Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/20

 

 

                          

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүгч Т.Алтантуяа, Л.Баатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин, иргэдийн төлөөлөгч Ж.Долгормаа, улсын яллагч Н.Ундрах,  шинжээч Б.Ариунзул (цахимаар), амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б, түүний өмгөөлөгч У.Хүрэлсүх, Д.Бум-Аюуш, шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч Ц.Баасанжаргал, М.Хувцагаан, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Т.Сайнбаяр нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008 00000 1572 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, Б овгийн В.Б, *** оны ** дугаар сарын **-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, 47 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “***” ХХК-д нормчин ажилтай, ам бүл тав, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянгол ** дугаар гудамжны ** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

2. Монгол Улсын иргэн, Б овгийн Б.О, *** оны ** дүгээр сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 23 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “***” ХХК-д ажиллаж байсан, ам бүл зургаа, дүү, хамтран амьдрагч, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянгол ** дугаар гудамжны ** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч В.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын *** тоотод байрлах нийтийн байранд хохирогч Д.Б-тэй хувийн таарамжгүй харьцаа үүсгэн улмаар шилэн аягаар толгойн орой хэсэгт нэг удаа цохиж эрүүл мэндэд нь гавлын зүүн зулай ясны цөмөрсөн, духны баруун хэсэг, баруун нүдний ухархайн дээд хана, суман заадас, баруун зулай, чамархай, суурь ясны баруун дунд хонхор руу салаалсан хугарал, толгой зулай хэсгийн хатуу хальсан дээрх ялтаслаг хэлбэрийн цусан хураа, тархины баруун дух, чамархайн суурь хэсгийн няцрал, аалзан хальсан доорх тархмал цус харвалт, тархины хажуугийн ховдол болон 3,4-р ховдол дахь цус харвалт бүхий амь нас аврагдах боломжгүй хүнд гэмтлийг учруулан хүнийг алсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Б.О нь 2021 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Орбитын *** тоотод байрлах нийтийн байранд “ээж В.Б-г зодлоо” гэх шалтгаанаар Д.Б-ийг “гавлын зүүн зулай ясны цөмөрсөн, духны баруун хэсэг, баруун нүдний ухархайн дээд хана, суман заадас, баруун зулай, чамархай, суурь ясны баруун дунд хонхор руу салаалсан хугарал, толгой зулай хэсгийн хатуу хальсан дээрх ялтаслаг хэлбэрийн цусан хураа, тархины баруун дух, чамархайн суурь хэсгийн няцрал, аалзан хальсан доорх тархмал цус харвалт, тархины хажуугийн ховдол болон 3,4-р ховдол дахь цус харвалт бүхий үхэлд хүргэсэн хүнд гэмтэлтэй буюу биеэ хамгаалах чадваргүй байх үед нь нүүрэн тус газарт гараараа цохих, орноос газарт чирч газарт унагах, газарт унагах байдлаар зодсоны улмаас эрүүл мэндэд нь хацар ясны нумын хоёрлосон хугарал, хамар ясны хугарал, хоёр нүдний зовхи, баруун нүдний доод зовхины дотор салст, дээд, доод уруулын дотор салст, баруун, зүүн шилбэний цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцралт бүхий хүндэвтэр хохирлыг санаатай учруулан “хүний эрүүл хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт тус бүр холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд:

1. Шүүгдэгч, Б овгийн В.Б нь 2021 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын ***тоотод байрлах нийтийн байранд согтуурсан байх үедээ амь хохирогч Д.Б-тэй хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргаж, улмаар шилэн аягаар толгойн орой хэсэгт нэг удаа цохиж, биед нь гавлын зүүн зулай ясны цөмөрсөн, духны баруун хэсэг, баруун нүдний ухархайн дээд хана, суман заадас, баруун зулай, чамархай, суурь ясны баруун дунд хонхор руу салаалсан хугарал, толгой зулай хэсгийн хатуу хальсан дээрх ялтаслаг хэлбэрийн цусан хураа, тархины баруун дух, чамархайн суурь хэсгийн няцрал, аалзан хальсан доорх тархмал цус харвалт, тархины хажуугийн ховдол болон 3,4-р ховдол дахь цус харвалт бүхий амь нас аврагдах боломжгүй хүнд гэмтлийг учруулан хүнийг алсан,

2. Шүүгдэгч, Б овгийн Б.О нь 2021 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Орбитын ***тоотод байрлах нийтийн байранд эх В.Б-гээ өмөөрч, хүнд гэмтлийн улмаас биеэ хамгаалах чадваргүй буюу ухаангүй хэвтэж байсан амь хохирогч Д.Б-ийн нүүр лүү гараараа цохих, орноос газарт татаж унагах байдлаар зодож, биед нь хацар ясны нумын хоёрлосон хугарал, хамар ясны хугарал, хоёр нүдний зовхи, баруун нүдний доод зовхины дотор салст, дээд, доод уруулын дотор салст, баруун, зүүн шилбэний цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцралт бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан“ үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

    1. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт

1. 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтэд: “...Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Орбитын *** тоот гэсэн хаяг байх бөгөөд тус хашаа нь ертөнцийн зүгээр баруун зүгт харсан модон банзан хашаатай гүйдэг төмөр хаалгатай... хашааны хойд хэсэгт урд зүгт харсан 2 давхар шаргал өнгийн нийтийн байр байх бөгөөд 1 давхрын 2 цонхны голд бор өнгийн хаалгатай байна. 2 давхартаа тухайн байшин нь урагш харсан 3 цонх байна. Байшингийн зүүн талаар гаднаа байх давхрын шат байсан ба түүгээр явж ороход 2 давхарт нь 3 ширхэг жижиг хаалга байна. Гэмтэж бэртсэн хүний амьдардаг байсан гэх өрөөний хаалга нь хагас дэлгээстэй байсан бөгөөд хаалгаар дотогш явж ороход хаалганы зүүн талд угаалтуур, газраар усны савнууд болон тагтай хувин зэргийг эгнүүлж тавьсан байна. Тагтай хувинг сөхөж үзэхэд тэр хувинд угаадас, мөн хүний ялгадас мэт зүйл байсныг гэрэл зургаар бэхжүүлэв. Өрөөний зүүн хананд бор өнгийн зурагтын тавиур байх ба түүн дээр жижиг саарал өнгийн дөрвөлжин зурагт, ууттай талх гэх мэтийн зүйлүүдийг өрж тавьсан байна. Тус шүүгээний урд газарт шилэн эд зүйлс хагарсан байдалтай байна. Өрөөний урд хананд байх цонхны дотор шил хагарсан, саарал өнгийн хөшгийг пааранд хавчуулж тавьсан байдалтай байна. Өрөөний баруун хананд саарал өнгийн бүтээлэгтэй ор байх бөгөөд өрөөний хойд хананаас 50см зайд бор өнгийн төмөр зуух байв. Тус зуухны ширэм дээр хайрагдаж наалдсан ором байсныг №3 дугаараар дугаарлан гэрэл зургаар бэхжүүлсэн. Өрөөний баруун хойд буланд цаасан хайрцаг дээр жигнүүр тавьсан байх бөгөөд мөн тогооны шилэн таг нь хагарсан байдалтай цаасан хайрцгийг түшүүлж газар тавьсан байсныг №5 дугаараар дугаарлан гэрэл зургаар бэхжүүлэв. Өрөөний шалан дээрх бор шаргал эрээн өнгийн хулдаас дээр энд тэндгүй хагарсан шилний хэлтэрхий мөн орны урд толгой орчмын газар харалдаа цус мэт улаан хүрэн өнгийн шингэн зүйл асгарч хатсан байдалтай байсныг №2 дугаараар дугаарлан криминалистикийн шинжээч мааралд шингээн авсан... Тухайн өрөөнд байсан орон дээр куртик, өмд зэргийг эмх замбараагүй тавьсан байснаас саарал өнгийн ар нуруу хэсэгтээ түлэгдсэн байсан ба куртикийг хэрэгт ач холбогдолтой гэж үзэн түр хураан авсан болно... Тус нийтийн байрны 2 давхарт нийт 3 айл амьдардаг 3 өрөө байсан болно... нийт 15 кадр гэрэл зураг авч...” гэж тэмдэглэгдсэн (1 дэх хавтаст хэргийн 4-7 дахь тал),

2. 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтэд: “...Уг өрөө нь ертөнцийн хойд зүгт харсан цагаан өнгийн модон хаалгатай хаалганд ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй. Уг өрөө нь ертөнцийн зүгээр урагш харсан 150x120 хэмжээтэй цагаан өнгийн модон рамтай цонхтой, цонхонд эвдрэл гэмтэл байхгүй. Уг өрөөний шалан дээр ногоон шаргал өнгийн хулдаас дэвссэн, бохирлогдсон зүйлгүй байсныг хэргийн газрын нөхөн үзлэгт тусгав. Уг өрөөний... хананд байрлах бор өнгийн модон шүүгээний урд талаас улаан өнгийн хагархай 2 ширхэг аяганы хэлтэрхий байсныг “6” гэсэн дугаар тавьж гэрэл зургийн аргаар бэхжүүлж авсан... уг өрөөний баруун талын орны хананаас дээд захаас 165см, урд хананаас 130см зайд хананд.. 8x3 см хэмжээтэй улаан хүрэн өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон байсныг хэргийн газрын үзлэгээр хусаж авав. Баруун талын хойд хананаас 95 см зайд, таазнаас 65 см зайд 30x12 хэмжээтэй цэгчилсэн улаан хүрэн өнгийн цус мэт зүйл байсныг хэргийн газрын үзлэгээр хураан авав... нийт урт 50 см, өргөн нь 40 см, өндөр нь 42см хэмжээтэй, дотроо сайжруулсан түлш байх ба бүрэн шатаж дууссан, үнстэй зуухны урд талын тагны гадна хэсэгт дээрээс доош чиглэлтэй урссан байдалтай улаан хүрэн өнгийн 7см урт, 1 см өргөнтэй шингэн зүйл хатсан байсныг шинжээч масштабын зураг авч хусаж авав...” гэж тэмдэглэсэн (1 дэх хавтаст хэргийн 8-12 дахь тал);

3. 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтэд: “...Паркетыг өрөөний цонхон талаас хуулж авахад доод талд нь шар, ногоон өнгийн хуучин нимгэн урагдсан хулдаастай байх ба уг хулдааснуудыг хуулж үзэхэд саарал өнгийн бетонон гадаргуутай шалтай байсныг гэрэл зургаар бэхжүүлэн авав...” гэж тэмдэглэсэн (2 дахь хавтаст хэргийн 191-194 дэх тал);

4. 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтэд: “...ГССҮТ-ийн Шүүх эмнэлгийн тасагт явуулав. 166 см урттай, толгойны үс хусагдсан байдалтай, биеийн галбир зөв, мах мариа дунд зэрэг... баруун нүдний алимын гадна буланд хөхөлбөр цус хуралттай, баруун доод зовхины дотор салстад улаан ягаан өнгийн цус хуралттай, хамрын яс мөгөөрс бүтэн, үзэгдэх шүд бүрэн бүтэн, уруул омголдож хатсан, дээд, доод уруулын дотор талд хөхөлбөр цус хуралттай, ам хамрын хөндий, өтгөн шингэний сүвнээс гарсан зүйлгүй, цээж, хэвлий ердийн биед ил харагдах гэмтэл шархгүй, духны баруун дээд хэсэг, баруун зулайг хамарсан 8x6, толгойн оройн хэсэгт 9x7, баруун нүдний дээд зовхинд тархмал хөх өнгийн цус хуралтуудтай духны баруун дээд хэсэг, баруун зулай, чамархай хавантай,... зүүн шилбэний дээд хэсэгт 5x2, баруун шилбэний дотор дээд хэсэг 3x1,5 хэмжээтэй бүдэг хөхөлбөр өнгийн цус хуралтуудтай, зүүн зулайд 4x3 хэмжээтэй цус хуралттай зүүн чамархайд 1x0,2, 1x1 хэмжээтэй нимгэн тав бүхий хүрэн бор өнгийн зулгаралттай биед өөр ил харагдах гэмтэлгүй, 39 настай гэх эрэгтэй хүний цогцос байна. Нас бараад 5 цаг болсон байна...” гэжээ (1 дэх хавтаст хэргийн 14-18 дахь тал),

5. Хохирогч Д.Б-ийн мэдүүлэгт: “...2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 15 цагийн орчимд *** гэсэн дугаараас миний өөрийн эзэмшлийн *** дугаар луу дуудлага ирсэн. Тэгэхэд нэг эмэгтэй хүн өөрийгөө Б байна гэж танилцуулаад “танай дүү Б хүнд зодуулаад Гэмтэл согог судлалын үндэсний төвд эрчимт эмчилгээ рүү орсон байна” гэж хэлэхээр би хариуд нь “чи л зодсон байгаа биз дээ, чи миний дүүг дуудаад аваад явсан биз дээ” гэж хэлсэн чинь “тиймээ би зодсон, би өөрийгөө цагдаагийн байгууллагад өгсөн байгаа” хэлээд утсаа салгасан. ...Б гэх хүнтэй уулзах бүртээ архи уудаг, хэрүүл маргаан болдог, заримдаа талийгаач дүү маань Б-д зодууллаа гэж хэлдэг. Архи уухаараа Б намайг зодлоо, гомдоолоо гэх мэтээр утсаар ах эгч нартаа хэлдэг байсан. Б-тай уулзаад ирэх болгондоо нүүр нь хөхөрсөн, шүд нь хугарсан, ямар нэгэн байдлаар гэмтсэн байдалтай гэртээ ирдэг байсан боловч хэн өөрийг нь зодсон талаар бид нарт хэлэхгүй нуугаад байдаг байсан ...Б нь “чиний дүүг би хорлоно, харж байгаарай” гэж намайг заналхийлж байсан удаа хүртэл байдаг, маш их гомдолтой...” гэжээ (1 дэх хавтаст хэргийн 49-50 дахь тал);

6. Гэрч Ц.Ц-н мэдүүлэгт: “...Б 2021 оны 03 дугаар сарын 07-ны орой 18 цагийн үед Б гэдэг утсаар ярьж байгаад “уулзчихаад ирье” гэж хэлээд гарах гээд байхаар нь манай охин Б бид хоёр хориглоод дийлээгүй. Өнөөдөр буюу 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 14 цаг 30 минутын үед Б гээд эмэгтэй над руу *** гэсэн дугаараас залгаад манай хүүг гэмтлийн эмнэлэг дээр ухаангүй байна гэж хэлэхээр нь хэн зодсон юм гэж асуухад “би өөрөө зодчихоод өөрийгөө цагдаад өгсөн” гэж хэлэхээр нь би хүүхдүүдтэйгээ гэмтлийн эмнэлэг орсон” гэжээ (1 дэх хавтаст хэргийн 52 дахь тал);

7. Гэрч Ц.Д-ийн мэдүүлэгт: “...гэрт нь ороход аяга, тогооны таг зэргийг хагалсан байсан, цус нөж болсон зүйл байгаагүй...” гэжээ (1 дэх хавтаст хэргийн 73-75 дахь тал);

8. Гэрч В.М-ы мэдүүлэгт: “...Намайг гэрт нь ороход шалаар нь шилний жижиг үйрмэг хагархайнууд байсан, цус болсон зүйл байгаагүй, манай эгчийг чирч оруулах үед нь манай эгч талийгаачийн толгой руу аягаар цохисон гэж надад хэлж байсан...” гэжээ (1 дэх хавтаст хэргийн 83-84 дэх тал);

9. Гэрч С.Ж-ийн мэдүүлэгт: “...Б, Б хоёр гэртээ хаалгаа цоожлоод зодолдоод байдаг...” гэсэн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 159-160 дахь тал);

10. Гэрч Ц.Л-ийн мэдүүлэгт: “...Талийгаачийн ах эгч нь залгаад манай дүүг балай бузрын авгай алаад хаячихлаа гээд орилоод байсан, Б-гийн ухаан санаа нь орж гараад амиа хорлочих вий гэж санаа зовоод би Б-гээс огт салаагүй...” гэжээ (2 дахь хавтаст хэргийн 186 дахь тал);

11. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 757 дугаартай дүгнэлтэд: “...Гавлын зүүн зулай ясны цөмөрсөн, духны баруун хэсэг, баруун нүдний ухархайн дээд хана, суман заадас, баруун зулай, чамархай, суурь ясны баруун дунд хонхор руу салаалсан хугарал, толгой зулай хэсгийн хатуу хальсан дээрх ялтаслаг хэлбэрийн цусан хураа, тархины баруун дух, чамархайн суурь хэсгийн няцрал, аалзан хальсан доорх тархмал цус харвалт, тархины хажуугийн ховдол болон 3,4-р ховдол дахь цус харвалт...” гэмтэл нь хязгаарлагдмал гадаргуутай хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээр дурдсан гавал тархины гэмтлүүд нь нэг механизмаар буюу толгойн орой хэсэгт зүүн зулай орчимд нэг удаагийн хүчний үйлчлэлээр зүүн зулай ясны цөмөрсөн хугарлаас эхэлж, бусад хэсэг рүү салаалж үүссэн гэмтэл байна. Гавлын зүүн зулай ясны цөмөрсөн, духны баруун хэсэг, баруун нүдний ухархайн дээд хана, суман заадас, баруун зулай, чамархай, суурь ясны баруун дунд хонхор руу салаалсан хугарал, толгой зулай хэсгийн хатуу хальсан дээрх ялтаслаг хэлбэрийн цусан хураа, тархины баруун дух, чамархайн суурь хэсгийн няцрал, аалзан хальсан доорх тархмал цус харвалт, тархины хажуугийн ховдол болон 3,4-р ховдол дахь цус харвалт гэмтэл нь үхэлд хүргэсэн хүнд гэмтэл байна. Тухайн гэмтэл нь хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шинжилгээгээр тогтоогдсон гавал тархины гэмтэл нь хэргийн газрын үзлэгээр хураагдсан 13.2х3.5см хэмжээтэй хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гавал тархины гэмтэл нь хязгаарлагдмал гадаргуутай мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, хавтгай гадаргуутай шалан дээр унах үед үүсэхгүй. Хоёр нүдний зовхи, баруун нүдний доод зовхины дотор салстад учирсан гэмтэл нь гавал тархины гэмтэлтэй шалтгаант холбоогүй, тусдаа хүчний зүйлээр үүсгэгдсэн байна...Эмнэлгийн зохих тусламж үзүүлсэн байх бөгөөд амь нас аврагдах боломжгүй байжээ. Шинжилгээгээр тогтоогдсон гавал тархины гэмтэл нь хязгаарлагдмал гадаргуутай мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, гараар цохих болон савж унах, хавтгай гадаргуутай зүйл дээр савж унах үед үүсэхгүй...” гэжээ (3-р хх-ийн 147-154 дэх тал)

12. Шинжээч эмч Б.А-ын мэдүүлэгт: “...Дээрх гавал тархины гэмтлийн авмагц ухаан алдаж комын байдалд орно. Ямар нэгэн идэвхтэй үйлдэл, хөдөлгөөн хийх чадамжгүй байна. Комын байдал гэдэг нь унтаарсан, манарсан байдлыг ойлгоно. Амьсгал зүрх судас бол хэвийн ажиллагаатай, магадгүй гүн комд ороогүй бол нэрээр нь дуудахад нүдээ нээж харах, гар хөл бага зэрэг савах зэрэг ухамсаргүй үйлдэл хийж болно. Хохирогч Д.Б-ийн биед үүссэн гавал тархины гэмтэл нь аягаар цохих үед үүсэх боломжтой. 1 удаагийн үйлчлэлээр үүснэ, талийгаачид цохилтын хүч үйлчилсэн хэсэг буюу зүүн зулай хэсэгт хуйхны цус хуралт гэмтэл тогтоогдсон байсан. Заавал зүсэгдсэн урагдсан шарх үүсэх албагүй. Хязгаарлагдмал гадаргуутай зүйл гэж овор хэмжээ багатай цохилтын хүч үйлчлэх талбай бага, хатуу мохоо биетийг ойлгоно. Жишээ нь аяга, лонх, алх гэх мэт зүйлс хамаарна. Хязгаарлагдмал бус хатуу биет гэдэг нь хана, шал, тааз гэх мэт зүйлийг ойлгоно. Тухайн гэмтэл нь буюу хуйх гавлын яс, тархины эдийн гэмтлийн онцлог нь хязгаарлагдмал гадаргуутай зүйлийн үйлчлэлээр цохилт болон цохилтын эсрэг талдаа үүссэн байсан. Тухайн гэмтлийн хувьд цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй гэхдээ шинэ гэмтлүүд байсан...” гэжээ (3 дахь хавтаст хэргийн 156-157 дахь тал);

13. В.Б-гээр талийгаачийг цохисон гэх аягыг таньж олуулсан ажиллагааны тэмдэглэлд: “...Би товгор хээ болон гарт баригдсан хэмжээ өнгө зэргээр хараад танина. Тэр аяга нь манай гэрийн өдөр тутамдаа хэрэглэдэг аяга бөгөөд товгор харагдах байдлаар нь хараад мэднэ. Та Д.Б-ийг цохисон гэх аяганы хэлтэрхийг зааж өгнө үү гэхэд 10 секунд орчим харж гадна биеийг нь бүгдийг барьж үзэж байгаад 1 болон 2 дугаартай аяганы хэлтэрхийнүүдийг зааж энэ манай гэрт байсан миний Д.Б-ийг цохисон аяга мөн байна гэж өөрөөр нь заалгаж гэрэл зургаар бэхжүүлэн авав. Оролцогч В.Б-г тухайн өрөөнөөс гаргаж 2 минут орчим болгож байгаад 4 ширхэг хэлтэрхийг байрлуулан тавьж тухайн эд мөрийн баримтаар хураагдсан аяганы хэлтэрхийг 4 гэж дугаарласан хэсэгт байрлуулан тавьж байгаад дахин оруулж ирж та Д.Б-ийг цохисон гэх аяганы хэлтэрхийг зааж өгнө үү гэхэд 2 секунд орчим харж байгаад 4 дугаартай хагархай хэлтэрхийг зааж энэ манай гэрт байсан Д.Б-ийг цохисон аяга мөн байна гэснийг өөрөөр нь заалгаж гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав...” гэжээ (3 дахь хавтаст хэргийн 136-139 дахь тал);

14. Шүүгдэгч В.Б мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: “...Намайг үсдээд доош нь дараад байхаар нь гараараа тэмтэрч байгаад нэг шилэн аяга барьж аваад үсээ тавиулахын тулд талийгаачийг толгойн хэсэгт нь аягаараа хүчтэй нэг удаа савж цохисон ба өндийгөөд ирэхээр нь хана руу түлхсэн. Тэгээд би гарч яваад Д-х руу ороход миний араас нээх удалгүй орж ирсэн ба орж ирэхдээ унтаа байдалтай явж чадахгүй шахуу орж ирэхээр нь би тасарч байна даа гэж бодоод буцаж гараад өрөөндөө ороод орон дээр хэвтүүлээд бид хоёр унтсан...Уг зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна, би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна...” гэжээ (3 дахь хавтаст хэргийн 193-197 дахь тал);

15. Хохирогч Д.Б-ийн мэдүүлэгт: “...Талийгаач дүү маань Б гэх хүнтэй нийлээд архи уух бүртээ л утсаар над руу болон ээж рүү маань залгаж Б-гийн хүүхдэд зодуулсан гэж ярьдаг байсан...” гэжээ (1 дэх хавтаст хэргийн 49-50 дахь тал);

16. Гэрч С.Ж-ийн мэдүүлэгт: “...Б-гийн хүүхэд арай дэндүү зодоод байсан гэж нөхөр хэлсэн...” гэжээ (1 дэх хавтаст хэргийн 67-69 дахь тал);

17. Гэрч Ц.Д-ийн мэдүүлэгт: “...Охин Э-аас чи харсан юм уу гэхэд би харсан. Өчигдөр буюу 2021 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Б ахтай хамтран амьдрагч Б эгчийн хүүхэд гээд шар царайтай ах Б ахыг зодоод байсан гэж хэлсэн. ...Шар залуу заамдаад цээжийг нь өргөсөн баруун гараараа талийгаачийн нүүрэн тус газар нь цохиод байсан, цээжийг нь газар луу савснаа өмднийх нь тэлээг нэг гараараа барьж байгаад сэгсрээд байсан. Шалан дээр шидсэн. ...Шар залуу баруун гараараа нүдний гол хэсэгт нь буюу дух хавьд л гараараа цохиод байсан...” гэжээ (1 дэх хавтаст хэргийн 71-75 дахь тал);

18. Шүүгдэгч В.Б-ийн гэрчээр өгсөн мэдүүлэгт: “...Манай дүү Б-ийн баруун талд нь зогсоод тонгойчихсон цамцных нь захнаас нэг гараараа бариад сэгсэрч байсан намайг очоод харахад талийгаач ухаан байхгүй, ямар ч хариу үйлдэлгүй, нүд нь аниастай байсан...” гэжээ (1 дэх хавтаст хэргийн 80-81 дэх тал);

19. Гэрч Ж.Э-ын мэдүүлэгт: “...Б эгчийн хүү Б-ийг зодсон. Б ах зодуулаад ухаангүй болчихсон байхад нь гар хөл дээр нь дэвсээд байсан. Орон дээр хэвтэж байхад нь нүүр лүү нь гараараа цохисон. Б ах газар хэвтээд амнаас нь цус гарчихсан ганцаараа үлдсэн. Б ахыг дээшээ харуулахад нүд нь хавдаж хөхөрсөн, амнаас нь цус гарчихсан, шалан дээр цус гарчихсан, битүү цус болчихсон байсан, ...нөгөө туранхай ах Б ахыг орон дээрээ хэвтэж байхад нь гараараа нүүр хэсэгт нь хоёр удаа цохиод цамцных нь захнаас татаад газар шидсэн. Б ах нүдээ нээхгүй газар хэвтэж байхад нүүр хэсэгт нь 2-3 удаа гараараа алгадаад хөлөөрөө гаран дээр нь хэд хэдэн удаа дэвсэлсэн...” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 86-87 дахь тал);

20. Насанд хүрээгүй гэрч Х.О-ын мэдүүлэгтээ: “...О нүүр лүү нь 3-4 удаа алгадаад орноос нь газарт татаж буулгаад хэд хэдэн удаа дээрээс нь гараараа цохисон. ...Б ах тэр үед ямар ч үйлдэл хийхгүй, нүдээ аниад хэвтээд байсан, хариу үзүүлээгүй...” гэжээ (1 дэх хавтаст хэргийн 91-92 дэх тал);

21. Насанд хүрээгүй гэрч Л.О-ын мэдүүлэхдээ: “...Б ахыг заамдчихсан “үг дуугараач ээ” гээд байсан. О ах нүүр лүү нь гараараа 2-3 удаа цохиж байсан.... Б ахын уруул нь хавдчихсан, нүүрний нэг тал нь хавдчихсан ухаангүй байсан. ...Б ах ямар ч эсэргүүцэл үзүүлээгүй...” гэжээ (1 дэх хавтаст хэргийн 95-96 дахь тал);

22. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 757 дугаартай дүгнэлтэд: “...Гавал тархины гэмтэл нь хязгаарлагдмал гадаргуутай мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, хавтгай гадаргуутай шалан дээр унах үед үүсэхгүй. Хоёр нүдний зовхи, баруун нүдний доод зовхины дотор салстад учирсан гэмтэл нь гавал тархины гэмтэлтэй шалтгаант холбоогүй, тусдаа хүчний үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Хацар ясны нумын хоёрлосон хугарал, хамар ясны хугарал, хоёр нүдний зовхи, баруун нүдний доод зовхины дотор салст, дээд, доод уруулын дотор салст, баруун, зүүн шилбэний цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцралт гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хацар ясны нумын хоёрлосон хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт, бусад "хамар ясны хугарал, хоёр нүдний зовхи, баруун нүдний доод зовхины дотор салстын цус хуралт" гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад дээд доод уруулын дотор салст, баруун, зүүн шилбэний цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэжээ (3 дахь хавтаст хэргийн 147-154 дэх тал);

23. Шинжээч эмч М.Э-ын өгсөн мэдүүлэгт: “...Гавал тархины гэмтлийг авсан даруйд түр зуурын ухаан алдах, толгой өвдөх, дотор муухайрах, бөөлжих, толгой эргэх гэх мэт гавал тархины гэмтлийн үед илрэх шинж тэмдгүүд илэрнэ. Аажмаар тархины аль хэсэг гэмтсэнээс хамаараад бусад шинж тэмдгүүд илэрдэг, гэхдээ архи уусан согтуу байсан тохиолдолд энэ шинж тэмдгийг анзаараагүй байх тохиолдол байдаг. Хэсэг хугацаанд идэвхтэй үйл хөдлөл хийх, хүнтэй харьцах боломжтой, нүүрэн тус газарт цохих үед баруун хацар ясны нумын хугарал, уруулын салстын цус хуралт, баруун нүдний доод зовхины дотор салст гэмтэл учрах боломжтой. Баруун нүдний дээд зовхины хөхрөлт ухархайн ясны хугарлаас шалтгаалж үүснэ...” гэжээ (2 дахь хавтаст хэргийн 214 дэх тал);

24. Шүүгдэгч Б.О-ын мэдүүлэгтээ: “...Би энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 188 дахь тал) зэрэг нотлох баримтаар шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүхээс хэргийн үйл баримтыг тогтооход үнэлсэн дээрх нотлох баримтуудыг мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд тэдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, хэрэгт хамааралтай, мөн хэргийн бодит байдлыг тогтоож эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байх бөгөөд эдгээр нотлох баримтыг няцаан үгүйсгэсэн нотлох баримтыг талуудаас шинжлэн судлаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Мөрдөн шалгах нууц ажиллагааны магадалгаа бүхий маш нууцын дардастай 1 хавтас, 18 хуудас материал, 1 ширхэг компакт диск хэргийн хамт ирсэн бөгөөд шүүх уг материалыг шүүх хуралдаанаар хэлэлцэх боломжгүй гэж үзсэн болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.8 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Хавтаст хэрэгт тусгагдаагүй баримт сэлт, мэдээлэл, мөрдөн шалгах ажиллагааны үр дүн болон гүйцэтгэх ажилтай холбоотой ямар ч баримт мэдээллийг шүүхийн хэлэлцүүлэг явуулах, хэрэг хянан шийдвэрлэх шүүхэд танилцуулахыг хориглоно.” гэж заасан тул ил болгон хавтаст хэрэгт хавсаргаагүй буюу хэргийг дагалдуулан маш нууцын дардастай ирүүлсэн материалыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй гэж үзэв.

Улсын яллагчийн шинжлэн судалсан шүүгдэгч В.Б-гийн анх гэрчээр өгсөн: “...Ширээн дээр байсан аягыг авч баруун гараараа барьж байгаад талийгаачийн зүүн талд байсан болохоор би өндийж босож ирээд баруун гараараа саваад талийгаачийн толгойны дээд хэсэгт нэг удаа цохиход талийгаач арагшаа гэдийгээд манарс хийсэн. Тэгээд талийгаач унтах тал руугаа орсон...” гэх (1 дэх хавтаст хэргийн 62-63 дахь тал) мэдүүлэг нь дангаараа түүнийг яллах үндэслэл болохын зэрэгцээ хэн нэгнийг гэмт хэрэгт холбогдуулан гэрчээр мэдүүлэг авсан байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлд заасан өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг зөрчсөн явдал юм. Иймд шүүх хүний эрхийг зөрчиж авсан уг мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй.

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Бум-Аюуш нь гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Шинжээчийн дүгнэлт гаргасан Ариунзул эмч нь өнөөдрийн шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон. Тухайн 757 дугаартай шинжээчийн дүгнэлтэд Б.О-ын хийсэн үйлдлээс хүндэвтэр гэмтэл учруулсан гэж дүгнэсэн тул ял өөрчлөн сонсгосон. Шүүгдэгч Б.Б нь анх хэргийн нөхцөл байдлын талаар үнэн зөв мэдүүлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлд мэдүүлэг өгөгч нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг заах ёстой, тухайн сэжигтэн яллагдагч шүүгдэгчийг нотлох баримтаар тооцохгүй боловч бусад нотлох баримтаар нотлогдож байвал тооцох хуулийн зохицуулалттай бөгөөд уг зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж үзэж байна. Шинжээч өнөөдрийн мэдүүлэгтээ “би тухайн хэргийг уншиж судалсныхаа хүрээнд амь хохирогч нь тухайн гэмтлийг авснаас хойш идэвхтэй үйлдэл хийх боломжгүй гэх мэдүүлгийн зөрүүг арилгая” гэж хэлсэн. Иймд Б.О нь амь хохирогчийг зодсоноос хойш амь хохирогч идэвхтэй үйлдэл хийх боломжгүй болсон бөгөөд амь хохирогчийн амь насанд аюултай гэмтэл авсан нөхцөл харагдаж байна гэж үзэж байна...” хэмээн шинжээчийн мэдүүлгийн зөрүүг үндэслэн үйл баримтын талаар мэтгэлцсэн болно.

Шүүх шинжээч эмч Б.Ариунзулын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлгийг аль алиныг нь бусад баримтуудтай харьцуулан үнэлэх боломжтой гэж үзсэн бөгөөд агуулгын хувьд амь хохирогч нь толгойдоо хүнд гэмтэл авсны дараа үйл хөдөлгөөн хийх эсэх нь тухайн хүний биеийн онцлог, цус алдаж буй хэмжээ, хурднаас хамааран харилцан адилгүй байдаг, комын байдал гэдэг нь унтаарсан, манарсан байдлыг ойлгоно гэсэн мэдүүлэг нь шүүгдэгч Б.О-ыг хэргийн газарт очих үед амь хохирогч Д.Б хэдий нь хөдөлгөөнгүй /ухаангүй/ болсон байсан, түүнийг ухаангүй хэвтэж байх үед нь зодсон болохыг гэрчилсэн гэрч нарын мэдүүлэгтэй харьцуулан үнэлбэл, хохирогч Д.Б-ийн хувьд шүүгдэгч Б.О-ыг ирэх үед комын байдалтай байсан нь харагдана.

Түүнчлэн, шүүх эмнэлгийн гурван шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлтээр “Гавлын орой, зүүн зулайн суурь ясанд зууван дугуйдуу хэлбэртэй, 12х6 см хэмжээтэй, дотогш 0,2 см орчим цөмөрсөн хугаралтай, энэ гэмтэл нь хязгаарлагдмал гадаргуутай мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хавтгай гадаргуутай зүйл буюу шалан дээр унах үед үүсэхгүй. Харин хэргийн газрын үзлэгээр хураагдсан 13,2х3,5 см хэмжээтэй хатуу мохоо зүйл /аяганы хагархай/-ийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой” гэж дүгнэсэн байгаа нь шүүгдэгч В.Б-гийн “...Намайг үсдээд доош дараад байхаар нь би гараараа тэмтэрч байгаад нэг шилэн аяга барьж аваад үсээ тавиулахын тулд талийгаачийн толгой руу аягаар нэг удаа хүчтэй савж цохисон...” гэх мэдүүлгийг баталж байна.

Тодруулбал, шүүгдэгч В.Б амь хохирогч Д.Б нар ахуйн хүрээнд хамт архидан согтуурсан байх бөгөөд улмаар хоорондоо маргалдаж, зодолдсон. Дараа нь шүүгдэгч В.Б амь хохирогч Д.Б-ийн толгой руу аягаар нэг удаа цохих үед хохирогчийн толгойн орой, зүүн зулайн ясанд харьцсан хатуу мохоо зүйлийн хэлбэрийг хадгалсан зууван дугуйдуу хэлбэртэй, цөмөрсөн хугарал үүсэх үед гавал тархины битүү гэмтэл үүсэж, амь насыг нь хохироосон байна. Харин амь хохирогч хүнд гэмтлийн улмаас ухаангүй буюу биеэ хамгаалж чадахгүй байх үед нь шүүгдэгч Б.О хүрч ирэн эхийгээ өмөөрч хохирогчийг нэмж зодсоны улмаас хацар ясны нумын хоёрлосон хугарал, хамар ясны хугарал, хоёр нүдний зовхи, дээд, доод уруулын дотор салст, баруун зүүн шилбэний цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр гэмтлийг учруулсан болох нь эргэлзээгүй нотлогдон тогтоогдож байна.

Иймд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нараас гаргасан “хэргийг прокурорт буцаах”, “шүүгдэгч Б.О нь амь хохирогч Д.Б-ийг алсан” гэж үзсэн үйл баримтын талаарх санал дүгнэлт нь шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж шүүх үзлээ.   

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

          Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц оролцогч нарын хуулиар баталгаажсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь шүүгдэгч В.Б-гийн үйлдлийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн “хүндрүүлэх бүрэлдэхүүнгүйгээр хүнийг алсан шинжийг, шүүгдэгч Б.О-ын үйлдлийн хувьд мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-д заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж үйлдсэн” шинжийг тус бүр бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч В.Б, Б.О нар нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, учирсан хохирлын талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, тэдний өмгөөлөгч нар гэм буруугийн талаар маргаан байхгүй гээд шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.

Шүүгдэгч В.Б, Б.О нарын үйлдэл нь урьдчилан үгсэн тохиролцсон болон нэг цаг хугацаанд санаа зорилгоороо нэгдэж бүлэглэн гүйцэтгэсэн буюу гэмт хэрэгт хамтран оролцсон шинжгүй байх тул тус тусын үйлдлийнх нь улмаас бий болсон хохирол, хор уршгаар нь ялган зүйлчилсэн нь зөв байна.

Мөн тэдний үйлдлүүд нь идэвхтэй, ухамсартай үйлдэл байхын зэрэгцээ хууль бус болох нь илэрхий атал хохирогч Д.Б-ийн эрх чөлөөнд халдаж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул тэднийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүх шүүгдэгч В.Б-гийн хохирогчийн толгой руу аягаар нэг удаа цохисон үйлдэл болон амь хохирогчийн гавал тархинд гэмтэл учирч нас барсан хор уршиг, шүүгдэгч Б.О-ын хохирогчийг унтаа байдалтай байх үед нь нүүр лүү цохих, орноос нь татаж газар унагах, өшиглөх зэрэг үйлдэл болон хохирогчийн хамар, нүд уруул, шилбэнд учирсан цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцралт бүхий хүндэвтэр гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна гэж дүгнэв.

Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийн хувьд шүүгдэгч В.Б, амь хохирогч Д.Б нар нь хэрэг гарсан нийтийн байранд байнга архидан согтуурдаг, мөн хэрүүл маргаан үүсгэдэг, улмаар амь хохирогч Д.Б нь шүүгдэгч В.Б-г удаа дараа зодож байсан нөхцөл байдал нь даамжирсаар эцэстээ ийм гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан болжээ.

Шүүгдэгч Б.О-ын хувьд эхийгээ өмөөрөх, хамгаалах нь “ХҮНИЙ ЁС”-ны хэрэг боловч тэрээр ухаангүй, унтаа байдалтай байсан хүнийг цохих, газар унагах, өшиглөх байдлаар зодож, бие махбодод нь хүндэвтэр гэмтэл учруулсан байх тул түүний үйлдэл гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдалд хамаарахгүй болохыг дурдах нь зүйтэй. 

 Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч В.Б-г “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.О-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж үйлдсэн гэм буруутайд тооцож мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр 2.1 дэх заалтад зааснаар тус бүр эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

    1. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

            Гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон учраас нөхөн сэргээгдэх боломжгүй хохиролд тооцогдоно. Харин хүний амь хохирсон шууд хохирлын шууд бус үр дагавар болох оршуулгын зан үйлд зарцуулсан зардал болох 10,015,000.0 төгрөгийн баримтыг нотлох баримтаар үнэлж, шүүгдэгч В.Б-гээс гаргуулан амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б-т олгуулахаар шийдвэрлэж, шүүгдэгч Б.О-ын учруулсан хүндэвтэр гэмтэлтэй холбоотой зардлын баримт хэрэг авагдаагүй байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.

Зардлын баримтын тухайд 2 дахь хавтаст хэргийн 245 дахь хуудсанд авагдсан 220,000.0 төгрөгийн баримт нь 2021 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн буюу гэмт хэрэг гарахаас өмнөх үеийн орлогын баримт байх тул уг нотлох баримтыг хэрэгт хамааралгүй гэж үзэн нотлох баримтаас хасаж, нэхэмжлэлийн үнийн дүнг 220,000.0 төгрөгөөр хасаж тооцсон болно.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:        

    1. Талуудын санал, дүгнэлт    

Улсын яллагч: “...шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч Б.Б цагдан хоригдсон хоноггүй. Шүүгдэгч Б.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч Б.О-ын цагдан хоригдсон 177 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцуулах саналтай байна. Шүүгдэгч Б.О, шүүгдэгч Б.Б нарт авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлийг устгуулах саналтай байна...” гэв. 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Бум-Аюуш: “...Өмгөөлөгчийн зүгээс улсын яллагчийн ялын саналыг сонслоо. Шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг шүүгдэгч Б.Б-г үйлдсэн гэм буруутайд тооцлоо. Шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо төлсөн гэж үзэх үндэслэлгүй. Иймд ял шийтгэлийг нь хөнгөрүүлэхгүйгээр шийдэж өгнө үү гэж хүсэж байна...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч У.Хүрэлсүх: “...Улсын яллагчийн ялын саналыг дэмжиж байна. Шүүгдэгч Б.О нь амь хохирогчийг биеэ хамгаалах чадваргүйг мэдсээр байж биед нь халдсан. Улсын яллагчийн ялын санал нь шүүгдэгч нарын гэм буруу, гэмт хэргийн нөхцөл байдалд тохирч байна гэж үзэж байна...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч эрүүгийн хариуцлагын талаар: “...Бидний хувьд гомдолтой байна. Б.О нь тухайн үед цагдаагийн байгууллагад мэдэгдээд ээжийгээ аваад явчихгүй яасан юм бэ, өөрийгөө хамгаалах чадваргүй байгаа хүнийг хохироосон. Энэ хэрэг нь Б.Б-ээс шалтгаалсан гэдгийг бид ойлгож байна. Бид эцсээ хүртэл явж болох ч Б.О миний дүүтэй ялгаагүй тул ингээд орхиё гэж бодож байгаа...” гэв. 

Шүүгдэгч Б.Б-гийн өмгөөлөгч Т.Сайнбаяр: “...Миний үйлчлүүлэгч эрхэлсэн тодорхой ажилтай, оршин суугаа хаягтай. Хувийн байдлын хувьд урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй. Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан хохирогчийн хууль бус зүй бус үйлдлээс шалтгаалж энэ гэмт хэрэг гарсан бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтууд болон гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байгаа. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.7 дугаар зүйлд заасан байнгын хүчирхийлэл дунд байсан гэх нөхцөл байдалд шүүгдэгч Б.Б хамаарна гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.4, 1.7 дахь хэсэгт зааснаар  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж ял шийтгэл оногдуулж өгнө үү гэж хүсэж байна. Шүүхээс 10.015.000 төгрөгийн хохиролтой гэж тогтоосон тул богино хугацаанд уг мөнгийг цуглуулах боломжгүй тул хохирол төлөх завсарлага аваагүй. Иймд миний үйлчлүүлэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нь тохирсон ял буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж шийдэж өгнө үү гэж хүсэж байна...” гэв.

Шүүгдэгч Б.О-ын өмгөөлөгч М.Хувцагаан: “...Шүүгдэгч Б.О нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, холбогдсон гэмт хэргийн гэм буруу дээр маргаагүй, хохирол төлбөргүй. Эх, хүү 2 зэрэгцэн сууж гэм бурууг хэлэлцүүлж ял сонсож байгаа нь энэ хүмүүсийн хувьд сэтгэл эмзэглүүлсэн хэцүү байдаг юм байна, өмгөөлөгчийн хувьд ч сэтгэл хэцүү байна. Миний үйлчлүүлэгч нь 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс өмнө энэ гэмт хэргийг үйлдсэн бөгөөд миний үйлчлүүлэгчийн холбогдсон хэрэг нь гэмт хэргийн ангиллын хувьд хөнгөн төрлийн гэмт хэрэгт багтана. Гэм буруу дээр маргаагүй, төлөх төлбөргүй тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Б.О-ын өмгөөлөгч Ц.Баасанжаргал: “...М.Хувцагаан өмгөөлөгчтэй санал нэг байна. Гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, Б.О-ын хувийн байдал зэргийг харгалзан 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна...” гэв.

    1. Эрүүгийн хариуцлага

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.О, В.Б нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэгдэхэд амь хохирогчийн зүй бус хийгээд хууль бус үйлдэл нөлөөлсөн байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч Б.О-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (2 дахь хавтаст хэргийн 122 дахь тал), хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар (2 дахь хавтаст хэргийн 87 дахь тал), АСАП сангийн лавлагаа (2 дахь хавтаст хэргийн 99-101 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2 дахь хавтаст хэргийн 102 дахь тал), ажилд томилсон тушаал (2 дахь хавтаст хэргийн 75 дахь тал)-д үндэслэн шүүгдэгч Б.О-ын хувийн байдлыг, шүүгдэгч В.Б-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа (2 дахь хавтаст хэргийн 123 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (3 дахь хавтаст хэргийн 207 дахь тал),  гэрлэсний бүртгэлийн лавлагаа (3 дахь хавтаст хэргийн 210 дахь тал), шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт (3 дахь хавтаст хэргийн 211 дэх тал), тээврийн хэрэгслийн лавлагаа (3 дахь хавтаст хэргийн 213 дахь тал), ажлын газрын тодорхойлолт (3 дахь хавтаст хэргийн 214 дах тал), хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа (3 дахь хавтаст хэргийн 215-217 дахь тал), АСАП сангийн лавлагаа (3 дахь хавтаст хэргийн 219 дэх тал), үл хөдлөх эд хөрөнгөгүй талаарх лавлагаа (3 дахь хавтаст хэргийн 212 дахь тал), оршин суугаа газрын бүртгэлийн лавлагаа (3 дахь хавтаст хэргийн 209 дэх тал)-д үндэслэн шүүгдэгч В.Б-гийн хувийн байдлыг тус тус тодорхойлов.

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Б-д найман жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.О-т хоёр жилийн хугацаагаар хорих ял тус бүр шийтгэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, хэргийн нөхцөл байдал, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгч нарын гэм буруу болон хувийн байдалд нь тохирсон бөгөөд гэмт этгээдүүдийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг хангана гэж үзэв.

Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ.” хэмээн заасан тул шүүгдэгч Б.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хэлтрүүлж, биечлэн эдлэх хорих ял үлдээгүй болохыг тогтоолд тусгах нь зүйтэй.

Шүүгдэгч В.Б-гийн хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль бус үйлдэл гэмт хэрэг үйлдэхэд нь нөлөөлсөн байгааг харгалзан түүнд оногдуулсан найман жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

    1. Бусад асуудал

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цус мэт зүйлийг шингээн авсан маарал, саарал өнгийн, ар нуруу хэсэгтээ түлэгдсэн куртик, аяганы 2 ширхэг хагархай, цус мэт зүйлээр бохирлогдсон зүйл, цэгчилсэн улаан хүрэн өнгийн цус мэт зүйл, цус мэт улаан өнгийн хатсан зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч В.Б нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.О нь 177 (нэг зуун далан долоо) хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч В.Б-д урьд авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх хорих ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч В.Б-д авсан цагдан хорих, шүүгдэгч Б.О-т авсан  хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус бүрд нь хэвээр үргэлжлүүллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Б овгийн В.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Б овгийн Б.О-ыг мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр 2.1-д зааснаар “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж үйлдсэн гэм буруутайд тус бүр тооцсугай.

2.Шүүгдэгч В.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.О-т мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр 2.1 дэх заалтад зааснаар хоёр жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан, Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар шүүгдэгч Б.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр 2.1-д зааснаар оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Б-д оногдуулсан найман жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Б-гээс 10,015,000.0 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б-т олгосугай.

6.Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн, тодорхойлох хэсэгт нэрлэн заасан эд зүйлсийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад шилжүүлсүгэй.

7.Битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч В.Б нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.О нь 177 (нэг зуун далан долоо) хоног цагдан хоригдсон, мөн тэрээр бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.  

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч В.Б-д урьд авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн тоолсугай.

9.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч В.Б-д авсан цагдан хорих, шүүгдэгч Б.От авсан  хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус бүр хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

 

  ДАРГАЛАГЧ                               Б.БАТАА

      

                                       ШҮҮГЧ                                       Т.АЛТАНТУЯА

 

                                                                                                                                                                                                             Л.БААТАР