Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2016/0118

 

“Ш т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгч Д.М, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, Ч.Т, гуравдагч этгээд “С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бадрал, өмгөөлөгч С.Дэлгэрмаа нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 803 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Ш т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Гаалийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Ш т” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Гаалийн хяналт, бүрдүүлэлтийн хэлтсийн дарга Ж.Бын 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 02-2/3671 дугаар шийдвэрээр “Б м” ХХК 2014 оны 06 дугаар сарын 01-ний өдөр "G H P" компанитай тухайн барааг худалдах, худалдан авах гэрээ хийсэн, мөн “С” ХХК 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдөр “Ю Б Т Л” компанитай гэрээ байгуулсан буюу “Ш т” ХХК барааны тэмдгийг ашиглах эрхийн зөвшөөрөл авахаас өмнө гэрээ хийсэн гэсэн үндэслэлээр барааг саатуулахаас татгалзаж байгаа нь хууль, журамд заасан саатуулах нөхцөл шаардлагыг үгүйсгэж, эдгээр барааны тэмдгүүдийг хууль бусаар бусдыг ашиглахыг зөвшөөрч, оюуны өмчийн зөрчилтэй барааг бусдад ашиглуулах боломж олгож, хууль ёсоор барааны тэмдгийг эзэмшиж байгаа манай компанийн эрхийг ноцтой зөрчиж байна.

ИймдГаалийн ерөнхий газарт “Bacadi”, “Martini”, “Crey Coose” гэсэн тэмдэгт бүхий барааг гаалийн хилээр нэвтрүүлэхгүй байхыг даалгаж өгнө үү гэжээ.

 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Х 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө: ...“Ш т” ХХК-ийн “Bacadi”, “Martini”, “Crey Coose” нэр төрлийн барааг худалдан борлуулах оюуны өмчийн эрхийн хүчинтэй байх хугацаанд 2014 оны 10 дугаар сарын 01-нээс 2014 оны 10 дугаар сарын 30-ны хооронд “Б м”, “С” ХХК-уудын өмчийн эрхийн зөрчилтэй барааг хилээр нэвтрүүлсэн үйлдэл хууль бус болохыг тогтоож, энэ талаар Гаалийн байгууллагын зүгээс “С”, “Б м”, “Ш т” зэрэг компаниудад албан тоотоор мэдэгдэхийг даалгаж өгнө үү.

2015 оны 06 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж тодруулахдаа:  ...“Ш т” ХХК-ийн “Bacadi”, “Martini”, “Crey Coose” нэр төрлийн барааг Монгол Улсын нутаг дэвсгэрт худалдан борлуулах оюуны өмчийн эрхийн хүчинтэй байх 2014 оны 10 дугаар сарын 01-нээс 2014 оны 10 дугаар сарын 30-ны хугацаанд “С” ХХК, “Б м” ХХК-ууд нь ...нийт 12 удаагийн үйлдлээр гаалийн хилээр нэвтрүүлсэн нь илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлж өгнө үү.

2015 оны 10 дугаар сарын 07, 11 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: ...“Ш т” ХХК-ийн эрх эзэмшигчийн эрхийг хамгаалуулахаар Гаалийн ерөнхий газарт хандсан өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа нь эс үйлдэхүй болохыг тогтоож, оюуны өмчийн эрхэд хамаарах “Bacadi”, “Martini”, “Crey Coose” барааны тэмдэг бүхий барааг гаалийн хилээр нэвтрүүлэхгүй байх арга хэмжээ авах үүргээ биелүүлэхгүй байгаа Гаалийн ерөнхий газрын эс үйлдэхүйг тогтоож, “Bacadi”, “Martini”, “Crey Coose”  барааны тэмдэг ашиглах эрх Оюуны өмчийн газарт бүртгэлтэй байх хугацаанд эдгээр барааны тэмдэг бүхий барааг саатуулж, гаалийн хилээр нэвтрүүлэхгүй байх үүргээ биелүүлж байхыг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Гаалийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхээ шүүхэд гаргасан тайлбартаа: ...“Ш т” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдсан тэмдэгт бүхий барааг оруулж ирсэн гэх “Б м” ХХК, “С” ХХК болон бусад аж ахуйн нэгжүүдийн барааг Гаалийн тухай хуульд “иргэд, аж ахуйн нэгж хуулийн хүрээнд гадаад худалдааны үйл ажиллагаа явуулж болох”-оор заасны дагуу гаалийн хилээр нэвтрүүлсэн байх бөгөөд тухайлан гаалийн байгууллагын зүгээс дээрх аж ахуйн нэгжүүдийн барааг хилээр нэвтрүүлэх тухай захиргааны акт буюу өөрөөр хэлбэл, захирамжилсан шийдвэр амаар буюу бичгээр гараагүй, захирамжилсан үйл ажиллагаа яваагүй, хэм хэмжээ тогтоосон акт гараагүй. “Ш т” ХХК-ийн тэмдгийг нь ашиглах эрх бүхий барааг өөр бусад аж ахуйн нэгжүүд импортоор оруулж байгаа явдал нь Гаалийн байгууллагаас гаргасан захиргааны ямар нэг хууль бус актаас үүдэлтэй, тийм актаас болж “Ш т” ХХК-ийн эрх ашиг зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй. Гаалийн байгууллагаас гаргасан чухам ямар захиргааны акт эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөд байгаа нь тодорхойгүй, Захиргааны хэргийн шүүхэд харъяалагдахгүй асуудал байх тул нэхэмжлэлийг буцаах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Т нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагатай холбогдуулан гаргасан тайлбартаа: ...“Ш т” ХХК-ийн ерөнхий захирал Д.М 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Гаалийн ерөнхий газрын Хяналт бүрдүүлэлтийн дарга Ж.Бтай ирж биечлэн уулзахдаа “...“Б м” ХХК, “С” ХХК, “Ш т” ХХК нь лицензийн гэрээг Оюуны өмчийн газарт баталгаажуулалт хийгдэхээс өмнө гэрээ хэлцэл хийж, барааны төлбөрийг төлөн худалдан авсан барааг гаалийн хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрсөн учир Гаалийн байгууллага бүрдүүлэлт хийсэн гэжээ.

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай холбогдуулан гаргасан тайлбартаа: ...2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд “С” ХХК, “Ш т” ХХК, “Блак морган инк” ХХК-ууд 29 гаалийн бүрдүүлэлтээр нийт 21,282 литр дээрх нэрийн барааг гаалийн бүрдүүлэлт хийлгэн, гаалийн хилээр нэвтрүүлжээ. Дээрх 29 гаалийн бүрдүүлэлтийн явцад “Bacadi”, “Martini”, “Crey Coose” буюу тухайн барааны тэмдгийг аливаа хуурамч бараа бүтээгдэхүүнийг хилийн чанадад хуурамчаар үйлдвэрлээд түүндээ барааны тэмдгийг хууль бусаар зөвшөөрөлгүй ашиглан улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн үйлдэл байгаа эсэх нь тогтоогдоогүй. Иймд, нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

Гуравдагч этгээд “С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бадрал шүүхэд гаргасан тайлбартаа: ...“С” ХХК Хонгконг улсын “Юнион Бордер Трейд Лимитэд” компаниас Бакарди болон Грей гүүс архийг 2014 оны 07 дугаар сарын 22-ны өдөр худалдан авч, тус компанийн Нидерланд Улс дахь агуулахаас ачуулсан. Манай компанийн импортоор оруулсан архи нь хуурамч архи биш, бусдын барааны тэмдгийг зөвшөөрөлгүй ашигласан зөрчилгүй бөгөөд дээрх архины өөрийн үйлдвэрлэгчийн үйлдвэрлэсэн, эрх эзэмшигчийн зөвшөөрлөөр бусад улсад зарагдаж байгаа жинхэнэ бүтээгдэхүүн тул ТРИПС хэлэлцээрийн дагуу болон Гаалийн тухай хуулийн 263 дугаар зүйлийн дагуу манай худалдан авсан архийг саатуулах хууль зүйн үндэслэл байхгүй. Гаалийн ерөнхий газрын Гаалийн хяналт, бүрдүүлэлтийн хэлтсийн 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 02-2/3671 тоот албан бичгээр “С” ХХК-ийн худалдан авсан архийг гаалийн хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрсөн, улмаар хилээр нэвтрүүлсэн нь хуульд нийцсэн үйл ажиллагаа болсон гэжээ.

Гуравдагч этгээд “Блак морган инк” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Цогбадрах шүүхэд гаргасан тайлбартаа: ...Монгол Улсын Худалдаа аж үйлдвэрийн яам 2008 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 2 жилийн хугацаатай согтууруулах ундаа импортлох эрхийг анх тус компанид олгосон, Монгол Улсын Засгийн газраас уг эрхийг 2016 оны 07 дугаар сарын 09-нийг хүртэл сунгуулсан. Тус компани төрөл бүрийн согтууруулах ундааг хууль ёсны импортлогч, борлуулагчийн хувиар дотоодын зах зээлд нийлүүлж байна. “Bacardi” брэнд дэлхийн ямар ч зах зээлийн цор ганц борлуулагч болох эрхийг ямар ч аж ахуйн нэгжид олгохгүй. Хэрвээ Бакарди дээрх эрхийг олгосон бол “Ш т” ХХК бус, Бакарди брэнд манай байгууллагад энэ талаар албан ёсоор мэдэгдэх ёстой. 2008 онд анх “Бакарди-Мартини Малайзиа Эс Ди Эн Би Эч Ди”-ээс Бакарди брэндийн бүтээгдэхүүнийг, 2009 оноос хойш Сингапур Улсын компани болох “Тай-Пор Энтерпрайз” компаниас тус тус худалдан авч импортлосон. Сингапур Улсаас Монгол Улс руу тээвэрлэдэг Бакарди брендийн бүх бүтээгдэхүүний гарал үүслийн гэрчилгээ нь гаалийн бүрдүүлэлт зорилгоор тээвэрлэлттэй цуг хавсаргасан гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 803 дугаар шийдвэрээр: Гаалийн тухай хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.1, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, Худалдаанд хамаарах оюуны өмчийн эрхийн тухай олон улсын хэлэлцээрийн 51 дүгээр зүйлд заасныг баримтлан “Ш т” ХХК-ийн гаргасан “С” ХХК, “Б м” ХХК-уудын 2014.10.01-10.30-ны хооронд 12 удаа, 2015.04.30-11.05-ны хооронд 28 удаа, нийт 40 удаагийн гаалийн бүрдүүлэлтээр “Bacadi”, “Martini”, “Crey Coose” нэрийн бүтээгдэхүүнийг Монгол Улсын хилээр нэвтрүүлснийг саатуулаагүй Гаалийн ерөнхий газрын үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Оюуны өмчийн газарт бүртгэлтэй байх хугацаанд дээрх барааны тэмдэг бүхий барааг саатуулж, гаалийн хилээр нэвтрүүлэхгүй байх үүргээ биелүүлэхийг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Ш т” ХХК давж заалдах гомдолдоо: Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь шийдвэр гаргахдаа хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хууль болон гэрээний агуулгыг буруу ойлгон тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр энэхүү гомдлыг дааж заалдах шатны журмаар гаргаж байна.

1. “...барааны тэмдэг эзэмшигчийн онцгой эрх нэхэмжлэгчид үүсээгүй, цаашлаад “Васагdi”, “Мartini”, “Сгеу Сооsе” барааны тэмдгийг ашиглах талаар бусдад зөвшөөрөл өгөх эрхгүй” болохыг тэмдэглээд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тухайд:

Швейцарийн “Бакарди энд компани лимитед” ХХК нь өөрийн эзэмшиж буй “Васагdi”, “Мartini”, “Сгеу Сооsе” зэрэг барааны тэмдгийг 1986 оноос Олон Улсын оюуны өмчийн байгууллагад анх бүртгүүлсэн хүчин төгөлдөр эрх эзэмшигч юм. Нэхэмжлэгч “Ш т” ХХК нь тус компанитай 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдөр лицензийн гэрээ байгуулан /хх-18/ дээрх нэр бүхий барааг худалдан борлуулах онцгой эрхийг авсан. Монгол Улсын Оюуны өмчийн газраас уг гэрээг хянан үзсэний эцэст 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр барааны тэмдгийн лицензийн гэрээний улсын бүртгэлийн 75 тоотод бүртгэж /хх-15/, улмаар хэрэг хянан шийдвэрлэгдэж байх хугацаанд дахин уг лицензийн хугацааг мөн Оюуны өмчийн газраас 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаагаар сунгасан. Энэ нь Монгол улсын Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасны дагуу ийнхүү бүртгүүлснээр Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцийн дагуу аливаа Оюуны өмчийн эрхийг хамгаалан, баталгаажуулж байгаа хэлбэр юм.

Өөрөөр хэлбэл, зөвхөн “Ш т” ХХК нь эдгээр барааны тэмдгийг Монгол Улсад ашиглах эрхийг хуульд заасан журмын дагуу олж авсан бөгөөд “Ш т” ХХК-аас бусад этгээд 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш гэрээний хүчинтэй хугацаанд буюу 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Монгол Улсын хилээр нэвтрүүлэх эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид энэ талаар маргаагүй. 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан лицензийн гэрээний 2.1-д “Лиценз олгогч нь лиценз эзэмшигчид тухайн нутаг дэвсгэр дээр өөрийн бүтээгдэхүүнийг албан ёсоор худалдах онцгой эрхийг өгөх”, мөн 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн лицензийн гэрээний 2.3-д “нутаг дэвсгэрт (Монгол Улсын) гуравдагч этгээд барааны тэмдгийг ашигласан тохиолдолд, тэр дундаа бүтээгдэхүүн худалдан борлуулсан явдал нь хууль бус гэдгийг талууд хүлээн зөвшөөрч байгаа” гэсэн гэрээний маш тодорхой заалтуудаар эдгээр нь хангалттай нотлогддог төдийгүй 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Оюуны өмчийн газрын дарга Н.Чинбатын гаргасан 1/342 дугаар албан тоот /хх-230/-д тодорхой тусгасан байдаг.

Мөн гуравдагч этгээдүүдийн зүгээс нэр бүхий бараа бүтээгдэхүүнүүдийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оруулах зорилгоор Гаалийн ерөнхий газарт өгсөн гэрээ, баримтуудыг шүүх хэрэгт нотлох баримтаар авсан бөгөөд эдгээрийн талаар “Бакарди энд компани лимитед” ХХК-ийн зүгээс “Ш т” ХХК нь нэр бүхий бараануудыг Монгол Улсад худалдан борлуулах эрх бүхий албан ёсоор томилогдсон дистрьбютор бөгөөд барааны тэмдгүүдийн эрх эзэмшигч, “С”, “Блак морган инк” ХХК-уудыг өөрийн дистрьбютороор томилоогүй, манай барааны тэмдгүүдийн эрх эзэмшигчид биш юм гэсэн баталгааг шүүхэд гаргаж өгсөн. Иймд нэхэмжлэгч компани Монгол Улсын нутаг дэвсгэрт нэр бүхий бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулах эрхийг хуульд заасны дагуу олж авсан, уг эрх нь улсын бүртгэлд бүртгэгдэж баталгаажсан нь хангалттай нотлогддог.

2. Анхан шатны шүүх “Ш т” ХХК нь өөрийн худалдан борлуулах эрхийг хамгаалуулах боломжгүй, зөвхөн хуурамч бараа бүтээгдэхүүнтэй тэмцэх эрхтэй” гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тухайд:

Гаалийн тухай хуулийн 263 дугаар зүйлийн 263.1-д “Гаалийн байгууллага нь оюуны өмчийн эрхэд хамаарах бөгөөд гаалийн хяналтад байгаа барааг оюуны өмчийн эрх эзэмшигчийн өргөдлийг үндэслэн гаалийн хилээр нэвтрүүлэхгүй байх арга хэмжээ авна”, 263.2-т “Гаалийн байгууллагаас хэрэгжүүлэх арга хэмжээ нь оюуны өмчийн эрх эзэмшигчийг Монгол Улсын хууль тогтоомжид заасны дагуу эрхээ хамгаалахад саад болохгүй” гэж хуульчлан заасан бөгөөд уг үйл ажиллагааг нарийвчлан журамласан 2008 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн ГЕГ-ын дарга болон ОӨГ-ын дарга нарын хамтарсан тушаалаар баталсан Оюуны өмчид хамаарах барааг гаалийн хилээр нэвтрүүлэх журмын 3.1-д “Оюуны өмчийн эрхэд хамаарах бараа гэдэгт зохиогчийн эрх, түүнд хамаарах эрхийн бүтээл... бүртгэгдсэн барааны тэмдэг бүхий барааг ойлгоно”, 3.3-д “Оюуны өмчийн эрхэд хамаарах барааг гаалийн бүртгэлд бүртгэх шийдвэрийг Гаалийн удирдах төв байгууллагын хяналт, эрсдэл хариуцсан нэгжийн дарга, эсхүл түүний орлогч дарга гаргана” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч компани дээр дурдсан оюуны өмчийн эрхэд хамаарах нэр бүхий барааг ГЕГ-т бүртгүүлсэн бөгөөд нэр бүхий барааг гаалийн байгууллага саатуулах болон бусад шаардлагатай арга хэмжээг авч, хэрэгжилтийг ханган ажиллахаа баталгаажуулсан.

Ийнхүү Монгол Улсын хууль, хүчин төгөлдөр дүрэм журмуудад тодорхой зааж, зохицуулсан бөгөөд үүнийгээ ч хариуцагч байгууллага цаасан дээр хүлээн зөвшөөрдөг атлаа гуравдагч этгээдүүдийн барааг удаа дараа нэвтрүүлсэн болох нь хэрэг хянан шийдвэрлэгдэж байхад тогтоогддог. Гаалийн байгууллагын зүгээс ийнхүү оюуны өмчийн зөрчилтэй барааг нэвтрүүлсэн үйлдлээ “Ш т” ХХК лицензийн эрх авахаас өмнө гэрээ хийж худалдаж авсан гэсэн үндэслэлээр зөвтгөж, барааг нэвтрүүлэх боломжийг гуравдагч этгээдэд олгосон. Оюуны өмчийн эрхэд хамаарах барааг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх эрхгүй этгээдүүд нэр бүхий барааг нэвтрүүлсэн үйлдлийг таслан зогсоох дээр дурдсан хууль зүйн боломж Гаалийн ерөнхий байгууллагад бүрэн байсаар байтал хууль зөрчиж эс үйлдэхүй гаргасан. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой, хууль зүйн үндэслэлээ хангалттай тайлбарласан боловч шүүхийн зүгээс Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль, Гаалийн тухай хууль, Оюуны өмчийн эрхэд хамаарах барааг гаалийн хилээр нэвтрүүлэх журмын холбогдох заалтуудын талаар ямар дүгнэлт хийж байгаа нь тодорхойгүй, зөвхөн хуурамч бараа бүтээгдэхүүнтэй тэмцэх л эрхтэй гэж тайлбарлаж, үндэслэх хэсэгтээ бичсэн байна. Зөвхөн хуурамч бараа бүтээгдэхүүнтэй тэмцэх эрх мэтээр лиценз эзэмшигчийн эрхийг хэтэрхий явцуу тайлбарлан хэрэглэх нь хууль тогтоомжоор бий болгосон оюуны өмчийн эрх, тэдгээрийг улсын бүртгэлд бүртгэх, баталгаажуулах, түүнийг хамгаалахаар хуульчилсан хууль тогтоомжоор тогтоосон төрийн механизмыг бүхэлд нь ямар ч үндэслэлгүйгээр үгүйсгэж байна. Харин хуурамч бараа бүтээгдэхүүнтэй тэмцэх “үүрэг” хариуцагч байгууллага, мэргэжлийн хяналт, цагдаа зэрэг өөр бүхэл бүтэн хууль тогтоомжоор зохицуулдаг харилцаа боловч нэхэмжлэгчийн эрх мэтээр тайлбарлажээ.

3. “...лицензийг үндэслэн бусад аж ахуйн нэгжийн импортлож буй адил төрлийн “хуурамч” биш барааг саатуулах чиг үүргийг гаалийн байгууллагад хүлээлгээгүй... (Монгол Улсын нэгдэн орсон Худалдаанд хамаарах оюуны өмчийн эрхийн тухай хэлэлцээр (цаашид “ТРИПС Хэлэлцээр” гэх) 51 дүгээр зүйлийн 1-р өгүүлбэр) хэн нэгний худалдааны онцгой эрхийг хамгаалахад чиглэгдсэн бус, харин хуурамч бараатай тэмцэх зохицуулалтыг олон улсад баталгаажуулсаны илрэл” гэж дүгнэсэн тухайд:

Улсын Дээд Шүүхийн 9 дүгээр тогтоолын 6 дугаар зүйлд заасны дагуу захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүхүүд нь тухайн харилцаа зөвхөн олон улсын гэрээгээр зохицуулагдаж байгаа тохиолдолд Монгол Улсын олон улсын гэрээг шууд хэрэглэхээр зохицуулсан. Гэтэл нэхэмжлэгчийн маргаж байгаа үйл баримтын талаар Монгол Улсын хуулийн зохицуулалт байсаар байхад шүүх олон улсын гэрээний тодорхой хэсгийг үндэслэсэн. Олон улсын гэрээг шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт хэрэглэж, тайлбарлахдаа иш татсан 51 дүгээр  зүйлийн “хуурамч бараатай” холбоотой эхний өгүүлбэрийг үндэслэсэн нь шүүхийн  шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэснийг зөрчиж байна. Тиймээс бүрэн эхээр нь гомдолдоо дурдаж байна.

“Барааны тэмдэг хуурамчаар үйлдсэн буюу зохиогчийн эрхийг зөрчсөн барааг импортолж байна” гэж сэжиглэх бодит үндэслэл байгаа бол эрх эзэмшигч уг барааг чөлөөт эргэлтэд оруулахыг гаалийн байгууллагаас түдгэлзүүлэх хүсэлтээ эрх бүхий захиргааны буюу шүүхийн байгууллагад бичгээр гаргах боломж олгох журмыг гишүүд доорх заалтын дагуу батална. Оюуны өмчийн эрхийг бусад хэлбэрээр зөрчсөн барааны хувьд ийм хүсэлт гаргах боломжийг гишүүд хангаж болно, чингэхдээ энэ ангийн шаардлагад нийцэж байвал зохино. Гишүүд өөрийн нутаг дэвсгэрээс экспортлоход зориулсан эрх зөрчсөн барааг эргэлтэд оруулахыг   гаалийн байгууллагаас түдгэлзүүлэхтэй холбогдсон журмыг тогтоож болно”.

Нэхэмжлэгчийн энэхүү маргаан нь хуурамч бараа бүтээгдэхүүнтэй огт хамааралгүй, оюуны өмчийн зөрчигдсөн эрхэд хамаарах бөгөөд ТРИПС-ийн хэлэлцээрээр зөвхөн хуурамч бараа бүтээгдэхүүн биш, “оюуны өмчийг бусад хэлбэрээр зөрчсөн” тохиолдолд гишүүн улс ямар арга хэмжээ авах талаар зохицуулсан байна.

Гуравдагч этгээдүүд нь дээр дурдсаны дагуу “Бакарди энд компани лимитед” ХХК-тай ямар ч гэрээ байгуулаагүй, лиценз эзэмшээгүй болох нь нотлогддог бөгөөд Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т “Лицензийн гэрээг бичгээр үйлдэж, хоёр тал гарын үсэг зурж баталгаажуулах ба уг гэрээг төрийн захиргааны байгууллагад бүртгүүлснээр хүчинтэйд тооцно” гэсэн заалтыг зөрчиж, хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2-т “Барааны тэмдэг бүхий барааг нийлүүлсэн, худалдаанд гаргасан бол барааны тэмдгийг ашигласанд тооцно” гэж заасны дагуу барааны тэмдэг ашиглах хууль ёсны эрх үүсээгүй оюуны өмчийн эрхийн зөрчилтэй барааг Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн үйлдлийг шүүх дүгнэсэнгүй. Мөн Өрсөлдөөний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-д “Оюуны өмчийн эрхийг хамгаалах хууль тогтоомжийн хүрээнд хийсэн үйл ажиллагаа, үүссэн нөхцөл байдлыг өрсөлдөөнийг хязгаарласанд тооцохгүй” гэж хуульчилсан нь Монгол Улс оюуны өмчийн эрхийг хамгаалах, эрх зөрчсөн этгээдүүдэд давуу байдал бий болгохоос урьдчилан сэргийлэх, нэхэмжлэгч компани маргаан бүхий барааны тэмдэг бүхий барааг худалдан борлуулж байгаа нь өрсөлдөөнийг хязгаарлахгүй болохыг зохицуулсан чухал хамгаалалтын механизм юм.

Иймд Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 803 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн гомдолд дурдсан үндэслэлээс гадна Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзэхэд шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг тал бүрээс нь, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Нэхэмжлэгч “Ш т” ХХК нь Гаалийн ерөнхий газарт холбогдуулан “С” ХХК, “Блак морган инк” ХХК-уудын 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс мөн оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хооронд 12 удаа, 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн хооронд 28 удаа, нийт 40 удаагийн гаалийн бүрдүүлэлтээр “Бакарди”, “Мартини”, “Грэй гүүс” гэсэн барааны тэмдэгт бүтээгдэхүүнийг Монгол Улсын хилээр нэвтрүүлснийг саатуулаагүй Гаалийн ерөнхий газрын үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Оюуны өмчийн газарт бүртгэлтэй байх хугацаанд дээрх барааны тэмдэг бүхий барааг саатуулж гаалийн хилээр нэвтрүүлэхгүй байх үүргээ биелүүлэхийг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 “Бакарди”, “Мартини”, “Грэй гүүс” гэсэн барааны тэмдэгт бүхий бүтээгдэхүүний албан ёсны үйлдвэрлэгч “Бакарди энд Компани Лимитэд” компани нь дээрх нэр бүхий барааны тэмдэгт бүтээгдэхүүнээ албан ёсоор худалдах онцгой эрхийг “Ш т” ХХК-д олгож, уг гэрээ нь 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөхөөр болжээ.

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т “Лицензийн гэрээг бичгээр үйлдэж, хоёр тал газрын үсэг зурж баталгаажуулах ба уг гэрээг төрийн захиргааны байгууллагад бүртгүүлснээр хүчинтэйд тооцно” гэж зааснаар “Ш т” ХХК уг гэрээг бүртгүүлэх тухай өргөдөл гаргасны дагуу Оюуны өмчийн газраас Олон улсын бүртгэлийн 596, 1413, 899772 тоот барааны тэмдэг эзэмшигч  “Бакарди энд Компани Лимитэд” компанийн “Бакарди”, “Мартини”, “Грэй гүүс” барааны тэмдгийг ашиглах лицензийн гэрээний улсын бүртгэлийн 75 тоотод бүртгэж, Оюуны өмчийн газраас “Ш т” ХХК-д 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 75 дугаартай лицензийг олгожээ.

Гаалийн тухай хуулийн 262 дугаар зүйлийн 262.2-т “Оюуны өмчийн эрхэд хамаарах барааг гаалийн хилээр нэвтрүүлэх журмыг гаалийн удирдах төв байгууллагын болон Оюуны өмчийн газрын дарга нар хамтран батална” гэж, Гаалийн ерөнхий газрын дарга, Оюуны өмчийн газрын даргын “Журам батлах тухай” 2009 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 298/41 дүгээр хамтарсан тушаалын 3 дугаар зүйлийн 3.1-д “Оюуны өмчийн эрх эзэмшигч нь өөрийн эрхэд хамаарах барааг гаалийн бүртгэлд бүртгүүлж, гаалийн мэдээллийн баазад оруулж болно” гэж тус тус заажээ.

Дээрх журамд зааснаар нэхэмжлэгч “Ш т” ХХК компани нь “Бакарди энд Компани Лимитэд” компанитай байгуулсан лицензийн гэрээ болон “Бакарди”, “Мартини”, “Грэй гүүс” барааны тэмдэгт согтууруулах ундааны бүтээгдэхүүнийг Монгол Улсын нутаг дэвсгэр дээр худалдан борлуулах эрхийг эзэмшихээр Оюуны өмчийн газарт бүртгүүлэн Оюуны өмчийн 75 дугаартай лицензийг эзэмшиж байгаа тухайгаа мэдэгдэж, 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр, 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Гаалийн ерөнхий газарт хүргүүлсэн, мөн 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр “дээрх барааны тэмдэгт нэрийн бүтээгдэхүүнийг бусад компани гаалийн хилээр нэвтрүүлэх гэж байгаа тул Газрын тухай хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1-д заасны дагуу Монгол Улсын хилээр нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч бидний оюуны өмчөөр хамгаалагдсан эрхийг хамгаалж өгнө үү” гэсэн хүсэлтийг Улаанбаатар хотын Гаалийн газрын хяналтын 1 дүгээр хэлтэст хүргүүлж байжээ.

“Ш т” ХХК-ийн дээрх хүсэлттэй холбоотойгоор Гаалийн ерөнхий газраас “...эдгээр барааны тэмдгийн гаалийн бүрдүүлэлтийн тоо, харъяа гаалийн баталгаат агуулах, татваргүй барааны дэлгүүрийн үлдэгдэл мэдээг яаралтай ирүүлэхийг мэдэгдье” гэсэн  2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 02-2/3456 тоот албан бичгийг Гаалийн газар, хороодод хүргүүлсэн албан бичиг, мөн “...хууль бусаар ашигласан хуурамч бараа бүтээгдэхүүн импортлосон гэх үндэслэл байх тохиолдолд оюуны өмчийн эрхэд хамаарах барааг гаалийн хилээр нэвтрүүлэх журмын дагуу зохих баримтыг бүрдүүлж хүсэлтээ дахин гаргаж, Оюуны өмчийн газар болон Гаалийн байгууллагаар бараа хуурамч эсэхийг шалгуулж болно” гэсэн 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 02-2/3671 тоот албан бичгийг Гаалийн газар хороодод болон “Ш т” ХХК, “Блак морган инк” ХХК, “С” ХХК-уудад хүргүүлсэн байна.

Гэтэл Оюуны өмчийн газар нь “Ш т” ХХК болон “Бакарди энд Компани Лимитэд” компанитай лицензийн гэрээний 2.3-д “Тухайн нутаг дэвсгэр дээр гуравдагч этгээд барааны тэмдэг ашигласан мөн өөр бусад байдлаар ашигласан тохиолдолд, тэр тусмаа уг бүтээгдэхүүнийг худалдан борлуулсан бол энэ нь хууль зөрчсөн үйлдэл мөн гэж талууд үзэж, цаашид тухайн нутаг дэвсгэр дээр энэхүү барааны тэмдэг ашиглахаас хамгаалах зорилгоор хуулийн хүрээнд бүхий л арга хэмжээ авах тал дээр талууд зөвшилцөнө” гэж заасан гэрээг хуульд нийцсэн гэж үзэж, нэхэмжлэгч “Ш т” ХХК-д “Бакарди”, “Мартини”, “Грэй гүүс” барааны тэмдэгт бүтээгдэхүүнийг ашиглах лицензийг олгосон.

Мөн “Бакарди энд Компани Лимитэд” компанийн Швейцар дахь салбараас “Баталгаажуулах захидал”-ыг анхан шатны шүүхэд хүргүүлсэн бөгөөд уг бичигт “Монгол Улсын нутаг дэвсгэр дээр худалдан борлуулах онцгой эрхийг “Блак морган инк” ХХК, “С” ХХК-д олгоогүй ба тэдгээр компани нь эрх эзэмшигч биш төдийгүй дээр дурдсан барааны тэмдгүүдийг өмчлөх буюу ашиглах эрхгүй байна. Түүнчлэн эдгээр гэрээний талууд болж байгаа аль ч хуулийн этгээд нь Бакарди капитал группын хэсэг биш байх тул бид тэдгээр гэрээний агуулгад санал өгөх байр суургүй болно” гэсэн нотлох баримт хэрэг авагдсан байна.

 Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2-т “Барааны тэмдэг бүхий барааг нийлүүлсэн, худалдаанд гаргасан бол барааны тэмдгийг ашигласанд тооцно”, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т “Лицензийн гэрээг бичгээр үйлдэж, хоёр тал газрын үсэг зурж баталгаажуулах ба уг гэрээг төрийн захиргааны байгууллагад бүртгүүлснээр хүчинтэйд тооцно” гэж заасан байна.

Тодруулбал, Оюуны өмчийн газар нь “Ш т” ХХК болон “Бакарди энд Компани Лимитэд” компанитай байгуулсан лицензийн гэрээг хуульд зааснаар бүртгэж, гэрчилгээ олгосон, мөн барааны тэмдэг бүхий барааг нийлүүлсэн, худалдаанд гаргасан бол барааны тэмдгийг ашигласанд тооцно гэж хуулийн дээрх заалтаар тодорхой заасан байхад анхан шатны шүүх зөвхөн хуурамч бараа бүтээгдэхүүн худалдан борлуулсан нөхцөлд маргах эрхтэй гэж дүгнэсэн буруу юм.

Өөрөөр хэлбэл, “Ш т” ХХК нь “Бакарди”, “Мартини”, “Грэй гүүс” барааны тэмдэгт бүтээгдэхүүнийг ашиглах эрхтэй, нөгөөтэйгүүр уг барааны тэмдэгт бүтээгдэхүүнийг хуурамчаар үйлдсэн, хуурамч барааг худалдсан, борлуулсан, гаалийн хилээр оруулсан эсэхтэй маргахаас гадна уг жинхэнэ барааны тэмдэгт бүтээгдэхүүнийг гуравдагч этгээд Монгол Улсад худалдан борлуулсантай маргах эрхтэй болох нь дээрх дүгнэлтүүд болон хэрэгт авагдсан нотлох баримтууд, холбогдох хууль, журмаар тогтоогдож байх тул Гаалийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас нэхэмжлэгчийн эрх, хуулийн ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзлээ.

Тиймээс 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр, 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Гаалийн ерөнхий газарт хүргүүлсэн, мөн 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотын Гаалийн газрын хяналтын 1 дүгээр газарт “Бакарди”, “Мартини”, “Грэй гүүс” барааны тэмдэгт бүтээгдэхүүнийг ашиглах оюуны өмчийн эрхтэй болохоо “Ш т” ХХК нь мэдэгдсэн байхад хариуцагч 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 05-ны хооронд 28 удаа дээрх барааны тэмдэгтэй бүтээгдэхүүнийг Монгол Улсын гаалийн хилээр оруулсан нь хэрэгт нотлох баримтаар авагдсан “Блак морган инк” ХХК, “С” ХХК-ууд гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгээр тогтоогджээ.

Хариуцагчийн энэхүү үйлдэл нь Гаалийн ерөнхий газрын дарга, Оюуны өмчийн газрын даргын “Журам батлах тухай” 2009 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 298/41 дүгээр хамтарсан тушаал, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2-т “Барааны тэмдэг бүхий барааг нийлүүлсэн, худалдаанд гаргасан бол барааны тэмдгийг ашигласанд тооцно”, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т “Лицензийн гэрээг бичгээр үйлдэж, хоёр тал газрын үсэг зурж баталгаажуулах ба уг гэрээг төрийн захиргааны байгууллагад бүртгүүлснээр хүчинтэйд тооцно” гэж заасныг зөрчсөн байна.

Харин “Блак морган инк” ХХК, “С” ХХК-ууд 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс мөн оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хооронд 12 удаа “Бакарди”, “Мартини”, “Грэй гүүс” барааны тэмдэгт бүтээгдэхүүнийг гаалийн хилээр оруулсан нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэж маргаж байгаа боловч “Ш т” ХХК-д Оюуны өмчийн газраас 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 75 дугаартай лицензийг олгохоос өмнө гуравдагч этгээд “Блак морган инк” ХХК, “С” ХХК-ууд дээрх барааны тэмдэгтэй бүтээгдэхүүнийг Монгол Улсын гаалийн хилээр нэвтрүүлсэн болох нь хэрэгт авагдсан уг хугацаанд гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг болон нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нарын тайлбар, мэдүүлгээр тогтоогдсон тул 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс мөн оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хооронд 12 удаа “Бакарди”, “Мартини”, “Грэй гүүс” барааны тэмдэгт бүтээгдэхүүнийг Монгол Улсын гаалийн хилээр оруулсан хариуцагч Гаалийн ерөнхий газрын хууль бус үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдохгүй байна.

Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулан, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.      Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 803 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Гаалийн тухай хуулийн 262 дугаар зүйлийн 262.2, 263 дугаар зүйлийн 263.1, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2, 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Ш т” ХХК-ийн “С” ХХК, “Блак морган инк” ХХК-уудын 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 11 дүгээр сарын 05-ны өдрийн хооронд 28 удаагийн гаалийн бүрдүүлэлтээр “Бакарди” /Bacadi/, “Мартини” /Martini/, “Грэй гүүс” /Crey Coose/ нэрийн бүтээгдэхүүнийг Монгол Улсын хилээр нэвтрүүлснийг саатуулаагүй Гаалийн ерөнхий газрын үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Оюуны өмчийн газарт бүртгэлтэй байх хугацаанд дээрх барааны тэмдэг бүхий барааг саатуулж, гаалийн хилээр нэвтрүүлэхгүй байх үүргээ биелүүлэхийг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх “2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 30-ны хооронд 12 удаагийн гаалийн бүрдүүлэлтээр дээрх нэр бүхий бүтээгдэхүүнийг Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн Гаалийн ерөнхий газрын үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах шатны журмаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж, буцаан олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                                        ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

                                    ШҮҮГЧ                                                           Э.ЗОРИГТБААТАР

                                    ШҮҮГЧ                                                           Н.ХОНИНХҮҮ  

                                    ШҮҮГЧ                                                           Э.ХАЛИУНБАЯР