| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямдоржийн Адъяа |
| Хэргийн индекс | 167/2021/0175/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/179 |
| Огноо | 2021-12-21 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., 27.10.2.3., |
| Улсын яллагч | Г.Анх-Ирээдүй |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 2021/ШЦТ/179
2021 12 21 2021/ШЦТ/179
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Адъяа даргалж,
Нарийн бичгийн дарга Э.Энхмаа,
Улсын яллагчаар хяналтын прокурор Г.Анх-Ирээдүй,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Оргилмаа,
Шүүгдэгч Б.Ц нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:
Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ариунболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ц-д холбогдох эрүүгийн 2119002100205 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2001 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Дорноговь аймгийн Нефьт хангамжийн газарт гагнуурчин ажилтай, ам бүл 4, эхнэр, эцэг, ахын хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар баг, Жанчивын 12-06 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б.Ц
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Ц нь 2021 оны 08 дугаар сарын 23-ний өдрийн орой 23 цагийн орчим тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр, улсын дугааргүй, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн улаан өнгийн, Даюун маркийн мотоцикл жолоодон, хохирогч О.Төгөлдөрийг ардаа суулган, замын хөдөлгөөнд оролцох үедээ Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг, Шунхлай шатахуун түгээх станцын баруун талын 4 замын уулзвараар нэвтрэхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөнөөс улаан гэрлээр нэвтэрч, Ш.Нямхүүгийн жолоодон явсан Приус-20 маркийн автомашины зүүн тал руу мөргөж, зам тээврийн осол гарган, мотоциклд зорчин явсан О.Төгөлдөрийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Мэдүүлэг өгөхгүй ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Оргилмаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 03 цаг 46 минутад миний том хүү дүү Төгөлдөр мотоциклтой хүнтэй сундалж явж байгаад осолд орсон эмнэлэгт байна гэж хэлсэн. Мандах сумаас гараад Сайхандулаан суманд ирээд эмчтэй утсаар ярихад яаралтай хагалгаа хийх шаардлагатай байна гэсэн болохоор бид нар очиж амжихгүй болохоор хагалгаа хийх зөвшөөрөл өгсөн. Сайншанд руу өглөө 09 цаг 50 минутын үед ирэхэд хүү тархины хагалгаанд орсон байсан. Хагалгаанаас гарч ирэхдээ ухаангүй, унтуулгатай байсан бөгөөд 9 хоног сэхээн амьдруулах тасагт байсан. Би 5 дахь хоногоос нь эмнэлэг орж сахисан. Миний хүүгийн тархины зүүн талын чамархайд цус хуралт, цус алдалттай гээд эмнэлгийн хэлээр 180 милограм нөж авсан гэж бид нарт хүлээлгэж өгсөн. Гавал тархины ар талд нь хагалгаанд орох боломжгүй цус хуралттай байна. Үүнд шимэгдүүлэх маш хүнд эмчилгээ хийнэ гэж хэлсэн. 9 хоног сэхээнд байсны дараагаар мэс заслын тасаг руу шилжсэн. Мэс заслын тасагт 5 хоноод 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр эмнэлэгт ковид-19 халдвар гарсан тул гадуур эмчилгээ хийлгэх талаар хэлсэн. Тэгээд эмнэлэгт очиж боолт, цэвэрлэгээ эмчилгээ хийлгэж байсан. 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 13А маягтаа аваад Улаанбаатар хот руу явж Гэмтлийн эмнэлэгт 1 удаа MRI хийлгэсэн. Аймгийн нэгдсэн эмнэлэгт 2 удаа томографикт харуулсан байсан. Энэ төлбөрүүдийг нийгмийн даатгалын сангаас хөнгөлөлт эдэлж, үнэ төлбөргүй хийлгэсэн. Харин хувийн эмнэлэгт 410,000 төгрөгийн MRI хийлгэсэн. Бусад эм тарианы зардлууд хувиас гарсан. Хүүгийн эрүүл мэндийн байдал гайгүй байгаа боловч амт, үнэр мэдэрдэггүй хэвээрээ байгаа. Хүний хэлснийг шууд хүлээж авдаггүй. Хариулахдаа заримдаа зүгээр хариулна. Хааяа хэсэг бодож байгаад хариу өгдөг. Сэтгэцэд нөлөөлсөн эсэх талаар одоогоор мэдэгдсэн зүйл байхгүй. Эмнэлгээс гарсан хойноо эмх замбараагүй үйлдэл хийдэг, зүгээр байж байгаад гэнэт инээдэг, бага дүүгээ их уйлуулдаг, шоолж инээдэг байсан. Юм идэхээр цадсанаа мэддэггүй, өөрийгөө хянаж чаддаггүй идээд л байдаг. Мэдрэхүй нь сэргэж магадгүй тухайн хүний биеийн онцлогоос хамаарна гэсэн. Амтлах мэдрэмж нь сэргэж байгаа. Харин огт үнэрлэхгүй байгаа. Сүүлийн үед нуруу өвдөөд байна гэдэг болсон. Тархины гэмтэл гавлын суурь яс цуурсан тохиолдолд маш олон мэдрэлийн эс тасарч байдаг. Үүнийг эмчлэх эмчилгээ дэлхийн хаана ч байхгүй гэсэн. Тиймээс мэдрэл сэргээх, тархинд тэжээл өгөх эмийн эмчилгээтэй байгаа гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Оргилмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 03 цаг 50 минутын үед миний том хүү Рагчаа нь дүү Төгөлдөр нь мотоциклтой хүнтэй сундалж явж байгаад осолд орсон талаар хэлэхээр нь би нөхөр Эрдэнэсангийн хамт Мандах сумаас гараад 09 цаг өнгөрөөгөөд Сайншандад ирээд шууд Нэгдсэн эмнэлэг дээр ирэхэд хүү маань хагалгаанд орсон байсан. Миний хүү О.Төгөлдөр нь Нэгдсэн эмнэлэгт 2021 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс хойш 9 хоног сэхээнд байж байгаад мэс заслын тасаг руу шилжсэн ... Төгөлдөрийн биеийн байдал хүн харахад хэвийн ч тулаад ярихаар заримдаа өөр зүйл ярина, гэнэт инээнэ, толгойгоо байнга бөхийлгөж тонгойж явна, юм харахдаа зүүн нүдээ аниж харж байгаа. Заримдаа өөрийнхөө идэх дургүй зүйлийг хянаж чадахгүй, байнга идэх зүйл хайж иднэ, идэж байгаа зүйлийнхээ амтыг мэдэхгүй, өмнө нь идэх дургүй байсан зүйлийг нь өгөхөд тоохгүй идэж байгаа. ... ” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 77-78 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Ш.Нямхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 08 дугаар сарын 29-ний шөнө 23 цагийн үед гэрээсээ ганцаараа гараад Ар шандад байдаг найз Амарбаясгаланг айлаас аваад гэрт нь буюу Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн урд талын 2 дугаар 60 айлд хүргэж өгөх гээд угсраа 58 айлын гаднаас хөдлөөд 75 худалдааны төвийн уулзвараар хойд зүгээс урд зүгт чиглэн явахад ногоон гэрлэн дохио асаж байсан ба 40 км цагийн хурдтай явж өнгөрөхөд гэнэт миний машины хойд талыг юм мөргөх шиг болохоор нь би шууд зогсоод аваарын гэрлээ асаагаад машинаасаа гарахад улаан өнгийн, улсын дугааргүй мотоцикл миний машины жолоочийн эсрэг талын хойд хаалга, кярланыг хонхойлгон хэлбэр дүрсийг нь алдагдуулсан, хойд гупер цуурч салсан байсан. Мөн жолоочийн хойд талын эсрэг талын гэрлэн дохио хагарч, бутарсан байдалтай байсан. Миний машины ард талд 2 залуу газар унасан байдалтай байсан. Нэг нь уучлаарай ахаа гэж байсан ба нэг залууг нь түргэн тусламжийн машин ирээд аваад явсан ... Миний машины эвдрэл 720,000 төгрөг, үнэлгээ хийлгэсэн 44,000 төгрөг, нийт 764,000 төгрөгийг өгсөн тул гомдол, саналгүй ... ” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 82-83, 84-85 дугаар хуудас/,
Гэрч Д.Амарбаясгалангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... гэнэт миний сууж байсан машины хойд талыг юм мөргөх шиг болоход Нямхүү машинаа шууд зогсоогоод аваарын гэрлээ асаагаад Нямхүү машинаасаа гарсан. Би дараа нь машинаас гарахад улаан өнгийн, улсын дугааргүй мотоцикл миний сууж явсан машины жолоочийн эсрэг талын хойд хаалга, кярланыг хонхойлгон хэлбэр дүрсийг нь алдагдуулсан, хойд гупер цуурч салсан байсан. Мөн жолоочийн хойд талын эсрэг талын гэрлэн дохио хагарч, бутарсан байдалтай байсан. Миний сууж явсан машины ар талд 1 залуу газар унасан байдалтай бөөлжөөд, харин нэг залуу нь 4 хөллөөд байсан ... ” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 92-93 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.Цийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрч болон яллагдагчаар өгсөн: “ ... 2021 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 22 цагийн үед 29 дүгээр байрнаас найз Төгөлдөрийг өөрийн эзэмшлийн улаан өнгийн мотоциклоор очиж аваад, 75 худалдааны төвийн уулзварын гэрлэн дохиог харахад секунд нь 5 тоо зааж байхаар нь тухайн уулзвараар амжиж гарах байх гээд хурдаа нэмсэн ба бид хоёрыг тухайн уулзварын цагаан шугам дээр ирэхэд улаан гэрэл ассан. Би тэр чигтээ амжих байх гэж бодтол гэнэт цагаан өнгийн Пруис-20 машин гараад ирэхээр нь би тормозоо гишгээд зогсоогүй, тэр чигтээ явж байгаад тухайн машины жолоочийн эсрэг талын хойд хаалгыг мөргөөд Төгөлдөр бид хоёр шидэгдээд машины баруун талд унасан. Тэгээд босоод ирэхэд найз Төгөлдөр миний хажууд хэвтэж байсан ба юм ярьж чадахгүй байсан ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 88-89, 138 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 04/216 дугаартай “... О.Төгөлдөрийн биед хоёр талын чамархай яс болон суурь ясны түрк эмээлийг /суурийн хөндийн дээд хана/ дайрсан хугарал, тархины эдийн няцрал, хаван зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.2, 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Хүнд гэмтэл нь эрүүл мэндийг сарниулах хугацаа ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэл, төгсгөлийн байдлаас хамаарна” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 116-118 дугаар хуудас/,
“Хас үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн №54 дугаартай “... гэрэл /зүүн хойд/ 110,000 төгрөг, хаалга /зүүн хойд/ 50,000 төгрөг, Крыло хаалганы ховил /зүүн хойд/ 180,000 төгрөг, гэрлийн ар суурь /зүүн хойд/ 100,000 төгрөг, будах зардал 220,000 төгрөг, эд анги солих 10,000 төгрөг, будаг лак 50,000 төгрөг, нийт 720,000 төгрөг ...” гэсэн хохирлын үнэлгээ, гэрэл зураг /хавтаст хэргийн 99-101 дүгээр хуудас/,
Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч М.Тэмүүжингийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн №10 дугаартай “... Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.А-д ”тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэснийг, 3.7.В-д “зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй буюу бүртгэлийн дугаарын тэмдэггүй, тэмдгийг буруу байрлуулсан, дугаар нь бүдгэрсэн, арилсан, түүнчлэн тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох” гэснийг, 12.2-д “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэснийг, 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг, 10.8.г-д “тухайн уулзвар, гарцаар нэвтрэх хөдөлгөөн зөвхөн аль нэг чигт зөвшөөрөгдсөн, эсхүл баруун буюу зүүн гар тийш эргэх үйлдлийг 5.10.а, 5.10.б тэмдэг буюу 1.17 тэмдэглэлээр олон эгнээнээс давхар гүйцэтгэхийг зөвшөөрсөн байвал зэрэгцэн эргэх тээврийн хэрэгслүүд эзэлж яваа байрлалаа солихгүйгээр хажуугийн зайгаа барьж нэвтэрнэ. Ингэхдээ эргэлтийн дотор талд яваа тээврийн хэрэгслийн жолооч аль болох богино зайг туулж нэвтэрнэ” гэснийг зөрчсөн байна ...” гэсэн магадалгаа /хавтаст хэргийн 124-125 дугаар хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 5-12 дугаар хуудас/,
Зам тээврийн ослын хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 13 дугаар хуудас/,
Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас/,
Хохирогч О.Төгөлдөрийн өвчний түүх /хавтаст хэргийн 26-67 дугаар хуудас/,
Тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй эсэхийг шалгасан лавлагаа /хавтаст хэргийн 107 дугаар хуудас/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 149 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулсан, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож үнэлэв.
Шүүгдэгч Б.Ц нь 2021 оны 08 дугаар сарын 23-ний өдрийн орой 23 цагийн орчим тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр, улсын дугааргүй, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн улаан өнгийн, Даюун маркийн мотоцикл жолоодон, хохирогч О.Төгөлдөрийг сундлан, замын хөдөлгөөнд оролцох үедээ Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг, Шунхлай шатахуун түгээх станцын баруун талын 4 замын уулзварын гэрэл дохиогоор нэвтрэхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөнөөс улаан гэрлээр нэвтэрч, иргэний нэхэмжлэгч Ш.Нямхүүгийн жолоодон явсан Приус-20 маркийн автомашины зүүн тал руу мөргөж, зам тээврийн осол гарган, мотоциклд зорчин явсан О.Төгөлдөрийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйл явдал болсон нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.
“Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэдэгт тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нь Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмээр тогтоосон хэм хэмжээ, журмыг гэм буруутайгаар зөрчсөнийг ойлгоно.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь заалтуудад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна гэж үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд уг гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн бол хүндрүүлэх бүрэлдэхүүн болохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь хэсэгт заасан.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэжээ.
Шүүгдэгч Б.Ц нь мотоцикл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.А-д ”тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэснийг, 3.7.В-д “зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй буюу бүртгэлийн дугаарын тэмдэггүй, тэмдгийг буруу байрлуулсан, дугаар нь бүдгэрсэн, арилсан, түүнчлэн тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох” гэснийг, 12.2-д “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэснийг, 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг, 10.8.г-д “тухайн уулзвар, гарцаар нэвтрэх хөдөлгөөн зөвхөн аль нэг чигт зөвшөөрөгдсөн, эсхүл баруун буюу зүүн гар тийш эргэх үйлдлийг 5.10.а, 5.10.б тэмдэг буюу 1.17 тэмдэглэлээр олон эгнээнээс давхар гүйцэтгэхийг зөвшөөрсөн байвал зэрэгцэн эргэх тээврийн хэрэгслүүд эзэлж яваа байрлалаа солихгүйгээр хажуугийн зайгаа барьж нэвтэрнэ. Ингэхдээ эргэлтийн дотор талд яваа тээврийн хэрэгслийн жолооч аль болох богино зайг туулж нэвтэрнэ” гэсэн заалтуудыг зөрчсөн байна.
Шүүгдэгч Б.Ц нь мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...явж байх үед 4 замын уулзварын гэрлэн дохио ногоон өнгөтэй байхаар нь уулзвараар гарчих юм байна гэж бодон мотоциклынхоо хурдыг нэмсэн. Шунхлай колонкийн дэргэд ирэхэд 4 замын гэрлэн дохио улаан асаж миний урдуур цагаан өнгийн приус 20 маркийн машин орж ирэхээр нь мотоциклынхоо арааг салгаад, 1-тээ хийгээд тормозоо гишгэсэн, зам шороотой байсан болохоор мотоциклийн дугуй халтираад тэр чигээрээ очоод жолоочийн эсрэг талын арын хаалгыг мөргөсөн...” гэсэн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Ш.Нямхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 08 дугаар сарын 29-ний шөнө 23 цагийн үед 75 худалдааны төвийн уулзвараар хойд зүгээс урд зүгт чиглэн явахад ногоон гэрлэн дохио асаж байсан ба 40 км цагийн хурдтай явж өнгөрөхөд гэнэт миний машины хойд талыг юм мөргөх шиг болохоор нь би шууд зогсоод аваарын гэрлээ асаагаад машинаасаа гарахад улаан өнгийн, улсын дугааргүй мотоцикл миний машины жолоочийн эсрэг талын хойд хаалга, кярланыг хонхойлгон хэлбэр дүрсийг нь алдагдуулсан, хойд гупер цуурч салсан байсан...” гэсэн мэдүүлгээс үзэхэд шүүгдэгч Б.Ц нь гэрлэн дохионы ногоон гэрэл унтрахаас өмнө гарна гэж тээврийн хэрэгслийн хурдыг нэмсэн нь хурд тохируулалгүй гэрлэн дохиотой уралдан уулзвар гарчихна гэж хөнгөмсгөөр найдсанаас осол гаргасан, энэхүү хэт болгоомжгүй үйлдэл нь тээврийн хэрэгсэл жолоодох эрх олгох сургалтад сууж, жолоочийн эрх аваагүй, хуулиар хориглосон, зөвшөөрсөн заалтыг мэдэхгүйтэй холбоотой буюу ямар ч тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байдал шууд нөлөөлсөн байна.
Шүүгдэгч Б.Ц нь ямар нэгэн тээврийн хэрэгсэл жолоодох, ялангуяа мотоцикл жолоодох эрхгүй болох нь хавтаст хэргийн 106-107 хуудаст авагдсан жолоочийн лавлагаагаар, Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь шинжээчийн 04/216 дугаарт дүгнэлтээр, хавтаст хэргийн 24-67 дугаарт авагдсан хохирогчийн өвчний түүх зэргээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь заалтад заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Хохирол төлбөрийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон.
Шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Оргилмаа нь “... Манай хүүхдийн эмчилгээний зардалд 3,703,025 төгрөг, тээврийн хэрэгслийн шатахууны зардал 888,994 төгрөг, бүгд 4,592,019 төгрөг зарцуулаад байгаа. Гэхдээ би Цийн ар гэрийг мэднэ, эцэг нь хүүхдүүдээ өсгөх гэж яаж амьдарч байгааг мэддэг болохоор эмчилгээний зардалд 2,000,000 төгрөг авахаар тохиролцсон ба үүнээс Б.Ц 800,000 төгрөгийг төлснийг хасаад үлдэх 1,200,000 төгрөгийг л гаргуулах хүсэлтэй байна. Манай хүүхэд одоо 17 настай, эмчилгээ хийлгээд биеийн байдал дээрдэж боловч хүн харахад зүгээр мэт боловч маш их иднэ, урьд идэх дургүй байсан зүйлийг нь өгсөн ч мэдэхгүй иднэ, хүний ярьсныг сайн ойлгохгүй байгаа ч анх тохирсон 2,000,000 төгрөгийн үлдэгдэл 1,200,000 төгрөгийг гаргуулна, бусад зардлыг нэхэмжлэхгүй ...” гэсэн тул хохирогч О.Төгөлдөрийн эрүүл мэндэд учирсан хохирол 1,200,000 төгрөгийг шүүгдэгч Б.Ц хариуцан төлөх үүрэгтэй гэж үзлээ.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч О.Төгөлдөрийн эмчилгээний зардал 1,200,000 төгрөгийг шүүгдэгч Б.Цаас гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Оргилмаад олгож, цаашид гарах эмчилгээний зардлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаа бүрдүүлэн, жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шуурхай олж тогтоон шударгаар ял оногдуулах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд орших бөгөөд гэмт этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь үйлдсэн гэмт хэрэг, түүний нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой.
Шүүгдэгч Б.Цийн үйлдэл нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цид тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.Ц-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь заалтад заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Цид тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялын хугацааг зорчих эрхийг хязгаарлах ял эдэлсэн үеэс эхлэн тоолсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц нь 2 жилийн хугацаанд Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглосугай.
5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Цид оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 170 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Ц нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч О.Төгөлдөрийн эмчилгээний зардал 1,200,000 төгрөгийг шүүгдэгч Б.Цаас гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Оргилмаад олгож, цаашид гарах эмчилгээний зардлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаа бүрдүүлэн, иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Цид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.АДЪЯА