Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 003

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Сонинболор би даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Б ” ХХК-нийн

Хариуцагч: Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрчим хүчний хяналтын улсын байцаагч Ш.М , Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч Ш.Д , Байгаль орчин, цөмийн цацрагийн хяналтын улсын байцаагч Д.Г  нарт холбогдуулан гаргасан,

            Нэхэмжлэлийн шаардлага: “Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрчим хүчний хяналтын улсын байцаагч Ш.М , Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч Ш.Д , Байгаль орчин, цөмийн цацрагийн хяналтын улсын байцаагч Д.Г  нарын гаргасан 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн “Зөрчил арилгуулах тухай” 21-06/028/59 дугаартай албан шаардлагыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ням-Адъяа оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч Б ХХК-нийн захирал Д.С  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нарын гаргасан 2019 оны 03 сарын 25-ны 21-06/028/59 дугаартай албан шаардлага нь “Б ” ХХК-ийн хууль ёсны эрх, ашгийг ноцтойгоор зөрчиж, албан шаардлага гаргахдаа материалаа дутуу цуглуулсан, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. 2019 оны 03 сарын 25-нд “Зөрчил арилгуулах тухай” 21-06/028/59 дугаартай албан шаардлага гаргасан байх бөгөөд 2019 оны 05 сарын 25-нд “Б ” ХХК-ны захирал Д.С хүлээн авснаар гарын үсэг зуруулж, 2019 оны 05 сарын 27-нд Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга П.Э-д урьдчилан шийдвэрлэх журмаар гомдол гаргаж 2019 оны 07 сарын 05-ны өдөр 295 дугаартай албан тоотоор хариугаа авлаа.

Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нар нь Монгол улсын Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8 хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, албан тушаалтанд шаардлага тавьж хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулахаар албан шаардлага гаргажээ.

Гэтэл 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн "Зөрчил арилгуулах тухай" 21-06/028/59 дугаартай албан шаардлага гаргахаасаа өмнө Монгол улсын Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.5 төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтын удирдамжийг батлуулах хууль хэрэгжээгүй.

Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтын удирдамжийг итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э  болон надад танилцуулаагүй байж албан шаардлага гаргасны дараа хүлээн авснаар гарын үсэг зуруулсан.

Анхнаасаа төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтын удирдамж гэж гараагүй учраас танилцуулаагүй гэж ойлгож байна. Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нар Төрийн хяналт шалгалтын хууль тогтоомжид заасны дагуу Төлөвлөгөөт шалгалтын удирдамжийг урьдчилан ирүүлж холбогдох материалыг үзүүлэх боломжийг бүрдүүлэлгүйгээр гэнэт хийсэн нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 51 дугаар зүйлийн 51.2-т Хяналт шалгалтын байгууллага төлөвлөгөөт хяналт шалгалт хийх тухайгаа шалгуулах этгээдэд таваас доошгүй хоногийн өмнө шуудангаар, утсаар, эсхүл биечлэн мэдэгдэх бөгөөд мэдэгдэлд шалгалт хийх байгууллагын нэр, шалгалт эхлэх ба дуусах хугацааг заана гэх хуулийн заалтыг зөрчсөн.

“Б ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э нь 2019 оны 05 сарын 28-ны өдөр Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газарт тайлбар гаргаж, 408 хуудас нотлох баримтыг тайлбарын хамт гаргасан байна. Дээрхи Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 3 сарын 25-ны өдрийн 21-06/028/59 дугаартай албан шаардлага гаргахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан эрхийг хангаагүй.

Мөн албан шаардлага гаргахдаа “Б  ХХК-нийн орлогч захирал Д.Т , ерөнхий инженер Ш.М нарыг байлцуулан хийсэн гэдгийг зөвшөөрөхгүй байна. Учир нь Компаний тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д зааснаар тус компаний ерөнхий захирал Д.С  юм.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.11-д “улсын байцаагч хийсэн хяналт шалгалт, гаргасан дүгнэлт, бичсэн танилцуулга, албан шаардлагын тоо баримтын үндэслэл, нотолгооны үнэн зөвийг хариуцах”, мөн хуулийн 10.9.10-д “улсын байцаагч нь хууль тогтоомжийг чанд сахих, хөндлөнгийн нөлөөнд үл автан албан үүргээ үнэнчээр гүйцэтгэх, төр, байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтны хууль ёсны ашиг сонирхол, нэр төрийг хүндэтгэх, өөртэйгөө болон эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, садан төрлийн хүмүүст холбогдох асуудлыг шалгахаас татгалзах, хяналт шалгалтыг бүрэн гүйцэд хийх үүрэгтэй” гэх заалтыг зөрчсөн.

“Б ” ХХК-нийн хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагаа, эрүүл мэндийн чиглэлээр зарцуулсан зардлын тооцоо, гамшгийн эрсдэлийн үнэлгээ, 2019 онд хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагаа, эрүүл мэндийн чиглэлээр хийх ажлын төлөвлөгөө, агаар бохирдуулах бодисын шинжилгээний ажил гүйцэтгэх гэрээ, 2018 онд ажилчиддаа олгосон хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны хэрэгсэл олгосон, хоол олгосон баримт зэрэг баримтууд байдаг. Түүнчлэн Б  ХХК-нийн техник тоног төхөөрөмжийн талаар 2016 онд авсан Чанарын хяналтын баримт бичгүүд, схем зурагнууд, зөвшөөрөл, Стандарт хэмжил зүйн газрын дулаан даралтыг хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын гэрчилгээ, 2016-2019 онуудад аж ахуй нэгж, айл өрх, төсөвт байгууллагатай байгуулсан дулаан эрчим хүчээр хангах гэрээ, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тодотголын тайлан зэрэг баримтуудыг авалгүйгээр хяналт шалгалт хийсэн нь хууль бус юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

            Хариуцагч нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх заалтын дагуу төлөвлөгөөт шалгалтыг Мэргэжлийн хяналтын байгууллага өмнөх жилийн 12 сарын 1-ний өдрийн дотор баталж, олон нийтэд мэдээлдэг бөгөөд үүний дагуу хяналт шалгалтыг явуулсан болно.

Мэргэжлийн хяналтын байгууллагын 2019 оны хяналт шалгалтын төлөвлөгөөний дагуу Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2019 оны 03 сарын 13-ны өдөр баталсан 21/143 тоот удирдамжаар Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрчим хүчний хяналтын улсын байцаагч Ш.М , Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч Ш.Д , Байгаль орчин, цөмийн цацрагийн хяналтын улсын байцаагч Д.Г  нар 2019 оны 03 сарын 18-наас 22-ны хооронд “Б “ ХХК-ийн дулааны станцад хяналт шалгалт хийсэн.

            “Б ” ХХК-нд хяналт шалгалт хийхээс өмнө урьдчилан 2019 оны 03 сарын 05-ний өдрийн 16 цаг 04 минутанд компанийн гүйцэтгэх захирал Д.А   орлогч захирал Д.Т  , нарт утсаар мэдэгдсэн.

            2019 оны 03 сарын 18-ны өдөр буюу утсаар мэдэгдсэнээс хойш 13 хоногийн дараа тус компанийн дулааны станцын конторын байранд Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрчим хүчний хяналтын улсын байцаагч Ш.М , Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч Ш.Д , Байгаль орчин, цөмийн цацрагийн хяналтын улсын байцаагч Д.Г  нар компанийн гүйцэтгэх захирал Д.А , орлогч захирал Д.Т , нягтлан бодогч Б.Г , инженер Ш.М-ийг байлцуулан төлөвлөгөөт хяналт шалгалтын удирдамжийг танилцуулан, захирал Д. С-т факсаар явуулсан.

            Хяналт шалгалт 2019 оны 3 сард хийж дууссан тул удирдамжийг итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э-д танилцуулах шаардлага байхгүй ба “Б-” ХХК-иас 2019 оны 04 сарын 19-ний өдөр “Итгэмжлэл олгох тухай” 1/62 тоот албан бичигт Ж.Э-ыг Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулахаар итгэмжлэл ирүүлсэн.

Захирал Д. С  нь Ховд аймагт байж компанийн үйл ажиллагаандаа оролцдоггүй, утсаар залгахад авдаггүй, холбогддоггүй тул хяналт шалгалтыг явуулсан ба Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4 дэх заалт “Төлөвлөгөөт хяналт шалгалт хийхэд тухайн хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтныг байлцуулах бөгөөд тухайн албан тушаалтан ирээгүй нь уг шалгалтыг хойшлуулах үндэслэл болохгүй гэх заалттай нийцэж байна.

            Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7, 5.8, 5.9 дэх заалтын дагуу удирдамж, хяналтын хуудсанд заасан асуудлын хүрээнд хийж гүйцэтгэсэн. “Б ” ХХК-ийн дулааны станцын удирдлага болох Д.А , Д.Т- нар нь захирал Д.С-т мэдэгдэж байж улсын байцаагчдад холбогдох бичиг баримтыг гаргаж өгч, ажлын байр нэг бүрээр хамт явсан болно.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан улсын байцаагчийн бүрэн эрхийн хүрээнд хяналт шалгалтыг хийж, илэрсэн зөрчлийг арилгуулахаар тухайн аж ахуйн нэгжид хугацаатай албан шаардлагыг хүргүүлсэн.

Албан шаардлагыг зуруулахаар 2 хувийг Улаанбаатар хотод байгаа захирал Д.С-т явуулж гарын үсэг зуруулсан. Албан шаардлагаа хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсны дараа буюу 2019 оны 05 сарын 28-ны өдөр тайлбар, материалуудыг манай байгууллагад ирүүлсэн.

“Б” ХХК-нийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхэд Хөдөлмөрийн эрүүл ахуйг шалгах хяналтын хуудсаар 309 оноо буюу 53 хувь “их” эрсдэлтэй үнэлэгдсэн. 2019 оны 05 сарын 28-нд ирүүлсэн материалыг харахад шинээр бэлдэж цаасан дээр буулгасан болохоос биш газар дээрээ хэрэгжсэн зүйл байхгүй байна.

            Үйлдвэрлэл үйлчилгээний зардлын 1.5 хувиас доошгүй хэмжээний хөрөнгийг жилийн ажлын төлөвлөгөө гарган, ажлын байрны нөхцөлийг сайжруулах, ажилчдын эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахад шаардагдах хөрөнгийг тусгаж, зориулалтаар нь зарцуулах ёстой гэтэл шалгалтаар тус компани санхүүжилт батлаагүй, зарцуулаагүй байсан бөгөөд нягтлан бодогч Б.Г  баталсан төсөв алга байна гээд юу ч үзүүлээгүй, үнэхээр төсөв батлаад зарцуулсан бол доорх зөрчлүүд гарахгүй байсан.

            Хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдал хариуцсан ажилтан томилсон тушаал, шийдвэр байхгүй, ажилтан байхгүй учраас энэ чиглэлийн ажлууд хийгдээгүй гэж орлогч захирал Д.Т, гүйцэтгэх захирал Д.А, инженер Ш.Мг нар хариулсан.

Ажлын байрны онцлогт тохирсон эрүүл ахуйн дүрэм, заавар, журам батлаагүй, мөрдөөгүй, зуухан цех болон шугам сүлжээний хэсгийн ажлын байруудын байгалийн болон зохиомол гэрэлтүүлэг хангалтгүй, засвар үйлчилгээ хийгээгүй, эрүүл ахуйн шаардлага хангахгүй байгаа нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дах заалтыг зөрчсөн.

Ажил олгогч хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтанд хамрагдаагүй, ажилтнуудад өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн боловсрол олгох сургалтын хөтөлбөр хуваарьгүй, сургалт зохион байгуулдаггүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2, 17.3, 17.4, 28 дугаар зүйлийн 28.1.7, 28.1.8 дах заалтыг зөрчсөн, ажилтныг ажлын нөхцөл, эрүүл мэндэд нөлөөлж байгаа хүчин зүйлээс нь хамааруулан тогтоосон хугацаанд шаардлагатай эмчийн үзлэг, шинжилгээнд хамруулдаггүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн14.1, 14.2 дэх заалт, Эрүүл мэндийн сайдын 2014 оны 340 тоот тушаалыг зөрчсөн.

Ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах, угааж цэвэрлэх, засварлах, ариутгах зардлыг хариуцах үүргээ биелүүлээгүй, ажлын хувцас, хамгаалах хэрэгслийн жагсаалтыг хийж гүйцэтгэх ажлын онцлог, нөхцөлд нь тохируулж батлаагүй, ажилтнуудад ажлын тусгай хувцсыг хүйтний болон дулааны улирлын нөхцөлд тохируулан олгодоггүй, шинээр ажилд орж байгаа ажилтанд ажлын хувцас олгоогүй байсан. Хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаа ажилтанд эрүүл ахуйн шаардлага хангасан хор саармагжуулах хүнсний бүтээгдэхүүнийг олгодоггүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.9 дэхь заалт, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 171 тоот тушаалыг зөрчсөн.

            Барилга байгууламжийн салхивч, агааржуулалтын ерөнхий болон хэсгийн системийн хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллаагүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх заалт, “Үйлдвэрлэлийн барилгын салхивч агааржуулалтын системд тавих ерөнхий шаардлага МNS 5078:2001 стандартыг зөрчсөн.

Дотоод хяналтаар ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлд эрүүл ахуйн хэмжилт, шинжилгээ хийдэггүй нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тушаалыг зөрчсөн.

Даралтат савны ашиглалт аюулгүй ажиллагааны зааврыг боловсруулж хянуулж батлуулаагүй нь ДСТАА Дүрэм”ийн 7.1.2, 7,2,6 дах заалтыг зөрчсөн. Даралтат сав ашиглаж байгаа байгууллага нь даралтат савны бүрэн бүтэн байдал, аюулгүй ажиллагаа хариуцсан ажилтан болон даралтат савны ашиглалтын горим, аюулгүй ажиллагааны зааврыг зохих журмын дагуу болон ажиллах шаардлагын хэрэгжилтэнд тогтмол хяналт тавьж ажиллах, ажилтны албан тушаалын заавар боловсруулж, баталсан байх, холбогдох заавар ажлын байранд байрлуулж, зааврыг ажилчдад тараан өгч гарын үсэг зуруулсан байх үүрэгтэй.

            Даралтат савтай харьцаж ажилладаг инженер техникийн ажилтан нь мэргэжлийн сургалтан хамрагдаж эрх аваагүй нь ДСТАА Дүрэм”ийн 7.1.2 дах заалтыг зөрчсөн. Тухайн байгууллага нь даралтат савны бүрэн бүтэн байдал, аюулгүй ажиллагаа хариуцсан ажилтан болон даралтат савны ашиглалтын горим, аюулгүй ажиллагааны зааврыг зохих журмын дагуу болон ажиллах шаардлагын хэрэгжилтэнд тогтмол хяналт тавьж ажиллах ажилтны албан тушаалын заавар боловсруулж, баталсан байх, холбогдох заавар ажлын байранд байрлуулж, зааврыг ажилчдад тараан өгч гарын үсэг зуруулсан баталгаажуулсан байх үүрэгтэй.

            Дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нэгж, ажилтангүй нь “Аж ахуйн нэгж байгууллагын дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам”-ын 3.1 заалтыг зөрчсөн.  Хамгаалах хавхлагыг туршиж тохируулж, акт үйлдээгүй нь ДСТАА Дүрэм”ийн 5.5.9 дэх заалтыг зөрчсөн.

            Хамгаалах хавхлагийн тоо, хэмжээ, нэвтрүүлэх чадварыг тооцож тооцоогоор сонгон зохих даралтыг нь өгч шалгаж, хамгаалах хавхлагуудын ажиллах даралтыг ажлын даралтын 25%-иас ихгүй хэмжээгээр дээшлүүлэн тохируулж болно.

Хянах хэмжих хэрэгслийг баталгаажуулаагүй нь ДСТАА Дүрэм”ийн 5.3.11 дэх заалтыг зөрчсөн. Хянах хэмжих хэрэгслийг даралтат сав нэг бүрд өөр өөр даралт бүхий ажлын хөндий хэсэг бүрд зааж байхаар суурилагдсан манометр, термометрийг лацдаж, тэмдэг тавьж битүүмжлэх шалгалтыг 12 сард нэгээс доошгүй удаа хийсэн байх шаардлагатай. Даралтат савыг ажиллуулах явцад түүнийг үйлчлэн ажиллуулж буй ажилтны зүгээс тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг шалгах журам, хугацааг  ашиглагч байгууллагын удирдлагын баталсан даралтат савны ажиллагааны горим, аюулгүй ажиллагааны зааврыг үндэслэн тогтооно.

Дулаан дамжуулах, түгээх, хангах тусгай зөвшөөрөлгүй нь “Эрчим хүчний тухай” хуулийн 12.1 дэх заалтыг зөрчсөн.

Өөрийн эзэмшилд байгаа дулааны тоног төхөөрөмж, шугам сүлжээний хэвийн, найдвартай ажиллагааг хангаагүй нь “Дулааны эрчим хүч хэрэглэх дүрэм”-ийн 31 дэх заалтыг зөрчсөн

Горим ажиллагааны батлагдсан графикгүй, батлагдсан горимын дагуу хэрэглэгчдийг стандартын шаардлага хангасан дулааны эрчим хүчээр  тасралтгүй, найдвартай хангадаггүй нь “Эрчим хүчний тухай” хуулийн 29.1.1 дэх заалтыг зөрчсөн, үндсэн ба туслах тоноглол, шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн ээлжит их болон урсгал засвар, туршилт, тохируулгыг хугацаанд нь чанартай хийдэггүй, өвөлжилтийн бэлтгэлийг хангуулаагүй нь “Дулааны эрчим хүч хэрэглэх дүрэм”- ийн 38.2 дэх заалтыг зөрчсөн, дулааны шугам сүлжээний ашиглалтын хугацаа дууссан нь “Дулааны эрчим хүч хэрэглэх дүрэм”-ийн 38.2 дэх заалтыг зөрчсөн, аюулгүйн нөөц сэлбэг материалын жагсаалтыг эрх бүхий байгууллагаар батлуулаагүй, аюулгүйн нөөцийг бүрдүүлээгүй гэх зэрэг зөрчүүд илэрсэн.

Мөн хэрэглэгчидтэй дулаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулаагүй, гэрээнд хэрэглэх эрчим хүчний хэмжээ, чанар, төлбөр, тооцооны журам, гэрээ байгуулагч талуудын эрх, үүрэг, хариуцлага тооцох журам, эрчим хүчний шугам - сүлжээний эзэмшлийн зааг, шаардлагатай бусад асуудлыг тусгаагүй нь “Эрчим хүчний тухай” хуулийн 28.2 дэх заалтыг зөрчсөн.

            Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулж баталгаажуулалт хийгдээгүй,орчны хяналт шинжилгээний хөтөлбөргүй хөрс агаарын шинжилгээ хийгдээгүй нь “ байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9.1 , 9.3 ,9.6-д заалтыг зөрчсөн, Эзэмшил газрын төлөв байдал, чанарын хянан магадлагааг холбогдох мэргэжлийн байгууллагаар хийлгээгүй нь “Газрын тухай” хуулийн 58 дугаар зүйлийн 58.2 дахь заалтыг зөрчсөн гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч Б ХХК нь Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн эрүүл ахуй хариуцсан улсын байцаагч Ш.Д, Эрчим хүчний улсын байцаагч Ш.М, Байгаль орчин, цөмийн болон цацрагийн хяналтын улсын байцаагч Д.Г нарын гаргасан 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн “Зөрчил арилгуулах тухай” 21-06/028/59 дугаартай албан шаардлагыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч нь “Улсын мэргэжлийн хяналтын албаны нийтлэг дүрэм”-ийн 5.1-д “Шалгуулсан байгууллага, аж ахуйн нэгжийн эрх баригч, албан тушаалтан хяналт шалгалтын явцад хууль тогтоомж зөрчигдсөн, байцаагчийн гаргасан шийдвэр үндэслэлгүй гэж үзвэл гомдлоо эрх бүхий албан тушаалтан”-д гаргана гэж зааснаар Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргад гомдол гарган, Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 295 дугаар албан бичгээр хариу авч урьдчилан шийдвэрлэх ажиллагааг биелүүлсэн, нэхэмжлэл нь хуульд заасан хэлбэр, бүрдүүлбэр, агуулгыг хангасан гэж үзэн шүүх хүлээн авч хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, хариуцагч Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн эрүүл ахуй хариуцсан улсын байцаагч Ш.Д, Эрчим хүчний улсын байцаагч Ш.М, Байгаль орчин, цөмийн болон цацрагийн хяналтын улсын байцаагч Д.Г нарт шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91.5-д “...хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг гаргаагүй байсан ч шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан хэргийг шийдвэрлэж болно. Ингэхдээ хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзнэ...” гэж зааснаар тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт цугларсан гэж үзэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, хариуцагч Д.Г, Ш.Д, Ш.М нарыг оролцуулахгүйгээр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шийдвэрлэсэн болно.

 Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар зэргийг судалж үнэлээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчээс маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...хариуцагч нар Дулааны “Б” ХХК-нийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх удирдамжийг компанийн Ерөнхий захирал Д.С-д мэдэгдээгүй, уг хяналт шалгалтын удирдамжийг урьдчилан ирүүлж холбогдох материалыг бэлтгэх боломжоор хангаагүй, хяналт шалгалт хийхдээ холбогдох баримтыг хянаж үзээгүй...” гэж,

Хариуцагч нар нь “... “Б” ХХК-нийн дулааны станцын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхээс өмнө гүйцэтгэх захирал Д.А , орлогч захирал Д.Т  нарт утсаар мэдэгдэж, Д.А , Д.Т , нягтлан бодогч Б.Г, инженер Ш.М нарт төлөвлөгөөт хяналт шалгалтын удирдамжийг танилцуулсан. Хяналт шалгалт дуусч, албан шаардлагыг хүргүүлсний дараа холбогдох материалыг манайд ирүүлсэн..., хөдөлмөрийн эрүүл ахуй, эрчим хүч, байгаль орчны чиглэлээр нийт 35 заалт бүхий зөрчлийг арилгуулахаар албан шаардлага бичсэн...  ” гэж тайлбарлан маргажээ.

Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 21/143 дугаартай хяналт шалгалтын удирдамжид “...2019 оны 3 сарын 18-ны өдрөөс 2019 оны 3 сарын 22-ны өдрүүдэд Ховд аймгийн Жаргалант суманд үйл ажиллагаа явуулж байгаа “Б” ХХК-нийн үйл ажиллагаанд эрүүл ахуй, эрчим хүч, байгаль орчны чиглэлээр хяналт шалгалт хийхээр...” тусгажээ.

Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8-д “хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах эрхтэй” гэж зааснаар “Б” ХХК-нийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж хяналт шалгалтын хүрээнд “Б” ХХК-нийн хөдөлмөрийн эрүүл ахуйн чиглэлээр 11, эрчим хүчний чиглэлээр 18, байгаль орчны чиглэлээр 6, нийт 35 заалт бүхий зөрчлийг арилгуулахаар албан шаардлага бичжээ.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар төрийн хяналт шалгалтыг төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус, гүйцэтгэлийн гэж ангилах ба мөн хуулийн 51 дугаар зүйлийн 1-д “...Хяналт шалгалтын байгууллага төлөвлөгөөт хяналт шалгалт хийх тухайгаа шалгуулах этгээдэд таваас доошгүй хоногийн өмнө шуудангаар, утсаар, эсхүл биечлэн мэдэгдэх...”, 5.2-д Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжийн дагуу хийхээр заажээ.

  1. Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 21-06/028/59 дугаар албан шаардлагын Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын хүрээнд тавьсан албан шаардлагын тухайд:
  • Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 21-06/028/59 дугаар албан шаардлагад: Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 21-06/028/59 дугаар албан шаардлагад “...Ажилчдын эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах ажилд зарцуулах санхүүжилт батлаагүй...” гэжээ.

Нэхэмжлэгч “Б” ХХК-нийн 2018 оны хөдөлмөр хамгааллын зардлын тооцоо, 2018 онд ажилчдад хөдөлмөр хамгааллын хувцас /ажлын хос хувцас, гутал, хүрэм/, хөдөлмөр хамгааллын хэрэгсэл /маск, хошуувч, бээлий, саван/  тарааж ажилчдаар гарын үсэг зуруулсан баримт, гэрч Д.А, Д.Т, Ш.М, Б.Г нарын мэдүүлгээр ажилчдын эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах ажилд зарцуулах санхүүжилт батлаагүй гэдэг нь тогтоогдохгүй байна.

  • Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 21-06/028/59 дугаар албан шаардлагад: “...Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй хариуцсан орон тооны ажилтангүй...” гэжээ.

Нэхэмжлэгч “Б” ХХК-нийн захирлын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 58 дугаар тушаалаар Ш.М-ийг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан инженерээр томилсон, гэрч Г.А-ийн “...манай ерөнхий инженерээр ажиллаж байсан Ш.М  нь ерөнхий инженерээр ажиллахаас гадна хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцдаг байсан, одоо Ш.М  нь зөвхөн хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцан ажиллаж байгаа...” гэх мэдүүлэг, гэрч Д.А-ын Янжин гэх хүн хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй хариуцан ажилладаг байсан... гэх мэдүүлэг, гэрч Ш.М-ийн “...2016-2017 онд Булганчимэг гэх хүн, 2017-2018 онд Янжин гэх хүн, 2018 оны 10 сараас эхлэн би ерөнхий инженерээс гадна хөдөлмөрийн аюулгүй байдлын инженерийн ажил давхар эрхэлж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Д.Т ын “... Б" ХХК-нийн хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй хариуцсан ажилтан Янжин гэх хүн ажиллаж байсан. Дараа нь Ш.М  хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй хариуцан ажиллаж байгаа...” гэх мэдүүлгээр Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй хариуцсан орон тооны ажилтангүй гэдэг нь тогтоогдохгүй байна.

Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 21-06/028/59 дугаар албан шаардлагад: “...Зуухан цех болон шугам сүлжээний хэсгийн ажлын байруудын байгалийн болон зохиомол гэрэлтүүлэг хангалтгүй, засвар үйлчилгээ хийгээгүй, эрүүл ахуйн шаардлага хангаагүй...” гэжээ.

Тус шүүхээс 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр “Б” ХХК-нийн дулааны станцын үйлдвэрийн барилгад хийсэн “...“Б” ХХК-нийн дулааны станцын үйлдвэрийн барилга нь барилгын дээд хэсгээрээ ертөнцийн зүгээр урд болон хойд зүгрүү харсан цонхтой... ажиллах орчны хувьд байгалийн гэрэл тусахаас гадна зохиомол гэрэлтүүлгийг байрлуулсан байдалтай байв...” гэх үзлэгийн тэмдэглэл, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах ажилд зарцуулахад баталсан санхүүжилтэд зохиомол гэрэлтүүлгийг төсвийг тусгасан, гэрч Д.А-ын “...2018 онд тодорхой хэмжээний төсвийг зөвхөн гэрэлтүүлэгт зарцуулахаар төсөвлөсөн. Үүнээс 100-120 вт патрон 1210 ширхэг, LED гэрэл 18 ширхэгийг авч тавьсан...” гэх мэдүүлэг, гэрч Ш.М-ийн үйлдвэрийн болон ажлын байранд зохиомол гэрэлтүүлгийг байнга тавьж байгаа. Гэрэлтүүлэггүй бол ажиллах боломжгүй, байгалийн гэрэлтүүлгийн хувьд барилгын хаалга, цонхыг хааж битүүмжилсэн зүйл байхгүй, хөдөлмөр хамгааллын хүрээнд батлагдсан төсөвт гэрэлтүүлгийн төсөв батлагдсан байдаг...” гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар Зуухан цех болон шугам сүлжээний хэсгийн ажлын байруудын байгалийн болон зохиомол гэрэлтүүлэг хангалтгүй, засвар үйлчилгээ хийгээгүй, эрүүл ахуйн шаардлага хангаагүй гэдэг нь тогтоогдохгүй байна.

Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 21-06/028/59 дугаар албан шаардлагад: “...Ажилтныг ажлын нөхцөл, эрүүл мэндэд нөлөөлж байгаа хүчин зүйлээс нь хамааруулан тогтоосон хугацаанд шаардлагатай эмчийн үзлэг, шинжилгээнд хамруулдаггүй...” гэжээ.

Нэхэмжлэгч “Б” ХХК-нийн Ховд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн захиралтай байгуулсан “Урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдах гүйцэтгэлийн гэрээ”, гэрч Г.А , Д.Ц  нарын “...2017, 2018 онуудад биднийг эрүүл мэндийн үзлэгт хамруулж байсан, B, C вирусын шинжилгээнд хамруулж байсан...” гэх мэдүүлэг, Б.Г-ийн “...2018 онд манай байгууллага ажилчдаа эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулсан. Энэ хүрээнд B,C вирусын шинжилгээ өгөх, цусны дэлгэрэнгүй болон хелико бактерийн шинжилгээ өгсөн...” гэх мэдүүлэг, гэрч  Д.Т-ын “...2018 онд БОЭТ-с зохион байгуулсан үзлэгт ажилчдаа хамруулсан. Мөн өрхийн эмнэлэгтэй нартай хамтран B, C вирусын шинжилгээнд хамруулсан...” гэх мэдүүлэг, Д.А-ын “...2018 онд ажилчдаа эмнэлгийн бүрэн үзлэгт хамруулсан...” гэх зэрэг мэдүүлгүүдээр “Б” ХХК нь ажилтныг ажлын нөхцөл, эрүүл мэндэд нөлөөлж байгаа хүчин зүйлээс нь хамааруулан тогтоосон хугацаанд шаардлагатай эмчийн үзлэг, шинжилгээнд хамруулдаггүй гэж үзэх үндэслэлгүй байна.

Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 21-06/028/59 дугаар албан шаардлагад: “...Ажлын хувцас хамгаалах хэрэгслийн жагсаалт хийж гүйцэтгэн ажлын онцлогт тохируулан батлаагүй, олгоогүй...” гэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс ирүүлсэн нотлох баримтууд болох “Б” ХХК-ны 2018 оны 1 сарын 04-ний өдөр, 2018 оны 1 сарын 29-ний өдөр, 2018 оны 2 сарын 15-ны өдөр, 2018 оны 2 сарын 28-ны өдөр, 2018 оны 3 сарын 15-ны өдөр, 2018 оны 3 сарын 20-ны өдөр, 2018 оны 4 сарын 13-ны өдөр, 2018 оны 4 сарын 30-ны өдөр,  2018 оны 5 сарын 18-ны өдөр, 2018 оны 7 сарын 01-ний өдөр, 2018 оны 7 сарын 16-ны өдөр, 2018 оны 8 сарын 01-ний өдөр, 2018 оны 8 сарын 20-ны өдөр,  2018 оны 9 сарын 26-ны өдөр, 2018 оны 10 сарын 01-ний өдөр, 2018 оны 10 сарын 10-ны өдөр, 2018 оны 10 сарын 15-ны өдөр, 2018 оны 11 сарын 01-ний өдөр, 2018 оны 12 сарын 01-ний өдөр, 2018 оны 12 сарын 15-ны өдрүүдэд тус тус хөдөлмөр хамгааллын хэрэгсэл /маск, бээлий, саван, хошуувч/, хөдөлмөр хамгааллын хувцас /ажлын хос хувцас, ажлын өмд, гутал/ тарааж ажилчдаар гарын үсэг зуруулсан баримтууд, гэрч Д.Т , Д.А, Ш.М, Б.Г , Г.А , Д.Ц  нарын мэдүүлгээр ажлын хувцас хамгаалах хэрэгслийн жагсаалт хийж гүйцэтгэн ажлын онцлогт тохируулан батлаагүй, олгоогүй гэдэг нь тогтоогдохгүй байна.

Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 21-06/028/59 дугаар албан шаардлагад: “...Хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаа ажилтанд эрүүл ахуйн шаардлага хангасан хор саармагжуулах хүнсний бүтээгдэхүүн олгодоггүй...” гэжээ.

“Б” ХХК-нийн 2018 оны 01 дүгээр сараас 2018 оны 12 дугаар саруудын ажилчдад хоол олгосон бүртгэл, гэрч Б.А-ын “...манайх ажилчдаа хор саармагжуулах элсэн чихэртэй цай, сүүтэй цай, хоол өгдөг...” гэх мэдүүлэг, гэрч Г.А-ийн “...ажилчиддаа өдөрт 1 удаа хоол өгдөг, түүнээс гадна чацаргана, сахар, сахартай цай өгдөг...” гэх мэдүүлэг, Д.Ц-ийн “...Чацаргана, сахар, өдөрт нэг удаа хоол өгдөг...” гэх мэдүүлэг, гэрч Ш.М-ийн “... элсэн сахар, чацаргана, халуун хоол, цай зэргийг өдөр бүр өгдөг...” гэх мэдүүлэг зэргээр хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаа ажилтанд эрүүл ахуйн шаардлага хангасан хор саармагжуулах хүнсний бүтээгдэхүүн олгодоггүй гэдэг нь тогтоогдохгүй байна.

Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 21-06/028/59 дугаар албан шаардлагад: “...барилга байгууламжийн салхивч агааржуулалтын ерөнхий болон хэсгийн системийн хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллаагүй...” гэжээ.

Тус шүүхээс 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр “...“Б” ХХК-нийн дулааны станцын үйлдвэрийн барилгад хийсэн “...Үйлдвэрийн агааржуулалтын систем нь үйлдвэрийн барилгын дээврийн хэсэгт цооног гаргасан байв. Үйлдвэрийн ерөнхий инженерээр ажиллаж байсан Ш.М тайлбарлахдаа үйлдвэр анх баригдахад анх байсан агааржуулалтын систем байгаа хэвээрээ байгаа, агааржуулалтын системийг хааж битүүлсэн зүйл байхгүй талаар тайлбарлаж байв...” гэх үзлэгийн тэмдэглэл, гэрч Ш.М-ийн “...1984 онд тус дулааны станцын үйлдвэрийн барилга улсын төсвийн хөрөнгөөр стандартын дагуу баригдсан байдаг. Тэр цагаас хойш үйлдвэрийн агааржуулалтын системийг өөрчлөөгүй, битүүлж хаагаагүй, анх баригдахдаа ямар байсан тэр хэвээрээ байгаа...” гэх мэдүүлэг,  гэрч Д.Т-ын “...Үйлдвэр анх баригдахдаа барилгын дээврийн агааржуулалтын системтэй, тоосжилт сорж гаргах агааржуулалтын системтэй баригдсан ба одоо ч хэвээрээ байгаа...” гэх мэдүүлэг гэх зэрэг баримтуудаар барилга байгууламжийн салхивч агааржуулалтын ерөнхий болон хэсгийн системийн хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллаагүй гэдэг нь тогтоогдохгүй байна.

  1. Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 21-06/028/59 дугаар албан шаардлагын Эрчим хүчний хяналтын хүрээнд тавьсан албан шаардлагын тухайд:

Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 21-06/028/59 дугаар албан шаардлагад: “...Даралтат савтай харьцаж ажилладаг инженер техникийн ажилтныг мэргэжлийн сургалтанд хамрагдаж эрх аваагүй...” гэжээ.

Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар, Герман Монголын мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвөөс Ерөнхий инженер Ш.М-т олгосон 098/19 дугаар, зуухны машинист Д.Цагаандоржид олгосон 101/19 дугаар, зуухны машинист Ж.Г-д олгосон 105/19 дугаар, зуухны машинист Б.К-д олгосон 100/19 дугаар, зуухны машинист Э.Э-д олгосон 099/19 дугаар, зуухны машинист Ю.Б- олгосон 101/19 дугаар, зуухны машинист Б.А-д олгосон 104/19 дугаар, зуухны машинист Г.А-д олгосон 102/19 дугаар, зуухны машинист Ш.А-т олгосон 103/19 дугаартай мэргэжлийн эрх олгох үнэмлэх, В.Б- Б.Э-, Х.О-ын дулааны станцын ус бэлтгэлийн лаборант аппаратчины олон болон үйлдвэрийн мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдсан сертификат зэрэг баримтууд хэрэгт нотлох баримтаар авагдсан байхад даралтат савтай харьцаж ажилладаг инженер техникийн ажилтныг мэргэжлийн сургалтанд хамрагдаж эрх аваагүй гэж үзэх үндэслэлгүй байна.

Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 21-06/028/59 дугаар албан шаардлагад: “...Хянах хэмжих хэрэгслийг баталгаажуулаагүй...” гэжээ.

Стандарчлал хэмжил зүйн газраас “Б” ХХК-нийн дулааны станцын техникийн манометрүүдийг 070 дугаарын лацаар битүүмжилж 056131-056140 хүртэл дугаарын “Дулаан, даралтын хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын гэрчилгээ”-г 2018 оны 12 сарын 15-ны өдрөөс 1 жилийн хугацаатай, DTS122 загварын У26-024822 дугаартай электрон тоолуур, У26-029429 дугаартай  электрон тоолуур, 106212811 дугаартай цахилгаан механик тоолуурыг лацдаж 2025 оны 11 сарын 30-ны өдөр хүртэл баталгаажуулж гэрчилгээ олгосон гэх зэрэг баримтууд хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаа ба хянах хэмжих хэрэгслийг баталгаажуулаагүй гэдэг нь тогтоогдохгүй байна.

Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 21-06/028/59 дугаар албан шаардлагад: “...Дулаан дамжуулах түгээх, хангах тусгай зөвшөөрөлгүй...” гэжээ.

Ховд аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс Дулааны “Б” ХХК-нд 02/2013 дугаартай “Дулаан үйлдвэрлэх дамжуулах, түгээх хангах” тусгай зөвшөөрлийг 2013 оны 7 дугаар сарын 13-ны өдрөөс 10 жилийн хугацаатай олгосон гэрчилгээ хэрэгт нотлох баримтаар авагдсан, гэрч М.Амарсанаагийн “...2013 оны 8 дугаар 02-ны өдөр олгосон “Б” ХХК-нийн дулаан үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах тусгай зөвшөөрлийн хугацааг 10 жилээр сунгасан...” гэх мэдүүлэг зэргээс үзэхэд дулаан дамжуулах түгээх, хангах тусгай зөвшөөрөлгүй гэдэг нь тогтоогдохгүй байна.

Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 21-06/028/59 дугаар албан шаардлагад: “...горим ажиллагааны батлагдсан графикгүй, батлагдсан горимын дагуу хэрэглэгчдийг стандарт шаардлага хангасан дулаан эрчим хүчээр хангадаггүй...” гэжээ.

Нэхэмжлэгч “Б” ХХК-нийн захирал Д.С, хариуцагч, Мэргэжлийн хяналтын газрын Эрчим хүчний хяналтын улсын байцаагч Ш.М нар “Б” ХХК-нийн хотын дулаан хангамжийн системд 2018-2019 онд мөрдөгдөх температурын графикийг баталсан байна.

Мөн “Эрчим хэмнэлт” ХХК-нийн боловсруулсан “Б” ХХК-нийн 2017-2018 оны халаалтын улирлын дулаан хангамжийн системийн горим тооцоо гэх баримт нотлох баримтаар авагдсан байхад горим ажиллагааны батлагдсан графикгүй гэдэг нь тогтоогдохгүй байна.

Улсын байцаагч нь батлагдсан горимын дагуу хэрэглэгчдийг стандарт шаардлага хангасан дулаан эрчим хүчээр хангадаггүй гэх боловч ямар баримтын үндэслэн ийнхүү албан шаардлага гаргасан талаар тайлбартаа дурдаагүй, энэ талаарх баримтын нотлох баримтаар ирүүлээгүй байна.

Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 21-06/028/59 дугаар албан шаардлагад: “...Хэрэглэгчидтэй дулаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулаагүй, гэрээнд хэрэглэх эрчим хүчний хэмжээ, чанар, төлбөр, тооцоо журам, гэрээ байгуулагч талуудын эрх үүрэг, хариуцлага тооцох журам, эрчим хүчний шугам сүлжээний эзэмшлийн зааг, шаардлагатай бусад асуудлыг тусгаагүй...” гэжээ.

Нэхэмжлэгч “Б” ХХК нь нийт 65 орон сууцны 1732 өрхөөс 1163 өрхтэй гэрээ байгуулсан талаарх мэдээлэл, айл өрхтэй байгуулсан дулаан эрчим хүчээр хангах гэрээ, 106 аж ахуйн нэгжтэй дулаан эрчим хүчээр хангадаг талаарх мэдээлэл, дулаан эрчим хүчээр хангах гэрээ, 21 төсвийн байгууллагыг дулаан эрчим хүчээр хангадаг талаарх мэдээлэл, дулаан эрчим хүчээр хангах гэрээ зэрэг баримтуудыг нотлох баримтаар ирүүлжээ.

Төсвийн байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхтэй байгуулсан гэрээнээс харахад гэрээнд хэрэглэх эрчим хүчний хэмжээ, чанар, төлбөр, тооцоо журам, гэрээ байгуулагч талуудын эрх үүрэг, хариуцлага тооцох журам зэргийн тусгасан байхад хэрэглэгчидтэй дулаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулаагүй, гэрээнд хэрэглэх эрчим хүчний хэмжээ, чанар, төлбөр, тооцоо журам, гэрээ байгуулагч талуудын эрх үүрэг, хариуцлага тооцох журам, эрчим хүчний шугам сүлжээний эзэмшлийн зааг зэргийг тусгаагүй гэдэг нь тогтоогдохгүй байна.

  1. Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 21-06/028/59 дугаар албан шаардлагын Байгаль орчны хяналтын хүрээнд тавьсан албан шаардлагын тухайд:

Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 21-06/028/59 дугаар албан шаардлагад: “...Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулж батлуулаагүй, орчны хяналт шинжилгээний хөтөлбөргүй, хөрс агаарын шинжилгээ хийгдээгүй...” гэжээ.

2017 онд “Дэлгэр консталтинг” ХХК нь “Б ХХК-нийн дулаан түгээх төв” төсөл боловсруулж, 2017-2021 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Байгаль орчин аялал жуучлалын яамнаас баталсан баримтыг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.

Мөн Ховд аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний газраас “Б” ХХК-нд хийгдсэн агаарын шинжилгээний дүн” гарган 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр “Б” ХХК-нд хүргүүлсэн байхад Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулж батлуулаагүй, орчны хяналт шинжилгээний хөтөлбөргүй, хөрс агаарын шинжилгээ хийгдээгүй гэж үзэх үндэслэлгүй байна.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.11-д “улсын байцаагч хийсэн хяналт шалгалт, гаргасан дүгнэлт, бичсэн танилцуулга, албан шаардлага, тоо, баримтын үндэслэл, нотолгооны үнэн зөвийг бүрэн хариуцна”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариу тайлбарын үндэслэлийн талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх ба гаргаж өгөх боломжгүй, түүнчлэн шүүхэд мэдэгдээгүй нотлох баримтын эх сурвалжийг заах үүрэгтэй.” 32.8-д “Хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй” гэж заажээ.

Хариуцагч нар нь “Б” ХХК-нийн үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрчим хүч, байгаль орчны чиглэлээр хяналт шалгалт хийхдээ хяналт шалгалтыг хэрхэн хийсэн, ямар үндэслэлээр албан шаардлага бичих болсон талаар хяналт шалгалтын тэмдэглэлдээ тодорхой тусгаагүй, мөн холбогдох нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй болно.

Өөрөөр хэлбэл Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9.4-д “хяналт шалгалтын ажилд шаардлагатай мэдээ, судалгаа, тайлбар, тодорхойлолт, бусад баримт бичгийг холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтнаас гаргуулан авах” эрхтэй боловч энэ эрхээ хэрэгжүүлж хяналт шалгалт хийхтэй холбоотой баримтуудыг “Б” ХХК-иас шаардаж аваагүй нь хэрэгт авагдсан нотлох баримт, гэрчийн мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

Энэ нь мөн хуулийн 10.9.10-д “улсын байцаагч нь хууль тогтоомжийг чанд сахих,... хяналт шалгалтыг бүрэн гүйцэд хийх үүрэгтэй” гэх хуульд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзлээ.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн эрүүл ахуй хариуцсан улсын байцаагч Ш.Д, Эрчим хүчний улсын байцаагч Ш.М, Байгаль орчин, цөмийн болон цацрагийн хяналтын улсын байцаагч Д.Г нарын гаргасан 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн “Зөрчил арилгуулах тухай” 21-06/028/59 дугаартай албан шаардлагыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож шийдвэрлэлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.2, 106.3.12 дахь хэсэг, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9, 10.1.9, 10.1.10-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн эрүүл ахуй хариуцсан улсын байцаагч Ш.Д, Эрчим хүчний улсын байцаагч Ш.М, Байгаль орчин, цөмийн болон цацрагийн хяналтын улсын байцаагч Д.Гнарын гаргасан 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн “Зөрчил арилгуулах тухай” 21-06/028/59 дугаартай албан шаардлагыг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч /Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газар/-аас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан  авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн  давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.СОНИНБОЛОР