Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 775

 

 

 

 

 

 

              №               № 546                                  МА

 

зГАДЛАЛ

Х.Т, Т.Э, М.А,

Б.Ч, Б.Б, М.А,

Б.Б, А.Л нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор С.Солонго,

яллагдагч Т.Э, Б.Б,

яллагдагч Т.Э, М.А нарын өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ,

яллагдагч Б.Б, М.А нарын өмгөөлөгч З.Ганчимэг

нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааны 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 1538 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор С.Солонгын бичсэн 2018 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 81 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр Х.Т, Т.Э, М.А, Б.Ч, Б.Б, М.А, Б.Б, А.Л нарт холбогдох 201725010613 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Б овогт Х-ийн Т, 1991 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хадам эхийн хамт Баянгол ........ тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ......./;

 

2. Б овогт Т-ийн Э, 1986 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, радио, телевизийн найруулагч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвд мэргэжилтэнээр ажиллаж байсан, цагдаагийн ахлах дэслэгч цолтой, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн ........ тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ....../;

 

3. Д овогт Б-ын Ч, 1989 оны 2 дугаар сарын 4-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, радио холбооны инженер мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст Холбооны инженер ажилтай байсан, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн ....... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ....../;

 

4. Б овогт М-ын А, 1988 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, ах, эхнэр, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн ...... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ......./;

 

5. Ү овогт Б-ийн Б, 1995 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Булган аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ МУИС-ын Геофизикийн ангийн 4 дүгээр дамжаанд суралцаж байсан, ам бүл 4, эмээ, эх, дүү нарын хамт Баянгол дүүргийн ...... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ...../;

 

6. Ц овогт М-ын А, 1996 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ ШУТИС-ийн Цахилгаан эрчим хүчний 4 дүгээр дамжаанд суралцаж байсан, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн ....... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ....../;

 

7. Б овогт Б-ийн Б, 1965 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Да хүрээ” зах дээр автомашины худалдаа хувиараа эрхэлдэг байсан, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн .... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ..../;

 

8. А овогт А-ын Л, 1990 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автын засварчин мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Да хүрээ” зах дээр автомашины худалдаа хувиараа эрхэлдэг байсан, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ..... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ....../;

 

Яллагдагч Х.Т нь Т.Э, М.А, Б.Ч, Б.Б, М.А, Б.Б, А.Л нартай бүлэглэн 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн хооронд тээврийн хэрэгслийн торгуулиа устгуулах сонирхолтой 71 иргэнээс 16.971.400 төгрөгийг авч, "Торгууль.мн" сайтаас тээврийн хэрэгслийн торгуулийг устгаж, цахим мэдээлэлд хууль бусаар халдсан гэмт хэрэгт,

Яллагдагч Т.Э нь Х.Т, М.А, Б.Ч нартай бүлэглэн 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн хооронд тээврийн хэрэгслийн торгуулиа устгуулах сонирхолтой 71 иргэнээс 16.971.400 төгрөгийг авч, "Торгууль.мн" сайтаас тээврийн хэрэгслийн торгуулийг устгаж, цахим мэдээлэлд хууль бусаар халдсан гэмт хэрэгт,

Яллагдагч Б.Ч нь Т.Э, Х.Т нартай бүлэглэн 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн хооронд тээврийн хэрэгслийн торгуулиа устгуулах сонирхолтой 71 иргэнээс 16.971.400 төгрөгийг авч, "Торгууль.мн" сайтаас тээврийн хэрэгслийн торгуулийг устгаж, цахим мэдээлэлд хууль бусаар халдсан гэмт хэрэгт,

Яллагдагч М.А нь Т.Э, Х.Т нартай бүлэглэн 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн хооронд тээврийн хэрэгслийн торгуулиа устгуулах сонирхолтой 71 иргэнээс 16.971.400 төгрөгийг авч, "Торгууль.мн" сайтаас тээврийн хэрэгслийн торгуулийг устгаж, цахим мэдээлэлд хууль бусаар халдсан гэмт хэрэгт,

Яллагдагч Б.Б нь Х.Т, М.А, А.Л, Б.Б нартай бүлэглэн 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн хооронд тээврийн хэрэгслийн торгуулиа устгуулах сонирхолтой 71 иргэнээс 16.971.400 төгрөгийг авч, "Торгууль.мн" сайтаас тээврийн хэрэгслийн торгуулийг устгаж, цахим мэдээлэлд хууль бусаар халдсан гэмт хэрэгт,

Яллагдагч М.А нь Б.Б, Х.Т нартай бүлэглэн 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн хооронд тээврийн хэрэгслийн торгуулиа устгуулах сонирхолтой 71 иргэнээс 16.971.400 төгрөгийг авч, "Торгууль.мн" сайтаас тээврийн хэрэгслийн торгуулийг устгаж, цахим мэдээлэлд хууль бусаар халдсан гэмт хэрэгт,

Яллагдагч А.Л нь Б.Б, Х.Т нартай бүлэглэн 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн хооронд тээврийн хэрэгслийн торгуулиа устгуулах сонирхолтой 71 иргэнээс 16.971.400 төгрөгийг авч, "Торгууль.мн" сайтаас тээврийн хэрэгслийн торгуулийг устгаж, цахим мэдээлэлд хууль бусаар халдсан гэмт хэрэгт,

Яллагдагч Б.Б нь Б.Б, Х.Т нартай бүлэглэн 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн хооронд тээврийн хэрэгслийн торгуулиа устгуулах сонирхолтой 71 иргэнээс 16.971.400 төгрөгийг авч, "Торгууль.мн" сайтаас тээврийн хэрэгслийн торгуулийг устгаж, цахим мэдээлэлд хууль бусаар халдсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

          Нийслэлийн прокурорын газар: Х.Т-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Т.Э, М.А, Б.Ч, Б.Б, М.А, Б.Б, А.Л нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

         

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: 1. Яллагдагч Х.Т, Т.Э, М.А, Б.Ч, Б.Б, М.А, Б.Б, А.Л нарыг хавтгайруулан яллагдагч нарыг бүлэглэн 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн хооронд тээврийн хэрэгслийн торгуулиа устгуулах сонирхолтой 71 иргэнээс 16.971.400 төгрөгийг авч, "Торгууль.мн" сайтаас тээврийн хэрэгслийн торгуулийг устгаж, цахим мэдээлэлд хууль бусаар халдсан гэж яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь учир дутагдалтай байна. Иймд яллагдагч нарт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэн, хэн нь хэдэн удаагийн үйлдлээр ямар, ямар улсын дугаарын автомашины торгуулийг "Торгууль.мн" сайтаас устгаж, ямар хэмжээний хохирлыг учруулсан болохыг шалгаж үйлдэл, оролцоог нь тогтоох шаардлагатай. Энэ нь шүүх шүүгдэгч нарт ял шийтгэлийг ялгамжтай оногдуулахад нөлөөлдөг болно.

2. Хавтас хэрэгт авагдсан Үндэсний дата төвөөс ирүүлсэн тоотоор 79-н авто тээврийн хэрэгсэлд төлбөр, төлөлт, торгуулийн мэдээллийг ирүүлснийг ямар зүйлийг үндэслэн 79-н авто тээврийн хэрэгслийн мэдээллийг ирүүлснийг эрх бүхий этгээд болон мэдээллийг мэдэх мэдээллийн технологийн мэргэжилтнүүдээс асууж тодруулаагүй байна.

3. Замын Хөдөлгөөний Удирдлагын Төвийг энэ хэрэгт иргэний нэхэмжлэгч, хохирогчоор тогтоож, Б-гийн Б-ыг томилсон байх боловч өөрийн байгууллагад хичнээн төгрөгийн хохирол учирсан талаар мэдэхгүй байгаагийн зэрэгцээ иргэний нэхэмжлэгч, хохирогчоор Шоовдорын Гантөмөрөөр солих хүсэлтийг тавьсан байхад энэ хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулсан нь иргэний нэхэмжлэгч, хохирогчийг зөв тогтоосон эсэхэд эргэлзээтэй байх тул хохирогч нь Замын Хөдөлгөөний Удирдлагын Төв, эсхүл Үндэсний дата төв үү, эсхүл улсын төсвийг төвлөрүүлдэг байгууллага уу гэдгийг шалган тогтоох шаардлагатай байна.

4. Яллагдагч Б.Б, А.Л нарын өмгөөлөгч Б.Чинбатын хүсэлт, гомдлыг мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа харгалзан үзэх үндэстэй байна.

Иймд дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Х.Т, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Т.Э, М.А, Б.Ч, Б.Б, М.А, Б.Б, А.Л нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Баянзүрх дүүргийн Прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч Х.Т, Т.Э, М.А, Б.Ч, Б.Б, М.А, Б.Б, А.Л нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Acer” загварын зөөврийн компьютер, зөөврийн компьютерийн хулгана, залгуур, саарал өнгийн цүнх, “Sandisk” гэсэн бичигтэй флаш диск 1 ширхэг, “Iphone 7” загварын хар өнгийн гар утас 1 ширхэг, Х.Тгийн Худалдаа хөгжлийн банкны виза карт 1 ширхэг, сиди 19 ширхэг, бэлэн 5.147.000 төгрөг, хавсралтыг хэргийн хамт буцааж шийдвэрлэжээ.

 

            Прокурор С.Солонго бичсэн эсэргүүцэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгчийн захирамжинд дараах үндэслэлээр эсэргүүцэл бичиж байна. Үүнд:

           1. Яллагдагч Х.Т “Торгууль.мн” сайт руу нэвтэрч торгууль устгадаг, яллагдагч Т.Э, М.А, Б.Ч, Б.Б, М.А, А.Л, Б.Б нар нь торгуулиа устгуулах сонирхолтой иргэдийг олж өгч, торгууль устгуулдаг болох нь хавтас хэрэгт авагдсан гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, Хаан банкны дансанд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Энэ хуульд заасан гэмт хэргийг өөрөө, бусадтай бүлэглэн, ял оногдуулах насанд хүрээгүй хүнийг, хэрэг хариуцах чадваргүй хүнийг, гэмт хэргийг хамтран үйлдээгүй ба гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгож мэдээгүй бусад хүнийг, мал, амьтан ашиглан үйлдсэн хүнийг гэмт хэргийн гүйцэтгэгч гэнэ", 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ" гэж тус тус хуульчилж өгсөн байна.

Ийм учраас прокуророос яллагдагч Х.Т-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

яллагдагч Т.Э, М.А, Б.Ч, Б.Б, М.А, А.Л, Б.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн.

Яллагдагч Х.Т нь дээрх 71 тээврийн хэрэгслийн торгуулийг устгасан болохоо хүлээн зөвшөөрдөг бөгөөд энэ нь гэрч, яллагдагч нарын мэдүүлгээр давхар нотлогддог, харин хэн, хэн нь хэдэн удаагийн үйлдлээр ямар, ямар тээврийн хэрэгслийн торгуулийг устгуулахаар өгсөн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, Үндэсний дата төвийн албан бичгээр нарийвчлан тогтоох боломжгүй байгаа юм.

Гэхдээ яллагдагч Т.Э, М.А, Б.Ч, Б.Б, М.А, А.Л, Б.Б нарын үйлдэл нь яллагдагч нарын мэдүүлэг, яллагдагч нарын Хаан банкны дансанд үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдож байна.

2. Үндэсний дата төвөөс ирүүлсэн тоотоор 79 тээврийн хэрэгсэлд төлбөр төлөлт, торгуулийн мэдээллийг ирүүлснийг ямар зүйлийг үндэслэснийг тодруулах зорилгоор Үндэсний дата төвийн мэдээлэл технологийн хөгжүүлэлтийн мэргэжилтэн П.Т-г гэрчээр байцааж тодруулсан. Гэрч П.Т нь мэдүүлэгтээ “Payment date" гэсэн нь төлбөр хийгдсэн хугацааны өгөгдлийн сан дээрх цаг системийн цаг учир хүн өөрчлөх боломжгүй. Тэгэхээр энэ гаргаж өгсөн мэдээллээс ажлын бус цагаар юмуу, эсхүл нэг дор зэрэг хийгдсэн үйлдлүүд нь сэжигтэй үйлдэл байна. Бүгдийг нь идэвхжүүлж байгаад төлөвийг нь өөрчилсөн гэж үзэхээр байна. Гаргаж өгсөн энэ баримт бол сэжигтэй тохиолдлоор торгууль төлөгдсөн гэсэн төлөвт шилжсэн баримтууд байгаа юм. Мөн банкны мэдээлэл нь ирэх ёстой тал нь хоосон, эсхүл банкуудын утгуудтай таарахгүй байсан мэдээллийг танай байгууллагад гаргаж өгсөн..." гэж мэдүүлсэн.

Дээрх 79 тээврийн хэрэгслийн мэдээллийг авахдаа, анх мөрдөн байцаалтаар торгуулиа устгуулсан гэх 79 тээврийн хэрэгслийн улсын дугаарын жагсаалтыг гаргаж, хэдэн төгрөгийн торгуультай байсныг тогтоохоор Үндэсний дата төвд албан бичиг хүргүүлж хариуг авсан юм. Шаардлагатай бол шүүх хуралдаанд гэрчээр оролцуулах боломжтой юм.

3. Мөрдөн байцаалтаар Замын хөдөлгөөний Удирдлагын төвийг хохирогчоор тогтоосон. Үндэсний дата төв дээр "Торгууль.мн" бааз буюу мэдээлэл нь байрлаж баяжуулалт хийгдэж, "Торгууль.мн"-ийн торгууль нь улсын төсөвт шууд ордог учраас Замын хөдөлгөөний удирдлагын төвийг хохирогчоор тогтоосон. Хохирогчоор Б-ийн Батсайханыг тогтоож, 2 удаа байцаалт авсан ба мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч хэргийн материалыг Б.Б-д танилцуулсан. Хохирогч Б.Б нь хохирогчоор Ш.Г-ийг оролцуулах талаар дурдаагүй. Замын хөдөлгөөний удирдлагын төвийг төлөөлөх эрх бүхий этгээд гэж үзсэн.

4. Яллагдагч А.Л, Б.Б нарт үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаагүй. Тэдний үйлдэл хавтас хэрэгт авагдсан гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, Хаан банкны дансанд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон.

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 226 дугаар зүйлд "Компьютерийн мэдээлэл, программыг өөрчлөх, эвдэх сүйтгэх" гэж хуульчилсан учраас яллагдагч А.Л, Б.Б нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 226 дугаар зүйлийн 226.2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татсан  байсан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "... оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ" гэж зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татсан. Иймд Эрүүгийн хуульд байхгүй заалтаар яллагдсан гэж үзэх үндэслэлгүй юм.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 1538 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна...” гэв.

 

Яллагдагч Т.Э, М.А нарын өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүлээн зөвшөөрч байна. Хохирол үнэн бодитой тогтоогдож байж хэргийн бодит байдал үнэн зөвөөр тогтоогдоно гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Прокурор хэлэхдээ, яллагдагч нарын олсон орлого нь хоорондын дансны хуулгаар тогтоогдоно гэж хэлж байна. Миний хоёр үйлчлүүлэгч багын найзууд. Энэ хэргээс өмнө ч гэсэн бичиг хэргийн дэлгүүр ажиллуулж, хоорондоо тодорхой хэмжээгээр мөнгө шилжүүлж өгч, авалцдаг байсан. Дансаар шилжсэн мөнгө болгон хохирол болох уу, үүний ялгааг яаж гаргах вэ. Цахим санд байгаа мэдээллийг цагдаагийн байгууллагаас үзлэг хийж, бэхжүүлж авсан бол яллагдагч нарын хохирол тогтоогдох байсан юм болов уу. 79 тээврийн хэрэгслийн торгууль устгасан гэж яриад  байдаг болохоос биш, яг хэдэн тээврийн хэрэгслийн торгууль устгасан талаар шалгуулах ёстой байсан. Эдгээр ажиллагааг хийсний дараа хэргийг шийдвэрлэх нь зүйтэй. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү... ” гэв.

 

Яллагдагч М.А, Б.Б нарын өмгөөлөгч З.Ганчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ...Анхан шатны шүүхээс хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан үндэслэлийг дэмжиж байна. Нэр бүхий найман яллагдагч нарыг бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж, нэг зүйлээр зүйлчилсэн байгаа. Ингэхдээ үйлдэл, оролцоог нь харгалзан үзэлгүй хүн тус бүрийг 71 иргэний 16.971.400 төгрөг авч, тээврийн хэрэгслийн торгуулийг устгаж, цахим мэдээлэлд халдсан гэж яллагдагчаар татсан. Тухайн цахим сангийн мэдээлэлд хууль бусаар халдсан хүн нь хэрэгт авагдсан баримтаас харахад яллагдагч Х.Т байдаг. Бусад яллагдагч нар нь торгуулиа устгуулах хүсэлтэй хүмүүсийг олж өгсөн үйлдэл байгаа. Энэ хэрэгт хохирлын хэмжээ бүрэн тогтоогдоогүй, хохирогч нь нэг мөр тогтоогдоогүй. Хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцаасан шүүгчийн захирамж үндэслэлтэй байна... ” гэв.

Яллагдагч Т.Э шүүх хуралдаанд “ ...Тайлбар байхгүй... ” гэв.

Яллагдагч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна... ” гэв.

 

ХЯНАВАЛ:

Прокурор С.Солонгын бичсэн эсэргүүцлийг үндэслэн Х.Т нарт холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэхдээ эсэргүүцэлд бичсэн үндэслэлээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн материалыг судлахад, Х.Т нарт холбогдох хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай нөхцөл байдал тогтоогдож байх тул хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг нь мэдээллийн үйл ажиллагааны салбарын эсрэг нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл бөгөөд улс орны ашиг сонирхол, эдийн засгийн болон хувь хүний эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг чиглэсэн ашиг хонжоо олох зорилготой нийгэмд аюултай үйлдэл байдаг. Энэ хэрэг нь компьютерийн систем, цахим мэдээллийн сүлжээ, тэдгээрийн мэдээллийн сан, программ хангамж, тэдгээрт хадгалдагдаж байгаа мэдээллийг өөрчлөх, утгыг алдагдуулах, устгах гэх мэт хэлбэрээр илрэх бөгөөд мэдээллийн сүлжээ, төхөөрөмжийг өөрчилж, устгаж, гэмтээснээс учирсан хохирлыг тогтооход мэдээллийн үнэ цэнэ, эвдрэлийг арилгахад шаардагдах хугацаа, хохирсон хэрэглэгчдийн тоо, байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдсан байдал, эд хөрөнгийн хохирлын хэмжээ зэргийг зайлшгүй харгалзан үзнэ.

Прокуророос яллагдагч Х.Т нарыг бүлэглэн 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн хооронд тээврийн хэрэгслийн торгуулиа устгуулах сонирхолтой 71 иргэнээс 16.971.400 төгрөгийг авч "Торгууль.мн" сайтаас тээврийн хэрэгслийн торгуулийг устгаж, цахим мэдээлэлд хууль бусаар халдсан гэж яллах дүгнэлт үйлдсэн байх бөгөөд яллагдагч нарын хэн нь хэдэн удаагийн үйлдлээр ямар, ямар улсын дугаартай автомашины торгуулийг "Торгууль.мн" сайтаас устгуулж, тус бүр хэдий хэмжээний хохирол учруулсан болохыг шалгаж, үйлдэл, оролцоог нь тогтоох шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл яллах дүгнэлтээр "тэдгээрийн бүлэглэн оролцсон хэлбэр, гүйцэтгэсэн үүрэг, оролцсон оролцоо, тус бүрийн учруулсан хохирлын хэр хэмжээ" зэргийг бүрэн, бодитой тооцон гаргах боломжгүй нөхцөл байдлыг үүсгэж байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулаагүй байна.

 

Түүнчлэн "Торгууль.мн" сайтын хамгаалалт Үндэсний дата төвд, сайтын баяжилт, мэдээллийг оруулах үүрэг нь Замын хөдөлгөөний удирдлагын төвд, торгуулын мөнгийг  Төрийн санд оруулдаг зэргээс үзэхэд 71 иргэний тээврийн хэрэгслийн торгуульд төлөх ёстой 16.971.400 төгрөгийг төлүүлж улсын орлогод оруулалгүй, "Торгууль.мн" сайтаас мэдээллийг устгаж байгаа яллагдагч нарын үйлдэл нь ямар байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан болох, уг байгууллагыг хохирогчоор тогтоох эсэхэд дүгнэлт хийх нь зүйтэй. Хохирол нь цахим тооцооны машиныг /цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээг/ өмчлөгч, эзэмшигч, хэрэглэгч эсвэл гуравдагч этгээдэд ч учирч болно.

 

Прокуророос яллагдагч Х.Т нарыг бүлэглэн тээврийн хэрэгслийн торгуулиа устгуулах сонирхолтой 71 иргэнээс 16.971.400 төгрөгийг авч "Торгууль.мн" сайтаас тээврийн хэрэгслийн торгуулийг устгаж, цахим мэдээлэлд хууль бусаар халдсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч шүүх хуралдаанд 16.971.400 төгрөг бол 71 тээврийн хэрэгслийн торгуульд төлөх ёстой байсан нийт мөнгөн дүн гэж тайлбарлаж байгаа тул яллагдагч нар нь 71 тээврийн хэрэгслийн торгуулыг устгаж, гэмт хэрэг үйлдэх замаар бусдаас ямар хэмжээний хөрөнгө, орлого олсон эсэхийг хүн тус бүрээр тогтоож, хууль бусаар олсон орлогыг тодорхой болгох шаардлагатай.   

 

Түүнчлэн  Д.Мэндбаярт холбогдох хэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүгч дангаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байх бөгөөд 2018 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 1402 дугаартай “Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай” захирамжинд хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэхээр дурдсан атлаа шүүгч дангаар хянан шийдвэрлэсэн техникийн шинжтэй алдаа гаргасныг анхааруулан тэмдэглэж байна. Эдгээр зөрчлүүд нь шүүхээс үндэслэл бүхий тогтоол гарахад сөргөөр нөлөөлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдалд хамаарахгүй гэж үзэв. 

 

Шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлж, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шүүх хуралдаанаар хэлэлцэх хуульд заасан үндэслэл бүрдээгүй байх тул “...анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүхийн хэлэлцүүлэгт буцаалгах...”-аар бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 6 дугаар сарын 13-ний өдрийн 1538 дугаар захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Прокурор С.Солонгын бичсэн 2018 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 81 дугаартай эсэргүүцлийн 2, 3, 4 дэх үндэслэлийг хүлээн авч, 1 дэх үндэслэлийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1.Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 1538 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор С.Солонгын бичсэн 2018 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 81 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР                                           

                                    ШҮҮГЧИД                                                       С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                            Л.ДАРЬСҮРЭН