэлэх гэтэл тэр гар утас хулгайлсан залуу шууд миний гарыг тавиулаад Сүү хувьцаат компани чиглээд гүйгээд яваад өгсөн. Тэгээд би утсаа алдсан охин дээр Ооод болсон явдлыг хэлсэн...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 24-25 дахь тал),

Гэрч Д.З-гийн: “...2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг 21-р хорооллын автобусны буудал дээр 16 цагийн орчим Өлзийбат гэх найзынхаа хамтаар явж байсан. Тэгсэн 20 орчим насны хар куртиктэй охин ганцаараа автобусны буудал дээр явж байсан. Өлзийбат нь тэр охины араас дагаад автобусны буудлын ард Ооод баруун халааснаас гар утсыг нь авчихсан. Би тухайн үед Өлзийбатын хажуугаар гараад автобусны буудал дээр Ооод зогссон. Тэгээд Өлзийбатын тэр хулгайлсан гар утсыг нь би дараа нь харахад самсунг эс10 загварын цэнхэр өнгийн гар утас байсан. Тэгээд бид нар салаад явчихсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 28-29 дэх тал),

Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл: “...Э.Ө-аас Самсунг галакси S10 гэсэн бичиглэл бүхий цэнхэр кейсгүй гар утсыг хураан авч, хохирогч Б.А-д хүлээлгэн өгсөн тухай (1  дэх хавтаст хэргийн 10, 11-12х)

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл: “...5 дугаартай Э.Ө-ын  зургийг заасан.” (1 дэх хавтаст хэргийн 5-9 дэх тал),

Тэнцвэр Эстимейт ХХК-ийн үнэлгээний: “...Samsung S10 маркийн гар утас-600,000 төгрөг” гэх тайлан (1 дэх хавтаст хэргийн 35-36 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай, шунахай сэдэлтээр үйлдэгдсэн, шүүгдэгч Э.Ө нь хохирогч нарын гар утсыг үргэлжилсэн үйлдлээр сэм, нууц байдлаар авсан үйлдэл нь “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг агуулсан, тэрбээр өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүний улмаас үүсэн гарах үр дагаврыг мэдэж, хүсэж үйлдсэн шинжтэй байх тул шүүгдэгч Э.Ө-ыг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирол төлбөрийн тухайд: Шүүгдэгч Э.Ө-ын үйлдсэн хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч Б.А-д 600,000 төгрөгийн, хохирогч Л.Ч-д 800,000 төгрөгийн, хохирогч Н.Б-д 800,000 төгрөгийн хохирол тус тус учирсан байна.

Шүүгдэгч Э.Ө нь хохирогч Б.А-д гар утсыг буцааж хүлээлгэн өгсөн байх бөгөөд хохирогч нь “гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй" гэж мэдүүлсэн, хохирогч Н.Б нь “өөрийн биеэр утас хүлээж авсан, гомдол саналгүй” гэх хүсэлтийг, хохирогч Л.Ч нь “алдсан утастай адил маркийн утас хүлээлгэж өгсөн тул гомдол саналгүй” гэх хүсэлтийг тус тус гаргасан байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.(1 дэх хавтаст хэргийн 10-12 дахь тал, 2 дахь хавтаст хэргийн 74 дахь тал, 76 дахь тал)

Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор нь Э.Ө-ад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг шүүгдэгч Э.Ө-ад танилцуулсан байх ба тэрбээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, мөн шүүгдэгчийн хувийн байдал /өмнө нь 2 удаагийн ял шийтгэлтэй/ зэргийг тус тус харгалзан прокурорын гаргасан саналын хүрээнд шүүгдэгч Э.Ө-ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Э.Ө нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Э.Ө-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Э-ын Ө-ыг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Э.Ө-ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуу) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Ө нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

7. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Ө-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Г.АЛТАНЦЭЦЭГ