Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 1750

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Нямсүрэнгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Г.Даваадорж, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2017/02017 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Нямсүрэнгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ж.Анхтуяад холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 12 410 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Даваасүрэн

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Эрдэнэбилэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Нямсүрэн нь 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Ж.Анхтуяад 10 000 000 төгрөгийг 10 хоногийн хугацаатай 350 000 төгрөг нэмж нийт 10 350 000 төгрөг эргүүлж авахаар тохирч зээлийн гэрээ байгуулсан байна. Хэрэв хугацаандаа төлөөгүй нөхцөлд хоногийн 0,5 хувийн алданги тооцохоор харилцан тохиролцож 2 000 000 төгрөгийг бэлнээр 8 000 000 төгрөгийг тухайн өдрөө дансаар шилжүүлж өгсөн.

Хариуцагч тухайн үед мөнгө зээлж авахдаа Тоёота Хариер маркийн 2575 УНИ улсын дугаартай автомашинаа барьцаанд тавина гэж хэлж байсан боловч барьцаалаагүй.

2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр мөнгө эргүүлж төлөх хугацаа болоход вакус витаминаа хүмүүст бөөндөөд өгчихсөн мөнгөө арай цуглуулж авч амжаагүй байна 1 сараар хугацааг сунгаад 10 хувийн хүү төлье гэж ярьсан болно. Сарын хугацаа өнгөрөхөд зээлээ төлж дуустал cap болгон 10 хувийн хүү төлье, удахгүй мөнгөтэй болохоороо хүүтэй нь мөнгөө өгье гэж хэлсэн.

Мөнгө зээлж авснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 2 940 000 төгрөг төлсөн. Зээлийн гэрээний дагуу алдангийг тооцоход хамгийн эхний 2 төлөлтийн хоорондох хугацааны алдангийн нийт дүн нь 7 816 000 төгрөг буюу нийт алданги үндсэн зээлийн 50 хувиас давсан тул Иргэний хуульд нийцүүлэн 5 000 000 төгрөгөөр алданги тооцно.

Иймд зээлдэгч Ж.Анхтуяагийн төлсөн 2 940 000 төгрөгийг үндсэн зээлээс хасч үндсэн зээлд 7 060 000 төгрөг, хүүнд 350 000 төгрөг, алдангид 5 000 000 төгрөг, нийт 12 410 000 төгрөг нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Анхтуяа нь Д.Нямсүрэнгээс 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 10 000 000 төгрөгийг 350 000 төгрөг болгож өгөхөөр авч хамтран ажилладаг н.Батсайхан, н.Сүхээ нарт өгсөн. Ийнхүү н.Батсайхан, н.Сүхээ нар нь 10 000 000 төгрөгийг 10 500 000 төгрөг болгож, тус оны 10 дугаар сарын 09-ний өдөр өгч уг 10 350 000 төгрөгийг хариуцагч нь Д.Нямсүрэнд өгөхөөр тохиролцсон байсан. Гэтэл н.Батсайхан, н.Сүхээ нар нь өнөөдрийг хүртэл мөнгөө өгөхгүй байгаа билээ.

Зээлээс 2 940 000 төгрөгийг төлсөн. Одоо үндсэн зээл 7 060 000 төгрөг, хүү 350 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Алдангийг төлөхийг  хүлээн зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу талууд бичгээр гэрээ байгуулахдаа хоног тутамд, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс гэж тохироогүй тул алданги төлөх үндэслэлгүй гэв.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.Анхтуяагаас 7 460 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Нямсүрэнд олгож, нэхэмжлэлээс 4 950 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 213 510 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Анхтуяагаас улсын тэмдэгтийн хураамжид 134 310 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Нямсүрэнд олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Шийдвэрийн үндэслэх хэсэгт "... Зохигчдын хооронд бичгээр байгуулсан гэрээнд “...хугацаандаа төлөөгүй нөхцөлд 0,5 хувиар алданги тооцож төлнө..." гэж бичсэнийг гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр алданги төлөхөөр тохиролцсон гэж үзэхээргүй байна. Иймд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд алданги тооцох хууль зүйн үндэслэлгүй байна. Харин 10 000 000 төгрөгөөс 0.5 хувийн алданги тооцож 50 000 төгрөг гаргуулах нь зүйтэй..." гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болно.

Уг зээлийн гэрээний агуулга нь “Ж.Анхтуяа 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 10 000 000 төгрөгийг 10 хоногийн хугацаатай 350 000 төгрөг нэмж нийт 10 350 000 төгрөг эргүүлж төлөхөөр тохирч зээлж байна. Хугацаандаа төлөөгүй нөхцөлд 0,5 хувиар алданги тооцож төлнө" гэж тохиролцсон байна. Гэрээний хугацаа 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр дуусч байгаа тул хугацаандаа төлөөгүй гэсэн үр дагавар 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс үүснэ. Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 41 дүгээр зүйлийн 41.1, 198 дугаар зүйлийн 198.1, 198.2 дахь хэсгийн заалтуудыг анхаарч дээрх хууль болон гэрээний заалтуудыг тайлбарлахдаа харгалзан үзэх ёстой байсан.

Зохигчдын гэрээнд алданги тооцох арга, журмыг тодорхой бус тусгасан байх нь алдангийн талаар тохиролцоогүй гэж үзэх эсхүл тохиролцоог хуульд харшилсан гэж үзэх үндэслэл болохгүй юм. Тухайлбал гэрээний алдангийн талаарх заалтад "хугацаандаа төлөөгүй тохиолдолд 0.5 хувийн алданги тооцож төлнө" гэсэн нь 10 000 000 төгрөгийг Ж.Анхтуяад 10 хоногийн хугацаатай зээлдүүлсэн, энэ хугацаа хэтэрснээс хойш хариуцлага тооцох буюу алданги тооцох үр дагавар үүсч байхад тухайн хэсгийг шүүх дүгнэхдээ "хоног тутамд төлөхөөр тохиролцсон гэж үзэхээргүй хууль зүйн үндэслэлгүй” гэсэн атлаа 10 000 000 төгрөгөөс 0.5 хувийн алданги тооцох 50 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь талууд алданги тохиролцсныг хүлээн зөвшөөрсөн боловч торгууль шиг нэг удаа л тооцсоноор алданги тооцох зарчмыг алдагдуулж, хууль буюу гэрээний заалтыг зөрчиж үндэслэлгүй шийдвэр гаргахад хүргэсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шиидвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч Д.Нямсүрэн нь хариуцагч Ж.Анхтуяад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 12 410 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Нэхэмжлэгч Д.Нямсүрэн, хариуцагч Ж.Анхтуяа нар 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 10 000 000 төгрөгийг 10 хоногийн хугацаатай, 350 000 төгрөгийн хүү төлөхөөр тохиролцсон, тэдний хооронд байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт тус тус заасантай нийцсэн, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь зөв байна.

 

            Талуудын хооронд үндсэн зээл болон хариуцагч Ж.Анхтуяа гэрээний үүрэгт нийт    2 940 000 төгрөг төлсөн хүүгийн тохиролцоо талаар маргаагүй боловч алдангийн тохиролцооны талаар маргаантай байна.

 

            Талууд гэрээндээ “хугацаандаа төлөөгүй нөхцөлд 0.5 хувиар алданги төлнө” гэж тохиролцсон байх бөгөөд нэхэмжлэгч тал алдангийн талаар тохиролцсон гэж, хариуцагч тал уг тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алдангийн тодорхойлолтод нийцэхгүй тул алданги төлөхгүй гэж тус тус маргасан байхад анхан шатны шүүх уг маргааныг шийдвэрлэхдээ талууд нэг удаа 0.5 хувиар алдангийг төлөх талаар тохирсон гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

 

            Талуудын тохиролцоо нь үгийн шууд утгаар тайлбарлавал “алданги” гэж тодорхойлсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алдангийн талаар тохирсон гэж дүгнэхээр байх бөгөөд гэрээний агуулгаас үзвэл зээлийн гэрээний хүүг 10 хоногт 3.5 хувь /10 000 000 төгрөгийг 350 000 төгрөг нэмж эргүүлэн төлнө/-аар тохирсон нь хариуцлагыг 1 удаа 0.5 хувиар алданги буюу 50 000 төгрөгөөр тооцох хооронд илт зөрүүтэй байна.

 

            Талууд гэрээнд “хоног тутам” гэх үгийг орхигдуулсан нь хүсэл зоригийг бүрэн илэрхийлэхгүй гэж дүгнэхгүй юм.

 

            Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй болжээ.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ үндсэн зээлээс хариуцагчийн төлсөн 2 940 000 төгрөгийг хасч тооцоход үндсэн зээлийг хариуцагч нь 7 060 000 төгрөгөөр тодорхойлсон байх тул үндсэн зээл 7 060 000 төгрөг, зээлийн хүү 350 000 төгрөг, үндсэн зээлээс алдангийг 50 хувиар тооцоход 3 530 000 төгрөг, нийт 10 940 000 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэлээс үлдэх 1 470 000 төгрөгийг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2017/02017 дугаар шийдвэрийн

1 дэх заалтын “7 460 000” гэснийг “10 940 000” гэж, “4 950 000” гэснийг “1 470 000” гэж,

2 дахь заалтын “134 310” гэснийг “189 990” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94 150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       Г.ДАВААДОРЖ

 

                                                                                                Э.ЗОЛЗАЯА