Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 00186

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: 1981 оны 12 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, 36 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,  Булган аймгийн Сэлэнгэ сумын 1 дүгээр багт оршин суух Хар халбагад овогт Мягмарсүрэнгийн Ганчимэг /РД:РЙ81120603 /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1982 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус боловсролтой, мэргэжилгүй, Булган аймгийн Сэлэнгэ сумын 1 дүгээр багт оршин суух Онгууд тайж овогт Лхагвасүрэнгийн Мөнхбаяр  /РД:ГИ82010216 /-т холбогдох,

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2017/00060/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Ганчимэг, түүний өмгөөлөгч Г.Эрдэнэчимэг, хариуцагч Л.Мөнхбаяр,түүний өмгөөлөгч Г.Гочоо, нарийн бичгийн дарга С.Гончигбал нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Ганчимэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Л.Мөнхбаяртай 2002 онд танилцаж улмаар 2010 он хүртэл хамт амьдарсан. Том охин М.Мөнхчимэг 2003 оны 08 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, бага охин М.Батмөнх 2008 оны 8 дугаар сарын 30-ны өдөр төрсөн. Бид 2004 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хуримаа хийж, айлын байшинд тусдаа гарч байсан. Амьдрах гэж олон янзын аргаар үзсэн. Дэлхийн зөн олон улсын байгууллагаас бидэнд дэмжлэг үзүүлж гэр өгч байсан. Дараа нь банкнаас зээл авч хашаа байшин авсан боловч банкны зээлээ төлж чадахгүйд хүрсэн учраас гэрээ зарсан. Гэрээ зараад ч зээлээ төлж чадаагүй аав, ээжийнхээ дэмжлэгтэйгээр банкныхаа зээлийг хаасан. Айлын хонь хариулж, савхины үйлдвэрт ажиллаж үзсэн. Ажил хийгээд олсон мөнгө ар гэр болон нөхрийн тамхины мөнгөнд л таардаг байсан. Би амьдралаа дээшлүүлэхийн тулд харь орныг зориод 6 жил болсон. Энэ хугацаанд нөхөр маань өөр хүнтэй дотносож, дундаас нь хүүхэд төрсөн учир цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Мөн Л.Мөнхбаяр хөдөө нэг хэсэг аав, ээж хоёртой хамт байсан. Тэгж байхдаа архи ууж аавыг маань зоддог гэж дуулдсан. Хоёр хүүхэд нь Л.Мөнхбаяраас ухаан алдатлаа айдаг. Тэр хамт амьдарч байх хугацаандаа архи байнга ууж намайг нялх хүүхэдтэй бие ядруу байхад буу гаргаад чамайг буудчихья гээд буу шагайж байсан. Эцэг байх эрхгүй хүн гэж бодож байна. Би хүүхдүүдээ бодоод Л.Мөнхбаярыг ойлгож уучилж байсан ч амьдарлаа өөрчилсөнд гомдож байдаг. Намайг гадаад эзнийхээ хүүхдийг гаргасан гэж хүртэл худал цуу яриа дэгдээж хүмүүст итгүүлсэн байсан. Би гадаадад ар гэрээ өөд нь татах гэж амьдарлаа залгуулах гэж ядаж явахад ар гэрээс нь намайг эсрэгээр доромжилж байсанд маш их гомдсон. Намайг гадаадад байх хугацаанд Л.Мөнхбаяр гэртээ шинэ эхнэр хүүхдээ дагуулаад ирсэн гэж сонссон. Өнөөдөр ч хоёр хүүхдийнхээ өмнө хариуцлага хүлээхээс айж байна. Өнөөдрийг хүртэл 1 удаа ч хоёр хүүхэдтэйгээ утсаар яриагүй байж өнөөдөр яаж хүүхдээ өөрийн асрамжинд авна гэж хэлж чадаж байна. Би одоо залуу хүний хувьд ганцаараа амьдрахгүй. Хүн л юм болохоор амьдарлаа бодно биз дээ. Би удам сударыг нь сайн мэддэг хүнтэй дотносон одоо түүнийхээ хүүхдийг нь төрүүлсэн. Би багаасаа л 4 хүүхэдтэй болно гэж төлөвлөдөг байсан. Би өөрийн ээжийг анхаардаггүй, нэг удаа ч эмчилгээнд явуулж байгаагүй мөртлөө хадам ээжийг хамгийн сайн эмнэлэгт явуулж эмчлүүлэж асарч байсан. Би Швейцар улсад очоод нэг л айлд ирэн иртлээ байсан. Тэр айлынхан намайг ихэд гайхаж байсан. Чамайг ингэж ажиллаж байхад ямар бүдүүлэг хүн бэ, чи очоод нэр төрөө сэргээлгээрэй гэж хэлж байсан. Нэг удаа ажлаасаа оройтож ирээд хужаа нар хүүхэн авна гээд би зуучилж өгөөд оройтчихлоо гэж хэлсэн. Дараагаас нь байнга оройтоод ирэхгүй болохоор нь нэг өдөр гэрт нь түгжээд утсыг нь аваад явсан. Гэтэл утас нь дуугараад авсан чинь нэг эмэгтэй хүн аваад хэн бэ гэхээр нь эхнэр нь байна гэтэл эхнэртэй гэж байна гээд утсаа салгасан. Тэгтэл Л.Мөнхбаяр манай эхнэр төрхийн хүндэрлээр нас барсан гэж тэр хүүхэндээ худлаа хэлсэн байсан. Эртний л өөр амьдарлаа хайж байсан юм билээ. Би л үүнийг нь мэдэхгүй байсан юм байна лээ. Би гадаадаас ирээд нэгэнт Л.Мөнхбаяр өөр хүнтэй болоод хүүхэд нь гарчихсан байхад гээд залуу байгаа дээрээ амьдарлаа бодъё гээд өөр хүнтэй болсон. Иймд гэрлэлтээ цуцлуулж, хоёр хүүхдээ өөрийн асрамжинд авч, тэтгэлэг гаргуулна. Би ийм эцэгт хүүхдээ өгөхгүй. Өөрөө айлд очоод суучихсан, тэгээд дээр нь хоёр хүүхэд авна гэдэг бүтэхгүй. Миний хоёр хүүхэд ч угаасаа аав дээрээ очихгүй гэв.

Хариуцагч Л.Мөнхбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: М.Ганчимэг бид хоёр гэрлэхээсээ өмнө нэг ангид суралцаж байсан. Бид хоёр 2002 оноос үерхэж, хамт амьдарч байгаад 2006 онд гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2003 оны 08 дугаар сарын 14-ний өдөр том охин М.Мөнхчимэг, 2008 оны 8 дугаар сарын 30-ны өдөр бага охин М.Батчимэг нар төрсөн. М.Ганчимэг бид хоёр 2011 оныг хүртэл хамт амьдарсан. 2011 онд М.Ганчимэг гадаад улс руу явсан. Би хотод үлдэж ажил олдохгүй нэг хэсэг хэцүү байсан тул 2 хүүхдээ аваад хадам аав, ээж дээр хөдөө суманд очсон. Би эргээд хот явсан боловч ажил олдохгүй хадам аав ээж хоёр хүртэл ажилгүй байгаа бол ир гээд эргэж ирсэн. Эхнэр М.Ганчимэг гадаадад байх хугацаандаа утсаар ч ярихаа больсон. Тэгээд нэг жил гаруйн дараа гэнэт утсаар ярьж холбоотой байснаа гэнэт сураггүй болсон. 2014 оны намар хөдөө мал маллаж, өвөлжөө хашаа бариад ихэнхдээ ганцаараа малаа маллаж байсан. Би М.Ганчимэгийг гадаад хүнтэй суусан гэж огт ярьж байгаагүй. Харин өөрийнх нь ээж л тийм зүйл ярьсан. Би хот хөдөөгийн хооронд ирэн очин ажилладаг. Миний хоёр хүүхдийг манай аав, ээж дээр оруулдаггүй. Тэдэнтэй битгий яриарай, битгий дуугараарай гэж хэлдэг гэсэн. Би архи ууж буу барьж айлгаж ичээж байгаагүй. Би ажилгүй байсан ч жижиг трактороор мод хийж амьдарлаа залгуулж байсан. Бид хоёр ганцхан М.Ганчимэгийн цалингаар амьдраагүй. Эдний ээж аав нь чи хот яваад ажил хийж байгаа гэчихээд мөнгө төгрөггүй ирлээ гэж байсан. М.Ганчимэгийн ээж нь бид хоёрыг аль эрт салгах гээд байсныг би мэдэж байсан. М.Ганчимэг Монголдоо ирээд жил гаруй болж байна. Би ирснээс нь хойш хот явж ажил хийж байсан. Мөн Б.Ганчимэг өөр хүнтэй болсон тул гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Би 2 хүүхдээ өөрийн асрамжинд авах хүсэлтэй байна. Хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Ганчимэг нь хариуцагч Л.Мөнхбаяраас гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч М.Ганчимэг, хариуцагч Л.Мөнхбаяр нар нь 2002 онд танилцаж, 2006 оны 02 дугаар сарын 14-ний өдөр гэр бүл болсныг Булган аймгийн Сэлэнгэ сумын  иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд  2006 оны 08 дугаар сарын 04-ний өдөр бүртгэж №0056703 дугаартай гэрчилгээ олгосон болох нь гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээгээр  тогтоогдож байна.

2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулж, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг амжилтгүй болсон үндэслэлээр дуусгавар болгосон байна.

Гэрлэгчид нь зан харьцааны хувьд таарч тохироогүйн улмаас 2010 оноос хойш хамтран амьдраагүй, цаашид харилцан бие биеэ хайрлан хүндэтгэж хамт амьдрах боломжгүй, гэр бүлийн гишүүдийн хооронд итгэлцэл үгүй болж, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг амжилтгүй болсон зэрэг нөхцөл байдлыг харгалзан зохигчдыг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Зохигчдын дундаас  2003 оны 08 дугаар сарын 14-ний өдөр охин М.Мөнхчимэг, 2008 оны 08 дугаар сарын 30-ны өдөр М.Батмөнх нар төрсөн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

Хариуцагч хүүхдүүдээ өөрийн асрамжинд авна гэж маргаж байгаа хэдий ч нэхэмжлэлийн хүрээнд хүүхдийн асрамжийг шийдвэрлэхэд хүүхдүүдийн эрхэд хохирол учруулах шалтгаангүй,  охин М.Мөнхчимэг, М.Батмөнх нар нь эхийн асрамжинд үлдэх саналтай байгаа болон шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дүгнэлт зэргийг харгалзаж, тэднийг эхийнх нь асрамжинд үлдээж, эцэг Л.Мөнхбаяраар тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Хүүхдийг хэний асрамжинд үлдээснээс үл хамааран эцэг, эхийн хэн аль нь нөгөөгөө Гэр бүлийн тухайхуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан үүргээ хэрэгжүүлэхэд нэгэн адил хязгаар тавихгүй байхыг анхаарвал зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Хар халбагад овогт Мягмарсүрэнгийн Ганчимэг, Онгууд тайж овогт Лхагвасүрэнгийн Мөнхбаяр нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан  2003 оны 08 дугаар сарын 14-ний өдөр охин М.Мөнхчимэг, 2008 оны 08 дугаар сарын 30-ны өдөр М.Батмөнх нарыг эх М.Ганчимэгийнасрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.5, 40-р зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2003 оны 08 дугаар сарын 14-ний өдөр охин М.Мөнхчимэг, 2008 оны 08 дугаар сарын 30-ны өдөр төрсөн охин М.Батмөнх нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг Л.Мөнхбаяраар тэжээн тэтгүүлж, тэтгэлэгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх М.Ганчимэгт даалгасугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурьдаж, амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Л.Мөнхбаяраас 145878 /нэг зуун дөчин таван мянга найман зуун далан найм/ төгрөг гаргуулж 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг нэхэмжлэгч Л.Ганчимэгт, 75678 /далан таван мянга зургаан зуун далан найм/ төгрөгийг Төрийн санд тус тус олгосугай.

6.  Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар хариуцагч  Л.Мөнхбаяр нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, тэдгээрт суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалах үүргээ биелүүлэхэд нь саад болохгүй байхыг эх М.Ганчимэгт даалгасугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Батцэцэгт даалгасугай.

8.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхэд ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурьдсугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               О.ОДОНЧИМЭГ