Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/11

 

 

 

 

 

 

   

                                 

      

 

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Адъяа даргалж,

         Нарийн бичгийн дарга Э.Энхмаа, 

         Улсын яллагчаар хяналтын прокурор Л.Мөнхбаяр,

         Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун,

         Шүүгдэгч Г.Э нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

  Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Мөнхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Эд холбогдох эрүүгийн 21190001540241 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

         Шүүгдэгчийн биеийн байцаалт:

         Монгол Улсын иргэн,  Г.Э

         Холбогдсон хэргийн талаар:

   Яллагдагч Г.Э нь 2021 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Шинэ зуун үйлчилгээний төвийн урд талын засмал зам дээр Тоёота Акуа маркийн .... УБУ улсын дугаартай, тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.10-д “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас М.Энхбаатарын жолоодож явсан улсын дугааргүй мотоциклтой мөргөлдөж, улмаар С.Б-ийн биед хүндэвтэр, Э.Б-ийн биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          Шүүгдэгч Г.Э шүүхийн хэлэлцүүлэгт: “... Мэдүүлэг өгөхгүй ...” гэв.

          Хохирогч С.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 05 цагийн орчимд Дорноговь аймгийн Сайншанд сум Номин худалдааны төвийн зүүн хойд талд алхаж явж байхад танил дүү Э 1 хүүхэн сундалчихсан мотоциклтой явж байсан. Тэгэхээр нь би замаас нь дайгдаж суугаад, айлд хүргүүлэхээр явж байгаад 4 замын уулзвараас баруун тийш эргээд явтал Шинэ зууны худалдааны төвийн урд гэнэт л машинд мөргүүлчихсэн. Тэгээд миний зүүн гар шуу орчмоороо хугарчихсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй ... ” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 33, 35 дугаар хуудас/,

          Хохирогч Э.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 20 цагийн орчим манай найз Э ирээд бид хоёр манай гэрт хоорондоо юм ярьж сууж байгаад 21 цагийн орчим хоёулаа ганц хоёр пиво уух уу гэхээр нь тэгье гээд 2,5 литрийн, Сэрүүн нэртэй пиво 2 ширхгийг аваад манай гэрт очсон. Тэгээд бид хоёр дэлгүүрээс авсан пивоо ууж байгаад 01 цагийн орчим манай гэрээс өөрийнхөө мотоциклийг унаад явсан. Тэгээд 2021 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 04 цагийн орчим манай гэрт буцаж ирээд “хоёулаа манай эгчийнх рүү явж миний мотоциклийг тавьчхаад ирье” гэхээр нь тэгье гээд хамт ар шандаас урагшаа явж байхад замаас нэг залууг аваад явсан. Явж байгаад 4 замын уулзвараас баруун тийш явж байхад Шинэ зуун үйлчилгээний төв болон Буянт шанд үйлчилгээний төвийн хажууд явж байхад хажуугаас цагаан өнгийн автомашин гэнэт эргээд бид нарыг мөргөчихсөн. Тэгснээ цагаан өнгийн машины жолооч эгч машинаас бууж ирээд “яана, ёстой уучлаарай, миний буруу, нүд гялбаад юу ч харсангүй” гэж хэлсэн. Зүүн хөлийн өвдгөөр нийт 8 оёдол, зүүн талын мөрний дээд хэсэгт арьс зулгарсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй ... ” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 41, 45-46 дугаар хуудас/,

         Гэрч М.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Б-ийн хамт дэнж рүү манай эгчийнх рүү явж миний унаж явсан мотоциклийг үлдээчхээд буцах гээд явж байхад замд зүс таних залуу явж байхаар нь ардаа гурвалж сундлаад явж байгаад цагаан өнгийн машинд мөргүүлсэн. Цагаан өнгийн машины жолооч эмэгтэй хүн байсан. Миний уусан архи гараагүй байсан учраас бас би машинтай мөргөлдөөд ухаан алдчихсан байсан болохоор яг юу болсон талаар тодорхой санахгүй байна ... ” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 39 дүгээр хуудас/,

         Гэрч Ж.А-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би машинаасаа бууж харахад 3 хүн газар хэвтэж байхаар нь шууд цагдаагийн байгууллагад хандсан. Мөн эмнэлгийн байгууллагад хандсан. Тэгээд очоод харахад мотоцикл барьж явсан гэх залуу доошоо хараад хэвтчихсэн, эмэгтэй нь ёолоод байсан, ард нь сууж байсан гэх залуу нь босоод зогсчихсон байсан. Манай эхнэр машин барьж явсан бөгөөд дохиогоо өгөөд эргэх үйлдэл хийж байхад мотоцикл асар хурдтай ирсэн ... Надад учирсан гэмтэл байхгүй ... ” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 48 дугаар хуудас/,

          Шүүгдэгч Г.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрч болон яллагдагчаар өгсөн: “ ... 2021 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн орой нефтийн ажилчдын барилгын баруун талд байдаг хашаа байшиндаа нөхөртэйгөө хамт очиж хоночхоод 2021 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн өглөөний 05 цаг 30 минутад Улаанбаатар хотоос дэлгүүрийн бараа ирсэн байна гэхээр нь очиж авах гээд нөхөртэйгөө хамт явж байгаад замаараа Буянт шанд дэлгүүрээс орж маск авах гээд дохио өгөөд эргэтэл миний сууж явсан талаас гэнэт мотоцикл ирээд хүчтэй мөргөсөн. Тэгээд манай нөхөр машинаас түрүүлж буугаад харахад 3 хүн газар хэвтэж байхаар нь манай нөхөр цагдаагийн байгууллагад эмнэлэгт мэдэгдсэн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 37, 123-124 дүгээр хуудас/,

          Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 02/0209 дугаартай “... С.Б-ийн биед зүүн шуу ясны хугарал, тархи доргилт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, духны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтлүүд нь хатуу, мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан зүүн шуу ясны хугарал нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах ба цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Учирсан тархи доргилт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, духны зулгаралт нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Учирсан гэмтлүүд нь 5-7 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Шинээр илэрсэн зүйлгүй ...“ гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 62 дугаар хуудас/,

          Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 02/0211 дугаартай “... Э.Б-ийн биед зүүн өвдөгний шарх, зүүн чамархай, зүүн бугалганы зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Учирсан гэмтлүүд нь 5-7 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Шинээр илэрсэн зүйлгүй ...“ гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 69 дүгээр хуудас/,

          Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Амарын 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн “... Улсын дугааргүй, цэнхэр өнгөтэй, Speed маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явсан РД:...... регистрийн дугаартай, 32 настай, эрэгтэй Х овогт М-ын Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн дараах зүйл заалтуудыг зөрчсөн байна гэж үзлээ. Үүнд: 1.Улсын дугааргүй, цэнхэр өнгөтэй, Speed маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явсан М.Э нь “А” ангиллын жолоодох эрхийн үнэмлэхгүй байна. 2.ЗХД-ийн 3.1.А-д заасны дагуу тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл /жолоодлогын дадлага хийж яваа сурагчид хамаарахгүй/. 3.ЗХД-ийн 3.7.А-д заасны дагуу тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 4.ЗХД-ийн 3.7.В-д заасны дагуу зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй буюу бүртгэлийн дугаарын тэмдэггүй, тэмдгийг буруу байрлуулсан, дугаар нь бүдгэрсэн, арилсан, түүнчлэн тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох, 5.ЗХД-ийн 6.1.Б-д заасны дагуу мотоцикл, мопедоор зорчихдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, 6.ЗХД-ийн 23.9.А-д заасны дагуу тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон зорчигч,

          91-63 УБУ улсын дугаартай, Тоёота Акуа маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явсан РД:...... регистрийн дугаартай, Ө овогт Г-ын Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн дараах зүйл заалтуудыг зөрчсөн байна гэж үзлээ. Үүнд: 1.ЗХД-ийн 15.10-т заасны дагуу жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн байна.

          Осол болоход нөлөөлсөн үндсэн шалтгаан нь Г.Э нь Замын хөдөлгөөний дүрмийн 15.10 дахь заалтыг зөрчсөнөөс буюу зүүн гар тийш эргэхдээ чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүйгээс болж уг зам тээврийн осол болсон байна ... ” гэсэн мөрдөгчийн магадалгаа /хавтаст хэргийн 26-28 дугаар хуудас/,

          Техникийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 10/12 дугаартай “... ирүүлсэн материалаас үзэхэд Тоёота Акуа маркийн, ... УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Г.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.10-д заасан жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн нь уг зам тээврийн осол гарах шалтгаан болсон байна ...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 84-85 дугаар хуудас/,

          Хохирогч С.Б, Э.Б-ийн нарын Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн Яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 58-59, 66-67 дугаар хуудас/,

          Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 8-10 дугаар хуудас/,

          Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 12 дугаар хуудас/,

          Тээврийн хэрэгсэлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 13-18 дугаар хуудас/,

          Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн  19, 21-23 дугаар хуудас/,

          Тээврийн хэрэгсэл түр саатуулсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас/,

          Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 90 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав.

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулсан, бэхжүүлсэн,  хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож үнэлэв.

           Шүүгдэгч Г.Э нь 2021 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Шинэ зуун үйлчилгээний төвийн урд талын засмал зам дээр Тоёота Акуа маркийн ... УБУ улсын дугаартай, тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.10-д “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас М.Э-ын жолоодож явсан улсын дугааргүй мотоциклтой мөргөлдөж, улмаар С.Б-ийн биед хүндэвтэр, Э.Б-ийн биед хөнгөн хохирол учруулсан үйл явдал болсон нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.     

“Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэдэгт тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нь Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмээр тогтоосон хэм хэмжээ, журмыг гэм буруутайгаар зөрчсөнийг ойлгоно.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нь Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмээр тогтоосон хэм хэмжээ, журмыг зөрчсөний улмаас хохирогчийн бие махбод буюу эрүүл мэндэд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан гэмтэл учирсан байх объектив болон субъектив талын шинжийг хангахыг шаарддаг.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэжээ.

 Шүүгдэгч Г.Э нь Тоёота Акуа маркийн ... УБУ улсын дугаартай, тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 15.10-д “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн ба автомашин жолоодож байгаа жолооч замын хөдөлгөөний дүрмийг баримтлах ёстойг мэдсэн хэдий ч осол гаргахгүй байна гэж хөнгөмсгөөр найдсан нь тогтоогджээ.

Ийнхүү тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа зам тээврийн осол гаргаж, М.Э-ын жолоодож явсан мотоциклийг мөргөж, хохирогч С.Б-ийн эрүүл мэндэд хүндэвтэр, хохирогч Э.Б-ийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан тул шүүгдэгч Г.Эг дээрх гэмт хэргийг болгоомжгүйгээр үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Г.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон.

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Б, Э.Б нар нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

         Шүүгдэгч Г.Э нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч маргаагүй, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас төлөх төлбөргүй байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болохоо шүүх хуралдаанд илэрхийлсэн зэрэг хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдож байна.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч Г.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, хохирол төлбөргүй байдал зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдсон ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

            Мотоцикл жолоодож явсан М.Э нь “А” ангиллын жолоодох эрхийн үнэмлэхгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, улсын бүртгэлд хамруулаагүй, бичиг баримтгүй тээврийн хэрэгсэл жолоодсон, мотоциклоор зорчихдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөөгүй, тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон зорчигч буюу мотоциклд өөрөөсөө гадна 2 хүнийг  сундлан явсан зэрэг нь Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөн болох нь Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Амарын 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн магадалгаагаар тогтоогдсон бөгөөд энэ талаар хохирогч М.Энхбаатар хүлээн зөвшөөрч маргаагүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан хохирогчийн хууль ус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзлээ.

          Иймд шүүгдэгч Г.Эд прокурорын саналын хүрээнд, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй гэж үзэв.

         Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

          Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Г.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

         2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

         3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э нь торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулсугай.

        4.Шүүгдэгч Г.Э нь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

        5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

         6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол  шүүгдэгч Г.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

        8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                             Н.АДЪЯА