| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямдоржийн Адъяа |
| Хэргийн индекс | 167/2021/0176/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/178 |
| Огноо | 2021-12-20 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., |
| Улсын яллагч | Л.Мөнхбаяр |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 2021/ШЦТ/178
2021 12 20 2021/ШЦТ/178
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Адъяа даргалж,
Нарийн бичгийн дарга Э.Энхмаа,
Улсын яллагчаар хяналтын прокурор Л.Мөнхбаяр,
Хохирогч Т.Отгонбаяр /цахимаар/,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Шинэбаяр,
Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Мөнхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Э-д холбогдох эрүүгийн 2119001080138 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1993 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Дорноговь аймгийн Сайхандулаан суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар баг Жанчивын гудамж, 20-67 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд
урьд Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэгдэж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,
Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 100 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил, 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан,
Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 жил, 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Э нь 2021 оны 02 дугаар сард Дундговь аймгийн Говь-Угтаал сумаас хохирогч Т.Отгонбаярын 2020 оны 12 дугаар сард бэлчээр дээрээс уруудуулж алдсан 14 тооны адууг Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэр Хаалгын булаг гэх газарт уруудаж ирснийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж 7 тооны адууг завшиж, захиран зарцуулж, 8,300,000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Олдох гэх газраас хохирогч М.Чинзоригийн 4 тооны, хохирогч Д.Чулуунбатын 16 тооны, нийт 20 тооны тэмээг тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлан, 23,100,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... 2021 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг Хаалгын булаг гэх газраас хохирогч Отгонбаяр гэж хүний 14 тооны адууг Дорноговь аймгийн Сайншанд сумын 6-р багийн нутаг дэвсгэрт авчирсан. Дугарсүрэн гэх айлынд 10 адууг хашиж үлдээгээд, Мөнхбат гэж хүнд 4 тооны адууг өгсөн. Дараа нь 7 адууг нь буцааж явуулсан. Сүүлд нь хохирогч 7 адууг Хаалгын булаг гэх газрын ойролцоогоос олж авсан. 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Цохио гэх газраас 20 тооны тэмээг тууж ирсэн. Зөв талын чихэндээ ногоон өнгийн даавуутай 16 тооны тэмээ, зөв чихэндээ улаан өнгийн даавуутай 4 тэмээ нийт 20 тооны тэмээ байсан. Тэмээнүүдийг тууж яваад Ууганаа гэх залуутай таарсан. Тэгээд би 20 тэмээг Жолоочийн овооны баруун талд туугаад явж байтал Сайхандулаан сумын Чулуунбат гэх хүн машинтай ирээд 16 тооны тэмээг манай тэмээ гэж хэлээд авсан. Тэр цагдаа дуудсан. Үлдсэн 4 тэмээ нь М.Чинзоригт 4 гэх хүний тэмээ байсан юм билээ. Отгонбаярын 4 тооны адууг Мөнхбат гэж хүнд 700,000 төгрөгөөр үнэлж зарсан. Мөнхбат гэж хүнтэй 700,000 төгрөгөнд нь 1 адуу өгөхөөр тохиролцсон. Тэнгэр хүйтрээд ирэхээр адууг авчирч өгөөрэй гэж хэлсэн. Мөнхбатын 700,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна ...” гэв.
Хохирогч Т.Отгонбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Би Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Нарт гэх газраас 14 тооны адуугаа алдсан. Дорноговь аймгийн Сайншанд сумын Алтанболд гэх хүн манай адууг маллаж харж байгаа талаар сураг сонсож, Алтанболдтой утсаар ярьж манай адуу мөн болохыг мэдсэн. Би адуугаа авахаар 2021 оны 02 дугаар сарын сүүлээр очиход Сайншанд суманд ирж, Алтанболдтой уулзахад “адууг чинь алдчихлаа, сургийг нь гаргасан Халиун байдас чинь Дугар гэх хүний хашаанд байж магадгүй, очиж үзье” гэж хэлсэн. Тэр айлын хашаанд очиж үзэхэд манай адуунаас зөв талын ташааны толион дээрээ хөвчтэй саран тамгатай халиун охин байдас байсан. Дугар гэж хүнээс яагаад манай адуу энд байгааг асуухад цэргийн анд Э бэлэглэсэн гэж хэлсэн. Тэгээд Эг хайгаад олж уулзаад “манай адуунуудыг яасан юм” гэхэд “ахаа адуунууд байгаа, тоо ёсоор нь олж өгнө” гэсэн. Э манай адуунуудыг 10 хоногийн дотор олж өгнө гэсэн болохоор би буцаж явсан. Гэтэл 10 хоногийн дараа Э адуунуудыг хайгаад олоогүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрөө явж байгаад Хэцүү цав гэх газраас 7 тооны адуугаа олсон. Тэгээд 7 тооны адууг олж өгөхгүй болохоор цагдаад өргөдөл гаргасан. Дараа нь миний 4 тооны адууг олсон гэх сураг сонсоод Дорноговь аймгийн Иххэт суманд очиж Хувьтөгөлдөр гэх залуугаас цэгээн зүсмийн гүү, хээр халтар үрээ, хээр даагыг гэрээс нь 2021 оны хавар очиж авсан. Нэг нь манай байдсан шүү биш байсан. Одоо хонгор буурал морь, хул байдсан гүү, хээр халтар морь, улаан хээр морь, нийт 4 тооны адуу дутуу байгаа. Удам угшил сайтай эрлийз хул байдсан гүүний үнэлгээтэй санал нийлэхгүй байна. Бусад адууг зах зээлийн үнээр үнэлэгдсэн гэж бодож байгаа. Одоогоос 3 хоногийн өмнө Эгийн хамаатны хүн яриад хохирлын 4,350,000 төгрөг, мөн замын зардлын 768,000 төгрөгийг над руу шилжүүлсэн. 3 морь, 1 байдасны 4,350,000 төгрөг гэж үнэлэгдсэн ба хохирол төлөгдсөн. Мөн шатахууны зардал 768,000 төгрөгийг төлсөн. Эрлийз байдсыг хямд үнээр үнэлэгдсэнд гомдолтой байна. Миний байдсыг үнэлгээний газар бага үнээр үнэлсэн. Одоо байдас олдохгүй байх. Тиймээс зөрүү мөнгө нэхэмжилж байна ...” гэв.
Хохирогч М.Чинзоригтын мөрдөн шалгах ажиллагаанд гэрч болон хохирогчоор өгсөн: “... 2021 оны 05 дугаар сарын 14-ний 19 цаг 30 минутын орчим миний утас руу дүү Ууганбаатар залгаад “манай гэрийн ойролцоо хүн тэмээ туугаад явж байна, таны тамгатай тэмээ байх шиг байна, танайхаас 4 тэмээ, бусад нь ногоон даавуутай тэмээ байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “тамгыг нь сайн хараарай” гэж хэлсэн чинь “тэр хүн Өргөн сум руу хадмынхаа тэмээг туугаад явж байна, тэр дотор танай 4 тэмээ мөн байна, таны тамгатай тэмээ мөн байна“ гэж хэлсэн. Тэгэхээр нь би ногоон даавуутай тэмээтэй айл болох Чулуунбат руу залгасан чинь утас нь болохгүй байсан. Тэгээд би эхнэртэйгээ Ууганбаатар гэх дүүгийнхээ гэр рүү очсон. Намайг дүүгийнхээ гэрт очиход тэмээнүүдийг хашаад, туусан хүнийг нь гэртээ оруулчихсан байсан ... Хашсан байсан тэмээнээс 4 нь манай тэмээ байсан ... Эгийн утас дуугарахаар нь Эг яриулахгүй цаад залгасан хүний яриаг сонсоход “Яачихваа, хаагуур явж байна, хаана байна, миний утасны дугаарыг устгаарай” гэж хэлсэн. Тэгээд “энэ утсаар ярьж байгаа хүн хэн бэ” гэж Эгээс асуухад “Бавил” гэж хэлсэн, бүтэн нэрийг нь хэлээгүй ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 13-14, 26 дугаар хуудас/,
Хохирогч Д.Чулуунбатын мөрдөн шалгах ажиллагаанд гэрч болон хохирогчоор өгсөн: “... 2021 оны 05 дугаар сарын 14-ний 19 цаг орчим Сайхандулаан сумын малчин Ууганбаатарын 88179076 дугаарын утаснаас залгаад “чихэндээ ногоон өнгийн даавуун дүүжинтэй тэмээнүүдийг хүн туугаад явж байна” гэхээр нь би эхнэр Пүрэвжавын хамт очсон. Ууганбаатарын гэрт очиход тууж явсан 20 тэмээний 16 нь манай тэмээ байсан ба 4 тором, 2 ингэ, 4 тайлаг, 6 гунжин тэмээ байсан ... Алдсан 16 тэмээг олж авсан, надад гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 17, 50 дугаар хуудас/,
Гэрч И.Мөнгөнчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2021 оны 05 дугаар сарын 14-ний 19 цаг 30 минутын орчим манай нөхөр Чинзоригтын утас руу дүү нь болох Ууганбаатар залгаад “манай гэрийн ойролцоо хүн тэмээ туугаад явж байна, таны тамгатай тэмээ байх шиг байна, танайхаас 4 тэмээ, бусад нь ногоон даавуутай тэмээ байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь манай нөхөр “тамгыг нь сайн хараарай” гэж хэлсэн чинь “тэр хүн Өргөн сум руу хадмынхаа тэмээг туугаад явж байна, тэр дотор танай 4 тэмээ мөн байна, таны тамгатай тэмээ мөн байна“ гэж хэлсэн. Тэгэхээр нь нөхөр бид хоёр ногоон даавуутай тэмээтэй айл болох Чулуунбат руу залгасан чинь утас нь болохгүй байсан. Тэгээд нөхөр бид хоёр Ууганбаатарын гэр рүү явж очсон. Бид нарыг Ууганбаатарын гэрт очиход хүнийг нь гэртээ оруулчихсан, манай тэмээ болон өөр улаан даавуутай тэмээнүүдийг нэг хашаанд оруулчихсан байсан. Тэнд хашсан байсан тэмээнээс 4 нь манай тэмээ байсан ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 19-10 дугаар хуудас/,
Гэрч У.Пүрэвжавын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2021 оны 05 дугаар сарын 14-ний 19 цаг орчим Сайхандулаан сумын малчин Ууганбаатарын 88179076 дугаарын утаснаас залгаад “чихэндээ ногоон өнгийн даавуун дүүжинтэй тэмээнүүдийг хүн туугаад явж байна” гэхээр нөхрийн хамт очсон. Ууганбаатарын гэрт очиход тууж явсан 20 тэмээний 16 нь манай тэмээ байсан ба 4 тором, 2 ингэ, 4 тайлаг, 6 гунжин тэмээ байсан ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 19 дүгээр хуудас/,
Гэрч С.Ууганбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 18:30 цагийн үед би Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 3 дугаар баг “Баруун Овоогийн бууц” орчим малаа туугаад явж байтал тэмээ туусан хар өнгийн мотоциклтой хүн явж байхаар нь очиж уулзсан. Намайг очиход нүд нь гарсан битүү багтай, цэнхэр өнгийн дээлтэй, хүрэмтэй, урт түрийтэй хар гуталтай хүн байсан. Тэгээд би тэр хүнээс “нутаг хаана вэ” гэж асуухад “Шандын хүн” гэж хариулсан ба “хаанаас хаашаа явж байгаа вэ” гэж асуухад “Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Цохио бригадаас алдсан тэмээ аваад Сөгдөхийн уурхай орохоор явж байна” гэж хариулсан. Би тэр хүнээс тухайн үед гадаа нар шингэх дөхөж байсан учраас “хаана хонох гэж байгаа юм бэ” гэхэд “манайхан шандаас одоо машинтай ирж байгаа” гэж хариулсан. “Тэмээгээ аль хүртэл явуулж байж хонох вэ” гэхэд “”Сайншандаас Сайхандулаан сум руу явдаг жолоочийн овооны урд энгэрт буюу Тэрэгт гэдэг газар оруулна” гэснээ чимээгүй болсон. Тэгэхээр нь би тэр хүнийг Өргөн сумын хүн биш байна гэдгийг мэдсэн. Тэгээд тууж явсан тэмээнийх нь дундуур явж байхдаа ажиглахад чихэндээ улаан өнгийн даавуун дүүжинтэй тэмээнүүд байсан. Би тэр хүний тууж явсан тэмээнүүдийг харчихаад шууд мал руугаа явсан. Мал дээрээ оччихоод тэр хүнээс холдчихсон юм чинь гээд ах Чинзоригтын тэмээнүүд нь чихэндээ улаан өнгийн даавуун дүүжинтэй 4 тооны тэмээг чинь энд хүн тууж явна, бас ногоон өнгийн дүүжинтэй тэмээнүүд байна, та наашаа хүрээд ирж үз гэж хэлсэн. Чихэндээ ногоон өнгийн даавуун дүүжинтэй тэмээнүүд нь Чулуунбат гэх хүний тэмээ гэдгийг Чинзоригт ахаасаа сонсоод Чулуунбат гэх хүний хүүхэд Энхжаргалд чихэндээ ногоон даавуун дүүжинтэй тэмээнүүдийг хүн туугаад явж байна, ирж үзээрэй гэж хэлсэн. Тэгээд Чинзоригт ах болон Чулуунбат нар надтай ярьснаас хойш 30-40 минут орчмын дараа ирцгээсэн. Тэр хүний тууж явсан тэмээнүүдийг хамт үзэхэд Чинзоригт ахын 4 тэмээ, Чулуунбат ахын 16 тэмээ байсан ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 21 дүгээр хуудас/,
Гэрч О.Батнямын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2020 оны 07 дугаар сард наадмын дараа Гонио гэж дууддаг залуу надаас Хөвсгөл аймаг руу зугаалгад явна гэж хэлээд надад утас, хаяг бүх юмаа тэмдэглүүлээд бэлнээр 2,000,000 төгрөг зээлж авсан. Надад 2,000,000 төгрөгийнхөө өрөнд ямаа өгөхөөр болсон. Тэгээд Гонио гэх залуу 2020 оны намар нас барж, ээж болох Сайхандулаан сумын Ням гэх хүнтэй очиж уулзахад ээж нь өгнө гэсэн ... Эгийн 88549559 гэдэг дугаарыг засварын газраас санаандгүй олж аваад залгахад холбогдохгүй байсан. Би 2021 оны 05 дугаар сарын 10-13-ны өдрийн үед өөртэй нь ярихад Э “тэгж байгаад яръя” гэж хэлээд утсаа тасалсан. Дахиад залгахад утсаа аваагүй ... Би Эгээс мал, мах худалдаж авч байгаагүй. ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 29-30 дугаар хуудас/,
Хохирогч Т.Отгонбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би 2020 оны 12 дугаар сарын 15-ны үед манай 14 тооны адуу алга болсон. Үүнээс хойш сураг гарахгүй байж байгаад 2021 оны 02 дугаар сарын 20-ны үед Дорноговь аймгийн Сайншанд сумын Алтанболд гэх хүн манай адууг маллаж харж байгаа талаар сураг сонсож, Алтанболдтой утсаар ярьж манай адуу мөн болохыг мэдсэн. Би адуугаа авахаар 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Сайншанд суманд ирж, Алтанболдтой уулзахад “адууг чинь алдчихлаа, сургийг нь гаргалаа, Э гэх залуу хөөгөөд явсан байна, Халиун байдас чинь Дугар гэх хүний хашаанд байгаа, очиж үзье” гэж хэлээд тэр хашаанд очиж үзэхэд манай алдсан адуунаас зөв талын ташааны толион дээрээ хөвчтэй саран тамгатай халиун охин байдас байсан. Дугар гэх хүн надад “манай найз Э энэ халиун байдсыг өвс тэжээл өгөөд байлгаж байгаарай гэж хэлээд орхиод явсан, тэгээд би өвс тэжээл өгч харж байгаа юм” гэж хэлсэн. Маргааш өдөр нь Э гэх үл таних залуутай уулзаж, “энэ халиун байдсыг чи хаанаас авсан юм” гэхэд “явахгүй муу болохоор нь муу усны хоолой гэх газраас авчирсан, мөн 10 гаруй тооны адууг Хаалгын булаг гэх газраас бөөнд нь туугаад муу усны хонхорт авчирсан байгаа, таны адуу чинь ойрхон байгаа, намайг битгий цагдаад өгөөрэй” гэсэн. Э надад манай адууны содон зүстэй хонгор буурал морь, жижиг хонгор морь, цэгээн гүү, халтар морьд зөв талын гуяндаа том хөвчтэй саран тамгатай, тамга нь тод харагдаж байсан гэж ярьсан. Би Сайншандад ирээд өөрийн адуугаа олохоор Сайншанд сумаас баруун тийш 30 км Хэцүү цав гэх газраас хээр буурал зүсмийн хязаалан үрээ 3 тооны, шарга гүү, халтар морь, улаан хонгор морь нийт 6 тооны адуугаа олж авсан. Одоо алдсан 14 тооны адуунаас 7 адууг нь буцааж олж авсан ба 7 тооны адуу нь олдоогүй байгаа ... Би Дорноговь аймгийн Иххэт сумын иргэн Хувьтөгөлдөр гэх залуугаас цэгээн зүсмийн гүү, хээр халтар үрээ, хээр даагыг гэрээс нь 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр очиж авсан. Одоо манайхаас хонгор буурал морь, хул байдсан гүү, хээр халтар морь, улаан хээр морь, нийт 4 тооны адуу дутуу байгаа ... Малын эрэлд явсан бензин, түлшний мөнгө 768,000 төгрөгийг нэхэмжилнэ ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 156-157, 200, 210, 2 дугаар хавтасны 85, 115 дугаар хуудас/,
Гэрч С.Дугарсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 02 дугаар сарын сүүлээр Э орой 20-21 цагийн үед над руу чатаар “даага аваачиж танай хашаанд хийе” гэж асуухаар нь би “юун ямар учиртай даага вэ” гэж асуухад Э “надтай хамт шоронд байсан найз бэлэгэнд өгсөн юм, халиун даага байгаа чи тэжээл, ус өгөөд тэжээлд оруулаад өгөөч” гэж хэлэхээр нь “за тэг тэг” гэж хэлсэн. Маргааш өглөө нь 08 цагийн үед босоод үзэхэд манай адууны хашаанд Э, Эрдэнэболд хоёр мотоциклтой ирчихсэн байсан. Эрдэнэболд надад тухайн үед “энэ даага тэнхэлтэй даага байна, зайдан унасан чинь булгиж байна” гэж ярьж байсан ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 167 дүгээр хуудас/,
Гэрч Д.Эрдэнэболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 02 дугаар сарын 20-ны үед өглөө 08-09 цагийн орчим Э улаан өнгийн мотоциклтой ирээд “хоёулаа хамт яваад адуу аваад ирье, би хөөж яваад адуу нь зогсчихсон, ойрхон баруун урд талд байгаа” гэж хэлсэн. Би Этэй хамт мотоциклтой нь манай гэрээс ертөнцийн зүгээр баруун урагшаа 2-3 км газар урдаа цагаан төмөр гүйдэг хаалгатай модон хашаатай, 1 монгол гэртэй, хашааны баруун хойд талын буланд машины гражтай хашааны үүдэнд халиун зүсмийн даага байсныг хашаа руу тууж оруулаад гражны үүд рүү шахсан. Би хашааны хаалга хааж байхад Э цагаан өнгийн мяндсан бугуйлаар бугуйлдаж барьж аваад хашаанаас хөтөлж гаргаад, би халиун даагыг зайдан унаад манай гэрийн зүүн урд талд байдаг Дугарын хашаанд очиж, тэдний малын хашаанд хийж орхисон. Тэгээд Дугарын гэрт ороод Э Дугарт “хашаанд чинь даага авчирч хийлээ” гэхэд “хэний ямар учиртай даага юм бэ” гэхэд Э “миний даага” гэж хэлсэн ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 169 дүгээр хуудас/,
Гэрч Л.Алтанболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 02 дугаар сарын 20-ны үед Сайншанд сумын 3 дугаар баг Хавцалын ам гэх газарт худаг дээр очиход 3 будан, 1 шарга, 1 халиун байдас өнжмөл дэлтэй хээр морь, нийт 13 тооны адуу байсан. Зөв талын ташаа толгойныхоо ард амаадаа харсан давхар саран тамгатай адуу байсан. Уг адуутай хамт миний эзэмшлийн зөв талын гуяндаа Монгол Б тамгатай хул байдас хамт байсан. Би уг адуунуудыг услаад худгаас урагшаа гаргаад орхисон. Услаад гаргасны маргааш уг адууг эрж хайхад олдоогүй. 4 хоногийн дараа сураг сонсоход Оргилбатын гэрийн урдуур Майханаа /Э/ туугаад явж байсан гэсэн. Би Оргилбатын гэрт ирээд асуухад “Майханаа хочтой Э миний харж байсан 4 адууны 3 адууг өөр адуутай хамт туугаад явж байхаар нь би салгаж аваад үлдсэн, Майханаагийн тууж явсан адууг хэний адуу болохыг мэдэхгүй, уг адууг туугаад аймгийн төв рүү орсон” гэж ярьж байсан. Үүнээс хойш 2 хоногийн дараа миний усалсан 13 тооны адууны эзэн гэх Өвөрхангай аймгийн хүн ирээд надтай уулзахад би уг хүнийг Э буюу Майханаатай уулзуулсан ... Намайг адуу усалдаг өдөр адуу усалчихаад явж байхад Майханаа буюу Этэй хавцлын урд талд таарахад загал азаргатай адуу асууж байсан ба би тийм адуу хараагүй гэж хэлсэн. Мөн би Эд өөрийн усалж байсан 13 тооны адууны эзэн нь олдохгүй байна, эзнийг нь сураглаж байгаарай гэж хэлсэн ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 172-175 дугаар хуудас/,
Гэрч А.Оргилбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 02 дугаар сарын 20-ны үед гэрийнхээ гадаа мал дурандаад сууж байтал улаан өнгийн Даюун маркийн мотоциклтой хүн 10 гаран тооны адуу туугаад явж байсан ба 3 тооны адуу салж давхиад байхад буцааж нийлүүлээд байсан. Тэгэхээр нь би мотоциклтой очиход надад Дундговь аймгийн Цагаан дэлгэр сумын Насан-Эрдэнэ гэх хүний надад захиж үлдээсэн хул гүү, хар даага, хээр байдас байсан ба саран дэвсгэртэй галтай тамгатай хар даага байхаар нь би салгаж аваад ямар учраас адуу тууж явааг асуухад “наад 3 чинь адууны захад байхаар нь туугаад явсан” гэж хэлсэн. Эгийн тууж явсан адуунд хондлой будан хул хонгор, ганц хоёр буурал адуу байсан. Бусад нь бараан зүсмийн 10-аад адуу байсан ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 177-180 дугаар хуудас/,
Гэрч Б.Мөнхбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 03 дугаар сарын эхээр Э миний утас руу залгаад “хямд үнээр адуу зарна, манай хадмын адуу байгаа юм, худалдаж авах уу” гэж асуусан. Би “уулзаж байгаад адууг чинь үзье” гэж хэлээд Офицерийн 8 айлын баруун талын шинээр баригдаж байгаа орон сууцны урд талд нэг хашаанд очиход Э 15-16 тооны адуу тууж ирээд, надад 4 тооны адуу барьж өгөн, хашаандаа буурал даага уяж үлдээсэн. Эгийн тууж ирсэн адуунууд их хөлөрчихсөн, холоос туугдсан шинжтэй байсан. Миний худалдаж авсан 4 тооны адууг одоо Иххэт сумын төвөөс урагшаа 50 км зайд манай дүү Хувьтөгөлдөр хариулан маллаж байгаа. ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 206-207 дугаар хуудас/,
Гэрч Э.Хувьтөгөлдөрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Сайншанд сумын баруун талаас үл таних Э гэх залуугаас зээрд гүү, хул байдас, хээр гүү, хээр соёолон насны нийт 4 тооны адууг 600,000 төгрөгөөр худалдаж авсан. Мөнгийг нь би Эгийн өөрийнх нь 5990445854 тоот данс руу мобайл банкаар шилжүүлж өгсөн ... 2021 оны 02 дугаар сард Эгээс авсан адууг Отгонбаяр гэх адууны эзэнд нь буцааж өгсөн ...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтасны 79 дүгээр хуудас/,
Гэрч Л.Саранчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Хурдан адууг нотлох нотломж буюу өргөмжлөл, медаль, уяачдын холбооны тодорхойлолт, гэрчилгээ зэрэг зүйлсийг үндэслэн гаргадаг. Эдгээр бичиг баримт, нотлох зүйл байхгүй бол тухайн үеийн зах зээлийн үнэлгээгээр үнэлж, үнэлгээ хийдэг ...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтасны 98 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “... Би 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн өглөө 09 цагийн үед Бавил гэж дууддаг мал махны ченж залуу миний 88548995 дугаарын утас руу 91342424 дугаараас залгаад “чи үлдсэн 400,000 төгрөгөө өгөхгүй юм уу, хэзээ өгөх вэ” гэж ярьсан. Тэгээд Бавил “хөгшөөн 20 тэмээний ноосыг нь хяргаж авах гэсэн юм, 20 тэмээ олоод өгчих” гэж хэлэхээр нь би “аймаг посттой байгаа ш дээ” гэж хэлэхэд Бавил “тэр хамаагүй, чи надад жолоочийн овоо хүртэл дөхүүлээд өгчих” гэсэн, би тэгэхээр нь ”за” гэж хэлсэн. Тэгээд би Сайншанд сумаас өглөө 09 цаг өнгөрөөгөөд өөрийнхөө хар өнгийн БНХАУ-д үйлдвэрлэсэн мотоциклтой ганцаараа Сайхандулаан сумын 3 дугаар багийн зүүн өмнө тал Дэврэх, Талын шувуу гэх газарт 13 цаг өнгөрөөгөөд очиж, Талын шувууны шавар дээр чихэндээ улаан өнгийн даавуутай 4 тэмээ, зөв талын гуяндаа “О” гэсэн тамгатай, чихэндээ ногоон өнгийн даавуутай 2 гуяндаа “Х” үсгийн тамгатай бараан зүсмийн 16 тооны тэмээг өөрийнхөө мотоциклоор туугаад Сайншанд руу явсан. Тэгээд нийт 20 тэмээг тууж Сайншанд сумаас баруун хойшоо 24-25 км зайтай явж байхад орой 18-19 цагийн үед Сайхандулаан сумын малчин Ууганаа гэж дууддаг залуу мотоциклтой тааралдсан. Ууганаа намайг “хаанаас хаашаа явж байгаа юм” гэж асуухад “Цохиогоос явж байна” гэсэн. Ууганаа миний тууж явсан тэмээн дундуур мотоциклтойгоо ороод цаашаа явсан. Тэгээд би 21 цагийн үед Сайншанд сумаас баруун тийш 18 км газарт явж байхад Бавил над руу залгаад “хаана явж байна” гэж асуухад нь “жолоочийн овооны хажууд ирсэн байна” гэж хэлсэн. Тэгээд би 20 тэмээгээ Жолоочийн овооны баруун талд туугаад явж байтал Сайхандулаан сумын Чулуунбат гэх хүн машинтай ирээд “дүү яагаад манай тэмээг авчихав, манай тэмээ байна” гэж хэлээд цагдаа дуудсан ... Бавил гэх хүнийг сайн танихгүй, миний талийгаач дүү Бавилаас 2020 онд 2,000,000 төгрөг зээлж аваад зээлсэн мөнгөө өгч чадаагүй байсан. Тэгээд ээж Нямсүрэн бид хоёр Бавилд 2020 оны 11 дүгээр сард 14 тооны ямааг талийгаач дүүгийнхээ зээлсэн өрөнд өгөөд үлдэгдэл 400,000 төгрөгийг өгөөгүй байгаа ... Бавил намайг 20 тооны тэмээ олоод өгчих гэж хэлсэн. 400,000 төгрөгийн өрөө 20 тооны тэмээ олж өгөөд Бавил ноосыг нь аваад өрөө дуусгая гэж ярьсан ... Би 2021 оны 02 дугаар сарын 20-ны үед байх, өдрийг нь санахгүй байна, өөрийн галтай сар, хос босоо хайруулган тамгатай загал азаргатай, 20 гаруй тооны адууг хайгаад Сайншанд сумын төвөөс баруун урагшаа 25-26 км газарт нутаглаж байсан Алтанболдынх гэх айлд улаан өнгийн Даюун мотоциклтой ганцаараа 16 цагийн үед очиход гэрт нь хүүхэд байсан. Алтанболдыг асуухад аав адуундаа явсан, ирээгүй байгаа гэж хэлэхээр нь гараад зүүн хойшоо 2-3 км газар худгийн урд явж байхад Алтанболдтой тааралдсан. Алтанболдоос би адуугаа сураглахад танай адууг хараагүй гэж хэлсэн. Тэгтэл Алтанболд 3 бууралтай, 1 шаргатай, 1 хээр морьтой, бараан зүсмийн голдоо 12 тооны адуу байна, уг адууг хүн ч эрж сурдаггүй, хүн ирж авдаггүй адуу байна гэж хэлсэн. Алтанболдыг тэгж хэлэхээр нь Дундговь аймгийн Өлзийт сумын Буянт бригадын Пүрэвдорж гэх залуу 2021 оны 01 дүгээр сарын 27-29-ний үед надаас утас фэйсбүүкээр давхар саран тамгатай, 3 буурал зүсмийн адуутай 17-18 тооны адууг сураглаж, асууж байхаар нь уг адууг юм байх гэж бодоод Алтанболдын худгийн урд талд орхичхоод явсан. Маргааш өглөө нь 09-10 цагийн үед Сайншанд сумын төвөөс гараад баруун урагшаа Хаалгын булаг ороход миний шөнө тууж ирсэн адуу байж байсан. Тэгээд би Пүрэвдоржийн утсаар залгахад утас нь холбогдохгүй болохоор нь Сайншанд сум руу мотоциклтой туугаад явж байхад Дугарсүрэнгийн дүү Оргил гэх залуутай тааралдсан ... уг адуунаас цэгээн гүү, цагаан сүүлтэй хар даага, урт дэлтэй хээр үрээ, хул даага гэсэн 4 адууг айлын хашаанд хашиж үлдээгээд, Дорноговь аймгийн Сайншанд сумын Мөнхбат гэх залуу үл таних 2 залуутай жижиг суудлын автомашинтай ирж, уг 4 тооны адууг нийтэд нь 700,000 төгрөгөөр зарсан ба мөнгийг нь дансаар авсан. ” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 23-24, 147, 162-163, 203, 2 дугаар хавтасны 65, 111, 138-139 дүгээр хуудас/,
“Ашид билгүүн” ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн ТХҮ-821/1204 дугаартай “... Даюун мотоцикл 350,000 төгрөг” гэсэн дүгнэлт /2 дугаар хавтасны 67-69 дүгээр хуудас/,
“Ашид билгүүн” ХХК-ийн “... Ингэ 5 настай, 2 ширхэг, 2,600,000 төгрөг, тайлаг, 4 настай, 4 ширхэг, 4,800,000 төгрөг, гунж, 3 настай, 6 ширхэг, 6,600,000 төгрөг, тором, 2 настай, 4 ширхэг, 3,600,000 төгрөг, нийт 17,600,000 төгрөг” гэсэн дүгнэлт /1 дүгээр хавтасны 35 дугаар хуудас/,
“Ашид билгүүн” ХХК-ийн “... ат, 6 настай, 1 ширхэг, 1,900,000 төгрөг, ингэ, 10 настай, 1 ширхэг, 1,300,000 төгрөг, тайлаг, 1 настай, 1 ширхэг, 1,200,000 төгрөг, тайлаг, 3 настай, 1 ширхэг, 1,100,000 төгрөг, нийт 5,500,000 төгрөг” гэсэн дүгнэлт /1 дүгээр хавтасны 36 дугаар хуудас/,
“Ашид билгүүн” ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн ТХҮ-821/016 дугаартай “... хонгор морь /8 настай/ 1,200,000 төгрөг, цэгээн гүү /10 настай/, 950,000 төгрөг, хул байдас /3 настай/, 750,000 төгрөг, халтар хээр морь /7 настай/, 1,200,000 төгрөг, хонгор буурал /хурдтай, 11 настай/, 2,500,000 төгрөг, сүүл хээр даага /2 настай/, 500,000 төгрөг, улаан хээр морь /7 настай/, 1,200,000 төгрөг, нийт 8,300,000 төгрөг” гэсэн дүгнэлт /1 дүгээр хавтасны 190-193 дугаар хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтасны 4-6 дугаар хуудас/,
Хохирогч М.Чинзоригтын мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2020 оны тооллогын хуулбар /1 дүгээр хавтасны 52-55 дугаар хуудас/,
Хохирогч Д.Чулуунбатын мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2020 оны тооллогын хуулбар /1 дүгээр хавтасны 60 дугаар хуудас/,
Хохирогч Т.Отгонбаярын мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2020 оны тооллогын хуулбар /2 дугаар хавтасны 75-77 дугаар хуудас/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолууд /1 дүгээр хавтасны 196, 214, 216-250, 2 дугаар хавтасны 01-62 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.
1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулсан, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож үнэлэв.
Шүүгдэгч Б.Э нь 2021 оны 02 дугаар сард Өвөрхангай аймгийн Сант сумаас хохирогч Т.Отгонбаярын 2020 оны 12 дугаар сард бэлчээр дээрээс уруудуулж алдсан 14 тооны адууг Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэр Хаалгын булаг гэх газарт уруудаж ирснийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж 4 тооны адууг завшиж, захиран зарцуулж, 8,300,000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Олдох гэх газраас хохирогч М.Чинзоригийн 4 тооны, хохирогч Д.Чулуунбатын 16 тооны, нийт 20 тооны тэмээг тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлан авахыг завдсан үйл явдал болсон нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завших” гэж алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгаа, өөрийн эд хөрөнгө биш гэдгийг мэдсээр байж өөрийн өмчлөл, эзэмшилд хариу төлбөргүйгээр хууль бусаар авах, захиран зарцуулах үйлдлийг ойлгоно.
“Алдуул мал” гэж өмчлөгч буюу эзэмшигчийн хүсэл зоригоос үл хамааран өөрийн ижил сүрэг, байнга идээшиж дассан нутаг бэлчээр, хашаа, хороогоо орхин алслагдаж, хэний ч эзэмшил, хараа хяналтгүй болсон малыг хэлэх бөгөөд тухайн нөхцөлд малын өмчлөгч, эзэмшигч нь хэн болох нь мэдэгдэхгүй байгааг ойлгоно.
Хохирогч Т.Отгонбаярын өмчлөлийн 14 тооны адуу алдуул мал болох нь мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн өгсөн “...Манай адуу Өвөрхангай аймгийн Сант сумын 3 дугаар багийн нутаг “Нарийн-Ухаа” гэх газраас 2020 оны 10 дугаар сарын 2-д-ын үед малын бэлчээр өвсгүй болж мал тогтохгүй, адуу шөнөдөө 20-30кмт бэлчээр өвс дагаж уруудаж байх үед азаргагүй, зөв талын гуяны толион дээр хөвчтэй саран тамгатай 14 тооны адууг уруудуулж алдаад 2020 оны 12 дугаар сарын 15-ны үед Дундговь аймгийн Говь-Угтаал сумаас олж аваад байж байтал Говь-Угтаал сумын хүмүүс нь гаднаас орж ирсэн адууг хөөх үед манай 14 тооны адуу алга болсон. Үүнээс хойш адууны сураг гарахгүй байж байгаад 2021 оны 02 дугаар сарын 20-дын үед Дорноговь аймгийн Сайншанд суманд Алтанболд гэх хүн манай адууг маллаж харж байгаа талаар сураг сонсож, Алтанболдын утасны дугаараар ярьж асуугаад манай адуу мөн болохыг мэдсэн...” гэсэн мэдүүлэг, гэрч Л.Алтанболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 02 дугаар сарын 20-ны үед Сайншанд сумын 3 дугаар баг Хавцалын ам гэх газарт худаг дээр очиход 3 будан, 1 шарга, 1 халиун байдас өнжмөл дэлтэй хээр морь, нийт 13 тооны адуу байсан.... Намайг адуу усалдаг өдөр адуу усалчихаад явж байхад Майханаа буюу Этэй хавцлын урд талд таарахад загал азаргатай адуу асууж байсан ба би тийм адуу хараагүй гэж хэлсэн. Мөн би Эд өөрийн усалж байсан 13 тооны адууны эзэн нь олдохгүй байна, эзнийг нь сураглаж байгаарай гэж хэлсэн ...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Б.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Алтанболдтой тааралдсан. Алтанболдоос би адуугаа сураглахад танай адууг хараагүй гэж хэлсэн. Тэгтэл Алтанболд 3 бууралтай, 1 шаргатай, 1 хээр морьтой, бараан зүсмийн голдуу 12 тооны адуу байна, уг адууг хүн ч эрж сурдаггүй, хүн ирж авдаггүй адуу байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг зэргээр алдуул мал болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Э нь 2021 оны 02 дугаар сард 14 тооны адууг бусдын өмчлөлийн адуу болохыг мэдсээр байж завшиж, 8,300,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн шүүгдэгч Б.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...уг адуунаас цэгээн гүү, цагаан сүүлтэй хар даага, урт дэлтэй хээр үрээ, хул даага гэсэн 4 адууг айлын хашаанд хашиж үлдээгээд, Дорноговь аймгийн Сайншанд сумын Мөнхбат гэх залуу үл таних 2 залуутай жижиг суудлын автомашинтай ирж, уг 4 тооны адууг нийтэд нь 700,000 төгрөгөөр зарсан ба мөнгийг нь дансаар авсан. ” гэсэн мэдүүлэг, гэрч Э.Хувьтөгөлдөрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Сайншанд сумын баруун талаас үл таних Э гэх залуугаас зээрд гүү, хул байдас, хээр гүү, хээр соёолон насны нийт 4 тооны адууг 600,000 төгрөгөөр худалдаж авсан. Мөнгийг нь би Эгийн өөрийнх нь 5990445854 тоот данс руу мобайл банкаар шилжүүлж өгсөн ... 2021 оны 02 дугаар сард Эгээс авсан адууг Отгонбаяр гэх адууны эзэнд нь буцааж өгсөн...” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Мөнхбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 03 дугаар сарын эхээр Э миний утас руу залгаад “хямд үнээр адуу зарна, манай хадмын адуу байгаа юм, худалдаж авах уу” гэж асуусан. Би “уулзаж байгаад адууг чинь үзье” гэж хэлээд Офицерийн 8 айлын баруун талын шинээр баригдаж байгаа орон сууцны урд талд нэг хашаанд очиход Э 15-16 тооны адуу тууж ирээд, надад 4 тооны адуу барьж өгөн, хашаандаа буурал даага уяж үлдээсэн. Эгийн тууж ирсэн адуунууд их хөлөрчихсөн, холоос туугдсан шинжтэй байсан. Миний худалдаж авсан 4 тооны адууг одоо Иххэт сумын төвөөс урагшаа 50 км зайд манай дүү Хувьтөгөлдөр хариулан маллаж байгаа...” гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын малыг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бүр мөсөн, үнэ төлбөргүйгээр, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг онцлог, үндсэн шинжтэй гэмт хэрэг юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр өөрчлөлт орж энэ зүйлийн 2.1-т “олон тооны мал хулгайлж”, 2.4-т “машин механизм ашиглаж” гэж гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг заажээ.
“Олон тооны мал” гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно гэж хуульд заасан байна.
Шүүгдэгч Б.Э нь 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хохирогч М.Чинзоригтын 4 тэмээ, хохирогч Д.Чулуунбатын 16 тэмээ, нийт 23,100,000 төгрөгийн үнэ бүхий 20 тооны тэмээг тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлахыг завдсан болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан хохирогч М.Чинзоригтын мөрдөн шалгах ажиллагаанд гэрч болон хохирогчоор өгсөн: “... 2021 оны 05 дугаар сарын 14-ний 19 цаг 30 минутын орчим миний утас руу дүү Ууганбаатар залгаад “манай гэрийн ойролцоо хүн тэмээ туугаад явж байна, таны тамгатай тэмээ байх шиг байна, танайхаас 4 тэмээ, бусад нь ногоон даавуутай тэмээ байна” гэж хэлсэн...Намайг дүүгийнхээ гэрт очиход тэмээнүүдийг хашаад, туусан хүнийг нь гэртээ оруулчихсан байсан ... Хашсан байсан тэмээнээс 4 нь манай тэмээ байсан ...” гэсэн мэдүүлэг, хохирогч Д.Чулуунбатын мөрдөн шалгах ажиллагаанд гэрч болон хохирогчоор өгсөн: “... 2021 оны 05 дугаар сарын 14-ний 19 цаг орчим Сайхандулаан сумын малчин Ууганбаатарын 88179076 дугаарын утаснаас залгаад “чихэндээ ногоон өнгийн даавуун дүүжинтэй тэмээнүүдийг хүн туугаад явж байна” гэхээр нь би эхнэр Пүрэвжавын хамт очсон. Ууганбаатарын гэрт очиход тууж явсан 20 тэмээний 16 нь манай тэмээ байсан... Алдсан 16 тэмээг олж авсан, надад гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг, гэрч И.Мөнгөнчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2021 оны 05 дугаар сарын 14-ний 19 цаг 30 минутын орчим манай нөхөр Чинзоригтын утас руу дүү нь болох Ууганбаатар залгаад “манай гэрийн ойролцоо хүн тэмээ туугаад явж байна, таны тамгатай тэмээ байх шиг байна, танайхаас 4 тэмээ, бусад нь ногоон даавуутай тэмээ байна” гэж хэлсэн...Бид нарыг Ууганбаатарын гэрт очиход хүнийг нь гэртээ оруулчихсан, манай тэмээ болон өөр улаан даавуутай тэмээнүүдийг нэг хашаанд оруулчихсан байсан. Тэнд хашсан байсан тэмээнээс 4 нь манай тэмээ байсан ...” гэсэн мэдүүлэг, гэрч У.Пүрэвжавын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2021 оны 05 дугаар сарын 14-ний 19 цаг орчим Сайхандулаан сумын малчин Ууганбаатарын 88179076 дугаарын утаснаас залгаад “чихэндээ ногоон өнгийн даавуун дүүжинтэй тэмээнүүдийг хүн туугаад явж байна” гэхээр нөхрийн хамт очсон. Ууганбаатарын гэрт очиход тууж явсан 20 тэмээний 16 нь манай тэмээ байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч С.Ууганбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 18:30 цагийн үед би Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 3 дугаар баг “Баруун Овоогийн бууц” орчим малаа туугаад явж байтал тэмээ туусан хар өнгийн мотоциклтой хүн явж байхаар нь очиж уулзсан...Тэгээд би тэр хүнээс “нутаг хаана вэ” гэж асуухад “Шандын хүн” гэж хариулсан ба “хаанаас хаашаа явж байгаа вэ” гэж асуухад “Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Цохио бригадаас алдсан тэмээ аваад Сөгдөхийн уурхай орохоор явж байна” гэж хариулсан. Би тэр хүнээс тухайн үед гадаа нар шингэх дөхөж байсан учраас “хаана хонох гэж байгаа юм бэ” гэхэд “манайхан шандаас одоо машинтай ирж байгаа” гэж хариулсан. “Тэмээгээ аль хүртэл явуулж байж хонох вэ” гэхэд “”Сайншандаас Сайхандулаан сум руу явдаг жолоочийн овооны урд энгэрт буюу Тэрэгт гэдэг газар оруулна” гэснээ чимээгүй болсон. Тэгэхээр нь би тэр хүнийг Өргөн сумын хүн биш байна гэдгийг мэдсэн. Тэгээд тууж явсан тэмээнийх нь дундуур явж байхдаа ажиглахад чихэндээ улаан өнгийн даавуун дүүжинтэй тэмээнүүд байсан. Би тэр хүний тууж явсан тэмээнүүдийг харчихаад шууд мал руугаа явсан. Мал дээрээ оччихоод тэр хүнээс холдчихсон юм чинь гээд ах Чинзоригтын тэмээнүүд нь чихэндээ улаан өнгийн даавуун дүүжинтэй 4 тооны тэмээг чинь энд хүн тууж явна, бас ногоон өнгийн дүүжинтэй тэмээнүүд байна, та наашаа хүрээд ирж үз гэж хэлсэн...Тэгээд Чинзоригт ах болон Чулуунбат нар надтай ярьснаас хойш 30-40 минут орчмын дараа ирцгээсэн. Тэр хүний тууж явсан тэмээнүүдийг хамт үзэхэд Чинзоригт ахын 4 тэмээ, Чулуунбат ахын 16 тэмээ байсан ...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Б.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...би Сайншанд сумаас өглөө 09 цаг өнгөрөөгөөд өөрийнхөө хар өнгийн БНХАУ-д үйлдвэрлэсэн мотоциклтой ганцаараа Сайхандулаан сумын 3 дугаар багийн зүүн өмнө тал Дэврэх, Талын шувуу гэх газарт 13 цаг өнгөрөөгөөд очиж, Талын шувууны шавар дээр чихэндээ улаан өнгийн даавуутай 4 тэмээ, зөв талын гуяндаа “О” гэсэн тамгатай, чихэндээ ногоон өнгийн даавуутай 2 гуяндаа “Х” үсгийн тамгатай бараан зүсмийн 16 тооны тэмээг өөрийнхөө мотоциклоор туугаад Сайншанд руу явсан. Тэгээд нийт 20 тэмээг тууж Сайншанд сумаас баруун хойшоо 24-25 км зайтай явж байхад орой 18-19 цагийн үед Сайхандулаан сумын малчин Ууганаа гэж дууддаг залуу мотоциклтой тааралдсан. Ууганаа намайг “хаанаас хаашаа явж байгаа юм” гэж асуухад “Цохиогоос явж байна” гэсэн. Ууганаа миний тууж явсан тэмээн дундуур мотоциклтойгоо ороод цаашаа явсан... Тэгээд би 20 тэмээгээ Жолоочийн овооны баруун талд туугаад явж байтал Сайхандулаан сумын Чулуунбат гэх хүн машинтай ирээд “дүү яагаад манай тэмээг авчихав, манай тэмээ байна” гэж хэлээд цагдаа дуудсан ...” гэсэн мэдүүлэг зэргийг хооронд нь харьцуулан судлахад шүүгдэгч нь өөрийн алдсан тэмээгээ олоод явж байгаа мэтээр ярьж, бусдын олон тооны тэмээг хулгайлах гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдлийг санаатай хийсэн байсан, энэхүү үйлдлийн улмаас хор уршиг учрах нь тодорхой болсон байсан боловч гэмт хэрэг төгсөөгүй нь шүүгдэгчийн хүсэл зоригоос гадуур түүний үйлдлийг гэрч С.Ууганбаатар таслан зогсоож, учрах хор уршгийг туйлд нь хүргэж чадаагүй байна.
Шүүгдэгч Б.Эгийн энэхүү үйлдлийг төгсөөгүй завдалт буюу Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мал хулгайлах гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэж үзэв. Түүнчлэн шүүгдэгч Б.Э нь эдгээр олон тооны тэмээг хулгайлахдаа тээврийн хэрэгсэл буюу өөрийн эзэмшлийн 150 мотортой БНХАУ-д үйлдвэрлэсэн, Даюун маркийн мотоциклийг ашигласан болох нь тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завших” гэмт хэргийг үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан бусдын олон тооны малыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч мал хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдэхийг завдсан гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй.
Хохирол төлбөрийн талаар:
Хохирогч М.Чинзоригийн 4 тооны, хохирогч Д.Чулуунбатын 16 тооны, нийт 20 тооны тэмээг хулгайлсан үйлдлийн хувьд тухайн өдрөө хохирогч нарт 20 тооны тэмээг хүлээлгэн өгсөн, хохирогч Т.Отгонбаярт 10 адууг буцаан өгч, шүүхийн шатанд 4 адууны үнэ 4,350,000 төгрөг, шатахууны зардал 768,000 төгрөг, нийт 5,118,000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь хохирогч нар болон шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдож байна.
Харин 700,000 төгрөгөөр 4 тооны адуу худалдан авсан иргэний нэхэмжлэгч Б.Мөнхбатад төлбөрийг төлөөгүй ба шүүгдэгч Б.Э нь шүүх хуралдаанд иргэний нэхэмжлэгчийн хохирлыг төлөхөө илэрхийлсэн тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эгээс 700,000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Б.Мөнхбатад олгохоор шийдвэрлэв.
2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шуурхай олж тогтоон шударгаар ял оногдуулах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд орших бөгөөд гэмт этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь үйлдсэн гэмт хэрэг, түүний нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой.
Шүүгдэгч Б.Э нь иргэний нэхэмжлэгчид учруулсан хохирлыг төлөхөө шүүх хуралдаанд илэрхийлсэн ба, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Э нь 2021 оны 02 дугаар сард алдуул малыг завшсан гэмт хэрэг нь 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдсэн, иргэний нэхэмжлэгчийн хохирлыг нөхөн төлөхөө шүүх хуралдаанд илэрхийлсэн тул 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Эд 3 жил, 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногоор дүйцүүлэн 3 жил, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, шүүгдэгч Б.Эгийн цагдан хоригдсон 14 хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл болох 150 мотортой БНХАУ-д үйлдвэрлэсэн, Даюун маркийн мотоциклийг шүүгдэгч Б.Эгээс хурааж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.
2.Шүүгдэгч Б.Э-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэм буруутайд тооцсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эд 3 жил, 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
4.Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эд оногдуулсан 3 жил, 6 сарын хугацаагаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногоор дүйцүүлэн 3 жил, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь 3 жил, 6 сарын хугацаанд Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглосугай.
6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эд оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 170 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Э нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
11.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэг, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, шүүгдэгч Б.Эд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
14.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
15.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч нь шийтгэх тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.АДЪЯА