Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 85

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг  шүүгч А.Цэрэнханд даргалж

Нарийн бичгийн дарга П.Пүрэвсүрэн

Улсын яллагч Т.Цэнд-Аюуш

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Замын Үүд дэх Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 145  дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт  үйлдэж ирүүлсэн

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Улаанбаатар хотын харъяат, 1983 оны 10 сарын 02-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, замчин мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдрах, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, Баянхошууны 25-1 тоотод оршин суух хаягтай, Дорноговь аймгийн Эрдэнэ сум, Авгын гол 1049 дүгээр зөрлөгийн ажилчдын байранд түр оршин суудаг, Улаанбаатар төмөр замын Замын 4-р ангийн 9 дүгээр хэсэгт замчин ажилтай, улсаас авсан гавъяа  шагналгүй, урьд нь Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 06 сарын 06-ны өдрийн 39 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар, Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 08 сарын 21-ний өдрийн 47 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар, Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 01 сарын 12-ны өдрийн 04 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, бие эрүүл, Боржигон овогт Цэрэндоржийн Ганбаярт /РД 3Ю83100210/ холбогдох эрүүгийн 201610010113 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд авагдсанаар/

Шүүгдэгч Ц.Ганбаяр нь Замын-Үүд сумын 3-р баг Зоосын 1-11 тоотод байрлах А.Өгөөдэйгийн цонхыг хагалан нэвтэрч 32 инчийн зурагт, кабелийн станц зэргийг шунахай сэдэлтээр хулгайлан авахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

-Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг:

Шүүгдэгч Ц.Ганбаяр шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Тухайн өдөр би их согтуу байсан бөгөөд тэр байшинд яаж орсоноо сайн санахгүй байгаа юм.  Нэг мэдэхэд  хөшигний ард зогсож байсан. Ямарч байсан цонх хагалж орсон шиг байсан. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Зурагтыг нь авч гараагүй, гэрт байж байгаад баригдсан. Цонхыг хагалсаны хохирлыг төлсөн. Би хамгийн сүүлд шийтгүүлээд хориход байхдаа их гэмшдэг байсан. Тэгээд 2011 онд хугацаа дуусч суллагдаад  төмөр замын байгууллагад  ажилд орж одоог хүртэл ажиллаж байна. Миний хувьд хувьд ногдох эд хөрөнгө байхгүй, зээл хийж авсан зурагт, гэрийн эд зүйл бүгд банкны барьцаанд байдаг юм. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү “ гэсэн мэдүүлэг,

-Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талуудаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэргийн талаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургууд  /хх-ийн 3-6/

Орон  байранд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 7-9/

Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл  /хх-ийн 10-11/

Эд мөрийн баримтаар блокны хэлтэрхий 1 ширхэг, саарал өнгийн  ажлын хос бээлий, шар өнгийн  хос углааш, хөшигний урагдсан  хэсэг 1 ширхэг зэргийг эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргасан тухай тогтоол /хх-ийн 12/

Хохирогч А.Өгөөдэйгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Намайг 2016 оны 05 дугаар сарын 29-ны өдөр Эрээн хотод байхад хүү Урансанаа утсаар залгаад “танай гэрт хулгайч орчихсон байна, та хэзээ ирэх вэ? гэхээр нь “аав нь ачаа олчихоод 2-3 хоногоос Замын-Үүд сум руу орноо, манай гэрт хүн авчихаар хөргөгч, зурагтнаас өөр зүйл байхгүй” гэж хэлсэн. Ингээд 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Эрээн хотоос орж ирээд гэртээ очиход байшингийн урд талын вакум цонхыг хагалчихсан оронд нь панер хадсан байдалтай байсан. Тэгээд хүүгээсээ гэрт юу болсон талаар тодруулж асуухад “нэг согтуу эрэгтэй хүн цонх хагалаад дотор нь орчихсон, том өрөөний түшлэгтэй сандал дээр байсан зурагтыг чинь DDISH кабелийн станцийн хамт авч явах гээд орон дээр бэлдээд тавьчихсан байсан гэсэн. Надад болсон хэргийн талаар надад өөр мэдэх зүйл байхгүй.  Тухайн үед цонх хагарч, DDISH кабелийн станцын хүлээн авагч эвдэрсэн байсан ба хүлээн авагчаа сүүлд хүнд үзүүлэхэд тохиргоо нь алдагдсан байна гэсэн. Одоо хүлээн авагч маань урьдны адил хэвийн ажиллаж байна. Миний бодлоор зурагтнаас салгаж авахдаа тохиргоог нь алдагдуулсан байсан болов уу гэж бодсон. Хагалсан цонхоо бүрэн шиллүүлсэн тул надад одоо ямар нэг гомдол санал нэхэмжлэx зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15/

Гэрч Ө.Урансанаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Би тусдаа гараад 7-8 жил болж байгаа бөгөөд аав маань хүнтэй суугаад 3-4 жил болж байна. Зоосын 01-11 тоот хаягтай байшинг аав маань анх 3-4 жилийн өмнө банкны лизингээр худалдаж авч байсан бөгөөд үүнээс хойш тус байшиндаа ирэн очин амьдардаг байсан. Амьдралынхаа ихэнх хугацааг Эрээн хотод байр түрээслэн амьдарч, хот хооронд ачааны автомашинтай бараа тээвэрлэн явдаг юм. 2016 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 11 цагийн үед “аавын эзэнгүй байсан гэрт хулгайч орчихсон байна” гэж цагдаагаас миний утас руу мэдэгдсэн. Үүний дагуу аавын гэрт очиход байшингийн урд талын вакум цонхыг блокны хэлтэрхийгээр хагалж дотогш хүн орсон байдалтай нэг согтуу эрэгтэй гэрийн сандал дээр сууж байсан ба хажуу талд нь цагдаагийн алба хаагч нар байсан. Тэгээд аав руу утсаар залгаад гэрт байгаа эд хогшлын талаар асуухад “манай гэрт хөргөгч, зурагтнаас өөр хүн авчихаар юм байхгүй, наад хоёроо үздээ” гэсэн. Тэгсэн том өрөөний зүүн хананд байрлуулсан түшлэгтэй сандал дээр байсан 32 инчийн “Grundig” маркийн Led зурагтыг, DDISH кабелийн станцын хамт тогны залгуураас салгаад орон дээр тавьчихсан байсан. Уг нь дээрхи эд зүйлс нь намайг хамгийн сүүлд харахад түшлэгтэй сандал дээр тогны залгуурт залгаатай байдаг байсан юм. Хэргийн талаар надад өөр мэдэх зүйл байхгүй ба гэрт байсан согтуу залуу тухайн үед шар өнгийн углааш, улаан футболк, хар өнгийн шорт өмссөн байсан. Би аавынхаа гэрт хааяа нэг очдог болохоор гэрт нь юу юу байдаг талаар мэдэхгүй. Мөн согтуу залуугийн халааснаас саарал өнгийн хос ажлын бээлий гарч ирсэн бөгөөд гэрээс алдагдсан зүйл байгаагүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18/

Гэрч Д.Отгонцацралын мөрдөн байцаалтад өгсөн “ Би Замын-Үүд сумын Борхойн баг 17-07 тоотод оршин суугаад 4-5 жил болж байна. 2016 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 10 цагийн орчим гэрээ цэвэрлээд угаадас асгах гээд явж байтал хойд талын гудамжаар үл таних 30 орчим насны согтуу залуу хажуугаар зөрсөн. Ингээд угаадасаа асгаад гэртээ ортол гадаа цонх хагарах чимээ гэнэт гарсан. Тэгээд юу болов гээд гэрээсээ гартал манай гэрийн чанх хойд талд байрлах Өгөөдэй ахын байшингийн цонхыг нөгөө согтуу залуу чулуугаар цонхийг нь хагалаад дотогш орсон. Тэгээд энэ талаар цагдаагийн байгууллагад утасдаж хэлсэн. Миний харсан зүйл ердөө ийм л зүйл болсон. Цонхоор орсон залуу тухайн хар өнгийн шорт, шар өнгийн углааш, улаан өнгийн футболк өмссөн байсан ба нилээн согтуу байдалтай байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20/

Гэрч Х.Баярсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Би Ц.Ганбаяртай 2013 онд анх Замын-Үүд суманд танилцаж, гэр бүл болсон. Тухайн үед Ц.Ганбаяр нь Замын-Үүд суманд арьс шир зардаг байсан ба Говьсүмбэр аймагт амьдардаг байсан. Миний өөрийн 2 хүүхэд байдаг ба Ц.Ганбаяр бид хоёрын дундаас гарсан 1 нас 8 сартай нэг хүүтэй. Одоогоор Эрдэнэ сумын 1049-p зөрлөгт Ганбаяр замчин хийдэг бөгөөд Замын-Үүд суманд тодорхой оршин суух хаяггүй байхгүй. Говьсүмбэрийн аймгийн Сүмбэр сумын Баянхошууны 25-01 тоотод оршин суух үндсэн хаягтай. Замчин хийгээд 3 жил болж байна. Ц.Ганбаяр нь 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 22 цагийн орчим Эрдэнэ сумын 1049-p зөрлөгт байх өөрийн гэр лүүгээ орох гэж байгаад могойнд хазуулан Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн ирж эмчлүүлсэн. Энэ хооронд манай нөхөр архи ууж гадуур явж байгаад хулгайн хэрэгт холбогдсон гэж цагдаагийн байгууллагаас мэдсэн. Уг нь би Замын-Үүд суманд амьдардаг найзынхаа гэрээс эргэлтийн хоол унд зөөж байсан бөгөөд 2016 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 2 найзтайгаа архи уугаад сууж байтал нөхөр маань эмнэлгээс гарчихсан хүүхэд дээрээ ирсэн. Тэгээд намайг архи уусан байхыг мэдээд хоорондоо маргалдаад салсан. Гар утас руу нь удаа дараа залгахад утсаа аваагүй. Ингээд эмнэлэг рүү утсаар залгаж асуутал түрүүхэн цагдаа нар дагуулж ирээд буцаагаад аваад явлаа гэсэн. Хэргийн талаар өөр мэдэх зүйл байхгүй ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24/

2016 оны 06 сарын 02-ны өдрийн шинжээчийн “ 32 инчийн зурагт 350,000 төгрөг, DDSH кабелийн станцын хүлээн авагч 150,000 төгрөг, вакум цонх 60,000 төгрөг” гэсэн 118 тоот дүгнэлт /хх-ийн 27/

Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 06 сарын 04-ний өдрийн “ 1. Хэрэг учралын  газраас бэхжүүлж баруун зүүн хөлийн гутлын мөрнүүд нь шинжилгээнд тэнцэнэ. 2.Ц.Ганбаяраас хураан авсан гэрийн углаашны мөртэй мөрний ерөнхий шинж тэмдэгний хувьд тохирч байна” гэсэн 20 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 29-30/

Шүүгдэгч Ц.Ганбаярын ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48/

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 01 сарын 12-ны өдрийн 04 тоот шийтгэх тогтоолын хуулбар  /хх-ийн 60-63/

Шүүгдэгч Ц.Ганбаярын арилжааны банкуудад данс эзэмшдэг эсэх талаарх болон үл хөдлөх, хөдлөх хөрөнгөгүй болохыг тодорхойлсон лавлагаанууд /хх-ийн 64-75/ зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Ц.Ганбаяр нь нь согтуугаар 2016 оны 05 сарын 29-нд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р баг Зоосын 1-11 тоотод байрлах А.Өгөөдэйгийн хувийн орон сууцны цонхыг блокны хэлтэрхийгээр хагалан нэвтэрч 32 инчийн зурагт, кабелийн станц зэргийг шунахай сэдэлтээр хулгайлан авахыг завдсан байх бөгөөд түүний үйлдэл нь хүсэл зоригоос нь үл хамаарч туйлдаа хүрээгүй байна.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг шинжийг агуулсан байх тул түүнийг орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг  үйлдэхийг завдсан гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.Ганбаярын дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч А.Өгөөдэй, гэрч Ө.Урансанаа, Д.Отгонцацрал нарын мөрдөн байцаалтад өгсөн  мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургууд  /хх-ийн 3-6/, орон  байранд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 7-9/, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл  /хх-ийн 10-11/,  Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 06 сарын 04-ний өдрийн 20 тоот шинжээчийн дүгнэлт, эд мөрийн баримтаар блокны хэлтэрхий 1 ширхэг, саарал өнгийн  ажлын хос бээлий, шар өнгийн  хос углааш, хөшигний урагдсан  хэсэг 1 ширхэг зэргийг эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргасан тухай тогтоол /хх-ийн 12/ зэрэг нотлох баримтуудаар батлагдан тогтоогдож байна.     

Иймд Дорноговь аймгийн Замын Үүд дэх Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Ц.Ганбаярын үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг түүний үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгчийг тухайн хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ц.Ганбаяр нь хамгийн сүүлд Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 01 сарын 12-ны өдрийн 04 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2011 оны 11 сарын 12-ны өдөр хугацаа дуусч суллагдсан байх бөгөөд  тэрээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т заасан ялтай байдал арилаагүй байхад гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдох боловч ялтай байдал нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-т заасанд хамрагдаж байх тул шүүгдэгчийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Хохирогч А.Өгөөдэй нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болохоо хэрэг бүртгэлтийн шатанд илэрхийлсэн байна.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн  зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд зааснаар ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл,  согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлд зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдал болно.

Түүнчлэн шүүгдэгч Ц.Ганбаяр нь өөрийн гэх хөрөнгөгүй болох хэрэгт тогтоогдсон байх тул түүнд эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр ял оногдуулахаар шийдвэрлэв.

Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгчид ял оногдуулахдаа дээрх хуульд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал болон үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршиг, хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт тохирсон ял, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байгаагаас гадна тэрээр бусдын эд хөрөнгийг хулгайлахаар завдсан байх тул Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 60 дугаар зүйлийн 60.3-т заасан журмыг баримтлан шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.4-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн блокны хэлтэрхий 1 ширхэг, саарал өнгийн  ажлын хос бээлий, хөшигний урагдсан  хэсэг 1 ширхэг зэргийг устгаж, шар өнгийн хос углаашийг шүүгдэгч авахаар шүүхийн хэлэлцүүлэгт хүсэлт гаргасан тул шүүгдэгчид буцаан олгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284-286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-299 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Боржигон овогт Цэрэндоржийн Ганбаярыг  орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1, 60 дугаар зүйлийн 60.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Цэрэндоржийн Ганбаярыг эд хөрөнгө хураахгүйгээр  1 /нэг/ жил,  4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч Ц.Ганбаярт оногдуулсан 1 жил, 4 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4.Шүүгдэгч Ц.Ганбаяр нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх, төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжин ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.4-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн блокны хэлтэрхий 1 ширхэг, саарал өнгийн  ажлын хос бээлий, хөшигний урагдсан  хэсэг 1 ширхэг зэргийг устгаж, шар өнгийн хос углаашийг шүүгдэгч Ц.Ганбаярт буцаан олгосугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Ц.Ганбаярт оногдуулсан 1 жил 4 сарын хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавьж ажиллахыг цагдаагийн байгууллагад даалгасугай.

7.Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол ялтан Ц.Ганбаярт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ    А.ЦЭРЭНХАНД